2013 оны долдугаар сард дэлхийн эрчим хүчний стратегийг үндсэндээ өөрчилж чадсан занарын хувьсгалыг түүний "эцэг” АНУ-д төрийн хүчтэй дэмжлэг, тэтгэлгээр хэрхэн хийсэн, бусад орнууд амжиж хувьсгалаас хувиа хүртэх, эрчим хүчний бие даасан байдлаа бататгахын төлөө хийж буй өрсөлдөөн, бодлогын шийдэмгий арга хэмжээний тухай тайлбарласан билээ. Аливаа хувьсгал нөхцөл нь бүрдсэн оронд гардаг гэсэн онолын дагуу шатахууны хараат байдлаасаа ангижрах түлхүүр болсон занарыг эргэлтэд оруулах нөхцөлийг манай оронд хэрхэн бүрдүүлэх талаарх эргэцүүлгийг толилуулья.
ТӨРИЙН БОДЛОГО, ЭРХЗҮЙН ОРЧИН
2012 онд Их Британы занарын салбарт гадаадынхан дөрвөн тэрбум фунт стерлинг оруулж, 70 мянган ажлын байр бий болгосон бол 2008-2012 онд АНУ-ын уг салбарт 133.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ тооны цаана "АНУ-ын тогтвортой зах зээл, эрүүл эрх зүйн орчин, төрийн үл оролцоо байгаа" гэж Эрчим хүчний мэдээллийн захиргаа (EIA) үзэж байна. Тэгэхлээр, бид бүх бензин, түлшээ импортлодог, урд агуу том зах зээл байна гэх мэтээр аль ч өнцөгөөс харсан манайд занараасаа нэрсэн түлшний зах зээл байна. Харин занар боловсруулах ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин дутмаг бөгөөд орчин үеийн технологийн онцлогийг харгалзааг үй байна.
Жишээлбэл, занарын гүний боловсруулалтын үеэр тухайн газрын гадарга дээр өөр байгууллага, хүмүүс аливаа ажил эрхэлж болдог тул их хэмжээний газрыг олборлогч компанид гэрээгээр эзэмшүүлэх шаардлагагүй байдаг. Занарын гүний боловсруулалтын үед ордод хамааралтай талбай нь том байхад ашиглалтын барилга байгууламж, дамжуулах хоолойн зориулалтаар авсан талбайн хэмжээ бага байх жишээтэй. Иймээс хайгуул, ашиглалтын талбай нь өөр ашигт малтмалын ашиглалтын талбай, бусад салбарын үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж, эзэмшиж буй талбайтай давхцаж болдог зохицуулалт шаардлагатай байна. Үүнээс үдээд манай хууль тогтоомжид нэг хэсэг газрын гадаргуу болон гүнд хамаарах тус тусдаа тусгай зөвшөөрлийг давхардуулан олгож болох боломжийг нээх хэрэгтэй. Сонирхолтой нь гадаад орнуудад аль болохоор төрийн үл оролцоог хуульчлан хэрэгжүүлэх бодлогыг баримтладаг бол манайх эсрэгээр төрийн оролцоогоо хуульчилдаг. Гадаад оронд олборлогч компани нь эсвэл бүтээгдэхүүн хуваах гэрээгээр, эсвэл татвар, нөөц ашигласны төлбөрөө төлөх зарчмын дагуу ажилладаг. Монголд ч энэ хоёр зарчмын алийг нь баримтлах вэ гэдгийг нягтлан тооцоолж, тогтоох шаардлагатай.
ИХ МӨНГӨНИЙ АСУУДАЛ
Аль ч оронд ашигт малтмалын эрэл, судалгааны үе шатанд жижиг буюу дунд хэмжээний компаниуд бор зүрхээрээ эрсдлээ үүрч хайгуулаа хийдэг, харин том компаниуд нь нээсэн бэлэн ордыг нь тэдгээрээс худалдаж авах маягаар ажилладаг жамтай. АНУ-д ч 1980-2000 онд эрчим хүчний ЖДҮ-д занарын гүний боловсруулалтын олон янзын технологи туршиж, боловсронгуй болгох гэж хөрөнгөө зарцуулж, онож алдаж ирсэн бол Exxon, Chevron, Devon, Shell зэрэг "аваргууд” саяхнаас л энэ салбар руу хошуурч, ингэхдээ АНУ, ОХУ, Хятад, Аргентин, Индонези зэрэг томоохон орныг илүүтэй сонирхож байна. Угтаа ч эдгээр "аваргууд” дэлхийн том банкуудтай ажилладаг, олон мянган хувьцаа эзэмшигчтэй, улс орных нь төсөв нь тэдгээрээс хараат учраас эрсдэлд оруулахгүйн үүднээс тэд шинэ салбарт эсвэл эрсдэлтэй оронд ажиллахаар яарахгүй. Энэ өнцгөөс харвал Монгол бол гадаадын гэлтгүй дотоодын компаниудад ч чөлөөтэй ажиллах, тогтвортой хөрөнгө оруулахад эрсдэлтэй орон юм. Нөгөөтэйгүүр, Монгол нь занарын нөөцөөрөө дэлхий эхний 20-30 орны жагсаалтанд ордоггүй. Тэгэхлээр занарын салбарыг дагаад манайд их мөнгө шууд ороод ирнэ гэсэн найдлага огт үгүй. Иймээс өөрийн хөрөнгөөр, бор зүрхээрээ Монголд занарын судалгаа хийж, боловсруулах техник, технологийг импортлох компаниудаа дэмжих байж бид өөрсдийн нефть, бензины үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ.
ХҮНИЙ НӨӨЦ
Занарын олборлох, боловсруулах технологийн мэргэжилтнүүд Монголд огт үгүй гэхэд ортой. Гүний боловсруулалтын технологийг сүүлийн 10-15 жил өргөнөөр хэрэглэх болсон Америкаас өөр аль ч оронд энэ аргыг дээд сургуульд гүнзгийрүүлж заадаггүй. Харин ч дэлхийн хамгийн их занарын нөөцтэй хятадуудаас авхуулаад олон орныхон боловсролын сангууд, их сургуулиудын хооронд байгуулсан гэрээгээр энэ чиглэлээр залуу боловсон хүчнээ Америкт үе шаттайгаар бэлдэж байна.
Америкт ч энэ салбарт мэргэжилтнүүдийн хэрэгцээ их (схем), ажиллагсдын дундаж цалин нүүрсний салбарын цалингаас хавьгүй өндөр ч уламжлалт газрын тосны салбарын дундаж цалингаас илүүгүй. Манай боловсролын төрийн сангийн зардлаар гадаадад улс төр, менежмент гэхээсээ илүү занарын үйлдвэрийн технологич, инженерүүдийг бэлтгэх, мөн өөрийн хөрөнгөөрөө эдгээр чиглэлээр мэргэжилтнүүдээ сургаж буй дотоодын компаниудад тэтгэлэгт зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр нь татварын урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг зарчмыг нэн даруй хэрэгжүүлж эхлэх шаардлагатай.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АСУУДАЛ
Занарын гүний боловсруулалтын арга нь шинэ технологи бөгөөд одоогоор зөвхөн Америкт сүүлийн 10 жилд иж бүрнээр ашиглаж байна. Иймд энэ үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг ажигласан, хэмжсэн удаан жилийн судалгаа алга. Байгаль орчныг хамгаалах бүлгүүд гүний боловсруулалтын явцад гүний ундны ус ихээхэн бохирддог, нүүрстөрөгчийг ихээр ялгаруулдаг гэсэн хоёр гол үндэслэлийг гаргадаг. Харин АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн захиргааны тооцоо, мэдээллийг харахад Америкт занарын гүний боловсруулалт эрчимтэй хөгжиж, хувьсгал хийж буй сүүлийн жилүүдэд харин ч тус орны үйлдвэрүүдийн нүүртөрөгчийн хийн ялгаруулалт нэлээдгүй буурсан аж (схем).
Харин
Пенсилвания мужийн занарын ордыг түшиглэсэн гүний үйлдвэр дээр хийсэн
судалгаагаар энэх үү арга нь ундны усад нөлөөлд өггүйг нотолж байна гэж
АНУ-ын Эрчим хүчний яамнаас 2013 оны долдугаар сард Ассосиэйтэд Пресс
агентлагаар дамжуулан мэдээлжээ. Ийм дүгнэлтийг Эрчим хүчний технологийн
үндэсний лаборатори нэг жилийн турш ажиглалт, хэмжилт хийсний үндсэн
дээр гаргасан аж. Тэд ундны ус 150 метрээс доошгүй гүнд байдаг бол тус
үйлдвэрийн гүний бутлалт 1800 метрээс дээшгүй гүнд явагддаг. Тиймээс
ундны ус найдвартай хамгаалагдсан гэж тайлбарлажээ. Харин Монголын
Өрмийн инженерүүдийн холбооны мэргэжилтнүүд манай оронд ундны ус 100-500
метрийн үед хуримтлагддаг гэж таамаглаж, үүнээс доош гүнд байгаа ус нь
унданд хэрэглэх боломжгүй найрлагатай гэж үзэж байна.
Ц.ТҮМЭНЧУЛУУН Судлаач