- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хээрийн боохойтой нийлсэн өөрийн нохой тун аюултай
Оюутолгойн гэрээ олз биш гарз болсон тухай үргэлж сануулсаар ирсэн хүн
бол "Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийн тэргүүн, судлаач Р.Эрхэмбаяр юм.
Тэрбээр өдгөө Герман улсад амьдарч байгаа бөгөөд түүнтэй онлайнаар
холбогдож Дубайд үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөний талаар
ярилцлаа.
-Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Дубайд үзэглээд ирлээ. Судлаачийн хувьд үйл явдлыг хэрхэн дүгнэж байгаа
вэ?
-Яг хар толгойгоороо хариуцаж гарын үсэг зурсан хүмүүс нь компанийн
захирлууд Б.Бямбасайхан, Д.Ганболд нар. Засгийн газрын тэргүүн эцсийн
шийдвэрийг гаргасан нь мэдээж. Эдгээр нөхдүүд, мөн тэдний ард байгаа
бусад том эрх мэдэлтнүүд Оюутолгойн баялгийг маань золиослосон шийдвэр
гаргалаа гэж харж байна. Монголын нэр хүндийг ч баллаад хаячихлаа.
Томоор яривал, улс үндэстний хувь заяагаар тоглочихлоо. Анхнаасаа буруу
эхэлсэн Оюутолгойн хэрэг явдал одоо улам уршигтай шатанд,улам зэвүүн
муухай хэлбэр,агуулгад шилжлээ.
-Ямар ноцтой юм ярьж байна аа?
-Бид хоёр өнгөрсөн оны 10дугаар сарын 6-ны өдөр буюу Оюутолгойн
гамшгийн гэрээг байгуулсан түүхийн "хар өдөр”-ийн ойг тохиолдуулан
ярилцаж байсан даа. Тэгэхэд би жил гаруй үргэлжилж буй яриа хэлэлцээнд
гаднынхан 2 үндсэн хувилбараар хандаад байх шиг байна. Нэг нь Монголын
талыг далан таваар буулгаж авах, нөгөө нь тэднээс боллоо гэх шалтаг
тоочоод далд уурхайн ажлыг улам хойшлуулах нь гэж хэлж байсныг санаж
байна уу. Тэгвэл одоо асуудал эхний хувилбараар шийдэгдэж, Дубайд манай
тал үг дуугүй бууж өгөөд ирэхийг харцгаалаа.Тохиролцооны
агуулга,хэлбэрээс нь харахад тийм дүгнэлт хийхээс өөр аргагүй байгаа.
-Тодруулаач..?
-Аливаа тохиролцоо өгөө, авааны дэнс дээр тогтдог. Дубайн гэрээг
үзэхэд, өгсөн,авсан нь газар,тэнгэр шиг зөрүүтэй. Огт байж болохгүй олон
зүйл дээр бууж өгч улс орныг хохироосон атлаа нөгөө талаас хариуд нь
олж долоосон гэх юм нь нарийндаа ямар ч ач холбогдолгүй. Ийм юм
хийчихээр 2 жил орчим нууц хэлэлцээ хийсний хэрэг ч огт гарсангүй. Бууж
өгөх байсан юм бол яах гэж хайран цаг хугацаа,ажил хөдөлмөрийг барав аа
гэж ч харамсмаар.
Далд уурхайн ажлыг үргэлжлүүлэхээр тохирлоо гээд хөөрөөд байгаа. Гэтэл
тэр нь Оюутолгойн гэрээний дагуу тэртээ тэргүй хийгдэх ёстой ажил. Шинэ
юм юу ч байхгүй. Далд уурхайн ажил яагаад зогссон бэ гэвэл маш тодорхой.
Гадаад түншүүдээс болсон. Монголын талаас болж саатаагүй. Тэд л анхны
тохиролцооноосоо буцаж, нэмэлт санхүүжилт буюу банкны зээл гээч асуудлыг
гэнэт гаргаж ирээд хүндрэл учруулсан. Хийхээр тохирсон байсан ажлаа
зогсоож, гэрээний үүргээ биелүүлээгүй. Ийм нөхцөлд гэрээгээ дагаж
мөрдөхийг гаднынхнаас шаардаж,гүйцэтгүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. Ер
нь гэрээг яах гэж байгуулдаг юм. Нэг тал нь гэрээгээ дур зоргоороо
зөрчиж,нөгөө тал нь тэр зөрчлийг нь хүлээн зөвшөөрөх гэж байгуулдаггүй.
Гэтэл яг тийм юм болоод өнгөрөв. Та нар ажлаа үргэлжлүүлж өгөөч,хүссэн
нэмэлт санхүүжилтийг чинь зөвшөөрч байна, өөр бусад шаардлагуудыг чинь ч
бас хамтад нь урьдчилан зөвшөөрч байна гээд навс бууж өгдөг байгаа.
Татварын 30 сая ам.долларыг төлүүлэхээр боллоо гэж бас нэг их мундаг юм
хийчихсэн хүмүүс болж жүжиглэнэ. Гэтэл тэр нь манай хууль тогтоомжийн
дагуу бас л тэртээ тэргүй авах ёстой төлбөр юм билээ. Харин ч хууль
тогтоомжоо чанд баримтлавал 225 сая долларыг, бүр доошиллоо гэхэд 130
саяыг авах ёстой байтал хууль зөрчөөд ердөө 30 саяыг л авахаар буулт
хийчихэж байгаа юм. 100 сая долларыг гаднынханд зүгээр бэлэглээд. Энэ нь
төсвийг ийм их мөнгөөр шууд хохироож байна гэсэн үг. Нарийндаа бол
улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйл ангиар эрүүгийн
хэрэг үүсгэгдэх ёстой асуудал.Хэзээ нэгэн цагт үүсгэгдэж л таарна.
Мундаг тохиролцоо хийчихлээ гэж Ерөнхий сайдын сайрхан мэдэгдсэн бас
нэг зүйл бий. Оюутолгой төслийн ашгийг хуваах харьцааг 53 : 47 гэж анх
удаагаа баримт бичигт тусгалаа гэж. Гэтэл энд шинэ зүйл мөн л байхгүй.
Тэртээ тэргүй ТЭЗҮ-д байсан л тоо. Харин ч энэ харьцаа одоо яригдаж буй
ТЭЗҮ-ийн тодотголоор баталгаагүй болох шинжтэй байгааг зарим эх сурвалж
мэдэгдсэн. Тэр үнэн болж таарвал гаднынхан тохиролцооноосоо дахин ухарч,
монголчуудыг дахин хууран мэхлэж, улам ихээр хохироох гэж байна аа л
гэсэн үг.
Монголын тал хяналт тавих боломжтой боллоо гэж бас яриад байгаа.
Оюутолгой компанийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх ба үүрэг Монголын
талд өмнө нь байсан уу гэвэл байсан шүү дээ. Хууль тогтоомжоор тийм
байгаа. Хяналтын багц гэх 34 хувийг Оюутолгойд эзэмшихийн нэг гол утга
учир үүнд оршдог. Гэтэл хяналт тавих эрх,үүргээ манай эрх мэдэлтнүүд
өөрсдөө л хэрэгжүүлээгүй явж ирсэн. Гурван сайдын хамтарсан
санхүү,бүртгэлийн шалгалтыг эс тооцвол. Хэдэн тэрбум ам.доллараар
хэмжигдэх луйвар, будлиан гарсны дараа одоо хяналтаа тавьж эхлэе, хяналт
тавих эрхээ гаднынхнаар одоо зөвшөөрүүлж чадсан нь том ахиц боллоо гэх
ухааны юм яриад буй нь ичгүүртэй.
Энэ мэтчилэн хачин жигтэй юм нэлээд байна. Ер нь Дубайн төлөвлөгөө нь
манай эрх баригчдын хувьд тэнэглэлийн туйл болчихлоо гэж хэлж болно.
Гаднынхны хувьд бол бөөн баяр. Оюутолгойн асар их баялгаар дураараа
тоглож тонгочих эрх мэдлээ тэд улам баталгаажуулж авлаа. Тэгэхлээр
баярлахаас өөр яах юм бэ.
-Оюутолгойг золиослолоо гэх тухайд?
-Яг энэ сэдвээр бидний хэсэг хүн жил гаруйн өмнө УИХ дахь "Шударга Ёс”
эвслийн бүлэгт, угтаа бол УИХ-ын нийт гишүүдэд хандаж Ил захидал
хүргүүлснийг чи санаж байгаа байх. Оюутолгойн хөрөнгө,баялаг болон
лицензийг гаднын банк,санхүүгийн байгууллагын барьцаанд тавих, тэднээс
өндөр хүүтэй зээлийг олон тэрбумаар нь нэмж авах, анхны хөрөнгө
оруулалтын үндэслэлгүй хэтрэлтийг хүлээн зөвшөөрөх зэрэг нь Монгол Улсад
ихээхэн хохиролтой төдийгүй бас маш их эрсдэл дагуулах тул асуудлыг ийм
замаар шийдэж болохгүй гэж сэрэмжлүүлж байсан. Гэтэл Дубайн
тохиролцоогоор яг тийм бүтэлгүй замыг сонгочихов. Болгоомжилж байснаас ч
долоон дор хувилбараар явуулчихав.
Гаднаа гяланцаг,дотроо паланцаг гэж үг байдаг. Харилцан ашигтай түншилж
байна гэж өнгөн талдаа яаж ч уран гоё ярьж болно. Яг эдийн засгийн
хатуу агуулгаар нь аваад үзвэл, Оюутолгойн баялгийг маань өгөөж
багатайгаар үрэн таран хийх, цөлмөх, гуравдагч этгээдийн барьцаанд олон
жилээр шилжүүлэх, монголчуудын хяналтаас бүрэн гаргах, улмаар Монгол
Улсыг санхүү-эдийн засаг,эрх зүй,улс төрийн хувьд дарамталж дээрэлхэх
хэрэгсэл болгож хувиргах тийм тун осолтой гольдрил луу оруулчихлаа.
Монголын эдийн засагт үлэмж үүрэг,жинтэй нь хэнд ч тодорхой байгаа
Оюутолгойг ингэж гаргуунд нь гаргана гэдэг цаад утгаараа нийт
монголчуудын өнөөгийн ба ирээдүйн хувь заяаг хорлож буй хэрэг юм.
-Төлөвлөгөө юу,гэрээ юу гэх асуулт гарч ирээд байгаа.Таны бодлоор аль нь вэ?
-Ямар нэр өгөх нь үндсэндээ өнгөн талын асуудал.Гол нь тохиролцооны
агуулга,баримт бичгийн хэлбэр,маягаас нь харахад ямар ч эргэлзээгүйгээр
гэрээ байгуулсан байгаа юм. Төлөвлөгөө гэх нэр,шошго зүүлгэвэл үр
дагавар,уршиг ихтэй тохиролцоогоо нэг хэсэгтээ өнгөлөн далдлана гэж
тооцоолсон биз.
-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Оюутолгойг хөдөлгөх
хэрэгтэй байна гэж эрх баригчид ярьдаг.Энэ талаар Та ямар бодолтой
байдаг вэ?
-Үнэхээр тэгэж ярьж ухуулсаар байгаад хүмүүсийн толгойг "угаачих” шиг
боллоо. Нарийндаа бол үүссэн хүндрэл бэрхшээл,Оюутолгой хоёрын хоорондын
хамаарал тэдний яриад буй шиг тийм энгийн хялбар биш юм. Хүндрэл далд
уурхайн ажил зогссоноос үүдэлтэй биш. Өнөөгийн хүндрэл,хямрал цаанаа маш
нарийн нийлмэл олон учир шалтгаантай. Түүхий эдийн зах зээлийн
мөчлөг,дэлхийн болон манай эдийн засгийн бүтэц,байдал,Монголд хэрэгжсэн
эдийн засгийн бодлогын үр дагавар гэх зэрэг олон төрлийн нөхцөл,хүчин
зүйл,тэдгээрийн харилцан үйлчлэлээс хамааралтай.Тэгэхлээр далд уурхайг
үргэлжлүүлснээр хүндрэл, хямралаас гарна гэсэн хялбар,болхи ойлголт байж
таарахгүй.Ямар ч хамаагүй үнээр далд уурхайг үргэлжлүүлэх ёстой гэх
маягийн хийрхэл бол бүр осолтой. Нэг бол эдийн засгийг
дампууруулах,эсвэл Оюутолгойг хөдөлгөх гэсэн ийм л хоёр сонголт байна
гэж туйлшран хадуурдаг "ухаантнууд” байх юм.
Ер нь бол Оюутолгойг зөв шийдлээр явуулбал улс орны хөгжлийн
хурдасгуур, хуримтлалын үүсгүүр болгож хувиргах боломжтой. Дубайд
тохиролцсон нөхцлөөр явуулбал хүндрэлээс гарах нь битгий хэл цаашдаа
жинхэнэ ужиг хямрал,доройтол руу түлхэнэ. Яагаад гэвэл тэр их баялгийг
үр өгөөж багатай зарцуулахын дээр бусдад
цөлмүүлэх,луйвардуулах,гаднынхны эрхшээл,барьцаанд улам лав орох үүд
хаалгыг цэлийтэл нээх учраас.
-Монголын нэр хүндийг унагаасан гэлээ. Засгийн газар харин өсгөлөө гээд байгаа шүү дээ?
-Дубайн тохиролцоо манай улсын нэр хүндийг өсгөлөө, бонд болон
хувьцааны ханшийн өсөлт үүнийг харуулж байна гээд хөөрцөглөөд байгаа.
Тэгэж ярих юм бол ханш өсч буурах нь зах зээлийн тогтолцооны жирийн
үзэгдэл байдаг. Ингэж өнгөц юм ярьж өрөөл бусдыг хуурах гэж оролдох
хэрэггүйсэн. Хөнгөн хийсвэр сэтгэлгээгээ л илчлээд байгаагаа ч ойлгох
сөхөөгүй байх юм. Дубайн тохиролцоо маш чухал ахиц,амжилт боллоо гээд
дэлхийд зарлачихлаа. Одоо түүнээс ухарсан гэж харагдах аливаа үйл хөдлөл
худлаа ч бай,үнэн ч бай Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөр
болчихлоо. Далан таваар бууж өгсөн тохиролцоо нь нэр хүндийг унагаах
барьцаа,хэрэгсэл болоод хувирчихлаа гэсэн үг.
Гэтэл тохиролцооны бузар булай одоо илэрхий болж,олон заалтыг нь засч
залруулах,тэр ч бүү хэл нэлээд хэдийг нь нэн даруй хүчингүй болгох тухай
зүй ёсны шаардлага тавигдаад эхэллээ. Оюутолгой компанийн 2010-2014 оны
санхүүгийн тайланг тэдний өгсөн байдлаар нь манай Сангийн яам ажлын 5
хоногт багтааж баталгаажуулна гэх мэт үг дуугүй бууж өгсөн амлалт ч
хэрэгжилгүй зогссон мэдээ бий. Тохиролцоо эхнээсээ зөрчигдөөд,гацаад
эхэлж буйн шинж тэмдэг. Хэрэгжилгүй зогсохоос ч өөр зам үнэндээ байхгүй.
Тэгэхлээр гэрээний үүргээ Монголын тал биелүүлэхгүй байна гээд
гаднынхан бөөн шуугиан дэгдээгээд,шахаж шаардаад,Монголын нэр хүндэд
халдаад эхэлвэл ер гайхах хэрэггүй. Дубайн гэрээний заалтаар нь аваад
үзвэл, тэдний зөв болж таарна. Тэд олон улсын шүүхэд хандвал шууд ялна.
Далан таваар бууж өгөөд тэдний атга,аманд сайн дураар яваад орчихсон тул
Монголын тал эрх ашгаа гэрээний хүрээнд хамгаалах ямар ч боломжгүй
болчихсон. Ийм л хорлонтой юмыг манай эрх мэдэлтнүүд хийчихлээ дээ.
-Гэрэл гэгээтэй юм Дубайн гэрээнд даан ч алга уу?
-Томоор харвал,ийм л туйлын бүтэлгүй байдал,дүр зураг бодитойгоор
үүсээд байна. Жижиг сажиг зүйл ярьж суух,алгуурлах цаг биш болчихлоо.
Оюутолгойг тойрсон үйл явдлыг би ажиглан судалж,байр сууриа
илэрхийлсээр 10 жилийн нүүрийг үзэж байна. Ингэх явцад нийтлэг гэхээр
нэлээд үзэгдэл,үйлдэл анзаарагдлаа. Тэдгээр нь Дубайд байгуулсан
хэлцлийн эргэн тойронд ч бас давтагдан илэрлээ. Тийм учраас заримаас нь
дурдая. Байдлыг ойлгоход тус дөхөмтэй байх болов уу гэж бодно.
Нэгд,хууль зүйг зөрчдөг,үүний дотор өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ
хэтрүүлдэг явдал маш их гарлаа. Хоёрт, санаатайгаар төөрөгдүүлэх,хууран
мэхлэх үйлдэл,оролдлого байнга шахуу ажиглагдав. Гуравт, эдгээр бусармаг
үйлдэл, үзэгдлийг тухай бүр нь таслан зогсоож,гэм буруутай этгээдүүдэд
хариуцлага хүлээлгэх ажил орхигдож ирэв. Дөрөвт,эрх мэдэлтнүүдийн
сэтгэлгээний хоцрогдол, дорой байдал гадаадын хөрөнгө оруулалтын бодит
үүрэг,ач холбогдлыг зөв үнэлэх асуудал дээр тод илэрч хууль тогтоох
болон хэрэгжүүлэх практикт ихэхэн сөргөөр нөлөөлөв. Тавд,эрх
баригчид,юуны түрүүнд УИХ-ын гишүүд өөрт ногдсон үүрэг,хариуцлагаа улс
орныхоо хөгжлийн сорилт,шаардлагын төвшинд ухамсарлаж ажиллахгүй байгаа
нь харагдав. Зургаад, хууль зүйг гадаадын хөрөнгө оруулагчдад тууштай
хэрэглэхгүй орхигдуулж ирэв. Тэдний зарим нь оодрон давраад дийлдэхээ
болив. Долоод, цөөнгүй эрх мэдэлтэн,ялангуяа хувийн компани,бизнестэй
нөхдүүд хувийн ашиг сонирхлоо улс,үндэстнийхээ эрх ашгаас дээгүүр тавьж
ирэв. Наймд,гаднынхны ашиг сонирхлыг хаацайлах, хамгаалах,тэдний "утсан
хүүхэлдэй” болж ажиллах зэргээр улс,нийгмийг үлэмж хохироосон,эх орныхоо
эрх ашгаас урваж тэрсэлсэн үйлдэл, авир зөндөө тохиолдов. Хээрийн
боохойтой нийлсэн өөрийн нохой хэр аюултай байдгийг монголчууд сайн
мэддэг. Тэгсэн хэрнээ гаднынхны гар хөл болж ажилласан хүмүүсийг
хариуцлагад татсан нь нэг ч үгүй.
-Дубайн гэрээнд энэ нь яаж илэрч байгаа юм бэ?
-Юуны түрүүнд гэрээний хэд хэдэн заалт хууль тогтоомжийг илт зөрчиж
байгаа. Жишээ нь, 4.4 дэх заалтад 2010-2014 оны санхүүгийн тайланг
тушаасан байдлаар нь хүлээн авч баталгаажуулна гэсэн бий.
Алдаатай,зөрчилтэй нь шалгалтаар тогтоогдсон,эсвэл хянагдаж амжаагүй
тайланг нүдээ аниад,дуугүй өнгөрөөд баталгаажуулах эрх манай ямар ч
албан тушаалтанд байхгүй. Эдгээрийг мэдсээр атлаа гэрээнд ийм заалт
оруулсан нь хууль зөрчсөн төдийгүй эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл юм. Эрх
мэдлээ хэтрүүлэх нь өөрөө хууль бус,тиймээс хариуцлага хүлээх ёстой
асуудал.
Ийм байтал өндөр албан тушаалтнууд "хуульд нийцсэн” тохиролцоо хийсэн
гээд сурсан зангаараа улайм цайм худлаа яриад байгаа. Дээр нь бас Дубайн
төлөвлөгөө нь Оюутолгойн гэрээг өөрчлөөгүй гэж бүр их худал ярьж
байгаа. Ил уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ,далд уурхайн нэмэлт
санхүүжилт,Оюутолгой компанийн үл хөдлөх хөрөнгө,ашигт малтмалын тусгай
зөвшөөрлүүд ба эрхүүдийг гуравдагч этгээдэд барьцаанд өгөх гэх мэт маш
чухал асуудлуудыг өмнөх гэрээнд тусгаснаас огт өөрөөр, тэгэх тусмаа
Монголын талд олон тэрбум долларын хохиролтойгоос гадна үлэмж эрсдэлтэй
байхаар шинээр ярьж зохицуулснаа Засгийн газрынхан яав ч нуун дарагдуулж
чадахгүй. Жишээ хэлье. Хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор анхны хөрөнгө
оруулалтын хэмжээ 5,17 тэрбум доллар байсныг Дубайн гэрээгээр доод тал
нь 7,48 тэрбум болгочихов. Зөвхөн 2012 оны эцсийн байдлаар анхны хөрөнгө
оруулалтыг 1,41 тэрбум доллар буюу 30,1 хувиар ихэнх тохиолдолд
үндэслэлгүйгээр хэтрүүлснийг хүлээн зөвшөөрчихөв.Ингэснээр 2009 оны
гэрээг агуулгынх нь хувьд өөрчилж байгаа юм.
Төслийн санхүүжилтийн асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээнд юу гэж
тохиролцсон вэ гэвэл, 3.10 дах заалтад "Хөрөнгө оруулагч нь … ТЭЗҮ-ийн
дагуу Оюу толгой төслийг бүрэн барьж ашиглалтанд оруулахад шаардагдах
санхүүгийн хангалттай эх үүсвэрийг … баталгаажуулж (эсхүл бэлэн болгож)
…Засгийн газарт бичгээр” мэдэгдэх талаар бичсэн байдаг. Өөрөөр
хэлвэл,санхүүжилт босгох асуудлыг гаднынхан бүрэн хариуцна гэж
ойлголцсон төдийгүй элдэв нэмэлт санхүүжилт,тэгэх тусмаа Монголын талын
хувь оролцоотой нэмэлт санхүүжилт хийнэ гэж огт тохиролцоогүй. Ийм
байтал Дубайн төлөвлөгөөгөөр 6 хүртэл тэрбум долларын нэмэлт санхүүжилт
авна, үүний 34 хувийг Монголын тал үүрнэ гээд цоо шинэ тохиролцоог
хийчихэв. Гуравдагч этгээдийн барьцаанд Оюутолгой компанийн хөрөнгө,
тусгай зөвшөөрлүүдийг тавина гээд мөн шинээр тохирчихов.Бас болоогүй
төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл гэгч шинэ төлбөрийг бий болгоод
"Рио Тинто”-д өгөхөөр болов.
Зөвхөн эдгээр баримтаас үзэхэд, Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй гэж ярих нь утгагүй ба инээдтэй.
Олон чухал зүйл дээр Монголын талд асар их хохиролтой өөрчлөлтийг нэмж
тохирсон нь Оюутолгойн гэрээ байгуулахыг УИХ-аас зөвшөөрөх үндэслэл болж
байсан нөхцлүүдийг ч дордуулан өөрчилж байгаа юм.
Дубайн гэрээ үнэхээр хууль зөрчиж байна уу,Оюутолгойн гэрээг ямар
байдлаар өөрчлөв гэдгийг тогтооё гэвэл уул нь ядаад байх юмгүй. Жишээ
нь,УИХ-ын Хууль зүйн Байнгын хороогоор хэлэлцэж тогтоол гаргаад л нэг
тийш болгоод шийдэж болох асуудал. Гэтэл тийм хүсэл,сонирхол харагдахгүй
байна. Холбогдох гишүүд үүрэг,тангаргаа биелүүлж ажиллахгүй байна л гэж
дүгнэж байгаа. Онц чухал асуудал дээр ингэж хайхрамжгүй хандаж
болмооргүйсэн. Өнгөрсөн 20-иод жилд Монгол орныг хариуцлагагүйн зуд
нөмрөхөд төрийн түшээдийн хэнэггүй,хариуцлагагүй байдал маш их
нөлөөлснийг хэн хүнгүй мэднэ.
Манай Иргэний хуульд нэгэн тов тодорхой зохицуулалт байдаг. Хууль
зөрчсөн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тухай. Дубайн
тохиролцооны хувьд дор хаяж хууль зөрчсөн заалтууд нь эхнээсээ эрх зүйн
чадамжгүй,тиймээс хүчин төгөлдөр биш гэж үзэх ёстой. Тэгэхлээр уг
тохиролцоо бүхэлдээ хэрэгжих боломжгүй болоод ирж байгаа. Хууль зүйн
утгаараа.Ноцтой байгаа биз.
-Тэгээд одоо яах ёстой болж байна аа?
-Хууль зүйгээ баримтлан ажиллах ёстой.Улс,үндэстнийхээ эрх ашгийг
хамгаас дээгүүр тавьж Оюутолгойн асуудалд хандах учиртай. Гэтэл шийдвэр
гаргагчид маань тэгэж ажиллахгүй шинжтэй оргиод байна. УИХ дахь АН-ын
бүлгийн удирдлагууд Дубайн тохиролцоог сайшаасан мэдэгдэл хийсэн.
Буруу,зөрүү юм хийсэн байсан ч хамаагүй өөрийн Засгийн газрын тэргүүнийг
дэмжих ёстой гэж үзсэнийх байх. Шүүмжлэлтэй үг хэлсэн цөөн гишүүнээс
бусад нь нам,бүлгийн сахилга бат,элдэв сонирхлоо бүхнээс илүүд үзэж буй
юм болов уу. МАН-ын бүлэг Ажлын хэсэг байгуулсан ч дүгнэлт,шийдвэрээ
эцэслэлгүй цаг хугацааг өнгөрүүлсээр байна. Гишүүдийнх нь санал хоёр
хуваагдсан гэсэн. "Шударга ёс” эвслийнхэн харин гэрээний 5 заалтыг нэн
даруй хүчингүй болгох хатуу шаардлага тавиад буй. Бие даагчдын адил
зөв,зарчимч байр суурь илэрхийлсэн гишүүд бол тэд. Гэхдээ хэтэрхий
цөөхүүлээ. ИЗНН-ын 2 гишүүн хэрхэх нь үндсэндээ тодорхой.
Төрийн эрх барих дээд байгууллагын янз байдал нэг иймэрхүү дүр зурагтай
байгаа нь Дубайн тохиролцоог өөрчлөхгүй хүлээн зөвшөөрөхөд хүргэж
болзошгүй байна. Энэ нь 2010 оны гуравдугаар сард Оюутолгойн буруу
гэрээг анхааруулан сэрэмжлүүлсээр байтал хүчин төгөлдөр болгож гаднынхны
хавханд өөрсдөө сайн дураараа явж орсон эмгэнэлт үйл явдлыг
санагдуулна.
Давын өмнө хийх практик алхмуудын тухайд бол бүх юм их тодорхой байгаа.
Нэгд,УИХ буюу 76 гишүүн өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийж
гүйцэтгэмээр байна. Дубайн гэрээний хууль зөрчсөн заалтуудыг мэдсэн ч
дуугүй өнгөрвөл наанадаж хууль зөрчихийг зөвшөөрсөн,цаанадаж Оюутолгойг
алдаж улс орныг хохироосон хэрэг болно. Хоёрт,Сангийн яам
алдаа,зөрчилтэй санхүүгийн тайлангуудыг хэрхэвч баталгаажуулж болохгүй.
Эс бөгөөс удирдлага нь хууль бус үйлдэл хийхээс гадна улсад онц их
хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэгт
холбогдоно. Гуравт гэвэл, МАН энэ засагт орохдоо АН-тай гэрээ
байгуулж,Оюутолгой болон Тавантолгойн асуудлыг эдийн засаг,эрх зүйн
нөхцлийг нь дордуулахгүйгээр шийдвэрлэнэ гэж тохирсон.Олон нийтэд болон
намын гишүүд,сонгогчиддоо тэгэж амласан.Гэтэл Дубайн хэлцэл Оюутолгойн
нөхцөл байдлыг туйлд нь хүртэл муутгачихлаа. МАН-ынхан одоо АН-тай
байгуулсан гэрээгээ яах юм, түмэн олонд өгсөн амлалтаа яах юм гэдгээ
зарчмын хувьд шийдэх хэрэгтэй болоод байна.Тэдний шийдвэрээс олон зүйл
хамаарна.
-УИХ-ын Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны хаалттай
хуралдаанаар Оюутолгойн асуудлыг хэлэлцээд Дубайд үзэглэсэн
төлөвлөгөөгөөр ордоо гадныханд алдчихаж гэсэн дүгнэлтийг хийсэн гэсэн.
Тэр үнэн үү?
-Зарим гишүүн тийм утгатай зүйл хэлсэн юм билээ.Тэр нь ч нэлээд
ханатай,бодитой дүгнэлт. Энд нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох ёстой.
Гишүүдийн илэрхийлсэн санал,Байнгын Хорооны албан ёсны шийдвэр гэдэг бол
хоёр өөр зүйл. Гишүүд саналаа тогтоол байдлаар хэлбэржүүлсэн нөхцөлд л
эрх зүйн бүрэн чадамжтай шийдвэр гарна. Тиймээс уг Байнгын хороо үр
нөлөөтэй шийдвэрийг ойрын үед гаргаасай билээ гэж хүсч энэ чиглэлээр
санаа оноогоо нэмэрлэж л явна.
Нэг хачирхалтай байдал анзаарагдаад байгаа. Юу вэ гэвэл, Ерөнхийлөгч
Дубайн гэрээний талаар байр сууриа илэрхийлэхгүй байна. Уул нь үгээ хэлж
болох чухал асуудал мөн үү гэвэл яах аргагүй тийм. Гэрээний талаар
хангалттай мэдээлэлтэй байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз. Тэгэхлээр
дуугүй байгаагаас нь үзвэл, Дубайн тохиролцоог зөвшөөрч байгаа бололтой.
Зөвшөөрөхгүй байгаа бол энэ эгзэгтэй цаг мөчид үгээ хэлж,улс,
үндэстэндээ тус болмоорсон.
УИХ-ын даргын байр суурь харин илүү тодорхой байгаа. Олон нийтэд хандаж
хэлснээс нь үзэхэд,тэрээр далд уурхайн ажлыг Дубайн тохиролцооны үндсэн
дээр үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ гэж ойлгогдож буй. УИХ-ын дарга бөгөөд
өөрийн намын даргатайгаа тохиролцолгүйгээр Оюутолгойн талаар Ерөнхий
сайд улс төрийн ганцаарчилсан шийдвэр гаргаагүй нь лавтай. Хачирхалтай
зүйл нь юунд байна вэ гэвэл, УИХ-ын дарга Тавантолгойн хэлэлцээрт гарын
үсэг зурах ажлыг огцом зогсоохдоо уг хэлэлцээр хууль тогтоомжийг зөрчсөн
байна гэх үндэслэлийг чухалчилсан. Гэтэл Дубайн тохиролцоо хууль
зөрчсөн байхад яагаад чимээгүй зөвшөөрөөд байна вэ гэдэг нь сонин
санагдаад байгаа юм. Хууль дээдлэх зарчим хийгээд хууль тогтоомжийг
хэрэгжүүлэх явдал хоёр гэрээнд хоёр өөр байж болохгүй л баймаар.
-Одоо бидэнд гарц бий юу?
-Оюутолгойгоо алдчихлаа,тавиад туучихлаа, золиосолчихлоо гэх яриа,
шүүмжлэл, халаглал бүгд ортой, тодорхой үндэслэлтэй.Гэхдээ адгийн муу
"нохойн зам”-аар ороод явчихсан энэ асуудлыг эргэлт буцалтгүй
болчихлоо,бүрмөсөн шийдэгдчихлээ гэж үздэггүй. Тийм ч учраас зөв
гольдрил руу нь оруулж шийдвэрлэх үндэслэл,гаргалгаа,арга замын талаар
2006 оноос эхлэн бодол ургууулаад явж байгаа. Зарим санал,дүгнэлтээ ил
тод хэлээд л. Оюутолгойгоо алдахгүйн төлөө нэгдэцгээе хэмээн хэд хэд
уриалсан ч дэмжлэг олоогүй. Хүмүүс ойлгож амжаагүй байхад хэт эрт
дуугарснаас болоод ч тэгсэн байх талтай.
Цаг нь ирсэн үзэл санаа бүхнээс хүчтэй байдаг гэж нэг алдарт хүн хэлсэн
нь бий. Дубайн тохиролцоо Оюутолгойн хувьд хуучин цаг,бусармаг үйл
явдлын төгсгөлийн үе шат боллоо гэж ойлгож байна. Одоо Оюутолгой цэвэр
аж ахуйн асуудал болсон, улстөржүүлэх юмгүй болсон,тиймээс яриагаа
дуусгах хэрэгтэй гэж их дээрээс саяхан лүндэн буулгав. Эрх мэдэлтнүүдийн
хүссэнээр иргэд өмч баялгаа дуугүй сууж байгаад золигт гаргуулахгүй нь
мэдээж. Дубайн гэрээ хүмүүсийг цочроож, эрх баригчдын үнэн нүүр царайг
илчлэв. Иймээс яг эсрэгээр улс төрийг буцалгаж, иргэдийг идэвхжүүлж
эхлэв. Оюутолгойн өмч баялгийнхаа талаар маш хүчтэй бөгөөд шийдвэртэй
алхам хийх шинэ цаг үе монголчуудын хувьд ирж байна гэж харж байна.
УИХ-ын сонгууль ч ойртлоо. Оюутолгой бол улстөрчдийн чанар,чансааны
шалгуур, хэмжүүр гэх санааг би 2008 оны хавраас эхлэн нэг бус удаа
илэрхийлсэн. Хүмүүс ч ийм дүгнэлтэд хүрснээ ялангуяа 2012 оны сонгуулийн
дүнгээр харуулсан. Оюутолгойн асуудлаар шүүмжлэлтэй байр суурь
илэрхийлсэн нэр дэвшигч болгон хүчтэй дэмжигдсэн. Ирэх сонгуулиар улам
их дэмжигдэх нь гарцаагүй.
Төр, засгийн эрх баригчид Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга,
Гацуурт зэрэг ард түмний өмч,баялагт хэрхэн хандаж буйг монголчууд олон
жил тэвчээртэй харцгаалаа. Байдал сайжирсангүй, харин ч улам дордов.
Одоо худлаа ярьдаг, хууран мэхэлдэг, амлалтаа биелүүлдэггүй
хүмүүс,нам,эвслээс эрс шийдэмгий татгалзах зам л үлдэв. Ингэж чадвал
Оюутолгой зэрэг баялгаа зөв зүйтэй ашиглах улс төрийн угтвар нөхцлийг
иргэд сонголтоороо бүрдүүлнэ. Энэ бол улс төрийн гарц нь.
Эдийн засаг,эрх зүй,зохион байгуулалтын талаас харин ямар зохистой
шийдэл байж болох вэ гэдэг бол тусдаа асуудал. Хүмүүс энэ талаар бодол
ургуулдаг л байх. Миний хувьд бодоод олчихсон,тэгээд ч бас зах зухаас нь
олон нийтэд танилцуулсаар ирсэн гаргалгаа, шийдлүүд бий. Бусад орны
туршлага, сургамжаас санаа авсан хувилбар ч яваа. 2006 онд нэгэн
нийтлэлдээ цухас дурьдаж байсан.
Монголчууд хариуцлагагүй бөгөөд эмх цэгцгүй байдал ноёрхсон 20 гаруй
жилийн ороо бусгай, цөвүүн цагийг асар их гарц,хохирлыг амсан байж зөвж
зүдрэн туулж байна. Уг нь ийм "тамын тал”-аар явахгүй байх боломж байсан
гэж судлаачийн хувьд үздэг юм. Одоо үүнээс цааш уруудвал сүйрэх
аюултай. Оюутолгойн хувь заяаг Дубайд шийдсэн хувилбар яг тийм үр
дагаварт хүргэх өндөр магадлалтай учраас тэр гэрээг зөвшөөрөх,
хэрэгжүүлэх тухай асуудал байж таарахгүй. Ер нь бол Монголын ард түмэн
"Оюутолгойн трибунал” зохион байгуулж, хэрэг явдлын үнэн учрыг олж
тогтоон,сургамж авч гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох нь зүйтэй
юм.
Улс орны "удирдлага, хариуцлага сул,дорой бол ямар ч их баялагтай
байгаад нэмэргүй гэдэг нь гашуун туршлагаар бүрэн нотлогдов. Энэ байдлыг
засч залруулаагүй цагт хөгжил, дэвшлийн тухай ярихын ч хэрэг алга” гэж
2013 оны есдүгээр сард УИХ-ын гишүүдэд Ил захидлаар зөвлөсөн. Үүнийг
давтан хэлэхэд илүүдэхгүй санагдана.
Л.НИНЖСЭМЖИД,
Эх сурвалж : "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
Хээрийн боохойтой нийлсэн өөрийн нохой тун аюултай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани