гэж яриад байгаа нь хамгийн том эмгэнэл-
-Таны бодлоор улсын хөгжил гэж чухам юу вэ?
-Улс орны хөгжил гэхээр өндөр байшин, том үйлдвэрээр хэмжигдэхгүй болов уу. Харин хүн амын амьжиргааны дундаж төвшин өндөр улс орнууд илүү хөгжил дэвшилд хүрч байна. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын жишээг харж байхад тийм л байна. Дэлхийн хамгийн ядуу орнуудад ч гэсэн өндөр сайхан барилга, том том үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд ч байж л байгаа. Тэгсэн мөртлөө нийт ард түмний амьжиргааны төвшин нь их доогуур. Тийм орнуудыг бид ядуу гэж тодотгоод байдаг биз дээ. Тухайлбал, Африкийн Нигер улсыг аваад үзье л дээ.
Тэр улсын зарим хот нь орчин үеийн хөгжиж байгаа хотуудын хэмжээнд хүрсэн сайхан барилга байгууламжтай. Тэглээ гээд тэр улсын ард түмэн ядуурлаасаа гарч чадахгүй, зовлонд уначихсан л байна. Энэ бол өндөр барилга, сайхан хот хөгжлийн үзүүлэлт биш гэдгийг л харуулаад байгаа хэрэг. Тийм болохоор нийт ард түмний амьдралын дундаж төвшинг л өсгөх хэрэгтэй байна. Тэр нь өөрөө хөгжиж байгаагийн нэг гол нотолгоо юм.
-Улаанбаатар хотод өндөр барилга, дэлхийд алдартай зочид буудлын сүлжээ баригдаж л байна. Хаанаас нь ч харсан хөгжиж байгаа хот. Тэгсэн мөртлөө л Монгол Улс ядуу орнуудын тоонд багтаад л явж байгаа. Бидний амьжиргааны төвшинг хөгжилтэй орнуудынхтай харьцуулбал хаана нь явдаг юм бол?
-Манайх нэлээд доогуур үзүүлэлттэй. Дэлхий дээр 200 гаруй орон байгаа. Тэгвэл бид амьжиргааны төвшнөөрөө 100-гаас хойшоо бичигддэг. Манайд дэлхийд алдартай зочид буудлын сүлжээ баригдаж, хамгийн орчин үеийн техник, технологийг ашиглаад 20, 30 давхар байшин барилаа л гэнэ. Энэ тэгээд хэнд хүртээлтэй юм. Үүнийг хөгжил гэж үзэх гэхээр хотын захад арай ядан амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг яах вэ. Хотын өнгө үзэмж талаасаа л өөр болж байгаа байх. Түүнээс биш нийтээрээ урагш ахисныг харуулж байгаа юм биш. Өнөөдөр гудамжаараа дүүрэн машинтай, зам дээрээ багтахгүй байгаа ч олонхи нь ямар амьдралтай байгаа билээ. Хүмүүс зах зээлийн харилцаанд өөрсдөө арай ядан хөл дүүжлэх унаа олж авсныг нь төрийн бодлогын дэмжлэг юм шиг тайлбарлах нь буруу. Харин төр, засгийн зүгээс тэднийхээ нийгмийн асуудлыг яаж шийдсэн бэ гэдэг чинь гол утга учрыг харуулах ёстой. Би нэг жишээ татъя. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс байна. Хүн амынх нь 20 орчим хувийг эзэлдэг цагаан арьстнууд нийгмийнхээ баялгийн 87 хувийг эзэмшиж байдаг.
Нийгмийн баялгийнхаа 87 хувийг эзэмшиж байгаа хүмүүс өндөр өндөр байшинг яаж л бол яаж барина биз дээ. Гэтэл хүний амынх нь 80 хувийг эзэлж байгаа хар арьстнууд нь нийгмийн баялгийнхаа ердөө 13 хувийг хувааж эзэмшиж байна. Иргэдийнхээ 80 хувийнх нь амьжиргааг дээшлүүлж чадаагүй улсын өндөр байшинг хараад, сайхан хөгжсөн гэж хэлж болох уу. Манай улс ямар ч ялгаа байхгүй. Өнөөдөр манайд Шангрилла гэх мэт сайхан сайхан зочид буудал баригдаж л байна. Гэтэл нийгмийн олонх нь тэр зочид буудалд орж чадах уу. Ядаж л ресторанд нь суугаад, нэг удаа өдрийн хоол идэж чадахгүй биз дээ. Нийгмийн олонхи нь тэр зочид буудлын барилгыг гаднаас нь харахаас цаашгүй. "Сайхан байшин барьсан байна шүү” гэдэг сэтгэгдлээр харна. Яг үнэндээ дотор нь ороход хүртэл сайхан, муухай хувцсаар нь ялгаварлах байх. Яг л миний дээр дурьдсан Өмнөд Африктай л адилхан байгаа биз дээ.
-Бид ямар замаар замнавал өндөр хөгжсөн, баян орнуудын хэмжээнд хүрч очих боломжтой юм бэ?
-Би л хувьдаа яг өнөөдрийн байдлаар бид ашигт малтмалаа хэчнээн ашиглаад нийгмийн олонхид үр шим нь очихгүй гэж хараад байгаа. Уул уурхай хөгжөөд хөгжөөд ард түмний ихэнх нь сайхан амьдарч чадахгүй. Яагаад гэвэл өнөөдөр гарч байгаа хуулиуд нийгмийн олонхид ямар ч хүртээлгүй. Хүмүүс анзаардаг байх, хүртээлгүй гээд байгаа тэр хуулиудыг дандаа баярын өмнө, хүн анхаарахааргүй үед баталж гаргаад байна шүү дээ.
Юундаа нуугаад, хүмүүсийн анхаарлыг суларсан үед хуулиа батлаад байгаа юм. Хэрвээ нийт ард түмэнд ашигтай байсан бол хэзээ ч баярын өмнө батлахгүй. Шөнө дөлөөр хууль батлах гээд хуралдаж суухгүй. Нийгэмдээ таниулаад, ард түмэнд ухуулж, бид ийм хууль батлах гэж байна шүү гэж хэлж байгаад л гаргах байсан. "Но”-той учраас тэр хуулиуд дандаа баярын өмнө батлагдаж таараад байна. Тэр хэрээрээ батлагдсан хуулиуд бүгд л ард түмэнд, нийгмийн олонхид ашиггүй байгаа. Энэ бол хууль тогтоох байгууллагад ажиллаж, УИХ-д сууж байгаа хүмүүс нь хөгжсөн орны улстөрчдөөс ухаан муутайдаа гаргаад байгаа юм биш гэж бид боддог. Өнөөдрийн улс төрийн тогтолцоо л тэр байдал руу түлхэж байна. Тийм тогтолцоотой болчихсон, бид. Манай МУИС-ийн улс төрийн тэнхмийнхэн баян болон ядуу орнуудын улс төрийн тогтолцоо болон баялгийн хуваарилалтад харьцуулсан судалгаа хийдэг. Яагаад манай улс ийм ядуу байна.
Бид хэнтэй адилхан замаар замнаад байна гэдгийг судалж, улс төрийн тогтолцоогоо ч үзээд, ашигт малтмалын салбартаа баримталж байгаа бодлогыг ч хараад явж байна. Бид хамгийн ядуу улс орнуудын хэрэглэдэг тогтолцоог сонгоод авчихаж. Бодлогоор тэгж сонгосон юм уу. Эсвэл 1990-ээд оны үеийн улстөрчид мэдлэг муутай, гэнэн учраас тэгж сонгосон юм уу гэдгийг нь хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан манай улс дэлхийн хамгийн ядуу орнуудын хэрэглэдэг тогтолцоог сонгоод, замнаад явж байгаа нь үнэн. Манайх шиг улс төрийн тогтолцоотой орнууд хөгжөөд, дэвжээд байгаа нь харагдахгүй байна.
-Манай улс шиг парламентын тогтолцоо бүхий улс орнуудыг яриад байна уу, та?
-Яг тийм. Ерөнхийлөгч нь манайхтай адил иймэрхүү эрх мэдэлтэй, парламентыг нь хэн ч хянадаггүй, тараах ямар нэгэн байгууллага, институци байхгүй. Ийм тогтолцоо дандаа л ядарсан, ядуу буурай оронд л байдаг юм байна. Үүнийг өөрчлөхгүйгээр ухаантай хүмүүсийг парламентад суулгаад ч нэмэргүй болов уу. Ухаантай хүмүүс УИХ-д орж ирлээ ч гэсэн тэр хүмүүсийг эвдэж таарахаар тийм л тогтолцоо байна. Яагаад гэвэл, нэгэнт тэр их баялгаас хувьдаа их, бага ямар нэг хэмжээгээр зувчууллаа гэхэд ямар ч хариуцлага ирэхээргүй байгаа тохиолдолд ямар ч гэгээлэг, бурханлаг хүн ч гэсэн эвдэрэх л байх л даа.
Парламентад сууж байгаа хүмүүс эхлээд хууль тогтоох байгууллагад орохдоо эх орноо хөгжүүлнэ гэсэн сайхан бодолтой байдаг байж магадгүй. Гэтэл манай улстөрийн тогтолцоо ямар ч хяналтгүй, эргээд хариуцлага тооцох механизм байхгүй болохоор байдал их л өөр болох байх л даа. Тиймдээ ч ард түмэнд ашиггүй хуулиудыг гаргаад байна. Миний бодлоор дэлхийн улс орнууд яагаад ядуураад, доройтсон юм бэ гэдгийг манай улстөрчид нэлээд судлах ёстой. Гэхдээ судалсан ч гэсэн манай улстөрийн тогтолцоо ийм учраас тэд дөрвөн жилийн дотор ашиг олъё гэдэг сэтгэлээр ханддаг нөхцөл байдал бий болчихоод байна. Үүнийг өөрчилж байж сайхан шийдвэрийн талаар ярих байх.
-Яаж өөрчлөх вэ. Таны бодлоор бидэнд ямар арга зам байна?
-Энэ бол ганц хүн бодоод олчих зүйл биш. Би ганцаараа тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд хэцүү. Юу нь болоод, юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг эрдэмтэн судлаачид судалж, толгойгоо гашилгаж бодох л ёстой байх. Юун дээр алдаа гарсан бэ гэдгийг бол баримжаалж хэлж болно. Бид хууль тогтоох явцдаа улс орнуудын түүхийг их муу судалсан байна. Гэхдээ огт мэдэхгүй ч биш мэдэж байсан жишээ бий. Тухайлбал, Алжир улс ашигт малтмалын салбарт ямар бодлого баримталж, төр засаг нь асуудалд хэрхэн хандаж байсан бэ гэдгийг Д.Содном гуай их тодорхой бичсэн байдаг. 1990-ээд оны үед Газрын тосны хэрэг эрхлэх газарт Д.Содном гуай ажиллаж байх үеийн юм шүү дээ. Энэ мэтээр хэлээд сануулаад байхад яг эсрэгээр хийгээд л явчихсан байдаг. Тийм учраас мэдэхгүй байсан гэдэг нь худлаа байх. Мэдэж байсан ч байх магадлал нь өндөр.
Ер нь бол улс орнууд яагаад ядуурч, доройтсон бэ гэдгийг бид эх оронч сэтгэлээр судлаад, тэдний алдааг давтахгүй байх талаас нь ажилласангүй. Дээрээс нь бид улс оронд инженерүүд, эдийн засагчид, хуульчид их хэрэгтэй юм байна гэж үзэж, ач холбогдол өгч, хууль тогтоох байгууллагад гаргаж ирж байсан. Гэтэл яг үнэндээ хэн их ач холбогдолтой байсан бэ гэвэл улс төрийн бодлого зөв явж байна уу, буруу тийшээ хазайв уу гэдгийг үнэлж, цэгнэдэг хүмүүсилүү чухал хэрэгтэй байжээ. Бид бодлогыг нь ярьдаг хүмүүст огт ач холбогдол өгөөгүй, тэр хууль нөгөө хуулийн заалттайгаа нийцэж байна уу гэдэгт л анхаараад яваад байсан нь алдаа болчихож. Түүнээс гадна, баялаг гээд ярихаар үйлдвэр барьчихлаа гэдэг. Жишээлбэл, зэс боловсруулах том үйлдвэр барьчихлаа. Энэ үйлдвэр зургаан тэрбумыг оруулаад, манай эдийн засаг өсчихлөө гээд яриад байдаг. Гэтэл энэ чинь эдийн засгийн найдвартай өсөлт биш шүү дээ. Үйлдвэр л барьсан хэрэг. Тэр үйлдвэрийг сендвичэн хавтангаар, эсвэл маш үнэтэй материалаар ч барьсан байж болно. Түүнийг бид эдийн засаг өслөө гэж гэнэн байдлаар бодох нь буруу. Эдийн засагчийн нүдээр харах юм бол, эзгүй цөл дээр нэг том үйлдвэр барилаа. Ашигтай боллоо.
Ашиг харагдана, нэг ч болов хүн цалинтай болно, цаашлаад орон байртай ч болж болох юм. Энэ мэтээр тодорхой хэмжээгээр ашиг гарч ирж байна. Харин нийт ард түмэнд, улс оронд алс хэтдээ хэр ашигтай вэ гэдэг бол их өөр асуудал юм. Гэтэл улстөрчид "Ийм үйлдвэр барилаа. Эдийн засаг ингээд өсчихлөө” гэж яриад л тархи "угаагаад” байдаг. Үнэн хэрэг дээрээ бодлогын алдаа маш их байгаа. Түүнийг л засах ёстой. Засч байж л сайн сайханд хүрнэ. Түүнээс биш яг энэ хэвээрээ үргэлжлээд яваад байвал бүх зүйлийг сайн сайхан болгож засна гэдэг нь эргэлзээтэй. Тухайбал, Ашигт малтмалын хуулийг засаад оруулж ирнэ гэдэгт би бараг итгэхээ больсон. Хэрвээ засах байсан бол засчих хугацаа хангалттай байсан. 2012 оны сонгуулиар намууд ямар сайхан зүйлүүд амлалаа. Гэтэл тэр амласан чухал зүйлүүд хаана байна. Хамгийн чухал асуудлыг хүртэл шийдээгүй дараагийн сонгуультай золгох нь. Үндсэн хуулийг засна гэж яриад л байгаа.
Түүнд ч би бараг л итгэхгүй байгаа. Би хувьдаа том алдааг засч болох ганцхан арга байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд бүх ард түмний санал асуулгаар зарим хуулийг засч болдог заалтыг оруулах явдал гэж боддог. Ийм жишиг Швейцарт байна. Тэр улсад ард түмэн жинхэнэ утгаараа улс төрийн эрхийг барьж байна. Тиймдээ ч улстөржөөд, бөөн юм болоод байдаггүй учир нь эрх ашгийг нь зөрчсөн хуулийн заалтыг 50000 хүн гарын үсэг зураад засах боломжтой байдаг. Манайд ард нийтийн санал асуулга явуулах тухай заалт Үндсэн хуульд бий. Гэхдээ УИХ нь санал асуулга явуулахыг зөвшөөрсөн тохиолдолд л явуулж болно. Өөрөөр хэлбэл, ард түмэн өөрсдөө санаачилга гаргах эрхгүй гэсэн үг. УИХ өөртөө таалагдсан шийдвэрийг санал асуулга явуулж ардчилсан дүр эсгэх л боломжтой. Түүнээс биш ард түмэн жинхэнэ утгаараа хууль тогтооход оролцож чадахгүй байна. Хэрвээ Швейцарийн жишгийг нэвтрүүлчихвэл ард түмэн хуулийн ашиггүй заалтуудыг засчихаж чадна шүү дээ.
-Манай улс дэлхийн хамгийн ядуу орнуудын улс төрийн тогтолцоотой адилхан замналаар явж байгаа юм байна. Тэгвэл хамгийн баян, өндөр хөгжсөн орнуудын тогтолцоог сонгоод явбал ядуу, буурай байдлаасаа салах боломжтой юм биш үү?
-Төрийн тогтолцоог эхнээс нь зөв тавьж өгсөн бол өндөр хөгжсөн орнуудын замаар явах боломжтой байсан байж магадгүй. Гэтэл бид эхнээсээ л энэ тогтолцоог сонгосон. Засаад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын замаар замная гэвэл бид Үндсэн хуульдаа дорвитой том өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Парламент нь хоёр танхимтай, лоббид өртөхөөргүй тооны парламентын гишүүдтэй болох шаардлагатай. Дээд танхим нь илүү мэргэшсэн, доод танхимдаа хяналт тавьдаг. Үгүй бол Эзэн хаантай болох хэрэгтэй болно. Манай улс Эзэн хаантай болох боломжгүй. Хэнийгээ хаан болгох вэ дээ. Бид социализмын үеэс авахуулаад хаан гэдгийг муу муухай гэж ойлгож ирсэн. Гэтэл яг үнэндээ хаан гэдэг чинь удам судраараа тэр ард түмний өмнө хариуцлага хүлээгээд ирсэн субьект. Тийм учраас ард түмний өмнө алдаа хийх эрхгүй, ард түмнийхээ хувь заяанд эзний ёсоор ханддаг юм байна. Гэтэл манайх эзэнгүй тогтолцоотой, дээрээс нь хяналт байхгүй.
-Ядаж л хянадаг тогтолцоотой болох боломж байгаа биз дээ?
-Хариуцлага тооцдог, болохгүй, бүтэхгүй байгаа парламентыг тараадаг тогтолцоо хэрэгтэй байна. Одоо манайд парламентыг тараах ч тогтолцоо алга. Учир нь парламентын гишүүд нь өөрсдөө өөрсдийгөө тараах гэж санал өгөх л тогтолцоо байгаа. Ийм тохиолдолд парламент тарах гэдэг боломжгүй. Эзэнгүй айл шиг. Нэг өрөөгөөр дүүрэн алт, мөнгө, эрдэнэс байлаа гэж бодъё. Цонх, хаалгагүй, хараа хяналтгүй бол замаар явж байгаа хэн дуртай атга атгаар нь авна биз дээ. Манайх яг ийм л тогтолцоотой байна. Тийм болохоор бид бүх зүйлээ эзэнтэй болгох хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд төрийн тогтолцоог маш боловсронгуй болгох хэрэгтэй. Хяналттай тогтолцоог бий болгох хэрэгтэй. Эзэнтэй, хаантай, хяналтын тогтолцоотой улсууд өөрсдийнхөө баялгийн 50-иас дээш хувийг хянадаг юм байна эсвэл татварын тогтолцоо нь манайхаас дэндүү өөр.
Гэтэл манай шиг тогтолцоотой улс орнууд өөрсдөө дандаа 50-иас доош хувийг нь хянадаг, Жишээлбэл, манайх 34 хувь яриад л явж байгаа биз дээ. Мөнгөө өгч чадсаныхаа хэмжээнд, тэр нь дээд тал нь 34 хувь байна ч гэх шиг. Ийм л сонин тогтолцоог бий болгоод байна. Норвеги гэхэд байгалийн баялаг олборлолтонд 78 хувь татвар авч байхад манайх 10 хувь хавьд л байгаа шүү дээ. Тэгээд түүнийгээ Олон улсын жишиг гэж нэрлээд байгаа юм. Олон улсын жишиг гэдэг чинь юу юм. Бид өндөр хөгжчихсөн орнууд өөр хөгжил сайтай оронтой хийж байгаа гэрээ, хэлэлцээрийг жишиг болгож авахгүй харин хамгийн ядуу, ядарсан орнуудтай өндөр хөгжилтэй улсын хийсэн гэрээ, хэлэлцээрийг дуурайгаад, түүнийгээ Олон улсын жишиг гэж яриад, яваад байгаа нь хамгийн том эмгэнэл.
-Манай улс мөнгөгүй, эдийн засаг хүнд байгаа болохоор тэгдэг юм биш үү?
-1960-аад оны үед Арабын баян орнууд мөнгөгүй л байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө тэд манайх 50 хувиа авна шүү гээд гэрээ хийчихсэн нь бодит түүх. Энэ жишгийг дуурайж яагаад болохгүй гэж. Мөнгөгүй гээд л яваад байвал бид хэзээ мөнгөтэй болж, сайн гэрээ, хэлэлцээр хийх юм. Энэ янзаараа гэрээ хийгээд яваад байвал улам л мөнгөгүй болно. Өнөөдөр бид зээл аваад, мөнгө төгрөг босгох гээд хэрэндээ л үзэж байна. Гэтэл зээл аваад л байгаа мөртлөө улам ядуураад байдаг улс байна шүү дээ. Харин арай гэж зээлээсээ салсан орнууд нь хөл дээрээ босоод яваад байгаа нь бас л бодит үнэн. Зарим улстөрчид зээлээ дараагийн зээлээрээ төлнө гэж ярьж байна. Энэ чинь өнөөх ядуурсан орнуудын жишиг шүү дээ. Дахиад л болохгүй замыг сонгоод байна. Өнөө цагт дэлхий "хавтгай” болчихлоо. Дэлхийн хаанаас ч гэсэн мэдээлэл авах боломжтой.
Тийм болохоор улс орнууд 18, 19, 20 дугаар зууны эхэн үеийнх шиг байгалийн баялгаа цөлмүүлээд сууж байдаг цаг ард хоцорсон. Үүнийг хөрөнгө оруулагчид ойлгож, хамтарч ажиллах улсаа хүндэтгэж харилцах шаардлага гарч ирж байгаа. Мэдээж харилцан ашигтай гэрээ хэлэлцээр хийж чадвал гадаадын хөрөнгө оруулалт манай улсад чухал ач холбогдолтой байж чадна. Өнөөдөр гадны хөрөнгө оруулагчийг үргээгээд гэж ярьж байгаа хүмүүс байна. Наймаа тохирохгүй бол хийхгүй л байх ёстой шүү дээ. Би ямар ч ашиг олж чадахгүй нь гэвэл наймаа хийхгүй л байх хэрэгтэй. Нөгөө талд ч, манайд ч ашигтай байж наймаа хийх ёстой. Энэ чинь арилжааны үндсэн зарчим. Үүнийг л баримтлах ёстой юм.
-Ойрын үед бид газар доорхи баялгаа зарж байж л жаахан өндийж, хөгжих боломж байна. Түүнээс биш хонины ноосоор цамц хийгээд дэлхийтэй өрсөлдтөл өдий. Яг ийм хүнд үед бид барьцаалагдаад байх шиг. Гадны хөрөнгө оруулагчид ирээд, ингэж л наймаа хийе, үгүй бол болъё гэж тулгаад байгаа юм биш үү?
-Яг иймэрхүү байдал дэлхийн олон улсад тохиолдсон түүх бий. Жишээлбэл, Болив байна. Татвараа өндөр болгоод, бодлогоо өөрчлөх гэж оролдсон юм билээ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид одоо манайхаас яаж гарч явсан билээ, яг тэгж гарсан байдаг. Тэгэхээр нь улстөрчид нь сандраад, одоо манай парламентынхан шиг баахан буулт хийж. Үүнийг хүлээж байсан гадны хөрөнгө оруулагчид эргэж очоод л баялгийг цөлмөсөн. Тиймдээ ч Болив огт хөгжөөгүй. Дэлхийн хамгийн ядуу орнуудын дотор одоо ч хэвээрээ байна. Нэгэнт л ядуу амьдрах юм бол баялаггүй болоод зовж байснаас өөрсдөө юмаа хийе л дээ. Хонины ноосоороо цамцаа хийе. Зүүн Өмнөд Азийн орнуудыг эрдэмтэд судалсан байдаг юм.
Тэнд янз бүрийн халуун ногоо, үнэртэн ургамал гэх мэт ашигтай бараа ихтэй түүгээрээ боломжийн ашиг олоод л байдаг байж. Гэтэл гадныхан орж ирээд энэ бүх бизнесийг гартаа оруулсан, ард түмэн ч ядарсан хэвээр л үлдсэн байдаг юм. Хэрвээ гадныхан орж ирээгүй байсан бол энэ улс яах байсан бол гэдэг асуулт гарч ирнэ биз дээ. Тэгвэл энэ улс хөндлөнгийн нөлөөгүйгээр цааш хөгжсөн бол, яваа яваандаа дэлхийн техник технологитой хөл нийлүүлж, өөрийнхөө хөгжих байсан байх гэж үзсэн байх нь бий. Энэ мэтчилэн бидэнд сургамж болох түүх дэлхийн улс орнуудад маш олон бий. Улс орнууд өөрсдийн үйлдвэрлэлээ дэмжээд хөгжсөн шүү дээ.. Өнөөдөр бага сага дэмжлэг ажиглагдаж байгаа. "Чингис” бондоос зээл өгөөд. Гэхдээ жижиг үйлдвэрүүдийг үйлдвэрлэл дээр нь дэмжчихээд, борлуулалт дээр нь "алдаг”.
Том компаниуд нь ашгаа олоод, жижгүүд нь бүтээгдэхүүнээ зарах гэж үйлээ үзээд л дуусч байна. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн жишээн дээр маш тодорхой харагдсан. 38 үйлдвэрт "Чингис” бондоос зээл өгөөд, дэмжсэн. Гэтэл борлуулалт дээр нь шууд хавчаад, дарамтлаад дуусгасан. Үйлдвэрлэлийг өргөтгөх гэсэн төрийн дэмжлэг нь үйлдвэрүүдийг хөгжүүлэх биш нураах зүйл болчихлоо. Ийм л бодлого яваад байна. Үйлдвэрлэл гэдэг улс орныг хөгжүүлэх гол хөшүүрэг. Үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн оронд ямар гаднын хөрөнгө оруулагч орж ирэх бол, хэн бидэнд зээл өгөх бол гээд л сууж байна. Бид өөрсдөө улсаа хөгжүүлнэ гэж бодохгүй, гадны хүн манай улсыг хөгжүүлнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Дэлхийн аль ч улсын түүх тийм биш. Гадны хүмүүс хөгжүүлчихдэг бол Африк, Латин Америк хамгийн их хөгжилтэй байхаар байлаа.
Монголын мэдээ
Н.Пунцагболд