-Эх орны хишиг нэртэй 1072 хувьцаа байхгүй гэх юм. Учир нь иргэн өөрийн нэрийн дансаа шалгахаар гарч ирэхгүй байна гэж байна?
-1072 хувьцаа иргэдийн нэрийн дансанд бий. Түүнээс гадна үндэсний аж ахуйн нэгж болох хэдэн компани хувьцаагаа эзэмшиж байгаа. Үнэн хэрэгтээ хувьцааны үнэлгээ болон бүртгэл, албажуулах ажлыг гүйцэтгэж амжаагүй байна. Энэ талаар нэлээд хэмжээний судалгааны ажил хийж үзсэн. Цаашид ямар хэлбэрээр эзэмшүүлэх вэ гэдгийг судалж байна. IPO хийхээс өмнө шийдвэрлэх ёстой учраас төдийлөн яарахгүй байгаа юм. Учир нь дэлхийд нүүрсний салбар уналтын байдалтай байгаатай холбоотой.
-Тэгвэл IРО-Г хэзээ хийх вэ?
-Бидэнд тодорхой цаг хугацаа бий. Бэлтгэл ажлаа хийж байна. Үүнээс өмнө хувьцааны асуудлыг нэг тийш болгож шийдвэрлэнэ. Тиймээс цаг ашиглан бэлтгэл ажлаа нухацтай хийж байгаа. Харин стратегийн хөрөнгө оруулагчтай болсноор IPO хийх асуудал хүндрэлтэй болно. Тиймээс Засгийн газраас холбогдох шийд гарахыг хүлээж байна.
-Ямартай ч хатуу болзол, шаардлагыг хүлээн зөвшоөрсөн хөрөнгө оруулагчтай боллоо. Гэтэл зургаан жил хийж чадаагүй ажлыг богино хугацаанд хийх боломж бий юу?
-Ер нь маш амархан асуудал. Гагцхүү хувьцааныхаа үнийг дахиж харах шаардлага зайлшгүй гарч байна. Яагаад гэвэл 2012 оны сонгуулиас өмнө нэгж хувьцааг 933 төгрөгөөр тогтсон нь улстөржсөн үнэ гэж харж байгаа юм. Тэгэхээр зах зээлийн бодит байдалд нийцүүлэх үү, энэ хэвээр үргэлжлүүлэх үү гэдгийг ярилцаж байна. Хэрэв улстөрийн шийдвэр гарчихвал бүртгэлийг богино хугацаанд хийх бүрэн боломж бий.
-Тэгвэл хувьцаагаа төрд зарж нэг сая төгрөг авах гэсэн боловч чадаагүй хүмүүс бий. Эдгээр хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хэрэв хувьцаагаа эргүүлж авъя гэвэл боломж бий юу?
-Энэ талаар ойрын үед Засгийн газрын шийдвэр гарна. Энэ асуудал хэлэлцэгдэж байгаа учраас урьдчилж хэлэх боломжгүй. Ер нь хувьцааны талаарх асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр ажиллаж байгааг дуулгая.
-Танай компани Чалкогоос гадна хэд хэдэн банкинд өртэй гэж сонссон?
-Үндсэн өр болох 130 сая ам.доллар бий. Түүнээс гадна Хөгжлийн банкинд 200 сая ам.долларын өр бий. Арилжааны банкуудад тодорхой хэмжээний өртэй байгаа ч төлөлтөө хэвийн хийгээд явж байна. Банкуудад төлөх өр эрс багассан. Ойрын хугацаанд төлөөд дуусгачихна. Хэдийгээр нүүрсний зах зээл хэцүү байгаа ч манай компани ямар нэг асуудалгүйгээр зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа.
Д.Оюунчимэг