Цемент үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулсан "Цемент эрхлэгчдийн анхдугаар уулзалт” болов. Уулзалтад цемент үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд, тэдгээрийн төлөөллүүд оролцов. Уулзалтаар Засгийн Газрын 2017 он хүртэл хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, холбогдох хууль, стандартын шинэчлэлийг танилцуулж, цаашид авах арга хэмжээ, салбарын өмнө тулгарсан бэрхшээл зэргийн талаар хэлэлцсэн юм.
Дэлхийд цементийн үйлдвэрлэлээрээ БНХАУ тэргүүлдэг бөгөөд удаах байранд Энэтхэг улс ордог. Манай улсын тухайд цементийн иж бүрэн 5 үйлдвэр, клинкерийн 4 тээрэм ажиллаж, дотоодын зах зээлийн хувийг хангаж байна. Ирэх онд жилд 1,0 сая тонн цемент үйлдвэрлэх 2 үйлдвэр ашиглалтад орох бөгөөд 4,5 сая тоннд хүрч нэг хүн амд 1,4 тонн цемент ноогдох гэнэ. Өөрөөр хэлбэл, дотоодын нөөцөө импортоор хангах шаардлагагүйгээр зогсохгүй экспортлох боломжтой болох юм. Харин бетон зуурмагийн цагт 15368м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадал бүхий 146 үйлдвэр бий. Үүнээс Улаанбаатарт 116, орон нутагт 30 үйлдвэр байна. Эдгээр нь дотоодын зах зээлийн 90 хувийг хангадаг. Үүнээс үзэхэд нийслэлд хэт төвлөрч, илүүдэл үүссэн ба баруун, хангайн болон зүүн бүсийн 7 аймагт шинээр бетон зуурмагийн үйлдвэр байгуулах шаардлагтай аж.
Цаашид цемент тээвэрлэх тусгай зориулалтын цистерн, задгай Цементийг Big Bag уутанд савлаж авто болон төмөр замаар тээвэрлэх, 50 кг-аар жижиглэн савалсан цементийг поддонгүйгээр шахан пакетлаж, авто ба төмөр замаар тээвэрлэх шаардлага урган гарч байна.
"Цемент үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн М.Түмэнжаргал, "Энэ удаагийн уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шатаах зуухтай, клинкер үйлдвэрлэдэг 6 компани оролцож байна. Уулзалтаар өнөөгийн Монгол Улсын цементийн төлөв байдал, цаашдын хэтийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Эрчим хүч, зам тээвэр, гүүр, усан доогуурх барилга байгууламжийн хэрэгцээг хангасан цементийн чанарын асуудлыг нэн түрүүнд авч үзэж байна."
"Монцемент билдинг материалс” ХХК-ийн Захирал С.Энхтуяа, "Цемент гэдэг барилгын салбарын гол түүхий эдийн нэг. Иймд монгол улсад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах шаардлага, хэрэгцээ бий. Цементийн талаар ярихад зөвхөн үйлдвэрлэх бус түүний түүхий эд, борлуулалт, үнийн зөрүү гэсэн асуудал чухал. Тухайлбал, манай компанийн хувьд зөвхөн цемент үйлдвэрлэхэд зургаан төрлийн түүхий эд хэрэгтэй болж байна. Энэ бүгдийн өртөг болон үйлдвэрлэлийн явцад гарах үйл ажиллагааны зардал зах зээлийн ханшаа дагаж өсөх бэрхшээлүүд тулгардаг. Эдгээрийн зөв шийдлээр хэрхэн зохицуулах талаар энд хүрэлцэн ирсэн компанийн удирдлагууд хэлэлцэж байгаа юм."
Бетон, төмөр бетон хийц, эдлэлийн 145000 м3/жил хүчин чадалтай 30 гаруй үйлдвэр байгаагаас орон нутагт 12 үйлдвэр ажиллаж нутгийн зах зээлийн 75 хувь, Улаанбаатар хотын зах зээлийг 100 хувь хангаж байна. Гэсэн ч сүүлийн жилүүдэд орон сууцны барилгуудад бүрэн цутгамал технологи давамгайлах болсноор энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ багссан. Иймд угсармал цутгамал хосолсон Архитектурын HYBRID системийг нэвтрүүлэх боломжийг бий болгон барилга угсралтын ажлыг улирлын хамаарлаас гаргах нэн шаардлага болоод буй. Түүнчлэн задгай цемент түгээх терминал байгуулах ажлыг түргэтгэх нь чухал юм. Энэхүү цементийн компаниуд нэгдэж, нэг цемент түгээх цэг байгуулах тухай төсөл нь батлагдсан. Одоогоор газрын асуудлыг шийдээгүй байгаа аж.