- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байна, уул уурхай эрх зүйн орчинг нэн даруй өөрчилье
Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим”-д "Геологи, уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, олон нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Ашигт малтмалын хуулийн хэрэгжилт, үр нөлөө, цаашид авах арга хэмжээний хүрээнд болж буй энэ хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат: Сүүлийн 10 жил ДНБ-ий өсөлт 8 хувиас доош ороогүй байна. Энэ бол уул уурхайн идэвхжилттэй холбоотой. Гэхдээ нэг зүйл ажиглагдаж бүр идэвхжиж байгааг хэлье гэж бодлоо. Уул уурхайн салбарт ажиллагсдын дунд гадаадын компани, хүмүүсийг үзэн ядах, шахалт үзүүлэх нь нэмэгдэж байна. Гадны хөрөнгө оруулалтаар улс орнууд хөгжсөн байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европ Америкийн хөрөнгө оруулалтаар л боссон. Улс нь, иргэд нь хөрөнгөжөөд, мэдлэг туршлагатай болмогцоо гадаадынхнаас өмчийг нь эргүүлээд худалдаад авчихдаг. Урд хөршийн банк санхүүгийн зарим хүнтэй уулзахад бид танайд ажиллах боломжгүй болж байх шиг байна гэж ярих юм. Бид олборлосон зүйлээ хол зөөж борлуулах боломжгүй. АНУ хичнээн хүссэн ч монголын нүүрс, төмрийн хүдрийг авахгүй. Канад, Австрал, ер аль орон манайд бизнес хийхдээ хятадын зах зээл дээр ажиллахыг хүсч байна. Бас АНУ,Япон гээд дэлхийн хүчтэй, хөгжсөн том гүрнүүд ч Хятадын зах зээлд нэвтрэхээр уралдаж байна. Хятад бол дэлхийн зах зээлийн үнийг төдийгүй хөгжлийг тодорхойлогч болчихоод байна. Нөгөөтэйгүүр Хятадад хэрэгтэй зүйл нь манайд байна. Тиймээс бид Хятадын зах зээл дээр байр сууриа эзлэх хэрэгтэй. Үүнийг анхаараасай хэмээн хэлэх гэсэн юм.
Уул уурхайн ассоциацийн тэргүүн Алгаа: Байгаль орчны асуудлаар бидэнд багц хууль бий. Ашигт малтмалын хуульд тусгай зүйл байгаа. Эрүүгийн хуульд заалтууд бий. Харин хэрэгжихгүй байна. Энэ нь хяналтын тогтолцоотой холбоотой. Төрийн захиргааны хяналт тавихад энэ том орон зайгаас болоод өртөг өндөр байна. Тиймээс олон нийт, иргэдийн хяналтыг бий болгох хэрэгтэй. Байгаль орчны нөхөн сэргээлтийн даатгалыг дээр нь бий болгоё. Ашиглалтын лиценз авах өргөдөл гаргахдаа заавал даатгуулсан байя. Нэмээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд эрсдэлийн сан байгуулж болох юм. Зарцуулах эрх нь төрийн биш, зөвшилцлийн үндсэн дээр хэрэгждэг байх нь зохистой болов уу. Эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс тодорхой хувиар авдаг, байгаль орчны хууль, журам зөрчсөний торгууль, хүмүүсийн хандив байж болно. Хяналтын чиг үүргийг нь мэргэшсэн байгаль орчны байгууллагуудад шалгаруулалтаар тодорхой хугацаагаар олговол зүгээр. Эдгээр байгууллага нь хянадаг, зөвлөдөг л үүрэгтэй байна. Ингээд болохгүй бол төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагад мэдэгддэг байх хэрэгтэй. Олон нийтийн оролцоо их чухал. Үүнийг би өчигдөр хуулийн хүрээнд зохицуулаад багийн иргэд нийтийн хурал, сум дүүгийн ИТХ-аар хэлэлцдэг байвал зүгээр гэж хэлсэн. Хувийн хөрөнгө оруулагч, төрийн оролцоо, нийтийн эрх ашгийг зохицуулдаг механизмыг УИХ юм уу, Ерөнхийлөгчийн дэргэд бий болгомоор байна. Тэр нь зөвлөдөг, зөвшилцдөг үүрэгтэй байвал зүгээр. Ангилал дээр стратегийн гэдгийг төрөл зүйлээр л байж болно гэж үздэг.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны тэргүүн Ганболд: Биологи, техникийнхээс гадна хүний нөхөн сэргээлтийг хуулийн төсөлд тусгаасай гэж хүсч байна. Ялангуяа хаалт, нөхөн сэргээлт гэсэн хэсэг дээр заавал тусгах хэрэгтэй юм. Байгаль орчин гэж л ярьж буй бол тэнд байгаа хүн, байгаль, ус гээд бүгд орох ёстой. Хүн гэж байгаа бол геологичид орлоо гэсэн үг. Аймаг, сум орон нутаг орхигддог. Засаг даргад, сургууль, эмнэлэгт хэдэн төгрөг өгчихвөл нийгмийн хариуцлагаа хүлээчихлээ гэдэг. Орон нутгийн нүүрсний уурхай тэндээ стратегийн ач холбогдолтой гэж боддог. Үүнийг анхаараагүйгээс орон нутгийг хулганы нүх шиг болгоод хаячихлаа. Саяхан би 3 уурхайгаар ороод ирлээ. Тэнд Чулуунбат гуайн хэлснээр монголчууд, хятадууд зөрчилтэй байна. Энэ нь цалингийн хол зөрөөнөөс болдог юм байна.
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн: Энгийн иргэнээсээ эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл бодитой мэдээлэлтэй байж нэгдсэн байр суурьд хүрэх ёстой гэж бодож байна. Төрийн цэгцтэй, алсын хараатай бодлого дутагдаж байна. Нэгдсэн ойлголт, цэгцтэй бодлоготой болчихвол дараа дараагийн асуудлаа шийдвэрлэхэд чухал. Хоёрт эрх зүйн орчноо шинэчлэх хэрэгтэй байна. Эрх зүйн орчныг ганц Ашигт малтмалын тухай хуулиар төсөөлж болохгүй. Газрын хэвлийн, газрын тухай болон татвар, хураамжтай холбоотой бусад хуулийг оруулж ойлгох учиртай. Өөрөөр хэлбэл бид багц хууль гаргах шаардлагатай юм. Нэр томъёоноос эхлээд цэглүүштэй. Ашигт малтмал биш эрдэс баялаг гэх нь зохилтой. Хуулийнхаа төслөө гаргаад эрдэмтдийнхээ үгийг сонсож тусгаад тогтож ярих цаг болсон гэж боддог. Ингэж эрх зүйн орчноо бүрдүүлээд түүн дээрээ үндэслэн эрдэс баялгийн салбараа хөгжүүлэх загвар гаргах хэрэгтэй байна. Өнөөдөр салбарынхаа түүх болсон хүмүүсийн саналыг сонсож байгаа нь их чухал юм. Энэ салбар хөдөө аж ахуйтай хоршиж, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд дэм үзүүлж явах ёстой. Нэг жишээ хэлэхэд Оюу толгойд хоногт 5-6 тонн хоол хэрэглэж байна. Энэ бол хоол, хүнсний жижиг дунд үйлдвэр хөгжих боломж Өмнөговь аймагт бүрдсэн байна гэж үзэж болох үндэс юм. Эцэст хэлэхэд энэ салбарыг нийгэмдээ, байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд ярих ёстой байх.
Иргэдийн альянс төвийн тэргүүн Ж.Занаа: Оюутолгойн хяналт төрийн бус байгууллагаас бэлдсэн саналуудыг танилцуулах гэсэн юм. Нэгд, Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх лиценз авахаас нь өмнө тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан нийгэм эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, нөхөн сэргээгдэхгүй, сөрөг нөлөөтэй бол хэрэгжүүлэхгүй байлгах эрхийг хуулийн төсөлд суулгая. Хоёрт, орон нутгийн уугуул иргэдийн саналыг авсан үндсэн дээр уул уурхайн ажлыг эхэлдэг байх хэрэгтэй. Гуравт, ТЭЗҮ-ийг лиценз эзэмшигчийн хүсэлтээр нууцалж болно гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн заалт орон нутаг, байгаль орчны хяналт, үнэлгээ хийх олон нийтийн оролцоонд саад болж байна. Дөрөвт гэрээний хүрээнд гүйцэтгэх бүх ажилд тухайн салбарт хэрэглэж буй шилдэг технологийг ашиглана гэдгийг хуульчлах хэрэгтэй. Ингэхгүй бол урьд нь ашиглаж байсан техник оруулж ирчихээд шилдэг гээд байдаг. Тавд, байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээ ашигт малтмал хайх, ашиглахад хэрэглэх техник, технологиос салшгүй хамааралтай байна гэдгийг зааж өгмөөр байна. Зургаад, ашигт малтмалыг хайх, ашиглах техник, технологийн хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг тусад нь хийж, нөлөөллийн бүс дэх бүх талууд, нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаар хэлэлцүүлж лиценз олгох, өөрчлөхийг хуульчлах хэрэгтэй. Долоод, уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад бэлэн болсон байдлыг нутгийн иргэдэд зохих журмын дагуу хүлээлгэж өгдөг байх. Наймд, нөлөөллийн бүсэд байгаа нутгийн болон уугуул иргэд, уламжлалт аж ахуй, түүх соёлын дурсгал, тахилгат газар зэргийг тодорхой болгон хамгаалах заалтыг тусгах саналтай байна. Ингээгүйгээс жишээ нь Оюу толгойд нүүлгэн шилжүүлэх ажлыг маш замбараагүй хийж байна. Бас компанийн усны нөөц, жил бүрийн ашиглалтын тайланг өгч байх хэрэгтэй.
Монголын ашигт малтмал, баяжуулагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч М.Дамдинсүрэн: Хуулийн төсөл боловсруулагчдад УИХ юм уу, Ерөнхийлөгч ерөнхий зарчим, үзэл баримтлалыг гаргаж өгөх хэрэгтэй. Багц хуулийг геологийн судалгаа, шинжилгээ, хайгуулын, уул уурхайн олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүний, лицензийн, уул уурхайн үйлдвэрийн үйл ажиллагааны явцад эвдэрснийг нөхөн сэргээхийн, уул уурхайн салбарын ажиллагсдын нийгмийн асуудлын гэсэн чиглэлээр төрөлжүүлж гаргавал зүгээр юм уу гэж бодож байна. Эдгээрээ нэгтгээд Эрдэс баялгийн хуулиудын кодекс гэж нэрлэж болно. Ийм кодекстой Норвеги, Австрал, ОХУ гээд улсуудын хуулийг судлах хэрэгтэй.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Я.Гомбосүрэн: Хуулийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг. Гэхдээ монголын үндэсний компаниудыг оролцуулахад түлхүү анхаармаар байна. Оюу толгойн талаар УИХ тогтоол гаргахдаа 34, 50 гэж хувь заасан. Энэ хувийг тогтоол биш хуулиар баталгаажуулууштай санагддаг. 34 гэдэг бол одоогийн хуульд байгаа хамгийн доод хэмжээ. 50 гэдгийг өмчлөгч талаас нь ойлгож байгаа. Хугацааны хувьд ТЭЗҮ-ээр 65 жил, эхний тавьсан нь 30 жил. Үүнээс Оюу толгойг 30-65 жил тавиад өгчихлөө гэж ойлгож байна. Уг нь 50 хувиас дээш бол бүтээгдэхүүн борлуулах эрх нь Монголын талд хадгалагдах ёстой. Би яагаад энийг яриад байна гэхээр Эрдэнэтийг 30 гаруй жил ажиллуулж байж, хувиа 51 болгож л бүтээгдэхүүнээ борлуулах эрх олж авсан шүү дээ. Энийг сануулах гээд байна. Олон улсын жишигт 34 хувьдаа ч бүтээгдэхүүн борлуулах эрх байдаг юм билээ. Нөгөөтэйгүүр монголын иргэд, компаниудыг оролцуулах асуудлыг Засгийн газар хангаж өгөх ёстой. Одоо тэгж чадахгүй байгаа нь барилга, газрын тос дээр харагдаад байна. Африкийн хуулиудыг үзлээ. Хугацааны квот тавьдаг юм байна. Гадаадынхныг удаан суулгадаггүй, 10 жил заагаад цааш байвал долларын шимтгэл тавьсан байх юм. Стратегийн орд гэснийг гадаадынхантай, төрийн хараа хяналттай холбож ойлгож ярьж байна. Ингэхдээ бас дотоод хяналттай холбож үзвэл зүгээр. Жишээ нь Оюу толгойн ерөнхий нягтлан бодогчийг монгол хүн байлгах. Ер нь гүйцэтгэх захирал, байгаль орчин хариуцсан хүн нь монгол байх зэргийг бодолцох нь чухал.
Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Лхагважав: Том том ордууд дээрээ хөрөнгө босгох асуудлыг тусад нь авч үзмээр байна. Тэдгээрийг авч явдаг менежмент төр оролцсон байх уу, хувь оролцсон байх уу гэдгийг ч авч үзмээр байна. Төр орсон менежмент хаалттай байдаг. Том ордуудаараа мөнгө босговол монголчууд сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ хувьцаан дээр тоглох асуудлыг сайн авч үзэхгүй бол үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой. Хувьцаа гэдэг бас газраар тоглож буй асуудал. Жижиг уурхайг ашиглаад монголд баяжсан хүн алга. Иймд ордуудынхаа томыг ашиглах уу, жижгийг ашиглах уу гэдэг асуудал ч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төрийн зохицуулалт алга байна. Бид уул уурхайн баялгийг ашиглахаас нь эхлээд дуусахад яах вэ гэдгээ төлөвлөдөг байх ёстой. Уул уурхайн үйлдвэрлэл шахагдахад мал аж ахуй, аялал жуулчлал л үлдэнэ. Тиймээс үүнийгээ давхар хөгжүүлээд аваад явах төрийн тогтолцоог хийж өгөх хэрэгтэй. Өнөөдөр төлөвлөлт байхгүйгээс бүх юм эмх замбараагүй байна. Хоёрт уул уурхайн баялгийг ашиглах эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэхгүй бол уул уурхай иргэдийг бухимдалд хүргэж байна. Энэ шударга бус гэрээ хэлцлээс авахуулаад ер нь жолоодлогогүй байдалд орвол янз бүрийн нөхцөл үүснэ. Тиймээс эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийх хэрэгтэй. Мөн газрын хэвлийд байгаа баялгаа үнэлэх хэрэгтэй байна. Ингэж үнэлээгүйгээс гадаадынхан хөрөнгө босгож буйг харахгүй байна. Тэд мөнгө босгочихоод бидэнд зээлж байна. Бид 100 саяыг зээлчихээд инээгээд л гүйж байна. Гэтэл цаана чинь хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байна. Үүнийг ойлгохгүй байна гэдэг дэндүү харамсалтай. Ингээд хөрөнгө босгоод эхлэхэд татвар хураамжаас эхлээд бид яах ёстой юм. Баялгаа үнэтэй болгох асуудлыг бид л хийх ёстой. Норвеги бол стратегийн хамгийн чухал ордынхоо лицензийг гадаадынханд өгдөггүй юм байна. Фрийдланд шиг хүнд бол гаргасан зардлаа эндээс ав, үйлдвэрээ байгуул, бид баялгаа гаргая гэдэг юм байна. Энэ мэт асуудлыг шийдэхгүй бол эцсийн дүндээ бид хоосон үлдэж магадгүй.
Монгол Улсын өрөмдлөгийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав: Эрдэс баялгийн гэж хуулиа нэрлэхийг дэмжиж байна. Мэргэжлийн зүйлийг нэлээн нарийн тусгасан, хөгжлийн үзэл баримтлалтай, гадаад дотоодын, хувийн гэлгүй тэгш нөхцөлийг хангасан хууль болоосой гэж бодож байна. Бичил уурхай гэдгийг хасах хэрэгтэй, энэ бол байгаль орчныг сүйрүүлэх зүйл.
Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Ганболд: Нөхөн сэргээлт их чухал асуудал. Манай хууль зөөлөн, нөхөн сэргээлт хийгээгүй гээд олборлолтыг зогсоосон, шийтгэсэн тохиолдол маш цөөн. Хариуцлага тооцох механизм сул. Үүнийг л сайжруулахад энэ хууль чиглэх ёстой. Биологийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, орон нутгийн оролцоог сайжруулмаар байна. Одоо наадамд хандив өргөх хэмжээгээр бүхнийг аргалж байна.
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ариунболд: Ашигт малтмалын А, Х лиценз эзэмшиж буй хүмүүсээс барьцаа авья. Ашигт малтмалын хууль төрийн өмч эзэмших эрхийг зөрчиж, хязгаарлах, шилжүүлэх асуудлыг тусгасан байна гэж үздэг. Ерөнхийлөгч үүнд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Авлигын асуудлыг шийдэхгүйгээр энэ салбарыг асуудлыг зохицуулах боломжгүй шүү гэдгийг хэлье.
Уул уурхайн инженерийн сургуулийн багш Дагва: Энэ хуулийн төсөлд уурхайн хаалтын иж бүрэн бодлогыг тусгах ёстой гэж боддог. Уурхайг зөв хаахгүй бол их уршигтай. Социализмын үеийн зүйл одоо ч үргэлжлээд хаалттай холбоотой бүх ачаа төр дээр буугаад байна. Барьцааг тухайн жилийн нөхөн сэргээлтийн 50 хувиар авна гэсэнд сэтгэл ханаж байна. Өнөөдөр тухайн жилд нөхөн сэргээлт хийгдэхгүй ордууд ашиглаж байна. Оюу толгой дээр 70 жилийн дараа л нөхөн сэргээлт хийх боломжтой. Тиймээс урьдчилж хаалтын барьцаа авах тухай ярих ёстой. Дэлхий дээр 4 уурхай тутмын 3 нь тохиолдлоор, 1 нь төлөвлөснөөр хаалтаа хийдэг судалгаа бий. Тэгэхээр төлөвлөснөөр бус түр хаагдвал яах вэ гэдэг асуудал үүснэ. Үүнд энэ барьцаа хэрэгтэй. Барьцааг бөөнөөр өгөхгүй гээд манайхан айдаг. Тэгвэл 3-5 жид хуваагаад авч болно. Тайланд нь өр болгон суулгаад явж болно.
Барс группийн тэргүүн Г.Амарбаатар: Монгол олон улсын хэмжээнд хамгийн бага татвартай, бизнесийн тааламжтай орон. Нөөц ашигласны төлбөр манайд 5 хувь, гэтэл дэлхийн орнуудад 30-40 хувь байдаг. Иймээс ядахдаа экспортын гаалийн татварыг 10 хувьтай бий болгож өгөөч гэж хэлэх гэсэн юм. Ингэхэд зөвхөн нүүрснээс 200 сая доллар орж ирнэ.
Тэфс майнинг компанийн менежер Баясгалан: Нөхөн сэргэлтийн барьцаа авах саналыг дэмжиж байна. Лиценз худалдаж болно, тэрнээс нь татвар авч байх хэрэгтэй гэж бодож байна.
Гавьяат хуульч Б.Чимид: Хуулийн төслийг боловсруулахдаа эзэн, объект, харилцааны эрх, үүрэг, процессын горим журам, хамгаалах эрх, хариуцлага гэсэн таван зүйлээр зохицуулахаар хийх хэрэгтэй. 1994 оны хуульд өмчийн асуудлыг тусгасан. Гэтэл 1997 оны хууль 1994 оныхыгоо үгүйсгээд гарч ирсэн. Үүнээс хууль үнэртдэггүй. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа газрын хэвлийн, газрын, ойн, ургамал хамгаалах, усны, уул, техник, геологи, хяналтын, эрх зүйн хамгаалалтын, эрүүгийн, санхүүгийн хуультай цогцоор нь авч үзэх ёстой. Ингэж байж ард түмэндээ ашигтай яаж зөв ашиглах вэ гэдгийг, мэдээж хөрөнгө оруулагчийг хохироохгүй байх асуудлыг авч үзэх хэрэгтэй. Бид 1994 оны хуульд нэг хүнд 5-аас илүү лиценз олгохгүй гэж зааж байсан. Гэтэл өнөөдөр хэдэн арваар нь авсан байна. Хайгуулын лицензийг хэнд өгөх вэ, ашиглалтынхыг хэнд өгөх ёстой вэ? Бид мэддэг чаддаг, бэлтэй бинчинтэй, зэвсэгтэй хүнд уул техникийн төлөвлөгөөг нь харж хяналтын албаар шинжлээд тэнцвэл салбарын яам лицензийг өгөхөөр хийж байсан. Гэтэл нэг агентлаг олгодог болгосон. Хууль бусаар олгосон лицензийнхээ учрыг олох хэрэгтэй шүү. Гол нь өмч дээр үндэслэж хуулиа хийгээч ээ. Малчид бэлчээргүй болоод сумын тал нь нүүж байна. Нөхөн сэргээх зардлыг төлөвлөж байж эрх авдаг, түүнийхээ 50 хувийг урьдчилж өгдөг байхаар бид хуульчилсан байсан юм шүү.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Эрх зүйн орчныг нэн даруй засах хэрэгтэй байсан. Оюу толгойн гэрээг хийхээс өмнө энийг засъя гээд хэдэн гишүүн төсөл өргөн барьсан. Харамсалтай нь бидний төслийг авч хэлэлцээгүй, гэрээгээ байгуулсан. Өнөөдөр энэ гэрээ эргэлзээ төрүүлсэн, хэл амтай хэвээр байна. Лиценз хэлбэрээр улсынхаа ихэнх газрыг өгчихсөн. Тэр Фрийдланд охин компаниудаа оруулаад нэг аймгаас ч том газар нутгийг авчихаад байна. Ингэж лиценз өгснөөсөө болоод олон улсын шүүхэд дуудагддаг. Байгаль орчин нь сүйрлийн ирмэгт очсон. 1997 оны хуулийн үзэл санаагаар хүн бүр уурхайчин болох хүсэлтэй болсон. Сум байтугай баг болгон уурхайтай байхыг хичээж байна. Үүнээс болоод монголчууд хохирч байна. Нэг голын эхэнд газар ухсанаас тэр голын дайран өнгөрдөг хэдэн арван сумын иргэд, олон сая мал уух усгүй болсон. Иймээс Ерөнхийлөгчийн энэ санаачилгад баяртай байгаа. Энэ төсөл дээр бидний хэдэн гишүүн, Хурц гуай гээд хүмүүс ажиллаж байгаа. Үүнийг тал талаас нь ярьж байгаад УИХ-д хэлэлцүүлэхээр оруулах хэрэгтэй. Мөнгөний төлөө биш, Монголын төлөө хүмүүс нэгдэж, хэдхэн хүн баяжиж, олонх нь ядуурдаг энэ байдлыг өөрчилмөөр байна.
Уул уурхайн салбараа аваръя хөдөлгөөний тэргүүн Агваандондов: Нөхөн сэргээлтийг хийлгэхийн тулд борлуулалтын орлогоос нь 1 хувийг татдаг болъё. Энэ мөнгөөр нисдэг тэргээр хяналт тавья. Төрийн бус байгууллагуудаар бас хянуулья. Хилийн дотроо уурхай ашигладаг болмоор байна. Үүнийг хуульчилж өгөөч ээ.
Геологи, эрдэс баялгийн ухааны доктор Ч.Хурц: Агваандондовын саналыг дэмжиж байна. Би төсөлдөө 3-5 хувиар борлуулалтын орлогоос авахаар хийсэн. Үг дуугүй хурааж аваад төрийн захиргааны төв байгууллага хяналт тавиад сууж бай. Нөхөн сэргээлтдээ эрүүгийн хэргийн бүх нөхцөлийг тусга. Дээр нь баг, сум, аймгийн Засаг даргын үүргийг тодорхой тусгаж өг. Мөн багийн иргэд нийтийн хурлаар хяналт тавь. Эдгээрийг би төсөлдөө тусгасан байгаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||