Монгол Улс Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци болон түүнтэй шууд уялдаатай хэд хэдэн олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байна. Ингэж яаравчлан хэлэлцэх гэж байгаа нь энэ 3 дугаар сарын 31-нээс АНУ-ын Вашингтон хотноо хуралдах «Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт», түүнд манай Ерөнхийлөгч оролцож магадгүйтэй холбоотой бололтой.
Энэ бол цөмийн хаягдлыг Монгол Улсад булах гэсэн «Цөмийн клуб»-ын орнууд, Монголын улс төрчдийн олон жилийн, өндөр зохион байгуулалтай, нууцлаг үйл ажиллагааны чухал үе болох юм. Учир нь олон улсын гэрээгээр нэгэнт үүрэг хүлээж авбал тэр нь Монгол Улсын хуульд захирагдахгүй нөхцөл байдал бий болгох болно. Энэ асуудлаар Монголын хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй яриад эхэлсэн тул олон түмний анзаарахгүй байгаа цөмийн хаягдлын тээвэрлэлт, булшлах газрын тухай асуудалд анхаарал хандуулъя.
Тээвэрлэлтийн маршрутууд
Японы АЦС-уудын цөмийн түлшийг гол төлөв АНУ-д үйлдвэрлэсэн бөгөөд олон улсын гэрээгээр эдгээр түлшний хаягдлыг үйлдвэрлэсэн улс буюу энэ тохиолдолд АНУ буцаан авах үүрэгтэй. Гэвч дотооддоо цөмийн булш байгуулах гэсэн Америкийн засаг захиргааны оролдлогыг америкийн ард түмэн эрс эсэргүүцэж байгаа учир зөвшөөрөх өөр улс орон олдвол АНУ, Япон зэрэг улс хичнээн л хичнээн мөнгө хаяхад бэлэн байна.
Дээр нь Фукушимагийн АЦС-ууд байгалийн гамшигт нэрвэгдэж, тэндэхийн дутуу ашигласан цөмийн түлшийг даруйхан зайлуулахгүй бол япон иргэд хордож эхлээд байгаа юм. Эдгээр дутуу түлш болон хаягдлыг булах боломжийн газраар Монголыг товлоод удаж байна. Тиймээс Монголд хүргэх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх гэж маш нарийн бодлоготой ажиллаж байна. АНУ, Япон, Өмнөд Солонгос, Франц, Энэтхэг зэрэг орон Монголыг ихэд сонирхож, зээл тусламж өгөөд байгаа нь нэг ийм учиртай.
Хэдэн жилийн өмнөөс Монгол Улс БНАСАУ-ын Ражин боомтыг ашиглах боллоо, ОХУ-тай хамтарч ашиглана, БНСУ бас ашиглана гэсэн мэдээлэл явж эхэлсэн. 2014 оны 11 дүгээр сараас Монголын далайн тээвэрчид Ражин боомтоор туршилтын тээвэрлэлт хийлээ, УБТЗ-аар Ражин боомт хүртэл туршилтын тээвэрлэлт хийлээ, Эрээнцав-Чойбалсангийн төмөр замыг сунгаж, ОХУ-ын Алс Дорнодын төмөр замтай холбоно, гэх мэт «сайхан мэдээнүүд» гарч байв.
Энэ бүхэн нь Япон болон Өмнөд Солонгосын цөмийн түлшний хаягдлыг Хойд Солонгосын Ражин боомтоор дамжуулан, Оросын Алс Дорнодын төмөр замаар Монголд авчрах «алсын хараа»-тай бодлогын үе шаттай хэрэгжилт байж болох юм. Яагаад заавал Ражин боомт гэж?
Япон, Өмнөд Солонгосын цөмийн хаягдлыг уул нь Оросоор дамжуулан Монголд хүргэх нь илүү шулуухан. Гэвч Дэлхийн II дайны дараа Японтой энх тайвны гэрээ байгуулаагүйгээс ОХУ үндсэндээ тус улстай дайны байдалд байгаа. Иймд «дайсан» Японы цөмийн хаягдлыг нь шууд нутагтаа буулгахыг ОХУ зөвшөөрөхгүй.
Харин Хойд Солонгост буусан хаягдлыг Оросоор транзит маягаар дамжуулан тээвэрлэе гэвэл зөвшөөрч магадгүй юм. Барууныхны эдийн засгийн хориг арга хэмжээнд багалзуурдуулсан орос нөхдөд ихээхэн валют амлаж байгаа байх.
Тэгвэл Хойд Солонгос өөрийн нутгаар цөмийн аюултай хаягдал тээвэрлэхийг яагаад заавал зөвшөөрөх ёстой гэж? Юуны өмнө эдийн засгийн маш хатуу хориг арга хэмжээнд орсон тус улсын удирдлагад гадаад валют туйлын чухал байгаа. Дээр нь Ражин боомтоос Оросын хил хүртэл ердөө хэдхэн километр учир маш богино хугацаанд Хойд Солонгосын нутгаар «шүргээд гарах» ачаа тээвэр юм. Саяхан АНУ-ын санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай шинэ тогтоол гаргасныг уншигчид санаж байгаа байх. Уг хоригт хамрагдсан Хойд Солонгосын боомтуудын жагсаалтаас Ражин боомтыг зориуд хассан нь учиртай.
Цөмийн хаягдал тээвэрлэх маршрут Ражин боомтоор нэгэнт нээгдвэл Япон, Өмнөд Солонгос гэлтгүй, дэлхийн аль ч бусад орноос усан онгоцоор Ражинд тээвэрлэж авчраад байхад болно. Иймээс энэ боомт «Цөмийн клуб»-ийн орнуудын хувьд стратегийн ач холбогдолтой газар болоод байна.
Өөр нэг маршрутыг Монголын төр засгийнхан туршаад эхэлснийг санаж байгаа байх. Улаанбаатараас Парис хүртэл туршилтын галт тэрэг 9 хоног аяллаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь бас л Европоос Монгол руу төмөр замаар цөмийн хаягдал тээвэрлэх нэг нөөц маршрутыг туршсан байж магадгүй юм. Хэрэв Хойд Солонгосын ааш нь хөдөлбөл Ражин боомтыг ашиглах боломжгүй болох магадлал өндөр. Иймд яваандаа барууныхан Оростой эвлэрч чадвал тус улсаар ямар ч барааг транзитын хэлбэрээр тээвэрлэх боломж гарч магадгүйг тооцоолсон хэрэг.
Гуравдахь боломжийн маршрут нь БНХАУ-аар транзит ачаа болгон Монголд хүргэх боломжтой. Иймээс энэ маршрутыг Хятадаар зөвшөөрүүлэх гэж тал талдаа ихэд хичээж байгаа болов уу. Удахгүй Вашингтон хотод болох «Цөмийн аюулгүй байдлын Дээд хэмжээний уулзалт»-аар АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгчид цөмийн аюулгүй байдлын асуудлаар нухацтай ярилцахаар бэлтгэж байгаа юм.
Цөмийн хаягдлыг Монголд хүргэх тээвэрлэлтийн маршрутуудыг тогтоохоор нарийн төлөвлөсөн ажлууд ийнхүү хийгдэж байна. Хоёр хөрштэйгээ транзит тээврийн хэлэлцээр байгуулах ажлыг ихэд чухалчлаад байгаагийн нэг учир шалтгаан үүнд ч байж магадгүй.
Цөмийн хаягдлыг хаана булшлах вэ
Одоогоор цөмийн хаягдал булшлахад бэлэн байгаа газар нь Мардайн ураны уурхай юм. Хэрэв Эрээнцав-Чойбалсангийн төмөр замыг сунгаж, Оросын Алс Дорнодын төмөр замтай холбовол Ражин боомтоос цөмийн хаягдал ачсан галт тэрэгний цуваа Мардай хүртэл шууд явна. Мардайг хамгийн сайн мэддэг нь оросууд юм.
Иймээс ч Оросыг талдаа татахын тулд «Хан ресурс»-ын ураны лицензийг хураан авч, оросуудад өгсөн байх магадлалтай. «Дорнодын ураны ордуудыг оросууд та нар ав, харин хамтраад Мардайд цөмийн хаягдлаа булъя» гэсэн наймаа яригдсан болов уу. Арбитрын шүүх дээр Монголын засгийн газраас авахаар тогтоосон торгуулийг багасгахыг «Хан ресурс» зөвшөөрсөн нь АНУ-ын шахалт байсан байж магадгүй.
Шинээр гарч ирж буй өөр нэг булшлах газар нь Оюу Толгойн далд уурхай байх магадлалтай. 2 километрийн гүнд ухаж буй уурхайн хонгилууд яваандаа ашиглалтгүй болоход тэнд цөмийн хаягдал булчихвал бэлэн газар болох юм. Тийм ч учраас Оюу толгойн уурхайд хот суурин газар барихгүй байгаад байж магадгүй. Бас саяхан Рио Тинтогийн гүйцэтгэх захирлаар Францын иргэн томилогдсон нь тохиолдлын биш болов уу. Одоо Рио Тинто, Арева хоёр хэл амаа бүр амар ололцох биз.
Оюу Толгойгоос урагш нарийн төмөр зам тавьчихвал урдаас цөмийн хаягдал ачсан галт тэрэг Оюу Толгой дээр шууд давхиад ирнэ. Хятад нөхөд боломжийг ашиглаад өөрсдийн цөмийн хаягдлыг Монгол руу ачуулчих сонирхолтой л байгаа байлгүй. Ингээд цөмийн хаягдлыг өөрийн нутгаас хол далдлах ашиг сонирхол нэгтэй «Цөмийн клуб»-ийн орнууд Монголд цөмийн хаягдал булшлах тал дээр зуун хувь санал нэгдэхээс өөр яахав. «Сайхан боломж».
politik.mn