Уул уурхайн сайд Р.Жигжид өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад хоёр хуулийн төсөл өргөн барилаа. Хоёр тусад нь барьсан ч гол агуулга нь нэг гэж хэлж болохоор хуулийн төслүүд. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол өөрчлөлт нь стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулахаар боловсруулжээ. Харин Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолыг өргөн барьсан. Үүнд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 20 хувь байхаар тооцсон талаар Уул уурхайн сайд Р.Жигжид онцолж байгаа юм.
Гацууртын ордыг хэдхэн хоногийн өмнө стратегийн ордод хамааруулах УИХ шийдвэр гарсан билээ. Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон байдаг. Үүнд, төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол ордын 51 хүртэл хувийг нь эзэмшинэ. Харин хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг эзэмшихээр заасан байдаг. Гацууртын ордын хайгуул судалгааны ажлыг "Сэнтра гоулд” компани хөрөнгө гаргаж хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Энэ үүднээс Гацууртын ордод төр 34 хүртэл хувийг эзэмших эрхтэй юм. Харин Уул уурхайн яамнаас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь эсвэл, төр хувь эзэмшихгүйгээр тав хүртэл хувийн роялтигийн татвар авах хувилбарыг дэвшүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдаснаар Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших үү, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний татвар аваад явах уу гэдэг сонголт нээлттэй болох юм байна. Мөн Ашигтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь ганцхан Гацууртын ордод ч хамаарахгүй. Гацууртаас гадна стратегийн 15 ордод хамаарна. Хэрвээ энэ хуулийг төслөөр нь баталбал стратегийн ордод төр эзэмшиж байгаа өөрийн хувь хэмжээгээ хөрөнгө оруулагч талд шилжүүлж оронд нь төлбөр авах боломжтой болно гэсэн үг. Жишээ нь, төр Оюутолгойн 34 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлж, харин Оюутолгойн нийт орлогоос ашгийн татвар авах боломж бүрдэх юм байна. Үүнтэй нэгэн адилаар Тавантолгойн 51 хувийн эзэмшлээ төр хөрөнгө оруулагч талд шилжүүлж, ашгийн татвар авах бололцоотой гэсэн үг.
Стратегийн ордод төр хувь эзэмшихгүй, төлбөр авах нь хэр боломжтой, мөн ашигтай хувилбар болох талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонссоноо хүргэж байна.
Эдийн засагч, Сангийн сайд асан Д.Даваасамбуу:
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХ
-Мөнгөн талаас нь бодвол төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд буруу зүйл байхгүй. Орд эзэмшиж байгаа хуулийн этгээдэд хяналт тавих, удирлагад нь оролцож хамтарч ажиллах тал дээр асуудал гарч магадгүй. Хувиа шилжүүлж, таван хувийн ролятигийн татвар авах уу, хувиа эзэмшээд явах уу гэдгийн алийг нь сонгох уу гэдэг асуудлыг ярьж байна л даа. Ер нь өндөр ач холбогдолтой стратегийн орд дээр төр багахан ч гэсэн хувьцаатай байх нь зүйтэй. Гэхдээ манайхан чинь хувь эзэмшиж байна гээд өрөнд орчих гээд байна. Тиймээс хувиа шилжүүлэхдээ нийт борлуулалтын орлогоос роялти авах учраас ашигтай байж мэднэ. Гэхдээ энэ саналыг хөрөнгө оруулагч, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тал зөвшөөрөхгүй л болов уу. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй. Төр өөрийн хувь хэмжээгээ шилжүүлсэн ч олон улсын практикаар стратегийн ордын 10 хүртэл хувийг төр үнэгүй авах эрхтэй байдаг зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа:
ЭНЭ ТӨСӨЛ ОЮУТОЛГОЙД ХАМААРАХГҮЙ
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар стратегийн бүх ордын төрийн хувь хэмжээнд өөрчлөлт орох юм уу. Жишээ нь, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орох уу?
-Энэ хууль ирээдүйд, хэлэлцэж эхэлж байгаа стратегийн ордуудад л хамаарах болов уу. Түүнээс биш шийдвэр нь гарсан ордууд дээр хууль буцаж үйлчлэхгүй. Тиймээс Оюутолгойд хамаарахгүй гэж харж байгаа. Хэрвээ өөрчлөхөөр бол хөрөнгө оруулагч талтайгаа тохиролцож л шийдэх асуудал. Ер нь төрийн хувь хэмжээг шилжүүлэх нь тийм эрүүл тогтолцоо биш. Зөв ч гэж бодохгүй байна. Учир нь, Монголд стратегийн ач холбогдол бүхий ордуудтай холбоотой асуудал бол манай зовлон, манай л эрх ашгийн асуудал шүү дээ.
-Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгарсан байгаа. Тавантолгойн 51 хувийг үндэсний компани эзэмшихээр заасан байгаа. Үүнд бас өөрчлөлт орох юм биш үү?
-Энэ асуудлыг Тавантолгойтой холбож болохгүй. Тавантолгой тусгай зөвшөөрлийг төр өөрөө хадгалж, 100 хувь эзэмшиж байсан одоо хөрөнгө оруулагч шалгарч, хөрөнгө оруулалтын 51 хувийг үндэсний компани эзэмших консорциум сонгогдсон. Тэгэхээр төр менежментийн эрхээ консорциумд шилжүүлж олборлох ажлыг эхлүүлэх гэрээ хэлэлцээ үргэлжилж байна. Одоо бол бүх эрх төрд байгаа.
Уул уурхайн инсититуцийн захирал Д.Дамба:
ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ
-Төр хувь эзэмших нь ашигтай байх уу, ашиггүй байх уу гэдэг асуудлыг ярьж байна. Энэ нөхцөлд төрийн хувь хэмжээг шилжүүлэх нь тийм ч буруу зүйл биш. Хувь хэмжээгээ шилжүүлж нөөц ашигласны төлбөрөө аваад явбал тухай орд нь ашигтай ч байсан, ашиггүй ч байсан гаргасан бүтээгдэхүүний нь тоо хэмжээнээс хамааран татвараа авах боломжтой болж байна. Энэ нь төрд ашигтай. Тухайн орд эзэмшиж буй компани ашиггүй ажиллаж эхэлбэл ногдол ашиг өгөхгүй. Тэгтэл төрийн эзэмшлийни хувь хэмжээг татвар болгоод шилжүүлчихээр ашигтай, ашиггүй байсан ч байнга тодорхой хэмжээний мөнгөн татвар авна гэсэн үг.
-Төр стратегийн ач холбогдол бүхий ордод хувь эзэмшихгүй байх нь гаднынханд хамаг баялгаа өглөө, эзэмшүүллээ гэдэг талаас нь харвал эрсдэлтэй биш үү?
-Ер нь төр компанийн үйл ажиллагаа буюу менежментэд оролцох шаардлагагүй. Төр 34 хувь эзэмшинэ гэдэг нь ашгийн 34 хувийг л авна гэсэн үг шүү дээ. Тэгтэл тухайн хувь эзэмшиж байгаа компани нь ашиггүй ажиллавал яах вэ. 34 хувь үгүй, алдагдал, өрөнд орж байна. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр ашигтай ч, ашиггүй ч байсан төрд тодорхой хэмжээний орлого орох нөхцөл бүрдэхээр харагдаж байна. Энэ талаас нь харвал төрд л ашигтай гэж хэлмээр байна.
Уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандорж:
ЗАРИМ ОРД ДЭЭР АШИГГҮЙ ХУВИЛБАР
-Стратегийн ач холбогдолтой орд газар эзэмшиж байгаа аль ч аж ахуйн нэгжид хамаатай асуудал. Тусгай роялти төлье, хувьцааны талаар хэлэлцээр хийе гэдэг асуудал нээлттэй л болох нь гэж харж байна. Төр стратегийн ордод хувь эзэмших нэг талаараа ашиггүй гэдгийг өнгөрсөн жилүүдэд харлаа. Учир нь, төр хувь хэмжээ эзэмшихдээ түүнтэйгээ дүйцэх хөрөнгө оруулалт, зардал гаргах шаардлагатай болдог. Төр өөрөөр бэлэн хөрөнгөгүй учраас өндөр хүүтэй зээл авч өгч байгаа учраас санхүүгийн хүндрэлд орж байна. Тиймээс хувь эзэмшихээс илүү роляти төлбөр авах нь зөв тогтолцоо л доо. Гэхдээ роляти авах хувь хэмжээг л зөв тооцох хэрэгтэй.
Төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлвэл тусгай нөөц ашигласны төлбөр нь таваас дээшгүй байна заасан байна лээ. Яг хэд байх вэ гэдэг нарийн тооллыг хөрөнгө оруулагч, төрийн байгууллага хоёр тохиролцоно заалт байгаа. Тэгэхээр энэ таван хувь гэдэг орд газрын онцлогоос хамаарах болов уу. Нүүрс, алт, зэсийн ордны нөөц ашигласны төлбөр харилцан адилгүй байгаа. Тиймээс стратегийн орд дээр нөөц ашигласны тусгай төлбөрийг тогтоохын тулд тухайн орд газрын үнэ цэнийг тогтооно. Тиймээс тав гэдэг тоо нь хэр үндэслэлтэй гэдгийг салбарын яам нь тодорхойлж тайлбарлах хэрэгтэй. Зарим аж ахуйн нэгжүүдэд төрөөс татварын хөнгөлөлт чөлөөлөлт урт хугацаагаар олгосон. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр дээр 5+12 хувийн татварын чөлөөлөлт, алтны татвар 2.5 болсон. Тиймээс татварын хөнгөлөлт үзүүлсэн зарим орд дээр таван хувийн роялтийн төлбөр авбал ашиггүй болж хувирна.