“Энержи Ресурс”-ийг илчилсэн З.Энхболдын мэдэгдэл

 

-Засгийн газрын сайд М.Энхсайханы боловсруулсан гэрээний төсөл үндэсний аюулгүй байдлын эсрэг агуулгатай гэсэн дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэгээр хэлүүлж, хэлэлцүүлэгт оруулах нь бүү хэл хэнд ч үзүүлэлгүй хав дарсныхаа шалтгааныг анх удаа ийнхүү ил хэлэв-

Бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж буй энэ удаагийн парламент отгон чуулганаа өчигдөр эхлүүллээ. Ардчилсан нам олон суудал бүхий ээлжит парламент Монголын түүхэнд чухам юу үлдээж байгааг УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ ердөө хоёрхон "баримт”-аар товчлон хэлэв. Нэгдүгээрт, Тавантолгой. Хоёрдугаарт, өр.

Сүүлийн дөрөв, магадгүй түүнээс өмнөх дөрвөн жилд өрнөсөн, цаашлаад дараагийн дөрвөн жилд ч үргэлжлэх улс төрийн бүхий л маргааны уг үндэс нь ердөө Тавантолгойн баялаг, түүнийг зах зээлд хүргэх ёстой төмөр замын асуудал тойрсон тэмцэл… Чухам ийм ойлголт төрүүлэм З.Энхболдын илтгэлийн гол бай нь энэ удаад дампуурлын ирмэгт очсон MMC буюу "Энержи Ресурс” компани байлаа.  З.Энхболд үүнийхээ хариуд "үндэсний аж ахуйн нэгж дампуурахад баярладаг төрийн түшээ байгаа нь харамсалтай…” гэсэн шүүмжлэлээр булуулж байгаа ч үүгээрээ ээдрээтэй олон асуултад хариу өгөх шиг боллоо.

З.Энхболдын мэдэгдсэнээр бол "ММС” болон "Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг гаргажээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд М.Энхсайханы боловсруулсан гэрээний төсөл үндэсний аюулгүй байдлын эсрэг агуулгатай гэсэн дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэгээр хэлүүлж, хэлэлцүүлэгт оруулах нь бүү хэл хэнд ч үзүүлэлгүй хав дарсныхаа шалтгааныг анх удаа ийнхүү ил хэлэв. Үүнийгээ тэрбээр тодотгохдоо "Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх "ММС” компани болон түүний охин компани "Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа” гэжээ.

Үндэсний хэмжээний "дайсан”-ыг илчилсэн энэхүү мэдэгдэл одоо улс төрд ямар үр дагавар авчрах бол? Ялангуяа Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийн мэдэгдлийн дараа гэдгээрээ ямар үр дагавартай байж болох вэ?

Н.Алтанхуягийн мэдэгдэл "Ц.Элбэгдорж” гэдэг гол дүртэй байсан бол З.Энхболдын илтгэл МCS гэдэг гол баатартай байлаа. Энэ хооронд холбоо байж болох уу? Тэгвэл тийм холбоо байж болохыг харуулах баримт, гаргалгаа бүхий өгүүллээ судлаач Ганаа санаатай, санаандгүй мэдэхгүй ч УИХ-ын чуулганы нээлттэй зэрэгцэн нийтэд цацжээ. Чухамдаа Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийг, З.Энхболд МCS-ийг "илчилсний” цаад учрыг судлаач Ганхуягийн ээлжит нийтлэлээс харж болохоор. Түүний бичсэнээр бол "Эрх баригч байсан Ардын намынхнаар эхэлсэн баривчилгаа яахаараа Н.Алтанхуягийг огцорсноос хойш АН-ынхнаар үргэлжлээд байгааг АН-ынхан ч ойлгохоо больчихоод байсан юм… Гэтэл мань эрийн батарей дуусчихаад өөр "энергийн нөөцөнд” залгагдчихсан байж л дээ. Үүнийг орчуулбал "Энержи ресурс” гэж байгаа юм… Х.Баттулга УИХ дахь "Энержи Ресурс”-ын лоббиг таслан зогсоож, Л.Эрдэнэчимэгээр улайм цайм дүгнэлт гаргуулаад гацаачихжээ. Ц.Элбэгдорж ёстой дэвхцэж гарав. Тиймээс "Хариуцлагын тухай” хууль гаргаж үгэндээ ордоггүй гишүүдийг хөөн зайлуулна гэж дүвчигнэсэнд УИХ энэ удаад "Тавантолгой”-д хайртайдаа биш, субьектын хувьд өөрийгөө өмөөрч өөдөөс нь "салаавч тавьжээ”. Үүнд нь УИХ-ын дарга хүч нэмэн оролцсоноор Ц.Элбэгдоржтой дайсан болов. Эцэстээ Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар Ц.Элбэгдоржтой гарцаагүй сөргөлдөж эхэлсэн байна…” гэжээ.

Сүүлийн хоёр өдөр дараалсан сүрхий мэдэгдлүүдийн учир шалтгаан, улс төрийн нөхцөл байдал судлаач Ганаагийн гаргалгаатай нийцэж байгаа эсэхийг нотлох, эсвэл үгүйсгэх нь чухал биш байх. Зүгээр л цаашид улс төрд өрнөх үйл явдлуудыг  анхааралтай ажиглах нь сонирхолтой биз ээ.

Эх сурвалж: Politik.mn   А.Алиман