"Эрдэнэс
таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө
шатаахыг завдаж, хамаг хувцас, нүүр амаа түлсэн хэрэг гарлаа. Манайхан ч
яахав янз бүрээр шуугиж, нөгөөх нь заншил ёсоор замдаа түмэн хачир,
мянган таамаг нэмсээр. Наад зах нь энэ явдлыг "Зулын гол” боллоо, Монголд анх удаа энэ тэр гээд л. Худлаа л даа.
1990 оноос эхлээд ийм үйлдэл хийнэ гэсэн, хийсэн хэд хэдэн тохиолдол бий. Харин энэ үйлдлүүдийн нь шалтгаан хоорондоо маш адилхан байдгаараа сонин. Анзаараад харвал ний нуугүй хэлэхэд бүгд л өөрийнхөө өчүүхэн муу эрх ашгийн үүднээс ийм үйлдэл хийнэ хэмээн сүрийг үзүүлсэн байдаг. Ах, дүүсийнээ байрыг ломбардад тавьж алдаад бантахдаа ч юм уу, авгайтайгаа хэрэлдээд гэх зэргээр хөвөрч өгнө. Тэр ч бүү хэл тээр жил банкныхаа зээлийг төлж барахаа байсан Э.Алтандөш гэдэг нөхөр Сүх жанжины нэрэмжит талбай дээр өөрийгөө шатаахдаа дотуураа шатдаггүй цаас жийргэлчихсэн байсан тухай ч дуулддаг шүү дээ. Одоо ёроолгүй баян болчихсон, "Танайд хоноё” нэвтрүүлгээр гараад л. Эд нарыг элэнцгийнх нь "зулын гол” боллоо гэх вэ дээ.
Яагаад гэхээр зулын гол болох шалтгаан маш том байдаг. Харин дээрхи шиг шалтгаануудыг ерөнхийдөө галзуу солиотой хүний үйлдэл гэж үздэг юм. Ажилгүйдлийн тэтгэмж өгсөнгүй гээд өөр дээрээ гал тавьсан франц эр, хүүг минь шоронд хийлээ гээд өөрийгөө шатаахыг завдсан гэх киргиз бүсгүй гээд ийм жишээ дэлхийгээр дүүрэн.
Харин жинхэнэ утгаараа зулын гол болсон хоёрхон тохиолдол байдаг. Нэг нь бодитоор нөгөө уран зохиолд. 1963 онд Өмнөд Вьетнамын эрх баригчид Будддын шашинтнуудыг хяхан хавчиж, байж суухын аргагүй болгосон тул өөрийгөө зулын гол болгосон лам Куанг Дыкийн бичлэг өдгөө ч интернэтээр дүүрэн.
Энэхүү дуулиан шуугианыг С.Эрдэнэ хэмээх иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэгтэй холбохоос илүүтэйгээр МҮЭХ хэмээх "сарьсан багваахайн” жинхэнэ шаталт байлаа гэе.
Яаж зулын гол болдогийг тэндээс ёстой л яруу тодоор харж болно л доо. Нөгөөх нь эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн "Оройгүй сүм” романд мөнхөрсөн байдаг. Ганцхан удаа эмэгтэй хүнтэй ойртсоноо винайн ёсыг зөрчсөн, лам хүнд байж болшгүй нүгэл хэмээн үзсэн Чоймчиг гэлэн өөрийгөө мөн л жинхнэ агуулгаар нь зулын гол болгодог шүү дээ. Тухайн үедээ уншигчдыг шуугиулж, энэ ном орчин үеийн хэллэгээр жинхэнэ бестселлер болж байв. Одоо үзээд өгье гэсэн ч олдохгүй байна.
Тэгэхээр "Зулын гол” болно гэдэг ойлголт, өөр дээрээ бензин асгаад шатаахыг оролдох хоёр огт өөр зүйл хэдий ч асуудлын агуулгыг илэрхийлдэгээрээ онцлогтой. Иргэн С.Эрдэнийн хувьд л гэхэд өөрийгөө шатаахыг оролдсоноор төр засаг бус Монголд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үндсэндээ амьсгал хурааж, Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь жинхэнэ ерөнхийлдөг нөхөр болсныг харуулж байх жишээтэй.
Өнөөдөр МҮЭХ цэрэггүй арми болсон байна. Түүнийгээ дагаад Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь армигүй жанжин болжээ гэсэн үг. Ерөнхийдөө нэгэн цагт хамгийн хүчирхэгт тооцогддог байсан энэ байгууллага өдгөө түрлэггүй далай, давалгаагүй тэнгистэй адилхан болсныг харууллаа. Бас энэ байгууллагыг сарьсан багваахайтай зүйрлэмээр байна. Энэ амьтан ихээхэн муухай төрхтэйдөө ичээд зөвхөн харанхуйгаар хань хийнэ. Харанхуй хонгилд амьдарна.
Хамгийн инээдтэй нь араатан биш хэрнээ би араатан хэмээн соёогоо үзүүлнэ. Бас жигүүртэн биш хэрнээ би жигүүртэн хэмээн далавчаа харуулдаг үлгэр бий. Түүн шиг манай МҮЭХ хэмээх "сарьсан багваахай” Засгийн газар дээр очихоороо гурвалсан гэрээ зурахгүй бол бүх нийтийн ажил хаялт зарлана хэмээн "соёогоо” үзүүлээд, байрандаа ирэнгүүтээ жигүүртэн маягийнхаа амьдралаар доошоо хараад суучихдагийн хамгийн тод жишээ энэ.
Хэрвээ энэ байгууллага үнэхээр цэрэгтэй, зэвсэгтэй, бас "араатан, жигүүртэн” байсан бол 1990-ээд оны дунд үеийнх шиг ёстой л сүрт жагсаал хийж байгаад мөн ч олон асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдэхээр байв. Даанч тэгээгүй. Наад зах нь С.Эрдэнийг олны нүдэн дээр ийм үйлдэл хийлгүүлэхгүй байх бүх боломж, арга зам энэ байгууллагад байлаа. Одоо үнэхээр л сүрт жагсаал хийхгүй бол МҮЭХ-ноос эрх баригчид айж эмээнэ гэдэг үлгэр. МҮЭХ-ний гэнэн тэнэгүүд шиг бүх нийтийн ажил хаялтаар айлгана гэвэл бүр ч гонжийнжоо. Ард олон нь яавал ажилтай байх вэ гээд аргаа барж суухад юун ажил хаялт. Үүнээс өөр тэмцлийн хэлбэрийг цаг үе, үйл явдалд нь тохируулан сонгож чаддаггүй МҮЭХ өөр улс оронд бол аль хэдийнэ үүд хаалгаа барьчихсан суугаа л даа. Даанч манай эрх баригчдад ийм нэг "далавчтай, соёотой” амьтан хэрэгтэй тул амар амгаланаар аж төрөн амьдарсаар байгаа юм. Даргын нь нэр хүртэл Амгаланбаатар.
Иргэн С.Эрдэнийн хийсэн иймэрхүү үйлдэл нийгэмд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Хан-Уул дүүрэгт хадамдаа агсам тавьсан нэг нөхөр өөрийгөө шатаахаар завдсан нь үүний нэг үр дагавар. Өөрөөр хэлбэл ийм буру үйлдэл зүв зүгээр байсан хэн нэгэнд сэдэл өгдөгөөр аюултай гэж үздэг. Эдүгээ ухвар мөчид улстөрчдөд хүртэл сэдэл өгч байна шүү дээ. Сонгууль дөхсөн болохоор сэтгэлийн хөөрөлд орсон зарим нэг нь энэ үйлдлийг улам дэвэргээд л.
УИХ-ын
гишүүн Г.Уянга, бие даагч гишүүн Ц.Даваасүрэн нарыг харахгүй юу. Эцэст
нь хэлэхэд энэхүү дуулиан шуугианыг С.Эрдэнэ хэмээх иргэн өөрийгөө
шатаахыг завдсан хэрэгтэй холбохоос илүүтэйгээр МҮЭХ хэмээх "сарьсан багваахайн” жинхэнэ шаталт байлаа гэе.
Нэгэн цагт нийгмийг донсолгож байсан энэ байгууллага хэдхэн хүний хоолоо олж идэх, цаашилбал УИХ-д суух шат, "сарьсан багваахайнуудын” орогнох газар болсон байна. Өөр юу ч биш.
Д.Гал