Эрх барьж буй Ардчилсан намын УИХ дахь бүлгийн хурлаар даваа гарагт ОХУ-аас нефть бүтээгдэхүүнийг зээлээр авах боломж байгаа талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, үүнийгээ "баяр ёслол”-ын байдалтай зарласан юм. Ямарваа нэг зээл авах, хатуухан хэлбэл өр тавих боломж байгаа талаарх мэдээлэлд дээр, дооргүй баярлах ёстой "цаг үе” иржээ.
Яагаад ер нь мөнгөөр авдаг байсан бараагаа зээлээр авахаар болж байгаа, яагаад үүнийг Засгийн газрын тэргүүн УИХ-ын түвшинд хэлэлцүүлж мэдээлж байгаа юм бол?
Учрыг хөөж үзвэл, ОХУ дотоод нөхцөл байдлаа шийдвэрлэх үүднээс экспортоо дэмжих зорилгоор "Роснефть”-ийн худалдан авагчдад ВТБ /Внешторгбанк/-аар дамжуулан зээл олгохоор ярьж буй юм байна. Одоогоор Монголын нефть бүтээгдэхүүн импортлогчид дээрх банктай зээлийн талаар яриа хэлэлцээний түвшинд хамтран ажиллаж байгаа аж. Ямар хэмжээ, хугацаа, нөхцөлтэй зээл байх талаар ердөө ярилцаж буй асуудлыг тэгэхээр Засгийн газрын тэргүүн яаран зарлаж, эцэслэн шийдсэн мэтээр ойлгуулсан хэрэг бололтой.
ОХУ-ын төрийн өмчийн "Роснефть” компаниас Монголын импортлогчид бүтээгдэхүүнийхээ 98 орчим хувийг худалдан авдаг. Монголын шатахууны хэрэглээ жилд 1.2 сая орчим тонноор хэмжигддэг. Одоогоор 13 компани ОХУ-аас нефть бүтээгдэхүүн импортолдог. Тэдний хувьд худалдан авч буй бүтээгдэхүүний үнээ урьдчилан төлдөг бөгөөд дээрх ВТБ банкны зээлийг авах тохиолдолд төлбөрөө дараа нь хийнэ гэсэн үг юм байна. Нэг үгээр бол, тэдний өмнөөс ВТБ банк төлбөрийг нь урьдчилаад "Роснефть” компанид шилжүүлэх аж.
"Шатахуунаа зээлээр авах боломжтой” гэж АН-ын бүлэг дээр Ч.Сайханбилэг мэдээлсний дараа УИХ-ын гишүүдээс энэ нь юу гэсэн үг болохыг тодруулахад зарим нь "Өнөөдөр ОХУ-д нефть бүтээгдэхүүн, шатахууны үнэ буурсан байгааг боломж болгон ашиглаж, зээлээр ихээхэн хэмжээгээр нөөц татах арга хэмжээ байх” гэсэн ойлголттой яваагаа хэлсэн юм. Мөн Уул уурхайн сайдтай утсаар холбогдон тайлбар хүсэхэд "ОХУ-ын тодорхой банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлогчид төлбөрийн шинэ эх үүсвэр авах тухай юм. Засгийн газар шатахууны хангамжаа тогтвортой байлгах үүднээс оролцож, шинэ хямд эх үүсвэрээр хангамж татаж байна гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
Харин дотоодын импортлогчдоос зээлийн талаар тодруулахад "Роснефть компаниас худалдан авдаг бүтээгдэхүүний хэмжээ өөрчлөгдөхгүй. Мөн худалдан авдаг үнэ ч өөрчлөгдөхгүй. Харин худалдан авалт хийхдээ манай талаас төлбөрөө урьдчилан төлдөг байсан бол дээрх зээлийг авснаар төлбөрийг нэг, хоёр сараар хойшлуулах боломж гарч байгаа. Нэг ёсондоо урьдчилсан төлбөрийг дараа төлбөрт шилжүүлэх, ингэснээрээ импортлогчдын ачааг хөнгөвчлөх л үр дагавартай” гэсэн тайлбар өгч байна.
Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байхад Монголд яагаад үнийн ямар ч өөрчлөлт бий болохгүйг байгааг сүүлийн үед сөрөг хүчний зүгээс асуудал болгон тавих болсон. Сөрөг хүчнийхний "поп” маягийн энэ шахалтад иргэд таатай хандаж байгаад магадгүй тэвдсэн Засгийн газрын тэргүүн "Шатахуунаа зээлээр авах боломжтой боллоо” гэсэн мэдэгдэл хийж, "бид ямар ч байсан арга хэмжээ авч байна” гэсэн ойлголтыг төрүүлж, сөрөг PR-ийг саармагжуулах гэсэн юм болов уу даа.
Дашрамд дурдахад, яриа хэлэлцээний шатанд яваа ВТБ банкны зээлийн асуудалд Монголын талаас Засгийн агентлаг Газрын тосны газар, мөн Хөгжлийн банк оролцож буй юм байна.