- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
1072 хувьцаа зарах хийрхэлд даруйхан арга хэмжээ авахгүй бол тоглоом биш болох нь
Шинэ 22-ын товчоо, Эмээлт 2016.05.02-ны 24:00 цаг
Монгол Улсын Засгийн газраас иргэн болгонд "Эрдэнэс Таван толгойн” 1072 хувьцааг олгосон байдаг. Тэгвэл сүүлийн үед энэхүү хувьцаагаа иргэд бэлэн мөнгөөр бусдад худалдаж байгаа талаар цуу яриа гарах боллоо. Эдгээр хүмүүс Урт цагаан, Их дэлгүүр, 100 айл, Эмээлтэд бөөгнөрч хувьцаагаа зарахын тулд шөнөжин бужигнаж байгаа бололтой. Тиймээс бид бодит байдал дээр ямар нөхцөл байдал үүсээд байгааг сурвалжлахаар Эмээлтийг зорилоо. Оройн 22:00 цагийн орчимд хуучин 22-ын товчоогоор цааш гарав. Засмал замын хоёр талаар хоёр, гурваараа бөөгнөрсөн хүмүүс бүр сандал тавиад суучихаж. Зузаан хүрэм, малгай, өвлийн гутал өмссөнөөс нь харахад нэлээд бэлтгэлтэй ирсэн бололтой. Шинэ 22-ын товчоо, Эмээлт гээд цаашлах тусам зам дагасан хүмүүс нэмэгдэж байв. Хэд хэдээрээ бөөгнөрч зогссон хүмүүс машины гэрэл тусангуут бараг урдуур гүйж зогсоох нь холгүй дөхөж гүйлдэнэ. "Оргил”, "Элбэг төв” гэсэн хаягтай хоёр дэлгүүрийн гадаа очлоо. Төв цэг нь бололтой. Машин тэрэг ч тоймгүй. Харанхуй шөнийг эс тооцвол сунгаа болж байгаа гэлтэй. Замын хажуугаар эгнүүлэн тавьсан машинуудын дэргэд зогстол дөрвөн эмэгтэй хүрч ирээд цонхоор сүрхий шагайж харав. Бусдаасаа арай эгчмэд нэг нь "Биш юм шиг байна” гэвэл цаанаас нь өөр нэг эмэгтэй "Наанаасаа холд. Өөр газар машинаа тавь” гэж уцаарлангуй дуугарч байна. Яагаад тавьж болохгүйг нь лавлавал "Машин зогсохгүй ш дээ. Явган хүмүүсийг л машин ирж авч явдаг гэсэн” гээд ширэв татаад цаашаа алхав. Дэлгүүрийн ойролцоо машин битгий хэл хүн багтах ч зай алга. Энд, тэнд тойрч зогссон хүмүүс. Зарим нь ширээ сандал тавиад тухалчихаж. Хажуудаа халуун савтай цай, хоол хүртэл тавьжээ. Эмээлтээс гарч байгаа, орж ирж байгаа ямар ч машин явсан дээрх хүмүүс нүдээ ширгэтэл харах аж. Дэлгүүрийн үүдэнд очлоо. Арваад эрчүүд цугларчихсан хоорондоо хувьцааны талаар ярьж байна. Ахимаг насны эртэй цөөн хором ярилцлаа.
-Та энд юу хийж зогсч байгаа юм бэ. Хувьцаагаа зарах нь уу?
-Тийм л санаатай зогсч байна.
-Хэр удаан зогсч байна?
-Долоон шөнө зогслоо. -Найдвар байна уу?
-Мэдэгдэх юм л алга. Нэгэнт олон хоног зогсчихсон юм чинь зарж байж л явна даа.
-Танд хэдэн ширхэг хувьцаа байгаа вэ?
-Манай ам бүлийн дөрвөн хувьцаа байна. 4288 ширхэг хувьцаа. Уг нь зарчихвал овоо хэдэн төгрөг болчих гээд байдаг.
-Ер нь энд ингэж зогсоод хувьцаагаа зарсан хүн байна уу. Та хүмүүс мөнгө авч байхыг нь нүдээрээ харсан юм уу?
-Одоохондоо яг тэр мөнгө авч байна лээ гэсэн хүн харсангүй. Хүмүүс арван шөнө нойргүй хонож байж нэг юм зарлаа, гурван шөнө зогсоод зарлаа л гэх юм байна.
-Хэдэн төгрөгөөр авч байгаа юм бол?
-Өчигдөрхөн нэг эмэгтэй 1.8 сая төгрөгөөр зарсан гэсэн яриа байна. Би 800 мянган төгрөгөөр өгчихвөл болоо гэж бодоод байгаа. Энэ хавиар байгаа хүмүүс 500 мянгаар хүн авч байна гээд байгаа. Хэрвээ тийм хүн таарвал өгсөн ч яахав. Хар хүйтэнд хэдэн шөнө бээрч зогсох хүнд байна ш дээ гэв. Тэрээр эхнэр, садангийнхаа хоёр дүүтэй ирсэн гэнэ. Өөрөө хэсэг амарч эхнэрээ замын хажууд зогсоохоор "ээлж солигдоно” хэмээн машин руугаа яваад өгөв. Хажууд зогссон нэг дээлтэй ах "Өөрөө хэд хоног энд зогсч байгаа юм” гэж асууж байна. "Сая л ирлээ” гээд түүний асуултад хариулангаа бас хэдэн асуултад хариулт авлаа.
-Ямар хүмүүс ирж хүмүүсийн хувьцааг авдаг юм бол?
-"Ланд-200”, "Приус-20” болон хар ногоон өнгийн нэг микротой хүмүүс ирдэг гэсэн. Би тав хоног зогсохдоо лав барааг нь харсангүй. Ямар азтайнууд нь хувьцаагаа зараад байгаа юм бүү мэд. Хууль бус наймаа болохоор сэмхэн ирээд л тав, зургаан хүн ачаад аваад явдаг гэсэн.
-Хаашаа?
-Энэ өргөн гудамж руу ороод нэлээн явдаг гэсэн. Хурганат гэл үү дээ тэр газарт л очдог гэсэн.
-Авч явсан хүмүүсээ эргэж авчирч буулгадаг уу?
-Үгүй байх аа. Энд ирээд би хувьцаагаа зарчихлаа гэсэн хүнтэй лав таараагүй. Эмээлт өнгөрөхийн наахна нэг овоо байгаа биз дээ. Тэр овоон дээр буулгадаг гэж л ярьдаг. Энд ихэнх нь эмэгтэй хүмүүс байна. Харж байгаа биз дээ. Монголын эмэгтэйчүүд харанхуй шөнөөр зогсоод, юунаас ч айхаа байж. Нэг бодлын энэ бол эмгэнэл.
-Ямар хүмүүс хувьцаа авдаг гэх юм?
-Хэдэн залуучууд гэнэ лээ. Ард нь хятад хүмүүс байдаг гэж сонссон гэв. Ийн ярьж зогстол Эмээлтээс хот руу орох хөтөл рүү машинууд бөөгнөрөөд явчихав. Өнөөх залуу ч санд мэнд гүйгээд явчихлаа. Хүмүүс явган нь явган, унаатай нь унаагаа асааж бөөн юм болж очтол зам дагасан хүмүүсийн ар гэрийнхэн нь хоол авчрахаар ирсэн байж таарав. Цугларч, шавааралдсан хүмүүс тарцгаав. Хоорондоо "Би энд зогсч байсан. Чи энд байгаа” гэж маргалдах янзтай. Хэсэг эмэгтэйчүүд дээр очиж байр байдлыг ажиглавал "Хувьцаагаа зарчих юм бол хүүхдийнхээ хонхны баярын юмыг бэлдчих юмсан”, "Ингэж олон хоног зогссоных мөнгөний бараа харж байж явна даа”, "Хэд хоног энд хоосон хүлээж зогсоод ар гэр хэцүүдлээ. За яахав гэрийн ажил гэхээс ямар албан ажилтай биш”, "Мөнгөө аваад нэг сайхан саунд хонох уу бөөнөөрөө” гэж хоорондоо ярьцгаан тас тас хөхрөлдөх аж. Энд зогсох эмэгтэйчүүд ихэнх нь хөлөөрөө зузаан бүтээлэг ороож, өвлийн куртик өмсч, амны хаалт зүүжээ. Эрчүүд нь харин хөвөнтэй дээл өмссөн харагдана. Шөнийн 01:00 цагийн орчимд хувьцаагаа зарах сонирхолтой машинтай хүмүүс улам л нэмэгдэв. Харин авч байгаа гэх ямар ч машин ирсэнгүй. Замын хоёр талаар бүчсэн хүмүүс өнгөрсөн машин бүрийг угтаж, горьдлого тээсэн харцаар үднэ. Зарим нь хурдаа багасгаж явсан машинд хүртэл ороод сууж байгаа нь харагдав. Тэдний яриагаар бол ганц, хоёрхон машин чимээгүйхэн ирээд нууцаар дөрөв, таван хүн суулгаад аваад явчихдаг гэх. Гэхдээ зөвхөн эмэгтэй хүн авч байна. Эрчүүд авч явахаар мөнгө өгсөн хятадуудаа зодчихдог гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийг авч яваад мөнгийг нь өгөөд симийг утаснаас нь салгаж хугалж хаяад "Симээ сэргээгээрэй” гээд 5-20 мянган төгрөг өгдөг гэх. Хувьцаагаа зарахын тулд брокер дилерийн газраас данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулсан эрхийн бичиг, иргэний үнэмлэхтэйгээ байхад хангалттай гэнэ. Харин Эмээлт орчимд амьдардаг иргэн "Хүмүүс шөнөжин бөөгнөрөөд сар орчим боллоо. Үнэхээр төвөгтэй байна. Хүүхдээ ч салхилуулж чадахгүй. Ихэнхдээ л архи, дарс уусан, зодоон цохион хийсэн хүмүүс байх шиг байна лээ” хэмээн ярив. Цагдаагийнхан ирээд тараахыг хэд хэдэн удаа оролдсон боловч "Өөрийнхөө хөрөнгийг зарна уу, байна уу та нарт хамаагүй” гээд иргэд хавьтуулаагүй бололтой. Хэн, хэзээ, хаанаас гарч ирж хэдэн төгрөг өгөх бол гэсэн олон шөнө нойргүй хоносон хүмүүс 03:00 цагийн үед багширсаар үлдлээ.
ХУВЬЦААТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨР ЗАСАГ ЯМАР АЛБАН МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
1072 хувьцаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамцаас зарим зүйлийг тодрууллаа.
-"Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд худалдах, бэлэглэх боломжтой юу?
-Ямар ч боломжгүй. 1072 хувьцааг олон нийтэд арилжаалж байна, гар дээрээс худалдаж авч байна гэсэн яриа сар гаруй хугацаанд яригдаж хүмүүсийг тодорхой газруудад цуглуулаад байна. Засгийн газраас үнэгүй тараасан энэ хувьцаа өнөөдрийн байдлаар анх бүртгүүлж эзэмшсэн хүнээс өөр хүнд шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байна.
-Хэрвээ худалдаж авсан тохиолдолд өөр хүн ашиглах боломжтой юм биш үү. Эсвэл ямар ч үнэд хүрэхгүй зохиомол эрх юм уу?
-Энэ хувьцааг хэн нэгэн худалдаж авсан тохиолдолд ямар нэгэн байдлаар өмчлөх эрх үүсэхгүй, ашиглах боломжгүй. 2.5 сая хүний нэр дээр байгаа хувьцаа худалдах, худалдан авах, захиран зарцуулах бүх эрх Засгийн газрын шийдвэрээр хязгаарлагдсан байгаа. Энэ бол хүмүүсийг төөрөгдүүлсэн зохиомол явуулга. Холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа байх.
-Тэгвэл хэзээнээс ашиглах, зарж борлуулах боломжтой болох вэ?
-Хэзээнээс зарж, үрэх нь тодорхойгүй байна. Засгийн газар "Эрдэнэс Таван толгой”, "Эрдэнэс Монгол” зэрэг шийдвэр гаргах түвшний эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарч байж Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд хувьцаа олон нийтэд зарагдахад бэлэн болсны дараа өнөөдрийн яриад байгаа худалдах, бусдад бэлэглэх эрх үүсэх юм. Одоогоор ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй.
-Брокер дилерийн компаниудын хувьцааны данс нээлгэх үйлчилгээг түр зогсоосон байгаа гэсэн. Үнэн үү?
-Хэвийн ажиллаж байгаа.
-Хүмүүс хувьцааныхаа дансыг нээлгээд эрхийн бичиг авч байна гээд байгаа. Үүнийгээ худалдаж байгаа гэх юм?
-Тухайн иргэн арилжааны дансаа нээлгээд гэрээ байгуулна. Гэрээний нэг хувь л иргэдийн гарт очно. Тэрнээс ямар ч эрхийн бичиг олгох үндэслэл байхгүй. Харин брокер дилерийн газрууд арилжааны дансыг нь нээж өгөөд хувьцааг нь баталгаажуулж өгсний хураамж 5000 төгрөг авч байгаа. Хуурамч, худлаа, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл шүү гэж хэлмээр байна. Зарим нэг үнэт цаасны компани, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн болох нь тогтоогдож хуулийн хүрээнд хариуцлага тооцох болсон байгаа.
-Ямар компаниудад хариуцлага тооцсон бэ?
-Нийгэмд үймээн дэгдээсэнтэй холбоотойгоор зарим газрын үйл ажиллагааг зогсоочихсон, эрхийг нь түдгэлзүүлчихсэн байгаа. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас энд нэрийг нь дурдах хэрэггүй болов уу. Нэмж хэлэхэд Хөрөнгийн биржээр хувьцааны арилжаа явагддаг. Хувьцаа гар утас, гутал хувцас шиг гар дээрээс гарт дамжуулаад гэрээ байгуулаад худалддаг эд бараа биш. Ямар ч боломжгүй. "Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 83 хувийг төр, 17 орчим хувийг 2.5 сая иргэн, 0.06 хувийг 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр тус компани хуралдсан. Энэ хурлаараа ажлынхаа тайлангийн талаар болон дээрх хувьцааны талаар яригдсан гэсэн. Энэхүү хуралдаанаар компанийн зүгээс үнэн бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх байх. Үндсэндээ бүх талаас нь холбогдох байгууллагууд нь мэдээлэл өгөөд байхад энэ үйл ажиллагаа улам даамжраад, улам их хүн цуглаад байгаад харамсч байна. Худлаа ярьж байгаа хүмүүс бүгд л хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлийн төвийн дарга Б.Баатархүү:
-Хэчнээн газар иргэд хувьцаа худалдах нэрээр бөөгнөрөөд байна вэ?
-Нийслэлийн дөрвөн газар одоогоор ийм асуудал үүсгээд байна. Хаана гэдгийг нь хэлэх боломжгүй.
-Хувьцаагаа зарсан тохиолдол гарсан уу?
-Цагдаагийн ерөнхий газар холбогдох шалгалтыг хийсэн. Одоогийн байдлаар хувьцаа худалдан авсан, хувьцаагаа зарсан нэг ч тохиолдол тогтоогдоогүй. Энэ бол худал цуурхал. Иргэдийн ам дамжсан яриа.
-Та нарын зүгээс албадан тараах ч юм уу арга хэмжээ авч байгаа юу?
-Иргэдээс маш их гомдол ирж байгаа. Тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид бөөн хүн бүчиж аваад явуулахгүй, түгшүүртэй байгаа талаар удаа дараа гомдол гаргаж байна. Хэрвээ дүүргүүдийн Засаг даргууд албадан тараах захиргааны шийдвэр гаргавал цагдаагийн байгууллага холбогдох ажлыг зохион байгуулахад бэлэн байна.
-Хүмүүс олноор ингэж цугларах нь гэмт хэргийн шалтгаан болж болох. Зарим хүмүүс хүчингийн хэрэг, хүн хулгайлсан хэрэг гарсан хэмээн ярьж байна?
-Одоогоор ноцтой хэрэг гараагүй байгаа ч цаашид энэ замбараагүй байдал даамжирвал ноцтой хэрэг гарахгүй гэх газаргүй. Гудамж талбайд хог ил задгай хаях, архидан согтуурах явдал их гарах болсон. Тиймээс Цагдаагийн байгууллага үргэлжлүүлээд иргэдэд санаатай цуурхал тарааж, иргэдийг цуглуулж байгаагийн цаана ямар хүмүүс байгааг тогтоож илрүүлэх болно. Ямар санаа зорилготойгоор ийм зүйл тарааж байгааг тогтоож улмаар хариуцлага тооцох алхмуудыг шат дараалан зохион байгуулна. Иргэдийн ам дамжсан бүх яриан дээр шалгалт хийж байгаа. Нийгмийн дэг журам зөрчигдөж, цаашдаа жагсаал цуглаан болж хувирах вий гэдэг дээр анхаарч ажиллах болно. Мөн ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Хувьцаатай холбоотой мэдээллийг ард иргэдээс цагдаагийн 102 болон тусгай дугааруудад авах болно.
-Саяхан машинтай нөхөр мөнгө тараасан. Үүнтэй холбоотой юм биш үү?
-Анх А гэгч иргэн 1072 хувьцааныхаа бүртгэлийг идэвхжүүлэхдээ энэ мэдээг цацаж эхэлсэн болохыг бид тогтоосон. Энэ иргэнийг шалгаж, мэдүүлэг авсан байгаа. Харин машинтай залуус мөнгө тараасан тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тухайн иргэн согтуурсан үедээ эхнэртэйгээ муудалцаж мөнгө тараасан болох нь тогтоогдсон гэсэн хариулт өгсөн юм. Харин "Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Төмөрсүх "Манайх өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Байгууллагын жилийн тайлан, тооцооны талаар хуралдсан. Одоогоор нэг ч хувьцаа арилжаанд гараагүй байгаа. Тиймээс хүнд дамжуулах эрхгүй гэсэн үг. Мэдээж арилжаанд гараад иргэдэд хүрээд эхэлбэл таатай байх болно” хэмээн байр сууриа илэрхийлэв.
1072 хувьцааны хийрхлийн ард юу байна. Бодитбайдал дээр ямар байгаа вэ?
Хувьцаагаа худалдах сонирхолтой иргэд сар гадаа хонолоо. Анх Урт цагаан дээр шөнө, өдөргүй хонож, бужигнаж байж хувьцаагаа зарлаа хэмээн цуурхдаг байсан бол Их дэлгүүр хүртэл газар авч хүмүүс бөөгнөрөх болж. Улмаар 100 айлын ойролцоо хувьцаа авдаг хүмүүс байна гэж бас хэсэг бужигнан 32-ын тойрог хүртэл даамжирч. Ингээд хотын төв, төвөөс гэр хороолол чиглэсэн цуглараан зогссонгүй. Харин ч хотын зах руу тэлж хуучин 22-ын товчоо, улмаар Эмээлт хүрч, Цанын бааз хүртэл хүмүүс зам даган шөнөжин асар олон хүн цуглаж байна. Эдгээр хүмүүс өлсгөлөн барс мэт ойр хавиар амьтан хүн явуулахгүй, машин тэргийг нь бүчиж нийгмийн амгалан тайван байдлыг эвдэх боллоо. Эдгээр хүмүүсийн бөөгнөрлийг дагаад хуушуур, шорлогийн наймаа, биеэ үнэлэгчид эргэлдэх болсон тухай мэдээлэл байна. Хэрвээ даамжрах юм бол хүний наймаа, хүчингийн хэрэг ч гарч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгааг оршин суугчид хэлж байлаа. Нийгэмд ийм үймээн самуун үүсээд сар болж байхад хууль хяналтынхан нь яагаад ямар нэг арга хэмжээ авахгүй байна вэ. Ямар учраас шөнөжин хээр хонож байгааг цэгцлэхгүй байна вэ. Хувьцаагаа зарах сонирхолтой гадаа хонож буй эдгээр хүмүүс гэнэн тэнэгтээ тэнд зогсоод, дуртайдаа хээр хоноод байгаа гэвэл эндүүрэл. Ард түмний энэ үйлдлээс юу харагдаж байна. Гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл. Ард түмний ядуурал, ажилгүйдэл тартагтаа тулчихсан учраас ийм хэмжээнд хүрч байгаа болов уу. Учир нь хувьцаагаа зарахаар унтах нойргүй, идэх хоолгүй, нүдээ ширгэтэл хувьцаа авах хүн ирэх болов уу гэж горьдлого тээгсэд дандаа гэртээ суугаа ажилгүйчүүд. Ялангуяа эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Тэд энэ мөнгийг авчихвал амьдрал нь шийдэгдэх гээд байгаа юм шиг л ярьж байна. Хэрвээ өөрийн гэсэн ажилтай, тогтмол орлоготой, дутагдах гачигдах зүйлгүй бол яалаа гэж ийн цөхрөнгөө барж, нийгэмд адлагдаж зогсох билээ. Орой ажлаа тарж ирээд л аль болох эртхэн амрахыг бодно. Гэтэл энэ хүмүүс шөнөжин сэлгүүцэж, хайран цагаа хумслан хэн нэгнийг царай алдан сууна. Тэдний буруу биш. Нийгэм ийм өнгө, төрхтэй болсны илрэл. Бодит амьдрал ийм л байна. Нөгөө талаар шөнө болгон хэн нэгэн ирж тодорхой хэмжээний мөнгө өгч байгаа болоод хүмүүсийг бүтэн сар тэнд уяад байгаа байх. Гэхдээ хаана, хэзээ, хэн, хэнд мөнгө өгсөн нь нууц үлдээд байдаг. Ямар ч байсан хэн нэг нь тодорхой хэмжээний мөнгө авчихаад бусдадаа ийм яриа тараасан байж таараа. Түүнчлэн ганц, хоёроор нь хэсэг бүлэг хүмүүс авч яваад мөнгө авсан мэтээр ярих болзолтойгоор 200-300 мянган төгрөг тарааж байгаа тухай яриа ч байна. Саяхан 00-06 УНК улсын дугаартай "Жи класс” машинтай нөхөр гэгээн цагаан өдрөөр хүмүүст 10000, 20000 төгрөгийн дэвсгэрт тараасан. Энэ ажиллагаа иргэдийг нэг газарт төвлөрүүлэх, гадаа байлгах бас нэгэн оролдлого юм биш үү. Сүүлийн үед ямарваа нэг жагсаал, цуглаан явуургүй, оролцогчидгүй болчихсон. Иргэд өргөн хүрээг хамарсан, ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолтой жагсаалд оролцох сонирхол ч үгүй болсон. Тэгвэл хувьцаа нэрийн дор ингэж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх нь хэнд ашигтай юм бол. Үүний ард байгаа хүмүүсийн эцсийн зорилго нь иргэдийг ямар ч хамаагүй байдлаар гадаа бөөгнөрүүлэх. Энэ их хүчийг хэрхэн юунд ашиглах гээд байгааг ухаж бодож үзсэн хүн байна уу? Авлигатай тэмцэх газар, Цагдаа, цэрэг хүчний байгууллагууд үүнийг нягтлан шалгах хэрэгтэй. Нийгэм тэр аяараа 1072 хувьцаагаар хийрхчихээд байна. Амтай болгон нь энэ хувьцааны талаар ярьж байна. Хэрвээ "Чингисийн талбайд хувьцаа тарааж байна” гээд цуу яриа тараачих юм бол цаг ч хүрэхгүй хугацаанд талбай багтах шингэх зайгүй болно. Ингэж иргэдийг үй олноор цуглуулчихаад дохио өгөх л үлдлээ. Тэднийг хэн нэгэн зохион байгуулалттайгаар ямар нэг дохион дор нэгтгэж байгаа нь хэн ч харсан тодорхой байна шүү дээ. Ингэх нөхцөл нь бүрдчихээд байна. Өгөх дохио ч тодорхой. Талбай дээр үй олон хүнийг цуглуулчихаад "Та нарын хувьцааг энэ ордонд сууж байгаа эрх мэдэлтнүүд өгөхгүй байна. Та бүхний өмч учраас нэхээд ав” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлэхэд л хангалттай. Үүний дараа юу болох нь ч тодорхой, маш ойлгомжтой болчихоод байна. Тиймээс төр засаг, холбогдох хууль хүчний байгууллагууд анхаарах цаг нь ирчихээд байна. Ямар нэг тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй. Тэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь байдаг юм бол яаралтай хуралдаж арга хэмжээ ав. 1072 хувьцааг нэхэх нь хэнд ашигтай вэ. Энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Нийгмийн сэтгэл зүйгээр үнэхээр тохуурхаж, доог тохуу хийж байна. Золиос нь энэ ард түмэн. Улангассан ард түмэн. Нийгэм иргэдийнхээ мэдрэлээр тоглож тэсрэх хэмжээнд аль хэдийнэ хүргэчихээд байна. Хувьцаагаа зарахаар шөнөжин зогсч байгаа тэдэнд ганц шөнийн нойр, хоол юу ч биш. Улайрчихсан. Хувьцааг нь авахгүй гээд хажуугаар нь өнгөрсөн нэгнээ баян, тарганаар нь дуудаж хараан зүхэж байна. Бужигнасан хүмүүс дунд хоцорсон нэг нь "Би мөнгөнөөс хоцорчихлоо” гэж чарлан, хашгичиж, сэтгэл зүй нь чинээндээ тултал хөвчирч байгааг ойлгохгүй байна гэж үү. Хувьцааг тойрсон асуудал үнэндээ тоглоом биш болжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||