Асгатын мөнгөний орд Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. УИХ-ын даргын ажлын айлчлал хийж буй Өлгий сумаас 180 км, харин Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайтай оршдог.
УИХ-ын даргын энэ сарын 22-ны өдөр зочлон очиж, ажил байдалтай нь танилцсан Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий "Асгатын мөнгөний орд" хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж гүйцэтгэн 2013 онд ашиглалтад оруулсан байна. Далайн төвшнөөс дээш 3500-3600 метрийн өндөрт орших орд хүрэх замыг Зэвсэгт хүчний 340 дүгээр анги тавьснаар стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит нөхцөл бүрдсэн болохыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав онцлон тэмдэглэв.
Асгатын мөнгөний ордод хэд хэдэн төрлийн металь бий гэж судлаачид үздэг байна. Мөнгө, зэс, сурьма, висмут гэсэн металийн нөөцтэй. 1970-1980 оны эхээр Монгол болон хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд хамтран Асгатын мөнгөний ордны хайгуулыг хоёр удаа хийж байсан байна. Асгатын мөнгөний ордны хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдол бүхий ордын нэг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий, өдөртөө л жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг гаргаж байдаг өвөрмөц тогтоц бүхий газар юм.
"Асгатын мөнгөний орд”-ын талаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ,
"2008-2012 оны ээлжит УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу 2011 оны 2 дугаар сард Асгатын мөнгөний ордод хүрэлцэн ирж, энэхүү ордыг ашиглах талаар ажлыг эхлүүлж байсан. Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж гүйцэтгэн 2013 онд ашиглалтанд оруулсан байна.Ингэснээрээ Монголын талаас ордыг ашиглах боломж нээгдэж байна. Ер нь Асгатын ордыг ашиглахад дараах бэрхшээлүүд байсан. Цаг агаарын хувьд, эрс тэс хүйтэн уур амьсгалтай. Хүн ам амьдрах боломж бүрдээгүй. Монголын талаас хүрч очих боломжгүй байсан. Харин одоо ирээд харахад энд жуулчны бааз ч байгуулах боломж бүхий үзэсгэлэнтэй байгальтай газар байгааг та бүхэн харж байна. Энэхүү ордыг ашиглах лиценз нь Монгол–Оросын хамтарсан үйлдвэрт байдаг. Иймээс засгийн газраас энэхүү ордыг хурдан эдийн засгийн эргэлтэнд оруул гэсэн шаардлагыг тавьж байна. Энд жишээлбэл "Мөнгөтийн хяр” гэдэг ууланд 2000 метр гүний уурхай малтсан байгаа. Хүдэрийн уурхайг бариад зарим эрсдэлээс сэргийлэх үүднээс улсын төсвийн хөрөнгөөр зам тавьж өгч байна. Цаашдаа энд цахилгаан, эрчим хүчинд холбох хэрэгтэй. Баяжуулах үйлдвэрээ авчрах хэрэгтэй, энэ бүх ажлыг ОХУ-ын засгийн газарт хандан, хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байна. Баруун аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц эргэлтэнд оруулах хэрэгтэйг дахин хэлье. УИХ –ын ээлжит намрын чуулганаар алтыг татвараас чөлөөлсөн. Иймээс энд буй мөнгө ч бас алттай адил үнэ цэнэтэй металь мөн. Ер нь бол Монгол Улсын вальютын санг арвижуулахад алт, мөнгө хоёр металь чухал ач холбогдолтой байгаа.Гэвч ордыг ашиглах талаар олон жил яригдсан боловч ажил хийгдэж байгаагүй. Иймээс энэ жил Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулах бодит ажлыг заавал хийх ёстой. Үүний чухал хэсэг болж зам тавьсан, зам дагаж тог цахилгаан эрчим хүчтэй болно. Ингэсний үндсэн дээр бусад ажлууд шат дараалан хийгдэх болно” гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлж байв. Мөн УИХ-ын дарга "Асгатын мөнгөний орд”-ын дэргэд 800 гаруй хүн амьдарч байсан тосгоны нөхцөл байдалтай танилцсан. Ер нь цаашид ордыг эргэлтэнд оруулж, тосгоныг сэргээх шаардлагатай байгааг УИХ-ын дарга З.Энхболд онцолж байсан юм.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ,
"Асгатын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь баруун бүсийн хувьд удаан хугацаанд хүлээж байгаа чухал асуудал юм. Нэгдүгээрт, тус орд хил дээр бартаатай уулын орой дээр байдаг учраас замын асуудал тулгарч байсан. ОХУ-ын хилээр орж, орд руу очдог байсныг өнгөрсөн жил шийдвэрлэж чадсан. Харин одоо хоёр том асуудал тулгарч байна. Эхнийх нь тусгай зөвшөөрөл болон менежментийг хийх асуудал. Өөрөөр хэлбэл энэ ордын тусгай зөвшөөрөл "Монголросцветмет” Монгол-Оросын хамтарсан үйлдвэрт байдаг. Тус хамтарсан үйлдвэр энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ажил одоогийн байдлаар хийгээгүй байна. Тиймээс богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах менежмент хийх арга замыг эрэлхийлэх нь чухал. Мөн хоёр улсын засгийн газрын хооронд энэ асуудлыг ярилцсан байгааг дурдлаа. Түүнчлэн гуравдугаарт, технологийн асуудал. Мөнгө бол бусад металиудтай холимог байдлаар оршиж байна. Тиймээс мөнгийг хортой бусад металиудаас салгаж цэвэрлэх технологийн асуудал тулгарч байгаа. Гэхдээ техник, технологи хөгжсөн энэ цагт технологийн асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдлээ.
Өнөөдөр УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Асгатын мөнгөний ордтой танилцсаны зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчин Саварбекийнд зочлов. Ногоонуур сумын малчин Ц.Саварбек нь эрчимжсэн мал аж ахуй болон малын тэжээлийн асуудлаар саналаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын даргыг казак түмний аж амьдралтай танилцан ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлэв.
УИХ дарга Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрладаг Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн заставт мөн ажиллав. УИХ-ын даргыг тус хилийн заставын дарга , хурандаа Ц.Түвшинжаргал болон хилийн заставт алба хааж буй гэрээт цэргийн албан хаагчид ёслол төгөлдөр угтан авлаа.
УИХ-ын даргын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах, "Асгатын мөнгөний орд”, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн заставт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Зам тээврийн дэд сайд К.Ержан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа, Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен, ИТХ-ын дарга Б.Лазатхан, Тамгын газрын дарга Т.Манкей болон албаны бусад хүмүүс байлцжээ.