Баялаг гэж юу вэ? Маш их алт эрдэнэс, дэлхий дүүрэн агаар, хайр дурлал, эрүүл мэнд гээд хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах байх. Гэхдээ энд би ганцхан зүйлийг онцлон бичихээр шийдлээ. Танаас хэзээ ч хэн ч хулгайлж чадахгүй хамгийн үнэт баялаг бол толгой дахь мэдлэг тань билээ. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэж "гадаадынхан ” нэрлэдэг. Одоо харийнхан биднийг суусан алтан дээрээс нь түр босгож байгаад доорхи алтыг нь аваад буцаан суулгаж байна гэх болж. Эцэстээ харийнхан улам баяжиж, бид гуйлгачин хэвээр л үлдэнэ.
Гэхдээ бид оюунаараа бол хэнд ч гологдохгүй улс. Манай залуу боловсон хүчнүүд гадаадад цахиур хагалж, дэлхийн тэргүүлэх байгууллагуудад хүч түрэн цойлж байгаа тохиолдол олон. Харин бид дэлхийн хэмжээнд амжилт үзүүлж яваа нэгнээ атаархлын хорон муу үгээр л булдаг юм. Угтаа эрдэм, мэдлэгтэй залуусаа дэмжээд эх орондоо энэ хүчийг нь ашиглавал их юм өөрчлөгдөнө.
Монгол залуу алмаз эрдэнийг шохойн чулуунаас гаргаж авах аргыг нээлээ, Монгол хүн цээж бодолтын дэлхийн аварга боллоо, Монгол эмэгтэй Уahoo-д ахлах мэргэжилтэн хийж байна, Монгол залуу 21 насандаа докторын зэрэг хамгааллаа, Канадын их сургуульд Монгол залуу багшилж байна, Солонгосын сонгуульд анх удаа гадаад хүн ялсан нь Монгол эмэгтэй байлаа гэх мэт олон мэдээллүүд бий. Энэ бол Монгол залуусыг дэмжээд, хөгжих боломж бололцоог нь нээж өгвөл илүү их амжилт үзүүлнэ гэдгийг гэрчилж буй юм. Өөрөөр хэлбэл бид чадварлаг, эрдэм боловсролтой залуусынхаа гарт эх орноо даатгах цаг болсныг баталж байна.
Ганцхан аппликейшн 3,32 их наяд төгрөгөөр зарагдлаа
Дэлхий дахинд оюунлаг толгойгоо хэрхэн ашиглаж байгаагийн ганц жишээг дурдъя. Өнгөрсөн сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээн дэх ертөнцөд олныг цочирдуулсан үйл явдал болсон. Энэ бол фейсбүүк компанийг үндэслэгч Марк Цукерберг "Whatsapp” мессенжер аппликейшнийг 19 тэрбум америк доллараар худалдан авах санал гаргасан талаарх мэдээлэл байсан юм. Өөрөөр хэлбэл 3,32 их наяд төгрөгөөр ганцхан аппликейшн худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн үг. Эндээс үнэхээр "үнэтэй” баялаг нь алт эрдэнэс үү, мэдлэгтэй боловсон хүчин үү гэдгийг төвөггүй харж болно. Монголчууд газар доорхи баялагаа бусдаар ухуулж, "хэлтэй амтай, хэрүүл тэмцэлтэй, олны хараал идэн байж” жилд 1,5 их наяд төгрөг гарган авахаар болсон. Гэхдээ түүнийгээ бүрэн ч авч чадахгүй байгааг энд дурдах нь илүүц биз.
Дээрхи 2 үйл явдлаас энгийн нэг харьцуулалт хийе. Монгол улс Оюутолгойн төслийг батлах гэж 5 жил бусдыг царайчилсан байхад Whatsapp аппликейшнийг худалдан авах хэлэлцээр ердөө ганцхан минут үргэлжилсэн. Бүр цаашлаад нийт 19 тэрбум америк долларынхаа 4 тэрбумыг шууд бэлнээр нь өгсөн. Зүгээр нэг, Украин хоёр нөхрийн бүтээсэн аппликейшн бүхэл бүтэн улсын хэмжээний томоохон ордыг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр үнэлэгдлээ.
Алсын хараа, ирээдүйгээ бодсон бодлого гэдэг улсын хэмжээнд мөн томоохон байгууллагын хувьд хэрхэн хэрэгждэгийн бодит жишээ.
Энэ бүхнээс харахад бид залуусаа дэмжиж, тэднийг бид газрын хэвлийн баялагтай шүү гээд зүгээр суулгах ухаанд сургамааргүй байгаа юм.
Магадгүй гадаадад байгаа чадвартай боловсон хүчнүүдээ эх орондоо ажиллуулах хэрэгтэй. Хэдийгээр харийн орон ч гэлээ Монгол залуус тэнд илүү сайхан амьдрах боломжтой, хүнийг хүн гэж үздэг, шударга хөдөлмөрийг дэмждэг, бусдын оюуны чадварыг өндрөөр үнэлдэг чаддаг учраас эх орон руугаа зүглэхгүй байгаа юм.
Бид энэ их оюуны баялагаа харийн улсад ажиллуулж, тэд гадаад хүмүүст мэддэг чаддагаа заасаар л байна.Үүний оронд эх оронд нь авч ирээд тэр улс оронд нь ажиллаж авдаг цалинг нь өгч, хойч үеийг нь бэлдүүлж яагаад болохгүй гэж...
Хүнээ баялаг гэж харж чадсан улс л баяждаг, бас хөгждөг. Харин манай орон шиг газрын доорх алт эрдэнэс, зэс, нүүрсээ л баялаг гэж хараад байвал урагш алхахгүй гэдгийг улиран өнгөрч буй цаг хугацаа ч нотолж байна.
Эрхэм эрх баригчдаа, шийдвэр гаргагчдаа та бүхний баялаг гэж тооцоолж байгаа зүйл нэг л өдөр дуусна. Хүндээ хөрөнгө оруулаад, дэмжээд өгчихвөл оюуны бяд сайтай гэгддэг цөөхөн Монголчууд бид ядуу тарчиг, өнөө маргаашаа л залгуулсан байдлаар амьдрахгүй л юмсан даа.
Ц.Ариунаа