Чуулга уулзалтад дэлхийн болон бүс нутгийн хэмжээний уул уурхайн компаниуд, шинээр хөрөнгө оруулагч хайж байгаа уул уурхайн зах зээлийн шинэ тоглогчид, бизнес санхүүгийн өргөн төлөөлөл оролцож байна. Уул уурхайн нөөц боломжоороо ирээдүйтэй зах зээлд тооцогдож байгаа Монгол Улсаас энэ чуулга уулзалтад төмрийн хүдрийн хайгуулын "Харанга ресурс”, "Вүүлф петролиум”, "Өндөр толгой минералс”, "Шарын гол” ХХК, "Хот-Дэд бүтэц”, "Aspire mining”, "Эрдэнэ ресурс”, "Номин–Орд” зэрэг уул уурхайн компаниуд оролцож хайгуулын шатны ажлынхаа үр дүн, тогтоосон нөөц, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ танилцуулав.
Монголын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган Монгол Улсын Их Хурлаас Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн баталснаар монголын уул уурхайн салбарын эрхзүйн орчин тогтворжиж, хөрөнгө оруулагчдын сонирхол идэвхжиж буйг тэмдэглэв.
Дэд сайд манай эрдэс баялгийн гол нэр төрлүүдийн тогтоогдсон нөөц, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагыг санхүүчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж Монголд хөрөнгө оруулахыг уриаллаа. Хамгийн сүүлд алтанд ногдуулах нөөц, ашигласны төлбөрийг 10-2,5 хувь болгон бууруулснаар энэ салбарт сэргэлт ажиглагдаж байна гээд ашигт малтмалын арвин нөөцтэй манай улс хариуцлагатай хөрөнгө оруулагчдын хувьд найдвартай түнш байх болно гэж батлан хэллээ.