- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Батболд: Монголоо хөгжинө гэдэгт итгэх, ингэж хөгжүүлье гэж санаа гаргах хоёр ялгаатай
УИХ-ын гишүүн С.Батболдтой ярилцлаа. Тэр бол Монголын улстөрд ч, намдаа ч нэгдүгээр
эгнээнд багтах лидер улстөрчдийн нэг. Нийгмийн шилжилтийн дараахан бизнесээ эхэлж, өдгөө амжилтад хүргэсэн1990-ээд анхны бизнесмэнүүдийн нэг, хуучин ЗХУ-д төлөх Их өрийг төлөх ажлын хэсгийн улс төрийн дэд ажлын хэсгийг ахалж явсан, Үйлдвэр, худалдааны сайд байхдаа Монголын 7000 гаруй нэр төрлийн барааг Европт татваргүй гаргах, Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээг(чөлөөт худалдааны хэлэлцээр ) байгуулах эхлэлийг тавьсан, Гадаад харилцааны сайдаас 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож, Монгол Улсад статистикийн бүртгэл эхэлснээс хойш улсынхаа түүхэнд, ардчиллын өнгөрсөн 25 жилд хамгийн өндөр буюу 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан Засгийн газрын тэргүүн байсан, намын дарга байхдаа МАХН-ыг МАН болгож нэрийг нь сольсон гээд онцлох түүх түүнд олон бий. Гэхдээ эдгээрт багтааж тоочоогүй хэрнээ С.Батболд гэдэг нэртэй байнга хамт явдаг нэгэн сэдвээр ярилцлагаа эхэллээ. Энэ бол одоогоор Монголын төдийгүй олон улсад топ сэдвүүдийн нэг болж буй Тавантолгойн тухай юм.
-Та ер нь яаж яваад Тавантолгойн ордтой холбогдсон юм бэ?
-Яг үнэндээ би биш, Тавантолгойн орд өөрөө надтай эхлээд холбогдсон юм шүү дээ. Намайг улс төрд орох бодол ч үгүй явахад буюу 1998 оны үед юм уу даа зарим хүмүүс над дээр ирж Тавантолгойн төсөл дээр хамтран ажиллахыг санал болгосон .Энэ ордын лицензийг эхлээд "BHP Billiton” гэж дэлхийн том компани авснаа ашиггүй байна гээд лицензээ буцааж өгөөд гараад явчихсан. Түүний дараа дотоодын "Майн инфо” гэж компани авсан. Тэднийх ч удалгүй санхүүгийн асуудалтай тулгарч намайг хамтраач гэж санал тавьснаар Тавантолгойтой анх "танилцаж” байлаа. Манай "Алтай трейдинг” компани ганцаараа ч эзэмшээгүй. Монголын хэд хэдэн компани байсан. Харин сүүлд, С.Баяр Ерөнхий сайдын үед Тавантолгойн ордыг хэлэлцээр байгуулж төрд буцааж авах үед манай компани энэ төслөөс бүр гарсан.
-Гэхдээ таныг одоогийн "Энержи ресурс”-ийн ард байдаг гэж зарим хүн хэлдэг.
-Зарим хүний зарим үг хий хоосон хардлага байдаг шүү дээ. "Энержи ресурс” бол Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанитай аж ахуйн нэгж. Олон улсын хөгжлийн банкууд ч энэ компанийн хувь эзэмшигч байдаг гэсэн. Ийм компанийн хувьцаа эзэмшигчид ч, санхүү тайлан ч ил тод байдаг дүрэмтэй. Тэгж байж олон улсын, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээдэг. Тэнд 0.1 хувийн хувьцаатай хувьцаа эзэмшигч ч нийтээс нуугдах бололцоогүй. Би "Алтай Трейдинг”-ийн хувьцааг хууль ёсоор эзэмшдэг. Үүнийгээ нуудаггүй. Түүнтэй адил би Тавантолгойн хувьцааг хуулийн дагуу эзэмшдэг байсан. Хэрвээ одоо уг төсөлд байсан бол түүнийгээ нуух ямарч шаардлагагүй. Ийм том төсөлд оролцоотойгоо нуух боломжгүй. Боломжгүй юмыг хийх, оролдох нь их л гэнэн хүний үйлдэл л дээ. Би тийм хүмүүсийн нэг арай ч биш ээ.
-Лицензийг аваад ашиглаж бол чадаагүй юм байна, тийм үү?
-Чадаагүй, ганц хүрз ч нүүрс ухаж авалгүйгээр төрд лицензээ буцааж өгсөн. Харин бид жил бүр улсад лицензийн төлбөр төлдөг байсан.
-Ер нь та Тавантолгойтой нэр холбогдсондоо харамсдаг уу?
-Яагаад харамсана гэж...
-Яахав дээ, лицензийг нь аваад ашиглаж чадалгүй төрд буцааж өгчихөөд байхад хий хардаад л улстөр болгоод байхад та харамсдаг уу?
-Огт харамсдаггүй. Яагаад гэвэл, би Тавантолгойтой нэр холбогдож Монголдоо, ард түмэндээ ашигтай дөрвийн зэрэг чухал шийдвэр гаргасан гэж үздэг. Нэг хүний амьдралд тэр бүр тохиогоод байхааргүй ховор хувь заяа. Тэдгээр шийдвэрийн үр өгөөжийн дэргэд өнөөдрийн хардлага, дайралт бол юу ч биш, дэндүү өчүүхэн. Ер нь зарим хүмүүс юу ч гэж хэлээд, яаж ч хардаад энэ үнэнийг өөрчлөхгүй шүү дээ.
-Чухал гэж үзэж байгаа тэр дөрвөн шийдвэрээ нэрлэхгүй юү?
-Нэгд, Тавантолгойн лицензийг Монголын хөрөнгө оруулагчидтай компани эзэмшиж байсан нь энэ орд гаднынхны гарт орох боломжийг хаасан. Хэрвээ гадаадын нэг компани Тавантолгойн ордыг эзэмшиж байсан бол лицензийг нь төрд хэлэлцээ хийж буцааж авч чадахгүй, өнөөдөр парламент ингэж хаврын ээлжит чуулганы турш энэ төслийн ирээдүйн талаар маргалдаж суухгүй байлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр удаан ч гэсэн Тавантолгойгоо монголчууд өөрсдөө, дотооддоо шийдэх гэж хэрэлдэж яваа нь энэ ордын лиценз монгол хүний гарт байсны л ач. Тухайн үеийн ороо бусгаа байдал, эдийн засгийн хүндрэлээс болоод гадаадынхны гарт оччихсон олон орд Монголд бий. Лиценз монгол хүнд байсан учраас төртэйгөө хууль шүүх гэхгүйгээр маш амархан ойлголцсон байх. Хэрвээ гадаадын компанийн мэдэлд байсан бол лицензээ төр буцааж авч чадахгүй ч байсан байж магадгүй. Тэр тохиолдолд монголчууд бидний оролцоогүйгээр Тавантолгойн хувь заяа шийдэгдэх байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Канадын "Хан ресурс” гэж компаниас Мардайн ураны лицензийг төрийн мэдлийнх гэж авсан. Гэтэл нөгөөх нь олон улсын арбитрт хандаад Монголын Засгийн газар зуун сая ам.долларын өрөнд орчихоод сууж байна. Хоёрт, Тавантолгойгоос хүрз ч нүүрс ухаж авалгүйгээр хадгалж байсан лицензээ төрд буцааж өгсөн. Тухайн үед худалдаж авах санал гаднын зарим компаниас ирдэг л байсан. Ингэж зарагдсан олон орд Монголд бий. Харин бид заралгүйгээр төрд буцааж өгсөн. Гуравт, байгалийн баялаг бүх ард түмний өмч мөн л юм бол Тавантолгойн орд нийт иргэддээ үр шимээ өгч, тодорхой энэ төслийн хүрээндээ ч гэсэн гарааны ижил тэгш боломжоор хангах ёстой гэж би боддог. Тэр утгаар нь би Ерөнхий сайд байхдаа энэ асуудалтай төрийн албан тушаалтны хувьд дахин тулгарахдаа Монгол Улсын иргэн бүртТавантолгойн ордоос 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. Энэ бол нийтэд ашигтай гурав дахь шийдэл байсан.
-Дөрөв дэх сайн үйл нь?
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэлийг тавьж "Эрдэнэс-Тавантолгой"компанийг байгуулсан. Нүүрсний экспортыг эхлүүлж, тэр нь иргэн бүрт сар болгон 21000 төгрөг тараахад хувь нэмэр оруулсан.
-Харин ингэж бэлэн мөнгө тараасныг гавьяа гэхээсээ эдийн засагт тарьсан гай гэж эдийн засагчид хэлдэг.
-Эдийн засгийн ерөнхий утгаараа бэлэн мөнгө тараах нь тийм сайн зүйл биш л дээ. Тэгэхдээ тухайн үед бэлэн мөнгө тараахаас аргагүй хоёр онцгой нөхцөл байсан. Нэгд, 2008 оны сонгуульд АН нэг сая төгрөгийн хувьцаа, МАН 1.5 сая төгрөгийг "Эх орны хишиг” болгон тараана гэж ард түмэндээ амласан байсан. Сонгуулийн дараа хоёр нам засагт хамтарсан. Намуудын сонгуулийн энэ амлалтыг биелүүлэхийг УИХ үүрэгдэж хууль, тогтоолоо баталсан. Ингэснээр намуудын сонгуулийн амлалт төрийн амлалт болж баталгаажсан. Засгийн газар, Ерөнхий сайд бол УИХ-аас томилогдож, парламентын баталсан хуулийг биелүүлэх үүрэгтэй. Манай Засгийн газар тэр үүргийг л биелүүлсэн. Зарчмын хувьд намууд нь, ялангуяа төр нь ард түмэндээ худлаа хэлж, тэднийг хуурч болохгүй. Хэрвээ тухайн үед 21000 төгрөг бэлнээр тараагаагүй бол намууд төдийгүй Монголын төр, Монголынхоо ард түмэнд худлаа хэлсэн болох байсан. Харин манай Засгийн газар бэлнээр болон заримыг нь сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал зэргээр багцалж сонгуулийн амлалтын 1.5 сая төгрөгийг бүрэн өгөхийг хичээсэн. Магадгүй энэ бол бэлэн мөнгөний тухайд 1990 оноос хойш биелсэн сонгуулийн цөөхөн амлалтын нэг байх. Тийм учраас энэ шийдвэрийг зөв буруу гэж ярих гэж байгаа бол төр нь, намууд нь ард түмэндээ худлаа хэлж хуурч болох юм уу, үгүй юү гэдгийг ярих ёстой. Минийхээр бол болохгүй. Ер нь худлаа ярьж, хий хоосон амлалт өгснөөс л өнөөдрийн энэ төрд итгэх итгэл суларч байгаа гэж боддог. Олон түмний итгэл байхгүй учраас төр суларч байна. Хоёрт, 2008 оны сүүлээс дэлхийн эдийн засаг маш гүнзгий хямралд нэрвэгдэж Монгол Улсын эдийн засаг ч гэсэн их хүнд байдалд байсан. Эдийн засаг өсөх биш хасах 1.6 хувиар хумигдаж байсан цаг үе. Ганц Монгол ч биш АНУ, Герман, Австрали гээд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд ч гэсэн янз янзын хэлбэрээр иргэддээ санхүүгийн шууд дэмжлэг олгож байсан. Байшингийн дээврээ засч шинэчлэх мөнгө, шинэ машин худалдаж авах, татварын хөнгөлөлт гэх мэт хэлбэрийг тэдгээр орнууд ашигласан бол Монголд бид иргэддээ хамгийн түргэн хүрэх энэ хэлбэрийг сонгосон. Цаашид мэдээж халамжийг гагцхүү зорилтот бүлэгтээ олгож байх нь зөв юм. Сонгуулийн үеэр бэлэн мөнгөний амлалтаар уралдахыг зогсоох ёстой гэж үзэж бид бүх төрлийн мөнгөн амлалтыг хуулиар хориглосон.
-Тэр үед эдийн засаг сайн байсан л даа. Гэтэл 17.5 хувийн эдийн засгийн өсөлт ард түмний амьдралд наалдсангүй гэж зарим хүн шүүмжилж байлаа.Наалдаагүй гэдэгтэй та санал нийлэх үү?
-17.5 хувийн эдийн засгийн өсөлт хүн бүрийн амьдралд наалдаж, айл болгоны хаалгаар орж байсны нэг бодит жишээ нь 21000 төгрөг шүү дээ. Хүмүүс сар бүр 21000 төгрөг авлаа гээд учиргүй баяжихгүй, авсангүй гээд хоосорчихгүй. Гэхдээ л сар болгоны хүн бүрийн 21000 төгрөг олон айлын амьжиргаанд бодитой хувь нэмэр болдог байсан. Энэ халамжийг авч байсан зарим айл өрх ядаж л хоосон хонодоггүй байлаа. 21 мянгаас гадна бид цалин, тэтгэврийг 2.5 дахин нэмсэн. Энэ бол эдийн засгийн өсөлтийг иргэддээ цалин, тэтгэврээр нь нааж байгаа нэг хэлбэр. Эдийн засаг 17.5 хувь өссөний хүчинд л 8 хувийн зээлийг бий болгож, олон өрх айл ипотекийн зээлээр байртай болсон. Сүүлийн хорь гаруй жилийн түүхэнд анх удаа ядуурал өсөх биш буурч, ажилгүйдлийн түвшин 7 хувьд хүртэл багассан.Үүнээс гадна улсын хэмжээний хөгжлийн төсөл болох зам, эрүүл мэнд, боловсрол, барилга зэрэг бүх салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн.Энэ ч бас эдийн засгийн өсөлт амьдралд наалдсаны нэг жишээ. Иргэдэд наалдаж байсан энгийн нэг нотолгоо бол тэдний өнөөгийн амьдрал 2011-2012 онтой харьцуулахад нэлээн хүндэрснийг бид бүгд бүгдээрээ мэдэрч байна шүү дээ. Тэр үеийн нөхцөл байдлыг одоотой харьцуулж үзэхэд бүх юм ойлгомжтой л байна.
-Одоо УИХ-ын төвшинд явж байгаа Тавантолгойн гэрээн дээр та ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Тавантолгой дээр миний байр суурь тодорхой. Энэ ордын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ иргэн бүрийн 1072 хувьцааг амилуулж, мөнгөжүүлэх нь хамгийн чухал.1072 хувьцаа бол зөв эхлэл, шударга хуваарилалт. Тус компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр арилжиж эхлэхэд төслийн хүрээндээ бүх иргэнд гарааны ижил тэгш боломжийг олгосон нь энэ 1072 хувьцаа. Хувьцааг арилжих явцад иргэн тус бүр энэ боломжоо хэрхэн ашиглах нь тэдний хувийн шийдвэр болох учиртай. Зараад гарах уу, хувьцааны тоогоо арвижуулж нэмэгдүүлэх үү, зүгээр хадгалах уу гэдэг нь иргэн тус бүрийн хувийн шийдвэр байг. Харин гарааны нөхцөл нь ижил байг гэж л энэ шийдвэрийг анх гаргасан юм. Би энэ байр сууриа бараг жилийн өмнө илэрхийлсэн. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Хэрвээ өнөөдөр Тавантолгойн гэрээний төсөл ороод ирвэл 1072 ширхэг хувьцааг яаж амилуулах гэж байгааг л би хамгийн түрүүнд харна.
-Тэгэхээр та Тавантолгойн төслийг УИХ-д оруулж ирсэн Засгийн газрын хувилбарыг эсэргүүцэж байна гэсэн үг үү. Яагаад ингэж асууж байна гэвэл энэ төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс нь яг ийм үндэслэл бас хэлээд байгаа?
-Би төслийг эсэргүүцээгүй харин төсөл явах ёстой гэж үзэж байгаа. Эсэргүүцээд байгаа хүмүүс бол төрийн оролцооны хувь хэмжээ гэх мэт бусад олон асуудлыг тавьж байгаа. Харин би бол 1072 хувьцааг амилуулах ёстой л гэж боддог. Энэ асуудлыг анх би дэвшүүлж ярьсан. Хэрэв хүмүүсийн хардаад байгаа шиг би, эсвэл миний эзэмшдэг компани энэ төслийн дотор нь явж байсан бол юу гэж ийм юм ярих вэ дээ.
-Тавантолгойн ордын хувьцааг иргэддээ хуваасны ард том бодлого байгаа гэж та хэлээд байна уу?
-Том утгаараа авч үзэх юм бол Тавантолгойн хувьцааг амилуулах нь нэг талаасаа иргэн бүрт гарааны ижил тэгш боломж олгох, нөгөө талаасаа чинээлэг дундаж давхаргынхан зонхилох байр суурь эзлэхийг төр нь дэмжиж буйн илрэл. Үүний тулд иргэдээ хөрөнгөжүүлэх, боловсрол, эрүүл мэндийг нь сайжруулахад хөрөнгө оруулах ёстой. Хувьцаа нь өөрөө иргэдээ хөрөнгөжүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр болох учиртай бол 2010 онд байгуулсан Хүний хөгжлийн сан нь нийт уул уурхайн салбарын орлогын зарим хэсгийг хуримтлуулж иргэд орон сууцтай болоход, эрүүл мэндийн үйлчилгээ авахад, боловсрол олоход, өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр болох ёстой. Хувь хүн өөрөө мэдээж хуримтлал үүсгэхийн төлөө ажиллах нь чухал. Гэхдээ Хүний хөгжлийн сан нь нэмэлт дэмжлэг болох учиртай. Ингэж байж уул уурхайн салбарын хөгжил чинээлэг дундаж давхарга бий болохыг дэмжих төрийн бодлоготой огтолцох ёстой гэж боддог. Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг анх гаргахдаа эрүүл мэнд, боловсрол, өндөр насны тэтгэвэр, орон сууцны санхүүжилтийг дэмжих зорилгоор гаргаж байсан юм шүү дээ. Бэлэн мөнгө олгохоос гадна тус сангаас оюутны сургалтын төлбөр, эрүүл мэнд тэтгэврийн даатгалын төлбөр хийгдэж байсныг хүмүүс санаж байгаа. Харамсалтай нь сайн талыг нь хөгжүүлээд дутагдалтай талыг нь засаад явахын оронд 2012 оны сонгуулиас хойш тус сангийн үйл ажиллагааг үндсэндээ зогсонги байдалд оруулсан. Илүү өргөн хүрээтэй болгохын төлөө бид бүгдээрээ зүтгэх ёстой. Би хувьдаа улс төрд байгаа цагтаа Хүний хөгжил сангийн хэрэг нь, ач тус ньамьдрал дээр хүн бүрт байнга гарч, мэдрэгдэж байхын төлөө цаашид бодлогын төвшинд ажиллана, зүтгэнэ.
-Ер нь энэ төслийг тойрсон маргаан хэрүүл нь манай улс төрийн гол сэдэв болсоор бараг 10 гаруй жил боллоо. Шийдэгдсэн ч юм алга, үр шимийг нь хүмүүс хүртсэн ч юм алга. Баялгийн хараал гэдэг юм руу биднийг чирээд байгаа энэ сэдэв байснаасаа бараг байгаагүй нь дээр ч юм уу гэж хааяа бодогдох юм...
-Энэ төслийг эдийн засгийн эргэлтэд ороогүй гэдэгтэй би санал нийлэхгүй. 2010 онд манай Засгийн газар санаачилж УИХ-аар тогтоол батлуулж, нэг хэсэг дээр нь төрийн компаниа ажиллуулж олборлолтоо эхлүүлэх шийдвэр гаргуулсан. Харин нөгөө хэсэг дээр нь сонирхлоо илэрхийлж байсан олон улсын компаниудаас сонгон шалгаруулалт хийхээр УИХ шийдсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр олон улсын энэ сонгон шалгаруулалт нь их амаргүй, эдийн засаг, улс төр, их гүрнүүдийн оролцоотой геополитикийн олон хүчин зүйлээс шалтгаална гэдэг нь ойлгогдсон тул нэг хэсэгт нь олборлолтыг цаг алдалгүй эхлүүлье гэсэн. Энэ нь ч маш зөв шийдвэр байсан нь одоо харагдаж байна. Хэрвээ нэг хэсэгт нь олборлолт эхлүүлээгүй бол одоо хүртэл яриа хэлэлцээгээ хийгээд, улстөрчид нь хуваагдаад эцэс төгсгөлгүй маргаан явах л байж. Өнөөдөр ч гэсэн энэ талцал хэзээ яаж шийдэгдэх нь ойлгомжгүй л байна шүү дээ. Харин олборлолтоо эхлүүлснээр олон нийтэд үр шимийг шууд хүргэх ажлаа эхлүүлсэн. Улс төр гэдэг бол олон бүлэглэлүүдийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг тойрч гарч эсвэл арагш тавьж улс оронд хэрэгтэй шийдвэр гаргах явдал гэдгийг Тавантолгойн асуудлаарх 2010 оны УИХ-ын тогтоол харуулсан гэж би боддог. Нэг хэсэг ийм шийдвэр гаргаж чадаж байсан болохоор эдийн засаг өссөн юм. Одоогоор бол ойрын зайн улс төр давамгайлаад байна.
-Таны нэртэй холбогддог нэгэн сонин тохиолдол, холбоос бий. Та бол Дамдины Сүхбаатарын Батболд. Таныг МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байх үед ингэж тодотгож байсан. Энэ гурван нэрийн цаана таны намтар, удам гарал, түүх бий.
-Миний өвөө Дамдин гэж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат малчин хүн байсан. Харин аав маань найм, есөн настайдаа Улаанбаатарт ирж Офицерын сургуульд суралцан ажил, амьдралынхаа анхны гарааг эхэлж байсан гэдэг. Миний ээж Янжин эмч мэргэжилтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүн. Дамдины Сүхбаатар, Янжин гээд нэрнээс нь харахаар хувь заяаны их сонин тохиолдол мөн л дөө. Харин аавын минь овог нэр, төрсөн аймаг сумыг эс тооцвол манай удам гаралд жанжин Д.Сүхбаатартай холбоотой зүйл байхгүй.
-Эндээс бас нэгэн сонирхолтой харьцуулалт гаргаж болох юм. МАН-ын анхны дарга нь С.Данзан гэж хүн байсан бол, 94 жилийн дараахь шинэ цаг үеийн нэрээ сэргээсэн МАН-ын анхны дарга нь та болсон шүү дээ?
-МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл нь. Монгол Улсад ардын хувьсгал ялахад ч, ардчилсан хувьсгал мандахад ч манай намын гүйцэтгэсэн үүрэг асар их. Ер нь бол XX зууны Монголын түүх бол МАН-ын түүхтэй салшгүй холбоотой. Энэ түүх XXI зуунд ч, цаашид ч үргэлжилнэ. Тийм учраас цаашид уугуул МАН-ын нэрээрээ явах нь зөв гэж манай намынхан үзсэн. Намын нэр солих олон жилийн яриа хэлцлийг бодитой шийдвэр болгож хэрэгжүүлэх энэ бүх ажлыг МАН-ынхан хамтаараа хийсэн. Хамтын шийдвэр. Энэ шийдвэрийг манлайлах, удирдан зохион байгуулах нь намын даргын үүрэг. Би тэр ажлаа л хийсэн. Харин МАН гэсэн дардастай Данзан гуайн атгаж байсан тамгыг 94 жилийн дараа би атгасан нь миний амьдралын л сонин бөгөөд ховор хувь заяа байх. Харин бусдад нэг их сонин биш байх аа.
-Намын нэрийг сольсноос болоод МАХН гэдэг нэрийг өөр улс төрийн намд өгөх далим болсон, үүнээс болж сонгуульд ялагдсан гэдэг шүүмжлэлийг та яаж хүлээж авдаг вэ?
-Намын нэрийг яагаад сольсон тухайд хамгийн товчоор хэлэхэд ардчилсан улсад "хувьсгалт” нэртэй нам байх орон зай нь хязгаарлагдмал. Нийгмээ дагаад манай нам бодлого, үзэл баримтлалаа өөрчилчихөөд, ард түмэн тэрэнд нь итгэж төрд сонгоод байхад намынх нь нэр хуучин нийгмийн үзэл санааг шингээсэн тодотголтой явж болохгүй байсан юм. Энэ бол зөвхөн манай намыг төдийгүй, Монголыг дэлхийд эерэг харагдуулахгүй байсан хэрэг л дээ. Тийм учраас намын нэрийг сольсны ач холбогдлыг сонгуулийн нэг удаагийн циклээр хэмжих боломжгүй. 2012 оны сонгууль нэг л удаагийнх бол, МАН гэдэг нэр энэ намын нэг насны нэр, түүх болж цаашаа явна. Харин нэр сольсноос болж сонгуульд ялагдлаа гэдэгтэй би санал нийлдэггүй. Хэрвээ бид МАН гэдэг нэрийг аваагүй, МАХН гэдэг товчлолтойгоо байсан бол нөгөөдүүл маань МАН гэж авах байсан. Тэр тодорхой. МАХН гэдэг нэр, энэ нэрийг бусдад алдсан нь бидэнд хайран байсан. Гэхдээ нийгэмтэйгээ нийцсэн МАН гэж уугуул нэрээ алдах нь бидэнд илүү хайран байсан. Монголын ард түмэн боловсрол, тэр дундаа улс төрийн боловсрол маш өндөртэй. Саналын хуудсаа бөглөхдөө МАН ба МАХН-ыг андуурсан, эвсэл "Х” үсэг алга байна гээд нөгөө намуудыг дугуйлчихсан гэж бодохгүй байна. Одоо цаг хугацаа өнгөрөх тусам намын нэрийг сольсон шийдвэр зөв байсан нь батлагдаж байгаа. Үүнд би итгэлтэй байгаа. МАН, МАХН-ын хувьд удирдлагын түвшинд элдэв үл ойлголцол байдаг ч гэсэн энгийн гишүүд дэмжигчид нь хамтарч нийлж ажиллаасай гэж найдаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Танай намыг бүр татан буулгаад шинээр бүртгэх хэрэгтэй, "Х” үсэг шигээ хуучин нийгмийн үлдэгдэл гэж АН-ын голдуу хүмүүс хэлдэг. Танайхан ч гэсэн өрсөлдөгчийнхөө талаар хатуу ширүүн үг шиддэг. Хараад байхад нийгмийг хэт улстөржүүлж, заримдаа бүр солиоруулж байгаа хүмүүс нь улстөрчид, намууд юм болов уу гэж бодогдоод байдаг.
-Аль нэг намыг устгая, хориглоё гэдэг нь айж цочсондоо, сонгуулиар өрсөлдөх чадамжгүй болсон учраас хуулийн аргаар хорьж авъя гэсэн далд санаа харагдаад байгаа юм. Ажиглаад байхад зарим нэг нь улс төрийн өрсөлдөөнийг улс орноо хөгжүүлэх, иргэдээ чинээлэг болгох үзэл бодлын, бодлогын өрсөлдөөн гэж ойлгохын оронд дайсан тодруулах ариун дайн гэж төөрөлдөөд байх шиг санагдаад байдаг юм. Үзэн ядалт дарангуйлал төрүүлэх зам рүү хөтөлдөг. Зарим нэг нь МАН-гүйгээр цааш явж болно, тэгэх ч ёстой гэж боддог. Харин бид бол АН байхгүй байх нь Монголд хортой гэж үздэг. Бидний ялгаа ийм л дээ.
-Ерөнхий сайд асан С.Баяр танд намын дарга, Ерөнхий сайдын албаа шилжүүлсэн нь сонирхол татдаг юм. МАН бол Монголын улс төрийн хамгийн том хүчин. Олон ч лидертэй. Гэтэл танд илүү их итгэл хүлээлгэсэн нь ямар учиртай байв?
-Уг нь С.Баяр даргаас асуух ёстой асуулт байна. Сонгуулийн дараа С.Баяр дарга улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хангаж, томоохон бүтээн байгуулалтуудыг урагшлуулахын тулд ойлголцож, хамтран ажиллая гээд АН-тай хамтарч Засгийн газраа бүрдүүлсэн. Сонгуулийн өмнө болон дараа засаг тэргүүлж байхдаа Таван төгөлдөршил, Оюутолгойн гэрээ, Атрын аян, Тавантолгойг төрд авах зэрэг түүхэнд үлдэх ажлуудыг удирдаж хийж чадсан. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгөх болсноо намынхаа удирдах түвшний хүмүүст анх дуулгасан. Урт хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо гэсэн. Манайхан, "Та сайн эмчлүүлэх ёстой, танай танхимд хоёр ч Шадар сайд ажиллаж байхад ажлаа заавал өгөх ёстой юу” гэсэн л дээ. Тэгэхэд С.Баяр дарга "Төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтан хоногийн 24 цаг, жилийн 365 хоногт байнгын бэлэн байдалд байж ачааллыг хариуцлагатай үүрэх ёстой. Энэ албыг хэн нэгэн хүн эрүүл мэндийнхээ улмаас завсардуулж, хүчийг нь сулруулж болохгүй. Тийм учраас би зарчмын шийдэл гаргаж байна. Миний зүгээс намын Бага хурлаа хуралдуулахыг нөхдөөсөө хүсч байна” гэсэн. Ингээд нэлээд нухацтай ярилцсаны эцэст намын Бага хурал хуралдаж, миний нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Улмаар намын их хурлаас намын даргаар сонгосон. Ийм л товчхон түүхтэй.
-Улс төрд "Сү.Батболдын фракцийнхан” буюу "МГИМО-ийнхон” гэх үг бий. Ер нь та улс төр дэх нөхөрлөл, мөн чанар, зарчмын тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Улс орны бодлого ч, улс төр ч, ер нь хувь хүмүүсийн харилцаа, нөхөрлөл ч итгэлцэл дээр тогтдог. Тиймээс итгэлийг алдана гэдэг маш том гарз. Жишээ нь, хөрөнгө оруулагчдад өмнө нь байсан итгэл өнөөдөр байхгүй болсон. Хөрөнгө оруулалт байхгүй учраас улсын эдийн засагт ямар хүндрэл гарч байгааг бид бүгдээрээ амьдрал дээрээ мэдэрч байна. УИХ-ын зарим гишүүд өнгөрсөн онд Австралид очиход тус улсын 160 гаруй компанийн төлөөллүүд "Бид 2016 оны сонгуулийг хүлээж байна. Тэр болтол хөрөнгө оруулалтаа зогсоочихсон” гэж ярьсан байна лээ. Монгол Улс өнөөдөр тэдгээр 160 гаруй компанийн итгэлийг алдчихсан байна л гэсэн үг. Улс төрд ч ялгаагүй. "Ханилж яваад нөхрөө” гэдэг шиг хамтрагчдаа халж, солих нь эрсдэлтэй. Нөгөө талаас зарчим, ёс зүй гэж байх ёстой. Алдаа гаргаад байхад нь "Миний найз юм байгаа юм” гээд нүдээ аниад сууж болохгүй. Тийм учраас улс төрд алдаа, оноогоо нээлттэй ярьж, шийдэх нь их чухал байдаг. Аливаад хар ухаанаар хандахаас илүү шинжлэх ухааны судалгаа,нотлогдсон баримт дээр тулгуурлах нь орчин үеийн улс төрийн намууд, тэр дундаа шийдвэр гаргагчдад нэн чухал. Нэг ёсондоо, шинжлэх ухаанд суурилсан богино, дунд, урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн суурь болгох хэрэгтэй. Түүнээс биш, "Салхи хаашаа, хамхуул тийшээ” гэдэгчлэн сонгууль болгоны дараа тас гээд л сольчихдог, хуулиа ч мөн өөрчлөөд байж болохгүй. Тэр тусмаа бүлэглэл, фракцийн лоббиг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнээс илүүд тавьж ерөөсөө болохгүй. Ямарч фракц, бүлэглэлүүдийг дагаж эрх ашгийн туйлшрал бий болдог нь анзаарагддаг. Үүнийг би дэмждэггүй. Улстөрд бодлогын өрсөлдөөн байх ёстой болохоос биш бүлэглэл, фракцийн тулаан гэж байх ёсгүй. "С.Батболдын фракц”, "С.Батболдтой нэг сургууль төгссөн нөхөд” гэх нь хувийн ажил, амьдрал, найз нөхөд гэдэг талаасаа бол үнэт зүйл мөн. Дэлхийд нэртэй МГИМО гэдэг төгссөн сургуулиараа ч би бахархдаг. Гэвч улс төрийн бодлогын хувьд авч үзвэл, зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, надад амьдралын сайхан анд нөхөд олон байна. Харин улстөрд фракц гэсэн бүлэглэлийн хүрээлэл огт байхгүй .Би хүмүүсийг асуудал боловсруулах хийгээд өрсөлдөх чадвар, ажил хэрэгч байдлыг нь харгалзаж албан тушаалд томилдог байсан. Тэднээрээ бахархдаг. Тэд маань ч миний итгэлийг алдаагүй. Харин бидний үед хэрэгжиж байсан зарим дэвшилтэт бодлогууд өдгөө тасалдсанд харамсдаг.
-Тухайлбал?
-"Кембрижийн хөтөлбөр” байна. Энэ бол бүтээгч ард түмнийг багаас нь бэлтгэдэг тогтолцоо л доо. Бүтээгч байхын тулд ард түмэн нь боловсролтой болно гэсэн үг. Энэ нь эдийн засагч, хуульч гэж тухайлсан мэргэжлийн тухай ярьж байгаа юм биш. Тухайн мэргэжилдээ эзэн болсон, бараг төгс мэргэжилтнүүдийг бэлтгэхийг хэлж байна. Ийм бодлого хэрэгжүүлсэн сайн засаглалтай орнууд өндөр хөгжсөн. Үүний нэг арга нь Сингапураас эхлээд дэлхийн 130 оронд туршсан Кембрижийн боловсролын тогтолцоо гэдэг. Англи хэл заахаас эхлээд ард түмний түүх, соёл, зан заншлыг хадгалах, амьдрах ухаанд сургадаг энэ баялаг хөтөлбөртэй тогтолцоог бид 2011 онд шийдсэн, эхлүүлсэн. Эхний ээлжинд Улаанбаатар хотод нэг лаборатори сургууль байгуулж, Кембрижээс багш нар урьж ирүүлэн боловсон хүчнээ бэлтгэснийхээ дараа дүүрэг, аймгуудад лаборатори сургууль байгуулах зорилт тавьсан. Тэгээд "Таван жилийн хугацаанд бүх дунд сургуулийг ийм стандарттай болгоё” гээд хөтөлбөр баталсан юм .Гэтэл өнөөдөр хүүхдүүдээ Кембрижийн стандарт бүхий сургуульд оруулахын тулд арын хаалга, авлига өгөхдөө тулж байгаа сурагтай."Орчлон” сургууль л гэхэд төгсөгчдөдөө Кембрижийн сертификат олгодог. Уг нь ардын хүүхэд ч ялгаагүй "Орчлон” шиг сургуульд суралцаж, чанартай боловсрол эзэмшмээр байгаа юм. "Кембрижийн хөтөлбөр”-ийн тухай холбогдох хүмүүсээс асуухаар "Үргэлжилж байгаа” л гэдэг. Гэхдээ анх эхэлсэн шигээ далайцтай бодлогоор хэрэгжихгүй байна.Энэ Засгийн газар энэ хөтөлбөрийг заавал сэргээх хэрэгтэй. Боловсрол бол өнөөдрийн талхнаас илүү үнэтэй. Энэ хөтөлбөр бол бидний ирээдүй рүүгээ чиглэсэн, хойч үе үр хүүхдүүд рүүгээ чиглэсэн хамгийн сайн ажил.
-Хөрөнгийн биржийн хөгжилд та бас их анхаарал хандуулдаг байсан?
-Тийм ээ, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах ажлыг эхлүүлсэн ч сонгуулиас хойш олигтой явсангүй. Нэгд, энэ зах зээлийг хөгжүүлэх нь банкны зээлийн санхүүжилтэд өрсөлдөөн бий болгож байна гэсэн үг. Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр банкны хүү буурдаг. Нэгэнт хөрөнгө босгох өөр аргагүй учраас бизнесмэнүүд банкнаас өндөр ч гэсэн хүүтэй зээл авахаас өөр аргагүй байдалтай байна. Хоёрт, төрийн өмчийн бүх аж ахуйн нэгжүүдийг хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр борлуулах ёстой .Хэрэв тэгж чадах юм бол төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд нээлттэй, тунгалаг засаглалтай болно. Гуравт, хөрөнгийн бирж дээр төрийн өмчийн болон бусад томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг иргэд худалдаж авч, хяналт тавьж байж жинхэнэ утгаараа ёстой нөгөө нийтийн өмчийн компани гэдэг юм чинь бий болно. Бүр хялбаршуулах юм бол жинхэнэард түмний капитализм гэсэн үг. Үүний тулд эхний ээлжинд хөрөнгийн биржээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийн дагуу ажилладаг болгох ёстой, луйварчид олон нийтийг хуурч хувьцаа нэрээр залилан хийдэг нүх сүвийг нь хаах ёстой. Одоо ч гэсэн тайлангаа тавьдаггүй, хурлаа хийдэггүй, ногдол ашгаа өгдөггүй мөртлөө менежментийг нь атгасан хүмүүс нь баяжаад жижиг хувьцаа эзэмшигчид нь шулуулаад явж байдаг компани бирж дээр бүртгэлтэй байсаар байна. Ийм байхад Хөрөнгийн бирж рүү гадныхан байтугай дотоодын хөрөнгө оруулагчид зүглэхгүй. Хэрвээ энэ бодлого тогтвортой үргэлжилсэн бол эдийн засагт эзлэххөрөнгийн зах зээл, банкны зах зээлийн зохистой харьцаа ойртож, улмаар өнөөдөр олигархи гэж хэлүүлээд байгаа цөөхөн эзэнтэй зарим томоохон аж ахуйн нэгжүүд олон нийтийн болох зэрэг эерэг өөрчлөлтүүд бараг өөрөө хийгдэх байсан юм. Бид тэр үед компанийн засаглалыг "олигархийн тогтолцооноос олон нийтийн болгоё” гэсэн бодлого гаргаж нээлттэй зарлаж байлаа шүү дээ.
-Сэдвээсээ жаахан хазайя, спортлог улстөрчдийн жагсаалтад та багтах байх...
-Багтана гэдэг бол хамгийн хойно нь гэсэн утга байна. Харин бодит байдал дээр би нэлээд дээгүүр орно шүү (инээв). Би долоо хоногт нэгээс хоёр удаа сагс тоглодог. Хамт тоглодог хүмүүс дотор спортын мастер, өмнө нь лигийн түвшинд ч тоглож байсан тамирчид бий.
-Таны эхнэрийн удирддаг "Төгөлдөр” сан сонгодог урлагийг дэмждэг. Энэ талаар дуулгах сонин юу байна вэ?
-Манай гэр бүлийнхэн урлаг, спорт, эрүүл амьдрах ухааныг аль болох дэмжиж, сурталчлахыг хичээдэг. Залуустайгаа мэддэг, чаддагаа хуваалцахыг ч бас эрмэлздэг юм. Эхнэр маань сонирхлынхоо дагуу урлаг соёлын салбарынхныг ихээхэн дэмждэг. Ер нь хүмүүс эд хөрөнгө, материаллаг зүйлс гэхээсээ илүү нийгмийн үнэт зүйлсээ хөгжүүлэх ёстой. Дэлхийн соёлын томоохон өв болох сонгодог урлагийн тоглолтуудаас гадна "Инээмсэглэл” хамтлагийн тоглолт, ардын урлаг гэх мэтчилэн олон арга хэмжээг миний эхнэрийн "Төгөлдөр" сан ивээн тэтгэж зохион байгуулсан.
-Нэрийг нь хэлээд хэрэггүй байх. Бизнесийн салбараас УИХ-ын гишүүн болсон нэгэн эрхэм "Би гишүүнийхээ цалинг авдаггүй. Туслахдаа өгчихдөг” гэж байсан. Таны хувьд?
-"Төр төмбөгөр, ёс ёмбогор”. УИХ-ын гишүүний цалин бол бэлгэдлийн чанартай зүйл биш. Хийсэн ажлын төлөө өгч буй төрийн цалин шүү дээ. Тийм учраас төрийн түшээгийн ажлаа хийж, цалингаа амьдрал ахуйдаа зарцуулах нь хэвийн үзэгдэл. Нэг талаас миний цалин, нөгөө талаас төрийн хишиг учраас би хүндэтгэлтэй ханддаг.
-Одоо та хувийн бизнесээ хэнд хариуцуулж байгаа вэ?
-Манай ах С.Бат-Очир удирдаж байгаа.
-Та хөвгүүдээ улс төрд бэлтгэж байгаа юу?
-Би таван хүүхэдтэй. Хоёр том хүү маань их, дээд сургуулиа төгссөн. Миний том хүү гадаадын банк, санхүүгийн байгууллагад ажиллаж нэлээд туршлага хуримтлуулж байна. Хоёр дахь хүү маань Лондонд бизнесийн чиглэлээр суралцаж, энэ жил төгссөн. Том охин Бостоны их сургуулийн сэтгүүлчийн ангийг хойтон төгсөнө. Яруу найраг сонирхдог, шүлэг бичдэг охин бий. Бага охин маань ахлах ангийн онц сурлагатан, байт сураар хичээллэдэг, одоогоор манай гэрийн босс нь л доо. Миний хамгийн бага хүү "Урлагийн хүн болно” гэж ярьдаг, олон зүйл сонирхдог бас авьяаслаг хүү бий. Ер нь ажил, амьдралтай танилцаж байж өөрийгөө таньж, мэдэрч ямар сонголт хийхээ гэр бүлийнхэнтэйгээ, анд найзуудтайгаа зөвлөлдөж байгаад шийдэх нь зөв болов уу. Түүнээс биш, хэн нэгэн нь "Чи тийм бол” гэсний зоргоор болчихдог бол хэцүү. Аав, ээж хоёр маань хоёулаа эмч учраас намайг "Эмч болоосой” гэж хүсдэг байсан юм шиг байгаа юм. Гэхдээ би эмч болоогүй. Улс төрд ч мөн адил. Хүн өөрийнхөө сонголтыг ухамсартайгаар хийх нь л чухал. Тэгэхээр миний хүүхдүүдээс "Би улс төрд оръё” гэж эхэлж хэлээгүй байхад, чи улстөрд ор гэж би хэлэхгүй. Хэрвээ хэлээд, тэр үед нь улс төр өөрөө хараат бус, цэвэр, зөв байвал хүүхдүүдээ дэмжинэ ээ.
-Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүнээс Монголын ирээдүйн тухай асуухгүй өнгөрч болохгүй байх л даа. Ярилцлагынхаа төгсгөлд эдийн засгаа яаж өсгөх вэ, ард түмний амьдралыг яаж дээшлүүлэх талаар танд ямар санаа оноо байдгийг асууя.
-Хэн нэгэнд баяр хүргэх, эсвэл аз жаргал хүсэх хоёр өөр шүү. Агуулгын хувьд ялгаатай гэж үздэг. Баяр хүргэх нь заримдаа "уучлал гуйх”, "баяртай” гэж хэлэхтэй адил л өдөр тутмын соёл. Жишээ нь, төрсөн өдрийн эзэнд баяр хүргэх нь хоёр хүн уулзаад "сайн уу”гэж мэндлэхтэй л адил жижүүрийн үг гэх юм уу даа. Харин аз жаргал хүсэх бол соёлтойгоо харуулах юмуу мэндчилгээний үгтэй адилгүй, тэр хүнд зориулж хэлж байгаа сэтгэлийн үг. Нэг удаагийн, эсвэл тодорхой үйл явдалд баяр хүргэдэг бол, аз жаргал хүсэх нь тухайн хүний насан туршид сайн сайхныг хүсэхтэй адил л гэж би хувьдаа ойлгож явдаг. Тэрэн шиг "Монгол орон минь хөгжинө гэдэгт итгэдэг” гэж тунхагийн чанартай хэлэх, "Монголоо ингэж хөгжүүлье” гэж хэлэх, санаа гаргах хоёр огт өөр агуулгатай. Улс орон минь хөгжинө гэдэг итгэл, бас ингэж хөгжүүлье гэх санаа миний дотор ч үргэлж байдаг. Тэр тухай их олон зүйл ярьж болно л доо. Ерөнхийдөө товчхон хэдэн санаа хэлэхэд, одоо цээжний бангаар, нэг удаагийн сонгуулийг аргалж өнгөрөөдөг үе Монгол Улсын хувьд дууссан. Цаашаа энэ арга барилаараа явбал бид дэлхийгээс хоцорно, байран дээрээ л баахан хий эргэнэ. Одоо бидэнд мэдлэгт суурилсан эдийн засаг, бодлогын судалгаа, хөгжлийн тогтвортой цогц, цуврал бодлого хэрэгтэй. Манай бөхчүүдийн нэг онигоо байдаг шүү дээ. Дан мах, гурилаар хаа хол явах вэ гэж. Монгол хүнд, миний дуртай мах гурил сайхан хоол л доо. Гэхдээ дэлхийн Монгол байя гэвэл өөр олон төрлийн хоол хийж сурах хэрэгтэй. Хэрвээ тасалбараа аваад дэлхийн хөгжлийн галт тэргэнд суусан л бол, галт тэрэгнийхээ тэр цуваанд зохицож амьдрах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эрхшээлдээ оруулж явсан агуу хүмүүс. Гэхдээ өнөөдөр энэ бол түүх. Бид цаг үргэлж энэ түүхээрээ бахархана. Харин 800 жилийн дараа энэ түүхээрээ амьдрах гэж зүтгэж болохгүй. Өөрөөр хэлбэл, цаашид хөгжихийн тулд дэлхийн дүрмээр тоглож байж дэлхийн Монгол байх юм байна гэдэг оюун санаа, сэтгэлгээнээс бидний хөгжил эхэлнэ гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Үүний тулд яах ёстой гэж. Та амьдрал дээр тодорхой жишээ хэлэхгүй юу?
-Дээр би Кембрижийн хөтөлбөр, Хөрөнгийн биржийн тухай ярьсан. Хамгийн түрүүнд эдийн засгаа сэргээх ёстой. Тэгж байж ажлын байр бий болно, ядуурал буурна Ядуурал буурдгийг, ажилгүйдэл багасч болдгийг бид 2011-2012 онд бүгдээрээ бодитоор харсан, мэдэрсэн. Энэ үед Монгол Улсын ажилгүйдлийн төвшин 1990 оноос хойш анх удаа долоон хувьд хүрсэн. Эдийн засгаа сэргээхийн тулд том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл мэдээж чухал. Гэхдээ энэ нь дан ганцаараа улсын хэмжээнд бол цалингаас цалингийн хооронд гэдэг шиг эдийн засагт бодитой өсөлт авчрахгүй. Эхний ээлжинд эдийн засгийн суурь болсон том төслүүдээ урагшлуулах ёстой.
Бизнесээ дэмжинэ гэчихээд дандаа улсаас мөнгө төгрөг гаргах, эсвэл гаднаас бонд авах тухай яриад байх юм. Гэтэл эдгээр мөнгийг нь улс төрийн холбоо сүлбээтэй нөхдийн компаниуд авч байна. Хэрвээ улсаас өгч, улсын нэрээр өгч байгаа бол 20 мянган аж ахуйн нэгждээ нийтэд нь хамааралтай байдлаар зохицуулах хэрэгтэй. Жишээ нь,, зээл олгоход төрийн байгууллагууд хэт оролцож байгааг болиулах ёстой. Хий хоосон хэлбэр, улс төрийн уриа лоозонг дагаж биш төслийн цэвэр үр ашгийг харж хувийн салбарын санхүүгийн байгууллагаар шийдвэр гаргуулдаг байх нь зөв.
Зайлшгүй шийдэх ёстой нэг асуудал бол нэмүү өртгийн албан татварыг бууруулах эсвэл жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газруудаас тодорхой хугацаанд энэ татварыг авахгүй байх явдал юм. Ажлын байр бий болгосон, ялангуяа хямралын энэ үед ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх хэрэгтэй.
Зэрэгцүүлээд Хүний хөгжлийн сангаа өнөөдрийнх шиг ор тас орхиж болохгүй.Энэ санг бүрэн утгаар нь мөнгөжүүлж, оновчтой байдлаар ашиглах хэрэгтэй .Жишээ нь, өнөөдрийн найман хувийн зээлийг бид анх зургаан хувиар санаачилж эхлүүлж байсан.Тэгэхдээ байрны анхны төлбөр хийхдээ иргэд Хүний хөгжлийн сангийн хуримтлалаа ашиглах ажлыг эхлүүлж байсан. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар байрны 30 хувийн урьдчилгааг 10 болгоно гэж шийдэж байна, энэ маш зөв. Залгуулаад энэ 10 хувийн урьдчилгааг Хүний хөгжил санд үүсэх хуримтлалаас санхүүжүүлэх асуудлыг шийдэх ёстой. Хүний хөгжил сангийн тухайд дээр хэлсэн, энэ сан, бас 1072 хувьцаа бол чинээлэг дундаж давхаргыг бий болгох монгол төрийн бодлогын нэг илрэл байх ёстой гэж. 1072 хувьцаа эдийн засгийн ижил гараа, тэгш оролцоог иргэн бүрт олгож байгаа бол Хүний хөгжил сан уул уурхайн салбарын өсөлтийг иргэддээ эн тэнцүү наах, шударга хуваарилах оновчтой тогтолцоо.У ул уурхайн салбар хөгжсөн бусад улс оронд ч ийм сан байдаг. Дээр нь, 21000 төгрөгийг нийгмийн тодорхой хэсэг буюу хэрэгцээ шаардлагатай зорилтот бүлэгтээ заавал өгөх хэрэгтэй. Гэхдээ одоо бэлнээр тараах хэрэггүй. Харин энэ мөнгөөрөө мах, талх гээд зайлшгүй хэрэгтэй хүнс ногоогоо авах, эсвэл гэрэл цахилгааны төлбөрөө төлөх зэрэгт нь зориулж мөнгөний карт хэлбэрээр олгож болно. Манайх байтугай, АНУ-ын иргэдийн бараг 40 хувь нь төрөөсөө ийм хэлбэрээр тусламж авдаг юм ш дээ. Зах зээл бол өрсөлдөөн, чадвартай нь амьдар гэж иргэдээ хувь заяанд нь даатгаад зах зээлийн шуурганд орхиж болохгүй .Иргэддээ хэрэгтэй тусламжийг нь хэрэгтэй цаг үед нь өгч л байх ёстой юм. Эцсийн дүндээ гаднаас бонд авчирч хямралаас гарахгүй, харин гадна дотны хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дэмжиж тэдний итгэлийг сэргээж байж л гарна гэдгийг хаана хаанаа хатуу ойлгох хэрэгтэй. Ер нь Ардын намаас дэвшүүлж тавьдаг стратегийн зорилт нь нийгэмд чинээлэг дундаж давхаргыг зонхилох давхарга болгох төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж үздэг юм.
-Ярилцсанд баярлалаа. Төр түшилцэх их үйлсэд тань сайн сайхныг хүсье!
С.Баттулга
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||