Эрдэнэс таван толгой төслийн хэлэлцээний эцсийн шат эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тодорхой шаардлагыг тавиад байгаа юм. Хөрөнгө оруулагчдын талаас тодорхой асуудлуудад яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд таван толгойн уг хэлэлцээ амжилттай болсон учир талууд гэрээнд гарын үсэг зурах түвшинд хүрч чадсан гэж үзэж байна.
Энэ дашрамд сонирхуулахад, Тавантолгойн хэлэлцээр гурав дахь шатандаа хүрээд, зарим нэг хүндрэл, бэрхшээлтэй асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан. Тавантолгой компани өмнө нь Чалко компанитай гэрээ байгуулж байсантай холбогдуулж тодруулах зүйл гарсан учраас ийнхүү завсарлага авсан. Монголын талаас хоёр жилийн хугацаанд төмөр зам барьж, дуусгах, жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий угаах үйлдвэр ашиглалтад оруулах, жил бүр 30 сая тонн угаасан нүүрс экспортлох, Монголын компаниудтай, монголын ханган нийлүүлэгч компаниудтай хамтрахыг шаардсан.
Мөн компанийн болон улсын роялти төлбөр төлнө.Татварын урьдчилгаа 300-500 сая ам.долларын төлбөр төлнө. Эрдэнэс тавантолгойн "Чалко”-д төлөх өрийг төлөхөд оролцох гэсэн долоон шаардлага тавьсан бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс дээр дурдсан шаардлагыг хүлээж авахаа илэрхийлсэн.
Харин үүнийг Хятадын тал хүлээн авах уу, үгүй юу гэдэг нь асуулт хэвээр байв. Ямартай ч Монголын эдийн засгийг аврах гарц болсон Тавантолгойн асуудлаар талууд хэлэлцээрийн ширээний ард сууж хэлэлцэж байгаа нь хамгаас чухал юм.
Д.Өлзий
МОНЦАМЭ