Нэг. Гурвыг харьцах дөрвөн метрийн хэмжээтэй орос маягийн умгар гал тогооны өрөө орос хүний амьдралын чухал газрын нэг болдог. Хэдэн цагийн турш тамхины утаа дүүрсэн жижигхэн гал тогоонд өтгөн хар цай уун яриа дэлгэн тайван амгалан суух орос хүнийг гадныхан ойлгоход бэрх. Гэхдээ тэдний амьдралын хамгийн аз жаргалтай, дурсамжтай мөчүүд гол төлөв гал тогоонд болж өнгөрсөн байдаг.
Хоёр. Орос хүн өөрийн ажлынхаа талаар барагтайд ам нээдэггүй. Өөр олон зүйлсийн тухай ярьж болох атал яагаад заавал ажлын тухай дэмий ярьж цаг үрэх хэрэгтэй гэж?
Гурав. Оросууд гүн бодолд автах дуртай хүмүүс. Дөнгөж хэлд орсон хүүхэд хүртэл амьдралын утга учир, зорилгын талаар бодож эхэлдэг. Жишээ нь, миний нэг найз (мэдээж орос бүсгүй) өөрийн "Facebook” хуудсандаа "миний жаахан хүү зурагтаар "Мистер Бин” гарахаар уйлах юм. Түүний хувьд "Мистер Бин” инээдэмтэй биш, харин ч өрөвдөлтэй, ганцаардмал бүтэлгүй хүн мэт харагддаг гэнэ...” гэж бичсэн байв. Тэр бяцхан хүү нас биед хүрвэл илүү ихийг илүү гүнзгий тунгаан бодох болно. Харин энэ нь гадныхны хувьд жинхэнэ "нууц” болох байх
Дөрөв. Оросууд магадгүй цеминизм, арьсны үзэл, ижил хүйстний үзлийг үүрд ойлгохгүй байж ч болох юм. Тэд Орос орныг бусдаас өөр ямар нэг агуу түүхэн соёлтой гэж ярьдаг. Тиймээс бусад орны хүмүүс оросуудыг хаалттай, мэдрэмжгүй гэх дүр зургаар тодорхойлдог.
Тав. Орост амьдрахыг хүсэж байгаа гадаад хүнийг харсан орос хүн мэл гайхдаг. Үүнд тайлбар хэрэггүй болов уу.
Зургаа. Оросууд их уяхан улс. Тэд удаан хугацаанд хадгалж байсан хуучин эд зүйлсээ олон жилийн дараа гаргаж үзээд элдэв дурсамжаа сэргээн нулимс унагах нь энүүхэнд.
Долоо. Та бүхэн оросууд инээмсэглэхдээ харам гэдгийг мэдэх байх. Харин таны мэдэх орос хүн танд хандаж инээмсэглэж байвал түүний чин сэтгэлийн илрэл гэж бодох хэрэгтэй.
Найм. Өвчтөнийг хүйтэн агаарт гарах муу гэж загнах эмч гадаа гараад тамхи татаж байхыг та зөвхөн Орост л харах боломжтой.
Ес. Эмнэлэгт, ялангуяа шүдний эмнэлэгт өвдөөгүй хирнээ зүгээр л шинжилгээ оношилгоо хийлгэх гэж ирлээ гэвэл орос эмч нарын нүд орой дээрээ гарна. Харамсалтай нь ихэнх орос хүмүүс өвчнөө эцсийн шатанд хүргэж байж эмнэлэг барааддаг
Арав. Оросын чихэр, жигнэмэг тийм ч чихэрлэг биш. Гэхдээ байхуу цайг аль болох ахиухан чихэртэй уух нь тэдний онцлог.
Арваннэг. Орос хүний илгээсэн мессеж, цахим захидалд хаалтын тэмдэг орсон эсэхийг ажиглаж байгаарай. Ингэснээр та тухайн хүний сэтгэл хөдлөлийг мэдэж болно. Жишээ нь "Төрсөн өдрийн мэнд хүргэе!)”, "Төрсөн өдрийн мэд хүргэе!)))”, "би ажилтай байна)))”, би ажилтай байна(((” эндээс ялгааг нь ойлгож байна уу? Дэлхийн бүх хүн энэ тэмдэгтийг бичдэг гэж боддог бол тийм биш ажээ. Зөвхөн оросууд л хаалтын тэмдгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг бололтой.
Арванхоёр. Оросууд их өгөөмөр улсууд. Аяллаар явахдаа бүх хамаатан садан хамт ажилладаг нөхдөдөө бэлэг цуглуулж, уушийн газарт бусдын өмнөөс түрүүлж тооцоо хийх гэж оролдох хүн бол орос хүн. Харин та орос хүний гэр эсвэл ажлын өрөөн дэх ямар нэг эд зүйлийг өөртөө таалагдаж байна гэж хэлэхээсээ өмнө дахин нэг бодож үзэх хэрэгтэй болов уу. Учир нь танд хананд өлгөөтэй зураг таалагдаж байна гэвэл эзэн тэр зургийг хананаасаа ховх татан танд бэлэглэх гэж зүтгэх бий. Орос хүмүүс бол тийм л хүмүүс
Арвангурав. Оросууд сушинд (түүхий загас) нугасгүй дуртай. Магадгүй, Орост блины, пельмений (банш) гуанзнаас илүү суши ресторан олоход хялбар байдаг.
Арвандөрөв. Оросууд маш мэдрэг хүмүүс. Хэрэлдэж зодолдохоороо гэрийнхээ хамаг аяга тавгийг хагалж, уйлалдахаараа гэрээ урсгах шахан мэлмэрүүлж, орь дуу тавина. Эр эмийн хардалтын тухайд бол бүр хөгийн юм болдог. Оросууд бол италичуудын дараа орох халуун цустай хүмүүс.
Арвантав. Оросууд баяр ёслолоор цугларч найр наадам болж наргих дуртай хүмүүс. Хуримыг гурав хоног тэмдэглэх нь ёс. Шинэ жилийн баяраар өмнөх оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шинэ оны нэгдүгээр сарын 14-ны өдөр хүртэл урт удаан баярлана. Төрсөн өдрийг долоо хоног тэмдэглэх нь энүүхэнд.
Арван зургаа. Оросууд хөгшин болсон эцэг, эхээ асрамжийн газарт өгч, үр хүүхдээ сургууль соёлоо төгсөж, нас бие хүрмэгц гэрээсээ гаргадаггүй. Ганц өрөө байранд амьдарч байсан ч хамтдаа л байхыг бодно. "Хайртай бол хутганы ирэн дээр ч хамт унтаж багтдаг” гэдэг шиг оросууд гэрийн том жижгээс илүү гэр бүлээрээ хамт байхыг бодно.
Арвандолоо. Та бүхэн мэдэхгүй байж болох ч оросууд маш элгэмсэг, дотно хүмүүс. Шинэхэн танилууд бие биенээ бага зэрэг мэддэг болохоороо (үүнд ихэвчлэн долоо хоног шаардагддаг) шууд л гэртээ урьж гэр бүлийнхэндээ танилцуулдаг.
Арваннайм. Тэд дэмий зүйлд мөнгө зарах дуртай. Тэд юм үнэтэй байх тусмаа сайн гэдэгт бат итгэдэг. Гэхдээ хямдралын үеэр бараа худалдаж авдаггүй гэж болохгүй.
Арван ес. Оросууд мухар сүсэгтэй. Өнөөдөр ч Орост гэрийн буг байдагт итгэдэг хүмүүс их байдаг. Тэд харанхуй өрөөнд хог хаяхгүй байх, муу зүйлийг зайлуулахын тулд ширээ гурав тогшиж "түй түй” гэж нулимдаг.
Хорь. Оросуудын хамгийн сайхан амралт бол далайн эргийн халуун элс. Турк, Египет, Таиланд, Доминикан, энэ дөрвөн газарт оросууд амралтаа өнгөрөөхөөр их очдог.
Хорин нэг. Дэлхийн бөмбөрцөг дээр гарч буй хачин жигтэй хэрэг явдлын талаас илүү хувь нь Орост гардаг. Цахим ертөнцөөс та хүний санаанд оромгүй дүрс бичлэг үзсэн бол түүнийг Орост хийсэн байх магадлал өндөр.
А.Цацралт