Хотын дарга Э.Бат-Үүл удахгүй Австри улсад ажиллах бөгөөд энэ үеэрээ нүүрс хийжүүлэх технологийг Монголд оруулж ирэх талаар анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Хотынхон "Нийслэлийн орон сууцны корпораци” байгуулсан бөгөөд энэ хүрээнд иргэдээс татан төвлөрүүлэх хөрөнгөөр зургаан байршилд орон сууцны хороолол барих боломжтой гэж буй. Эдгээр шинэ орон сууцны хорооллуудад цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэрийг хүргэх нь чухал байгаа. Нийслэлийн удирдлагууд энэ тал дээр нүүрс хийжүүлэх технологийг ашиглах боломжтой гэж үзэж байгаа аж. Засаг дарга Э.Бат-Үүл энэ талаар өчигдөр танилцуулахдаа "Хэрвээ ингээд нүүрсээ хийжүүлээд, цахилгаан, дулаанаа үйлдвэрлээд эхэлбэл, манай нүүрс алт боллоо гэсэн үг” хэмээн онцолсон.
Нийслэлд удахгүй орон сууцны их бүтээн байгуулалтууд эхэлнэ. Энэ их бүтээн байгуулалтын цахилгаан, дулаан болон бусад холбогдох дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод буй. Хотын удирдлагууд эхний ээлжинд нүүрс хийжүүлэх технологийг Морингийн даваанд шинээр сүндэрлэх хороололд туршихаар төлөвлөж байгаа юм байна. Үнэ өртгийн хувьд 4.8 сая евро шаардагдах урьдчилсан тооцоолол байгаа юм билээ. Нүүрс шингэрүүлэх төслөөс харьцангуй хямд тусаж байгаа юм. Хамгийн гол нь цахилгаан, дулаан гэдэг зүйл өнөөдрийн хувьд магадгүй бензин, шатахуунаас ч илүү чухал болчихоод байна. Улаанбаатар хот цахилгаан, дулааныхаа хэрэглээг хангаж чадахааргүй болчихсон нь нэгэнт тодорхой байгаа. Харин бензин, шатахууны хувьд одоохондоо ОХУ болон БНХАУ-аас дутагдахааргүй хэмжээнд худалдан аваад болж л байна. Тэгэхээр өнөөдрийн хувьд тулгамдаад буй цахилгаан, дулааны асуудлаа шийдвэрлэхэд энэ мэт шинэ технологийг туршаад үзэх болохгүй гэх газаргүй биз ээ.
Л.Энхдэлгэр