Харин Европын Холбооны орнууд тийм эрсдэлтэй шийдвэрт санал нэгдэх боломж хомс юм. Гэхдээ АНУ, ЕХ-ноос Орост Нефтийн үйлдвэрлэлийн өндөр технологийн бүтээгдэхүүний экспортыг хориглох боломжтой. Энэ нь хар алтны үнэд шууд нөлөөлөхгүй ч дунд хугацаанд дэлхийн зах зээл дэх нефтийн нийлүүлэлтийг багасгаж, үнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болно.
АНУ, ЕХ-д дээрхийн адил хэд хэдэн хувилбараар Орост хориг арга хэмжээ авах сонголт бий. Гэхдээ хувилбаруудын аль нэг нь хэрэгжиж эхлэхэд л дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ баррель тутамд гурван доллароор нэмэгдэх бүрэн боломжтой. Энэ жилийн нефтийн үнэд мөн Ираны нефть чухал нөлөө үзүүлнэ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Иранд хориг арга хэмжээг сулруулах шийдвэр гаргавал тус улс дэлхийн зах зээлд хүрэх нөхцөл бүрдэнэ. Мөн АНУ түүний холбоотнуудыг Сирийн дотоод хэрэгт оролцон асуудлыг хурцатгавал, энэ нь мөн хар алтны үнэд нөлөөлөх хүчин зүйл болно.
Ирак улс дунд хугацаанд нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилготой байгаа бололтой. Гэхдээ Иракийн нефтьд найдахад арай эртэднэ. Ямартай ч Иракийн хар алт энэ жилд багтаж дэлхийн нефтийн үнэд нөлөөлөгч хүчин зүйл болж амжихгүй болов уу. Магадгүй Ирак улс цаашид нефтийн үйлдвэрлэлийн дэд бүтцээ сайтар хөгжүүлж чадвал асуудал өөр болох байх. Мэдээж хэрэг, Нефть импортлогч орнуудын байгууллагаас (ОПЕК) эхлээд Иракийн нефтийн бүтээгдэхүүний экспортын квотыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Дэлхийн хар алтны зах зээлийн эрэлт нийлүүлэлт нэгээс нөгөөд амархан шилждэг онцлогтой. Нэг орны нийлүүлэлт багасахад нөгөө орных нэмэгдэж байх жишээтэй. Ливи, Алжирын нефть дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлж байсан удаагүй. Ливи улс хар алтны нөөцийнхөө өчүүхэн хэсгийг л олборлодог. Тус улсад одоог хүртэл дотоодын дайн самуун үргэлжилсээр байгаа нь нефтийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжгүй болгодог байна.
А.Цацралт
монцамэ