Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Виртген группын SM-2200 маркийн нүүрс ангилан-олборлох комбайныг Шивээ-Овоогийн уурхайн талбарт Монголд анх удаа туршилтаар ажиллуулах юм. Туршилтын олборлолтыг уурхайн 2-р амны ашиглалтын нөхцөл нэн хүнд, нүүрсний давхарга нь олон салаалсны улмаас чанарт сөргөөр нөлөөлдөг, ашиглалтын зардал өндөртэй хэсэг явуулах аж.
Шивээ-Овоо компанийн хүсэлтийн дагуу "Жи
Эм Си" групп, Виртген группын мэргэжлийн инженерүүдийн баг уурхайн
нүүрс, хөрсний чулуулгаас дээж авч, олборлолтын нөхцөл байдал,
үйлдвэрлэлийн зардалд нарийвчилсан судалгаа хийсэн байна.
Шивээ-Овоогийн уурхайн захирлын зөвлөлийн хурлаар уг судалгааны тайланг
хэлэлцэж, нүүрс, хөрсийг ангилан-олборлох Виртген технологи нь тус
уурхайд тохиромжтой болохыг дүгнэж, уурхайн зүгээс санхүүгийн болон
технологийн ямар нэгэн эрсдэлгүй байх нөхцлөөр түршилтын олборлолт хийх
гэрээг ийнхүү үзэглэжээ.
Туршилт үр дүнтэй болвол уурхайн
өрөмдлөг, тэсэлгээний болон бутлуурын цехийн зардал хэмнэгдэж, нүүрсний
чанар илчлэг нь дээшлэх боломжтой аж. Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний
үнэ хэт доогуур байдгаас ихээхэн алдагдалтай ажилладаг бөгөөд өнгөрсөн
онд гэхэд л 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Цаашдаа уурхай
гүнзгийрч хөрс хуулалт нь нэмэгдэх тул нүүрс олборлолтын зардал нь улам
өсөх юм байна. Уурхайн шинэ удирдлагын баг нүүрсний үнийг нэмэх механик
арга хэрэглэхээсээ илүүтэйгээр үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх, олборлолтын
шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх,
менежментийн арга барилаа өөрчилж үр ашигтай ажиллах чиглэлээр ихээхэн
анхаарал хандуулж байгаагаа "Coal Mongolia-2014” чуулганы үеэр
мэдэгдлээ. Виртген брэндийн комбайнаар нүүрс ангилан олборлох туршилтын
үйлдвэрлэл Шивээ-Овоогийн уурхайд амжилттай хэрэгжвэл уурхайн үр ашигтай
олборлох нүүрсний нөөц үлэмж хэмжээгээр нэмэгдэхийн зэрэгцээ техник,
технологийн дэвшлийг төрийн өмчит уурхайнуудад нэвтрүүлж, зардал хэмнэх
жишиг тогтох давуу талтай юм байна. Ингэснээр төвийн эрчим хүчний
системийг чанар сайтай, хямд өртөгтэй нүүрсээр хангаж хэрэглэгчидэд
хүрэх дулаан, цахилгааны эрчим хүчний үнийг тоггвортой байлгахад үр
өгөөжөө өгөх аж.
Б.Заяа
montsame