Хэлэлцүүлгийг тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан удирдан явуулж, УИХ-ын гишүүн Л.Болд, А.Бакей, Я.Содбаатар нар болон БОНХЯ, ҮХААЯ, УСУГ, цэвэр бохир усны үйлчилгээ үзүүлдэг компаниуд, байгаль хамгаалах байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэ хэлэлцүүлгээр Монгол Улсын усны нөөц ямар түвшинд байгаа болон цаашид усны зохистой хэрэглээ болон усны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар санал бодлоо хуваалцсан юм. Мөн гол горхины усыг сүүлийн үеийн NАNО, MRI зэрэг технологийг ашиглан цэвэршүүлэх, хамгаалах асуудалд ямар бодлого барих ёстойг онцолж байв.
Хэлэлцүүлэгт "Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах, "Ус хэмнэлт ба технологийн асуудал” сэдвээр "Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандорж, "Ус хангамж ба тогтвортой хөгжил” сэдвээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монгол Улсад усны дэд бүтэц байхгүйн улмаас усыг бүрэн хэмжээнд ашиглаж чаддаггүй. Харин усны нөөцийг хамгаалахад "урт нэртэй хууль” ихээхэн ач холбогдлоо өгсөн гэдгийг Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах илтгэлдээ онцолсон юм. Усыг ухаалаг, хүрэлцээтэй, зөв зарцуулах боломж байгааг "Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандорж бодит жишээн дээр тайлбарласан. Үүний тулд юуны өмнө ус хэрэглээг ухаалаг тоолууртай болгох хэрэгтэй гэлээ. Хэрэглэгч усыг хямд үнэтэй хэрэглэснээр усны үнэ цэнийг мэдрэхгүй, хайхрамжгүй ханддаг. Иймээс усыг хэрэглэхэд зөв үнийн тарифтай байх шаардлагатай гэв. Мөн тэрээр, усыг хэмнэлттэй зарцуулах эдийн засаг, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд анхаарал хандуулах, түүнчлэн саарал усны стандартыг яаралтай батлах нь чухал гэв. Цаашид ус хэмнэлтийн дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, усны үнэлэмжийг дээшлүүлэх, бохир ус цэвэрлэгээний дэвшилтэт технологийг нутагшуулах нь чухал бөгөөд бага оврын цэвэрлэх байгууламжийн үйлдвэр байгуулах төслийг дэмжиж хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын гишүүд анхааралдаа авахыг хүслээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цэвэр, бохир усны үйлчилгээ үзүүлдэг 120 компани байдаг аж. Гэвч эдгээр компаниуд 270 орчим тэрбум төгрөгийн алдагдал, өр төлбөр хүлээн ажиллаж байгаа гэдгийг хууль тогтоогчдод танилцуулж байв. Гэр хорооллын иргэд 1 л усыг 1 төгрөгөөр худалдаж авдаг. Харин тэр усыг хүргэх, зөөвөрлөх зардал литр тутамдаа 8 төгрөг болдог байна. Орон сууцны хэрэглэгчид гэхэд тоолууржилт хангалтгүй, маш их хэмжээний усыг өдөрт хэрэглэдэг, нөгөө талаар ус дамжуулах шугам сүлжээ хэт хуучирснаас хэрэглэгчдэд зэвтэй ус хүрдэг зэрэг олон асуудал тулгарч байна. Энэ нь хамгийн аюулгүй байх ёстой усны чанар муудаж, эрүүл мэндэд ч нөлөөлөх магадлал бий гэдгийг хэлж байв. Энэ бүхнийг өөрчлөн залруулахад тус салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, усны үнийг хатуу чанга тогтоохоо болих, техник, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах зэрэг олон арга хэмжээ авах шаардлагатай аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цөөн хором ярилцсан юм.
-Өнөөдрийн хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Хэдий өнгөрсөн ч гэсэн энэ өдрийг тохиолдуулж хотод ажиллаж буй УИХ-ын гишүүдтэйгээ хамтран усны салбартай холбогдох бүхий л байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохиож байна. УИХ-аас Усны тухай хуулийг шинэчлэн баталж, "Ус” үндэсний хөтөлбөрийг баталсан байдаг. Эдгээр хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлийг тодруулах, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлох нь энэ хэлэлцүүлгийн үр дүн байх юм.
-"Ус” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
-Хөтөлбөрийн хэрэгжилт 22 хувьтай байгаа. Энэ хувийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээг голчлон авч хэрэгжүүлэх шаардлагатайг энэ хэлэлцүүлгээс тодорхойлж байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгнө. Шаардлагатай бол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх байнгын хорооны тогтоол ч гаргана гэж бодож байна.
-Хэрэглэгчдэд хүрч буй усны үнэ дэндүү бага, алдагдал их байгааг сая ярьж байсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ус түгээж байгаа компаниуд энэ асуудлыг тавьдаг. Өнөөдөр ч тулгамдаж буй асуудлаа хэлж, төрөөс усны үнэлэмжийн талаар уян хатан бодлого явуулах шаардлагатай байгааг ярьж байна. Улс орон тогтвортой хөгжихөд стратегийн баялаг болох ус нэн чухал. Хүн бүхэнд ус чухал ач холбогдолтой учир гол нь хэрэглээгээ дагаад усаа ухаалаг ашиглаж, усны үнэ цэнийг мэдэрч, аль болохоор хэмнэж, усаа бохирдуулахгүй байж, цаашид усыг дахин ашиглах гарцуудыг олж амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд өнөөдрийн усны үнэ, өртгийн асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай болж байгаа.
-Улаанбаатар хот 2020 он гэхэд усны хомсдолд орно гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авч байгаа бол?
-Усны мэргэжилтнүүдийг үүнийг сануулж байгаа. Байнгын хорооны хувьд үндэсний хөтөлбөр баталж өгсөн. Гэхдээ энэ хөтөлбөрөө эрчимжүүлж, усны дэд бүтцийг сайжруулах, ус дамжуулах хоолой, Хэрлэн говь төсөл, Туул голын сав газарт усан сан байгуулах зэрэг ажлыг шуурхайлах, мэргэжилтнүүдээ чадавхжуулах шаардлага байна.
Н.Туяа