- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН” ГИШҮҮН Г.БАТХҮҮ!
Монголын улстөрд нэрээ хавчуулах болсон үеэсээ эхлээд хувийн бизнесээ илтэд цэцэглүүлж ирсэн этгээдүүдийн нэг бол Гаваагийн Батхүү юм. Ерөөс улстөрөөр халхавч хийсэн эдийн засгийн алуурчид нийгмийн баялгийг хуу хаман сорж, энгийн номхон иргэд өлөн зөлмөн амьдрал дундаа живж байгаа учраас тэдгээр алуурчдын талаар өгүүлэх нь зохистой юм. Тийм адал балмад нөхдүүд монголын эдийн засгийг идээ бээртэй нь хутгаж, эгэл жирийн иргэд нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтын золиос болон зүдэрч байхад тэдний тухай огт дуугарахгүй байна гэдэг нь өөрөө гэм нүгэл болж таарна. Эдийн засгийн алуурчдын бүтээсэн гажиг тогтолцооноос болж жирийн иргэд нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтын золиос болж байгаа үзэгдэл зөвхөн монголд байгаа юм биш. Сая сая хүмүүсийн мөрөөдлийн цэг болж асан хэт их гүрэн Америкт ч хүн амынх нь нэгхэн хувь нь үндэсний баялагтаа эзэн сууж, бусад 99 хувь нь баялгийн тэгш бус хуваарилалтын горыг биеэрээ мэдэрч байна. Буруутнууд нь улстөр, бизнесийн ихэрлэсэн тогтолцоо. Тиймээс ч үүний эсрэг "Уолл стритийг эзэл” хөдөлгөөн мэндэлснийг эрхэм уншигч та ухаж ойлгож байсан болов уу. Тэмцлийнх нь үр дүн тэгж амархан гарахгүй ч Америкчууд баялгийн тэгш бус хуваарилалтын тухай ярьдаг болсон. Өөрсдөд нь илүү их зүйл наалдах ёстой юм байна гэдгийг эрхбиш ойлгохтойгоо болсон. Энэ бол том үр дүнд хүрэхийн эхлэл гэдгийг дэлхий нийтээр хараад тийм ч олон жил өнгөрөөгүй байна.
Харин бидний тухайд ийм эхлэлийг тавих хэрэгтэй байна. Улстөрөөр баг хийсэн эдийн засгийн алуурчдаас ангижрах хэрэгтэй байна.
Нийт баялгийн 80 хувь нь 200-хан гэр бүлд данслагдаж, монголын эдийн засгийн судасны лугшилт тэдгээр гэр бүлүүдийн ааш аягаас хамаарах нь гэх яриа гарах болсон нь санамсаргүй зүйл огт биш. Энд нэг зүйл тун тодорхой байгаа нь эдийн засгийн хамжааргагүй эрх чөлөөг хүсэмжлэгчид сарвайсан бүхнээ гартаа оруулахын тулд сонгогчдын хулхин дээр хамаг сайхан бүхнийг ургуулж байгаад төрд данслагддаг. Тэгээд хувь эрх ашгийнхаа үүднээс бүгдийг хийдэг. Хувийн бизнесүүдээ цэцэглүүлдэг. Цус үзээд улангассан араатан шиг сувдаглан дайрдаг. Ийм л дүр зурагтай явж ирж. Энэ удаагийн цувралын эзэн Г.Батхүү бол тийм л нэгэн. АПУ хэмээх архины үйлдвэрээ ариун цагаан хөдөлмөрөөрөө босгоод ирсэн юм шиг аягладаг энэ эрхэм үнэн хэрэгтээ хувьчлалаар авахын тулд шовгорт нь 400 мянган ам.доллар өгч байсан гэхээр тунчиг алсыг харсан нүүдэл хийж байж. Ер нь бол түүнд бизнесмэн хүний арга, заль бий ч, төрийн хүний шударга чигч чанар үгүй. Тэр бол шуналдаа дийлдсэн нэгэн. Ууж идэх увайгүй хүслээрээ жигүүрлэн улстөрд орох болсоныг нь одоо бататган дуулгая.
Г.Батхүү Тавантолгойд хэрхэн шургалав
Австралиас Хятадын зах зээлийг булааж мэднэ гэдгээрээ дэлхий дахины анхаарлыг татах болсон Тавантолгойн орд бол монголын ард түмний өмч. Гэтэл түмний итгэлээр төр түшсэн эрхмүүд энэ ордыг зөвхөн эрх мэдэлтнүүдийнх гэж улиглан эндүүрээд багагүй хугацаа өнгөрлөө. Бүр тус ордыг хэсэгчлэн хувьд шилжүүлэх кампанит ажлыг өрнүүлж үр дүнд ч хүрлээ. Тавантолгой ордын нөөцийн 14-20 хувь нь агуулагдаж буй гэгддэг "Ухаа худаг”-ийг 14 компанийн ард байдаг 11 эрхэм олигархи эзэмшиж байна. Тэдний нэг нь Г.Батхүү. Түүний "Шунхлай” компани Ухаа худаг ордын 15 хувийг эзэмшдэг. Тэр чухам ямар замаар Тавантолгойд шургалсаныг нь лавшруулан сонирхоход л түүний луйварчны төрх тодроод ирэх юм. Яг тэр тухай өгүүлэхээс өмнө заавал тодруулах нэг зүйл байна. Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ёсоор бол Тавантолгой орд нь Стратегийн орд. Энэ ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн байдаг юм. Гэтэл Г.Батхүү нарын олигархиуд үүний эсрэг ил далдаар тэмцэж байна. Тэд Ухаа худагийг өөрсдөдөө авах эрхтэй хүмүүс гэж нийтэд ойлгуулахыг хичээж ирсэн.
Эх орноо гэсэн чин үнэнч сэтгэлтэй хэдэн сайхан бизнесмэн минь байгаагүй бол Тавантолгойгоо тавиад туучих байсан гэх яриаг үнэн хэрэгтээ олигархиуд өөрсдөө гаргадаг юм. Хуучин Монгол, Оросын тал хамтран хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон энэ ордод Австралийн ВНР орж ирж, судалгаа хийсэн ч тухайн үеийн монголын хөрөнгө оруулалтын орчин муу, нүүрсний гол зах зээл хятадын нөхцөл байдал одоогийнх шиг сайн байгаагүй зэрэг нь тэднийг "Эдийн засгийн үр ашиггүй юм байна” гэсэн дүгнэлтийг хийгээд гарч явахад хүргэсэн байдаг. Тэр нь харин Г.Батхүү нарын олигархиудад алтан боломж олгосон тун чухал үйл явдал байсан нь одоо тодорхой болжээ. Тухайн үед Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан хоёр өөрсдийн эзэмшлийн "Майн инфо” компанийнхаа нэр дээр тус ордын лицензийг шилжүүлж авсан байдаг. Тэгээд тухайн үеийн ҮХ-ны сайд Сү.Батболдын "Алтай холдинг”-той нийлж өнөөгийн Энержи ресурс-ыг байгуулжээ. Гэхдээ Бороо гоулдаар бантан зуурсандаа ид асуудалд орох магадлалтай байсан С.Батболд нэгэн мэргэн санааг олсон нь улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг консорциумдаа элсүүлчихвэл төр, түмний өмч рүү олон хуруугаа дүрсэн увайгүй үйлдлээ нууж хаагаад яваад байж болох юм байна гэсэн тооцоолол байв.
Тиймээс ч УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын нэр бүхий эрхмүүдтэй тулсан тохиролцоог хийн, олигархи тус бүрт 18 тэрбум ам.долларын олз санал болгосон байдаг. Тэгж л Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан нарын эрхмүүдийн хэтэвч Тавантолгойгоор амьсгалж эхэлжээ. Тэд Ашигт малтмалын тухай хуульд заасанчлан төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн тул төрийн мэдэлд 50-аас доошгүй хувь нь байх учиртай Тавантолгой ордын 20 хувьд эзэн сууж 2010 онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон. Хэдийгээр бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргах нь хэвийн үзэгдэл ч, тэд хууль зөрчсөн. Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг. Энэ үүднээс нь авч үзвэл Энержи ресурс 700 сая долларыг босгохоосоо өмнө хувьцаагаа дотооддоо гаргах ёстой байсан. Гэсэн ч тэгээгүйгээр барахгүй Г.Батхүүгийн тухайд гэхэд л 105 сая ам.доллар оногдох хэмжээний мөнгийг монголын ард түмний өмч болсон ордын нэгээхэн хэсгийг барьцаалан босгосон юм. Өдгөө Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчдын тендерийг гацаагаад байгаа хүчин зүйлүүдийн нэг нь үндэсний олигархиудын мэдэл дэх Ухаа худаг болоод байгаа талаар ч эх сурвалжууд хэлдэг юм.
Харин одоо Г.Батхүү "Ухаа худаг”-ийн төлөө улстөрийг хэрхэн ашигласныг хамтдаа харъя.
Г.Батхүү "Ухаа худаг”-ийн төлөө улстөрийг хэрхэн ашиглав
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аас батлаж байсныг эрхэм та санаж буй биз. Ухаахудагаас Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих асуудлыг уг бодлогод тусгуулахын тулд УИХ-ын Дэд дарга Г.Батхүү ихээхэн хүчин зүтгэл гаргасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр бүдэрч байсан энэ чиглэлийн төмөр замыг барих хэрэгтэй гэсэн байр суурьтай Г.Батхүү эрхэм 2009 онд "Энержи pecypc”-ийн эрх ашгийн өмнөөс "Монгол улсын дэд бүтцийн стратеги, төмөр замын байгууламжийн асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг” гэгчийг ахалж, Ухаахудагаас Гашуунсухайт хvртэл 264 км төмөр зам барих ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх тухай тогтоолын төсөл боловсруулж байсан байсан юм.
Хууль тогтоох дээд байгууллагын Дэд дарга нь өөрийнхөө хувь эзэмшдэг компанийн өмнөөс Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавих ажлын хэсгийг ахалж, улмаар Өмнөговиос сонгогдсон гишүүд, экс сайд нараар хүч нэмэгдүүлж байж, төрийн шийдвэр гаргуулан бодлогын баримт бичигт тусгуулаад сууж байна гэхээр эндээс сонирхлын зөрчил үнэртэхгүй байна гэж үү. Манайхаас өөр соёлжсон парламенттай оронд бол улайм цайм өөрийнхөө бизнесийг дэмжсэн Ажлын хэсгийг тэргүүлээд явна гэхээр санаанд багтахын аргагүй байгаа биз дээ. Г.Батхүү эрхэм ч зүтгэснийхээ хүчинд үр дүнд хүрсэн. Гэхдээ бодлого ёсоор бол эхний ээлжинд Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн хооронд 140 км, Хөөт-Чойбалсангийн хооронд 150 км буюу нийт 1100 орчим км төмөр зам барина. Харин дараа нь Нарийнсухайт, Шивээхүрэн, Ухаа худаг, Гашуунсухайт, Тамсагбулаг, Нөмрөг, Бичигт зэрэг боомтуудыг 900 км төмөр замаар холбохоор заасан юм. Гэтэл сүүлийн үед Таван толгой – Сайншанд, Ухаа худаг – Гашуун сухайт гэсэн хоёр чиглэлийг зэрэг эхлүүлэх тухай яригдаж байна. Хэдийгээр АН-ын бас нэгэн олигархи Х.Баттулга төмөр замын асуудал дээр Оросуудтай тохиролцоо хийж, Энержи ресурсыг шахах гэсэн ч оролдлого нь бүтэлгүйтсэн. Харин УИХ-ын Дэд даргын хэтэвчийг улам л зузаатгасаар буй Энержи ресурс компани нь МАН, АН-ын аль алинд тал алддаггүйн хувьд монголын нүүрсийг хятад руу урсгах төмөр замыг яадаг ч байсан эхлүүлж таарах нь.
Арвин их архины бизнесмэн гишүүн
Төр түмний нүдэн дээр УИХ-ын Дэд дарга Г.Батхүүгийн архины бизнес цэцэглэн хөгжсөөр. Улс үндэстний аюулгүй байдалд заналхийлэх болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Эрхэм түшээ маань архины бизнесийнхээ төлөө л бол чуулганы танхимд юу ч хэлж ярихаасаа сийхгүй нэгэн. Ямартаа л архи, пивоны үнийг 500-1000 төгрөгөөр нэмэгдүүлчихвэл архичдын тоо багасна, оройн 22 цагаас хойш хүүхдүүд унтчихдаг юм чинь архи, пивоо телевизүүдээр сурталчилж болохоор байна гэсэн тун чухаг санаачилгыг чуулганы танхимд гаргаад сууж байдаг гэхээр Г.Батхүү ер нь хэний төлөө төрд шургалсан хүн бэ гэдэг нь тодорхой бус уу. Уг нь Энэтхэг улсад төрийн хяналт дор байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хүнийг сонгуульд нэр дэвшихийг хуулиар хориглогддог юм билээ. Гэтэл манайд бол юу ч байсан бүрэн нээлттэй. Уг нь архины бизнесийг төр хайхрахгүй орхиж болмооргүйсэн. Гэвч Г.Батхүү даварсаар байна.
Ямартаа л 2000 оны сонгуульд АН ялагдах сиймхийгээр өнөөх архины бизнесээ санагалзан "АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2002-2004 онд ажиллаж байсан хүн шүү дээ. Бүр Ар Монголд архиа сурталчилж болдоггүй юм бол Өвөр Монголд нь сурталчилнаа гэж шүдээ зууж байгаад "Одон” телевизээр АПУ-г рекламдаж байсан зуулттай эр. Үүнийхээ төлөө тэр их менежмэнтлэг нэгэн гэсэн тодотголтой болсон юм. Харин одоо бол тэр Монголдоо архи пивоо ёстой нэг дураараа л сурталчилж байна. Түүнд увай ч гэж алга. Эрх мэдэл, мөнгө байхад монголд хууль гэж гууль гэдгийг Г.Батхүү биеэрээ харуулж яваа нэгэн.
Уг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д "Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар coгтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах” зэрэг байдлаар сурталчлахыг хориглосон ч АПУ-д энэ падлийгүй.
Манай хойд хөрш ОХУ-д архи согтууруулах ундаа үйлдвэрлэх болон худалдаалах лицензийг шинэчилж байгаатай холбогдуулан архи үйлдвэрлэгчдийн тоо 32 хувиар, согтууруулах ундааны бөөний худалдааны байгууллагын тоо 19 хувиар буурсан гэсэн таатай үзүүлэлт байх юм. Гэтэл манай улсад эсрэгээрээ архин далайд умбан шумбаж байна. Сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэжээ. Үүний дийлэнхи нь АПУ-гаас угшилтай. Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг бол манай улсад нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногдож байгаа нь үнэхээр эмгэнэл биш гэж үү. Ийн эмгэнэл дагуулахын хэрээр архины үйлдвэрлэл ашиг орлогоороо тэргүүлэгч бизнес болжээ. Хэдий тийм ч Г.Батхүү эрхэм мөс чанар гэж байдаг бол одоо ханаж цадаж болоогүй юу. Та иргэд минь ядарч байна гэх утга уянгын чанартай үгс унагах дуртай юм байна лээ. Худал жүжиглэхийн оронд Өвөрхангай аймагт 40 үйлдвэр барьж байгуулна. 10000 ажлын байр бий болгоно, Өвөрхангай аймгийн гурван сумыг хотын статустай болгоно гэсэн том амлалтуудаа эргэн нэг хараач. Эрхэм таныг парламентад байх хугацаанд "Шунхлай” группын үйл ажиллагаа хаанаас, хаа хүртэл цэцэглэв ээ. Эргэн нэг хараач. Тэгээд хязгааргүй шуналаа хазаарлах талаас нь нэг сэхээрвэл яасан юм бэ.
Шатахууны магнат гишүүн
Өмнөговь дахь Сан транс тээвэрлэлтийн компани, Өвөрхангай аймаг дахь Баян тээгийн нүүрсний уурхай гэхчлэн уул уурхайтай олон сувгаар холбогдож байгаа Г.Батхүү эрхмийн Шунхлай компани нь цөөн хэдэн шатахуун импортлогчдын нэг. Тус компани нефтийн бүтээгдэхүүний худалдааны зах зээлийн 12 хувийг эзэлдэг. Энэ хувь хэмжээ нь дундаж ч мэт ч, үр ашгийн хувьд ихийг дагуулж байгаа. Г.Батхүү эрхэм Дэд бүтцийн сайд байхдаа нисэх онгоцны шатахууны зах зээлийг гартаа оруулж, Шунхлай компанидаа давуу эрх эдлүүлж байсан.
Мэдээж "Шунхлай” бусад импортлогчидтойгоо нийлж байгаад шатахууны үнийн өсөлтөөр шантааж хийдэг. Засаг эмхлэгдэх үед ээлжит шантаажаа хийж 12 тэрбум төгрөг гаргуулж авсан биш, тэрэн дээрээ зодоон хийхээ шахаж байсан удаатай.
Харин энэ оны нэгдүгээр сард импортлогчид бүгдээрээ валютын ханшийн өсөлтөн дээр дөрөөлөн амандаа багтсан тоогоор шатахууныхаа үнийг нэмэх үед Шунхлай үг дуугүй нэгдсэн.
ШӨХТГ-аас импортлогчдыг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн болохыг нь тогтоож, 17 тэрбум 200 сая төгрөгийн торгуулийг ноогдуулсан юм. Гэтэл ШӨХТГ-ын шинэ дарга Б.Лхагва үүнийг хэрэгсэхгүй болгоод байгаа. Харин үүнийг нь импортлогчид Засгийн газрын Тохируулагч агентлагийг худалдаад авчихаж гэж харах хэсэг байна. УИХ-ын Дэд даргын компани ч бусдынхаа далбаан доор зүв зүгээр намирч байгаад торгуулиас чөлөөлөгдсөн гэхэд хэн ч итгэхгүй биз ээ.
1996 оноос эхлэн төр засгийн хариуцлагатай албуудыг хаших хугацаандаа хувийн бизнесээ тордон цэцэглүүлж, өдийг хүрсэн Гаваагийн Батхүү хэмээх эрхэм бусадтай харьцуулвал хавьгүй том гарын алуурчин гэдэг нь тодорхой байна. Тэр зарим нөхдүүд шиг ялихгүй юмаар оролддоггүй. Тэр стратегийн чанартай том ордоор л оролддог. Тэр улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой архины бизнесийг л хийдэг. Тэр монголчуудын олон арван жилийн шаналгаа болсон шатахууны бизнесээр л улстөр хийдэг. Тэр харин Өвөрхангайчуудын төлөө хийсэн юмгүй хүн. Тэрийгээ ч өөрөө мэдэж байгаа. Тиймээс ч Дашзэвэгийн Зоригттой хүч хавсран 2012 оны 4 дугаар сар 24-ний өдрөөс эхлэн өөрсдийн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа, Доржпалам нараар дамжуулан Өвөрхангай аймгийн 19-н суманд хууль бусаар 560 иргэнд 168 сая төгрөг тараасан гэх асуудал бий. Хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн ингэх учиргүй. Дөрвөн жил сонгогчдынхоо хулхин дээр цэцэг ургуулсан тул ичих нүүрээ элгэндээ наачихаад ингэж явна. Ийм увайгүй хүн Монголын төрд дахин дахин сандайлах нь харамсалтай хэрэг биш гэж үү!
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||