Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Отгочулуу: Рио Тинто дэлхийн аварга компани, том компани том л байдаг юм байна

Ч.Отгочулуу: Рио Тинто дэлхийн аварга компани, том компани том л байдаг юм байна -Хөрөнгө оруулагч болон Засгийн газар одоо нэг завин дээр суучихсан байна. Бид унасан ч  боссон ч хамтдаа гэсэн үг-

Шинэ долоо хоногийн эхэнд уншигч Та бүхнийг Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хуучнаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, төрийн залуу түшээдийн нэг Ч.Отгочулуутай уулзуулж байна.

-Уул уурхайн яам Эрчим хүчний яамтай нэгдэх шийдвэр гарчихлаа. Танай яам хөл хөдөлгөөнтэй байна уу?
-Хөдөлгөөнтэй л байна.

34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд бид төсөв гэх мэт томоохон асуудлууд дээр хатуу хяналт тавин, Засгийн газар болон улсынхаа эрх ашгийг хамгаалж ажилладаг.

-Та Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга байсан. Энэ албаа үргэлжлүүлэн хаших уу?
-Одоогоор эцэслэн шийдэгдээгүй л байна.

-Та "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад жилийн хугацаа өнгөрлөө. Оюутолгойн гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн хооронд саналын зөрүүтэй асуудлууд байдаг уу?
-Оюутолгой компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. 2009 онд үзэглэсэн гэрээний дагуу Оюутолгойн үйлдвэрийн менежментийг Рио Тинто групп хэрэгжүүлдэг. Иймд гүйцэтгэх удирдлага бүхэлдээ хөрөнгө оруулагч талаас хамаардаг гэж болно. Гэхдээ энэ нь бидний эрх ашиг хөсөрдсөн гэсэн үг биш. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд бид төсөв гэх мэт томоохон асуудлууд дээр хатуу хяналт тавин, Засгийн газар болон улсынхаа эрх ашгийг хамгаалж ажилладаг. Ер нь бол менежмент бүхэлдээ хөрөнгө оруулагчийн талд байгаа учир саналын зөрүүтэй асуудлууд мэдээж гарна. Ажиллагсдын ая тух, орон сууцны байдал, хот төлөвлөлт, Монгол Улсын хууль тогтоомжийг хэрхэн ойлгож, биелүүлэх зэрэг дээр санал зөрөлдөх үе олон бий. Гэхдээ бид нэг зорилготой. Хөрөнгө оруулагч болон Засгийн газар одоо нэг завин дээр суучихсан байна. Бид унасан ч  боссон ч хамтдаа гэсэн үг. Тэгэхээр аль болох ойлголцлын зөрүүг арилгах, Оюутолгойг олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай компани болгохын төлөө л ажиллаж байна.

-Тэгвэл та гүйцэтгэх багтаа ямар дүн тавих вэ?
-"Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг "Туркуаз Хилл” эзэмшдэг. Энэ компаний 50.5 хувийг Рио Тинто аваад хоёр, гурван жил болж байна. Сүүлийн хоёр, гурван жилд миний мэдэхийн гүйцэтгэх захирал нь гурван удаа солигдсон. Миний мэдэх гурав дахь гүйцэтгэх захирал маань өнгөрсөн долоо хоногт ирлээ.

Анхных нь Камерон Макрэй гэж мундаг зохион байгуулагч хүн  байсан. Дэлхийд томд орох үйлдвэрийг хоёр жилийн дотор барьж чадсан. Тоног төхөөрөмжүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан. Дэд бүтэц муутай манай говьд Хятад, Герман, АНУ, Канад гэх мэт дэлхийн үйлдвэржсэн орнуудаас авчирсан тоног төхөөрөмжүүдийг ашиглан, олон мянган хүн ажиллуулж, үйлдвэрээ барьсаныг инженерийн болон логистикийн талаасаа гайхамшигтай гүйцэтгэл болсон гэж хардаг. Мянга сонсохоор нэг үз гэдэгдээ. Очоод үзэх л хэрэгтэй.

Бид төсвийн хөрөнгөөр сургууль барих гээд хэдийг төсөвлөдөг билээ, яг барихдаа хэдээр барьдаг билээ. Зах зээлийн нийгэмд юм бүр цагаар өөрчлөгдөж байдаг. Яг л үүнтэй адил ТЭЗҮ-д  хэлбэлзэл байж болно.

Дараагийн буюу миний мэдэх хоёр дахь Киннел гүйцэтгэх захирал  маань үйлдвэрийг ашиглалтад оруулах, үйл ажиллагааг зүгшрүүлэх, борлуулалт, маркетингийг жигдрүүлэх зэргийг амжилттай хэрэгжүүлсэн. Оюутолгойн бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулахад их сайн ажиллалаа. Гэхдээ үйлдвэр жигдрээд жил ч болоогүй байна. Энд тэндээс авчирсан тоног төхөөрөмжүүд дээр ажиллахад хүндрэл үүсдэг юм байна. Мөн энэ жил хоёр томоохон техникийн саатал гарлаа. Цагаан сарын дараа хоёр шугамны нэг нь түр зогссон бол саяхан бас нэг нь зогслоо. Засваруудыг хийсэн ч үйлдвэрлэл, олборлолтод сөргөөр нөлөөллөө. Гэхдээ Оюутолгой  аюулгүй ажиллагааны хувьд Монголд төдийгүй бүс нутагтаа үлгэр жишээ компани боллоо.

-Өнгөрсөн хугацаанд ажлын байран дээрээ гэмтэж бэртсэн хүн нэг ч байхгүй гэсэн үг үү?
-Үйлдвэр ашиглалтанд орсноос хойш осол зөрчлүүд гарсан ч томоохон хэмжээний ноцтой гэмээр осол гараагүй. Оюутолгойд аюулгүй ажиллагааны соёл хэдийнэ тогтсон.

-Хоёр удаагийн саатлыг тодруулахгүй юу?
-Сая нэг шугамын өтгөрүүлэгч, өмнө нь нэг шугамынх нь дамнуургад гэмтэл гарсан.

-Гүйцэтгэх удирдлага ойр ойрхон солигдсон шалтгаан юу вэ? Энэ баг хэдий чинээ тогтвортой ажиллана, төдийчинээ амжилттай ажиллана биз дээ?
-Эхний гүйцэтгэх захирал Мак Рэй солигдсон шалтгааныг би хувьдаа Оюутолгой үйлдвэр маань нэг үе шатаас нөгөө үе шаттай шилжсэнтэй холбож ойлгодог. Төслийн эхний үе шат нь барилга байгууламж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил байсан. Энэ үед олон мянган хүнийг ажиллуулан, барьж бүтээх ажлыг хийсэн. Дараагийн захирал маань үйлдвэрлэлийн горимд шилжүүлэх нь ажилчдаа техник хэрэгслүүдэд нь зүгшрүүлэх ажлыг хийсэн. Мөн өмнө хэлсэнчлэн маркетинг, борлуулалтын хувьд чухал алхамуудыг хийсэн. Гэвч энэ захирлын маань ар гэрт харамсалтай хэрэг тохиолдсон учраас буцлаа. Хүндэтгэн үзэх хувийн шалтгаан бий.

-Шинэ удирдлагыг танилцуулахгүй юу?
-Инженер мэргэжилтэй, дэлхийн олон оронд энэ салбарт ажилласан туршлагатай хүн  бий. Эндрью Вүдлэй 2014 оны 10 дугаар сараас ажиллаж байна. Рио Тинтод 19 жил ажилласан туршлагатай, уул уурхайн олборлолт, баяжуулах болон хайлуулах үйлдвэрүүдэд удирдлагын болон арилжаа эрхэлсэн алба хашиж байсан юм билээ. Оюу толгойд орохоос өмнө Рио Тинтогийн Мозамбик дахь нүүрсний уурхайн захирал, Мозамбик улс дахь Рио Тинтогийн суурин төлөөлөгчийн албыг хашиж байсан.    

-Оюутолгойн  ТЭЗҮ-г баахан ярьлаа. ТЭЗҮ олон улсын стандарын дагуу хийгдсэн үү. Манай улсын хууль тогтоомж, тавьж байгаа шаардлагад бүрэн нийцсэн үү?
-Ямар ч компани жил бүр бизнес төлөвлөгөө боловсруулдаг шиг Уул уурхайн компаниуд ТЭЗҮ-гээ өөрсдөө боловсруулдаг бас баталдаг. ТЭЗҮ-гээ ашиглан санхүүжилт босгодог. ТЭЗҮ мөн нөхөн сэргээлт хийх, мэргэжлийн хяналт хийх зэрэгт суурь баримт болно. ТЭЗҮ өөрчлөгдөж болдог. Бид төсвийн хөрөнгөөр сургууль барих гээд хэдийг төсөвлөдөг билээ, яг барихдаа хэдээр барьдаг билээ. Зах зээлийн нийгэмд юм бүр цагаар өөрчлөгдөж байдаг. Яг л үүнтэй адил ТЭЗҮ-д хэлбэлзэл байж болно. Гол нь барууны орнуудын ойлгодог фийзиблити стади бол бидний ойлгож ирсэн Техник эдийн засгийн үндэслэлээс огт өөр юм билээ. Орчуулгаасаа ч болоод тэр үү, ТЭЗҮ-г өөр өөрөөр ойлгох үе бий.

ТУЗ-ийн гишүүд ТЭЗҮ-тэй танилцаж байна. Удахгүй дүгнэлтээ гаргана. Мөн орон тооны бус байгууллага болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргана. Энэ бол мэргэжлийн зөвлөхүүд, шинжээчдээс бүрдсэн байгууллага. Холбоод, хувийн компаний төлөөлөл ч багтана.

Тэд ТЭЗҮ-г боловсруулсан шат дамжлага нь шинжлэх ухааны арга аргачлалын дагуу хийгдсэн байна уу, холбогдох дүрэм стандартаа барьж уу гэдгийг хардаг. Тэгээд хүлээж авдаг. Үүний дараа аливаа компани Ашигт Малтмалын Газраар Уулын ажлын төлөвлөгөө батлуулдаг.

-Орлого, зарлагаа яаж бүртгэх вэ гэдэг дээр ойлголцлын зөрүү байгаа гэж та ярьсан байсан. Энэ зөрүү арилаа юу? 127 сая ам.долларын татварын асуудал үүнээс үүдсэн үү?
-Би татварынхны өмнөөс ярих эрхгүй. Хөндлөнгөөс харахад миний ойлголт ямар байгаа вэ гэвэл 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн баримтанд татварын байцаагч нар шалгалт хийсэн. Гүйлгээнүүдийн анхан шатны баримтууд, холбогдох гэрээ нь байна уу гэдгийг шалгасан. Санхүүгийн нягтлан бодох бичилт нь ямар байна гэдгийг мөн шалгасан болов уу. Оюутолгой гадагшаа их хэмжээний мөнгө төлсөн байдаг. Татварын байцагчид эдгээр төлбөрөө бүтээн байгуулалтад зарцуулснаа батал гэсэн бололтой юм билээ.  Хэрэв нотолж чадахгүй бол 130 орчим сая ам.доллар торгуул нөхөн төлж болзошгүй байна гэсэн акт тавьсан.

Энэ компани цаашид зардал гаргана, ашиг олно, татвар төлнө. Гэхдээ ямар татварыг яаж төлөх вэ гэдэг нь ганц хоёр зүйл дээр тодорхойгүй байна.

Харин татвар төлөгч буюу Оюутолгой үүнийг эсэргүүцэн, хуулийн дагуу маргаан таслах зөвлөлд хандсан байна. Энэ зөвлөлийн шинжээчид ажиллах хугацаанд Оюутолгой олон тооны гэрээг Монгол хэл рүү орчуулуулж нотариатаар батлуулаад дээрх зөвлөлд өгсөн юм билээ. Энэ ажил цаг их шаардсан байх. Гэхдээ аливааг аль болох олон өнцгөөс харах хэрэгтэй л дээ. Энэ утгаараа бол Оюутолгой маань олон улсын компани. Номингоор жишээ авбал Улаанбаатарт төв нь байдаг, аймаг болгонд салбартай. Зарим худалдааг хотод, заримыг нь өөр аймагт хийдэг тул анхан шатны баримтууд нь өөр өөр байдаг. Яг үүнтэй адил Рио Тинто дэлхий даяар салбартай. Харин манай хууль анхан шатны баримт Монгол хэл дээр, цаасан хэлбэртэй байх ёстой гэж шаарддаг.

Нөгөө компани маань олон улсын худалдаандаа бүгдийг цахимжуулсан, сканердаад хуулбарласныгаа адилхан хүчинтэй гэж үздэг. Гэсэн ч баримтуудаа нөхөж үзүүлсэн. Иймд маргаан таслах зөвлөл зарим татварыг хүчингүй болгосон байх. Зөвлөлийн шийдвэр гарчихсан. Олон нийтэд энэ шийдвэрийн тогтоолын хураангүй нь нээлттэй болно байх. Цахим хуудсан дээр нь байх ёстой.

-Байхгүй байна лээ. Би лав Татварын Ерөнхий Газрын цахим хуудаснаас олоогүй. Хамгийн сүүлийн тогтоол нь 2012 оных байна лээ.
-Уг нь хуулиараа ил байх ёстой.

-Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан, тухайн компаний хувийн нууцыг хадгалах заалтыг зөрчих учраас хэвлэл мэдээллийнхэнд өгөх боломжгүй гэдэг хариуг Татварын Ерөнхий Газраас өгсөн. 
-Татварын актын хувьд бол тийм. Маргаан таслах шийдвэрийн тогтоолууд олон нийтэд ил байх ёстой. Шүүхэд хандах хугацаанд бол хаалттай. Магадгүй тэр хугацаа нь болоогүй байх. Би татварын  мэргэжилтэн биш учраас сайн мэдэхгүй байна. Надад оролцох, нөлөөлөх эрх байхгүй. Хөндлөнгөөс харахад ийм байна.     

-Туркуаз хилл татварын актын хэмжээг 127-оос 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн ч, үлдэх татварын талаар дахин нягтлах зүйлс байгаа учир холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэж  мэдэгдсэн. Нягтлах зүйлс нь юу вэ?
-
Татвар төлөгчийн байр суурь бол цаашид нэг мөр ойлголттой болж шийдэх ёстой зарчмын асуудлууд байна гэж үзсэн болов уу. Түүнээс татварын их багадаа биш. Хөрөнгө оруулалтын гэрээнд тогтворжуулсан татварууд бий. Гэтэл манай татварын хууль өөрчлөгддөг. Гэрээгээ барих уу, хуулиа дагах уу гэдгээ шийдье гэж байгаа байх. Оюутолгой дэлхийн хэмжээний уурхай. Рио Тинто дэлхийд үйл ажиллагаа явуулдаг компани. Тэдний Монгол Улсыг ойлгож байгаа ойлголт өөр. Ойлголтын зөрүү бий. Тэдний хэрэглэдэг бүртгэлийн стандарт өөр. Манай Татварын хуулийг тайлж унших нь ч өөр. Нэг хуулийг олон янзаар тайлбарлаад байна. Уг нь тайлбарлах эрх Дээд шүүхэд байдаг.    

-Татварын маргаан болон ТЭЗҮ-г ЭБМЗ-д өгөх хоёр ямар холбоотой юм бэ?
-Энэ компани цаашид зардал гаргана, ашиг олно, татвар төлнө. Гэхдээ ямар татварыг яаж төлөх вэ гэдэг нь ганц хоёр зүйл дээр тодорхойгүй байна. Энэ шалтгаанаар ТЭЗҮ-ийнхээ мөнгөн урсгалыг эцэслэж чадахгүй, Эрдэс баялгийн зөвлөлд ТЭЗҮ-гээ өгч чадахгүй байна гэж хөрөнгө оруулагч тайлбарладаг.

-Хэрэв бид Рио Тинтогийн хүсэлтийг хүлээж авбал Татварын тухай хуульдаа өөрчлөлт оруулах уу?
-Үгүй, Татварын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээг чанд мөрдөнө. Гэхдээ тэр нэг суутган татвар гэдэг зүйл дээрээ хоёр талаас нэмж тодруулах зүйл бий байх. Ер нь цаашид Монгол Улсын татварын эрхзүйг болон олон улсын стандартын бүртгэлийг ингэж ойлгоё гэсэн нэгдсэн ойлголтод хүрэх л асуудал юм.  

-Ингэхэд Рио Тинто бизнесийн хэр түнш вэ? Сайн хамтрагч мөн үү?
-Рио Тинто дэлхийн аварга компани. Том компани гэдэг том л байдаг юм байна. Заримдаа шийдвэр нь маш удаан гардаг. Мөн тухайн улсын онцлогийг ойлгох гэж төдийлөн хичээхгүй байна. Монголоор жишээ авья л даа. Номин юмуу Петровис байлаа гэхэд төвөөс /УБ-аас/ хэн нэг удирдах ажилтан долоо хоногийн хугацаатай аль нэг суманд очлоо гэж үзье л дээ. Тэд салбарынхнаасаа ажлаа сайн хий л гэж шаардана. Түүнээс тэр сумын иргэдийн асуудал тийм ч чухал биш. Яагаад гэвэл төвөөсөө нэгдсэн удирдлага, зарчимтай бизнесийн байгууллага учраас. Дүрэм нь ашиг олох. Үүнийг л мөрдөнө. Өөр суманд ашигтай бол тийшээ яваад л өгнө. Гэхдээ Рио Тинтод авах сайн тал ч бий. Аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм, хатуу сахилга батыг ягштал баримталдаг. Тус компани цаашдаа ч Монгол Улсын хөгжлийн нэг хэсэг гэдгээ ойлгож ухамсарлаасай гэж хүсдэг. Тэд олон оронд төсөлтэй. Оюутолгой зөвхөн нэг нь. Харин манай улсад энэ төсөл эдийн засагт чухал нөлөөтэй. Монголын хөгжилд Оюутолгой хувь нэмэр оруулна гэсэн бидний хүлээлтийг ойлгож, хүндэтгэх ёстой.

-Манай талаас ч зарим тохиолдолд буулт хийх, олон улсын стандартад хөл нийлүүлэх, дасан зохицох шаардлага байгаа юм байна.
-Монгол Улсын төрийн албан ёсны хэл нь Монгол хэл. Татварын байцаагчид Монгол хэл дээр үйлдсэн баримтад тулгуурлан дүгнэлт гаргадаг. Оюутолгой Монгол хэлийг суурь болгон ашиглах ёстой. Гэхдээ олон арван чингэлэг дүүрэн гэрээг орчуулан нотариатаар батлуулах нь нэгдүгээрт цаг алддаг юм байна.  Хоёрдугаарт, асар их зардалтай байна.

-Гэхдээ цаашдаа бид олон олон Оюутолгойтой болно. Татварын Ерөнхий Газар Англи дээрх гэрэээнүүдийг шууд ойлгоод акт тавих чадвартай мэргэжилтэнтэй болмоор юм байна.
-Олон улсын стандартыг ойлгодог, гадаад хэл дээрх мэдээллийг шуурхай аваад боловсруулах чадвар бидэнд хэрэгтэй. Зөвхөн татварын байгууллага гэлтгүй Мэргэжлийн хяналт, АМГ-т ч тэр. Хэмжиж чадахгүй бол бид хянаж чадахгүй. Том бизнесийг хэмжин, хянахын тулд тэдний хэрэглэж буй хэл, соёл, туршлагыг ойлгох чадвар, тамир бидэнд хэрэгтэй. Тэгэхээр би санал нэг байна.  

Үйлдвэр ашиглалтад оруулна гэдэг зөвхөн хөрөнгө оруулагчийн гавьяа зүтгэл биш. Дээр нь яам агентлагууд шуурхай дэмжлэг үзүүлэн ажилласан.

-Оюутолгойн алтны нөөц нэмэгдлээ гэсэн. Гэтэл орлого нь энэ онд өсөөгүй байна гэдэг мэдээ бас гарлаа.
-Олон арван жил тогтвортой борлуулалттай, Эрдэнэт гэх зэрэг компанийн хувьд орлого буурсан, өссөн гэж гэж хэлж болно. Учир нь харьцуулах түүх байна. Гэтэл өнгөрсөн 2013 он үнэндээ Оюутолгойн хувьд туршилтын жил байлаа. 2014 онд ч туршилт, зүгшрүүлэлт дуусаагүй байна. Техникийн хоёр ч том саатал гарлаа. Орлого өсөх буурах тухай ярихад эрт. Гэхдээ боломжийн хэмжээнд бүтээгдэхүүнээ борлуулж байна. Монголчууд нялх ботгон дээр атны ачаа үүрүүлдэггүй. Бидний хүлээлт зөв байх ёстой. Оюутолгой зүгширч, жигдэрч амжаагүй байна.

Нөөц өссөн үү гэдэг нь тусдаа асуудал. Нөөц нэмэгдсэн нь бидний боломжит орлого өслөө гэсэн үг. Одоогоор ил уурхай баяжуулах үйлдвэрээ тэжээх хангалттай нөөцтэй. Эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас давчихлаа. Гэхдээ үйлдвэрийн баяжуулах хүчин чадал хязгаарлагдмал учир нөөц өслөө гээд л ашиг өснө гэж хий хүлээж болохгүй. Жилд 700 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл зэсийн нөөц 30 сая тонн. Бид хоёрхон шугамтай. Хоногт бутлах хүдрийн болон боловсруулах зэсийн хэмжээ хязгаартай.        

-Цаашдаа хоёр шугамаа нэмэх үү?
-Үгүй, ойрын ирээдүйд хүчин чадал өсөхгүй.

-Та сая эрэлт байна гэлээ. Харин эрх баригчид дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан гэдэг.
-Тэр үнэн. Худалдан авах эрэлт өөр. Зэсийн хувьд үнэ харьцангуй тогтвортой байна. Ирэх жилүүдэд өрсөлдөөн ширүүсэх учраас унаж болзошгүй. Нүүрс бол уналттай байгаа. Үнэ болон эрэлт хоёр өөр ойлголт.

-Таныг яагаад Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болгосон юм бэ?
-Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордууд дээр хяналт тавих үүрэг эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Уул уурхайн яаманд байдаг. Бид Норвегийн туршлагыг судлахад тэнд төрийн өмчит компаниудын ТУЗ-д нь Засгийн газраа төлөөлөл ордог юм билээ. Миний хувьд яаманд ороод Оюутолгой төслийн ажлын байнгын хороонд ажилласан. 2012 оноос эхлэн үйлдвэр ашиглалтад оруулах хүртэл асар их ажил байсан. Бид яаман дээр амралтгүй шахам өдөр шөнөгүй ажилласан. Үйлдвэр ашиглалтад оруулна гэдэг зөвхөн хөрөнгө оруулагчийн гавьяа зүтгэл биш. Дээр нь яам агентлагууд шуурхай дэмжлэг үзүүлэн ажилласан.  Энэ мэтчилэн төслийг амжилттай урагшлуулах хэлцлүүдэд  оролцоод явсан учраас илүү их мэдээлэлтэй гэж үзэн намайг ТУЗ-ийн гишүүн болгосон гэж бодож явдаг. Ер нь яамны төлөөлөл оролцсоноор асуудлыг илүү шуурхай шийдвэрлэх боломж эрс өсдөг.

-Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд нь Да.Ганболд, Г.Тэмүүлэн бас та. Та бүхэн атгасан гар шиг эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байж чаддаг уу?
-Монголын талыг төлөөлөх гурав маань нэгдмэл байр суурьтай байж хуралд ордог. Нөгөө тал мөн адил. Нэгэнт бид хамтраад дундаа нэг үйлдвэртэй болчихлоо. Гэр бүл болоод хүүхэдтэй болсноос ялгаагүй. Тэгэхээр аль болох ойлголцохыг хичээдэг. Хүүхдийнхээ хүмүүжилд эцэг эхчүүд яаж анхаардаг билээ дээ. Гэхдээ яагаад зардал хэтрэв,өөрөөр хэлбэл танай үр өгөөж, манай үр өгөөж буурлаа, өслөө гэх зэрэг маргаан гардаг. Бид үр өгөөжөө тохирсон түвшинд нь байлгах, хамгаалахыг зорьдог.

-Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийн тодорхой хувийг Монгол Улс гаргана. Гэтэл бид эдийн засгийн хямралтай нүүр тулсан учраас ахин зээл авах нь бидэнд улам их дарамт, өрийн хуримтлал үүсгэх үү? Ийм болгоомжлол олон хүнд байна. 
-Аль ч компани орлогоо барьцаалаад зээл авах бүрэн боломжтой. Манай тариалан, зам, барилгын компаниуд энэ замаар л явдаг. Энэ бол компани болон банк хоорондын л асуудал. Гэрээнд санхүүжилтийг хэрхэх нь хөрөнгө оруулагчийн шийдэх асуудал гэж тусгасан. Тэд ил уурхайн орлогоор явбал цаг алдана гэж үзэж байгаа. Мөн өөр үйлдвэрүүдийг  ашиглалтад оруулах шаардлага байна гэж байгаа.

Хоёрдугаарт зэсийн үнэ бидний тооцоолсон шиг байсангүй. Бүтээн байгуулалтын явцад тооцоогүй зардлууд гарлаа. Иймд далд уурхайн тодорхой хэсэгт нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн хүсэлтийг хөрөнгө оруулагчийн зүгээс манай талд тавьсан. Харин одоогийн ТЭЗҮ-д ил уурхайн орлогоор далд уурхайг санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Энэ ТЭЗҮ-г баталсан үетэй харьцуулахад зэсийн зах зээл ширүүсчихлээ. Иймд зээл авъя гэж байгаа юм.

-Оюутолгой дээр анхнаасаа өндөр хүлээлт үүсгэсэн нь алдаа байсан гэж би боддог. 34 хувийг эзэмшихдээ олж болох орлогоо барьцаалсан нь бас л буруу. Анхнаасаа хувь эзэмшилгүй өндөр роялти аваад явсан бол эдийн засгийн хувьд илүү ашигтай байх байсан гэж би хувьдаа үздэг.

-Та түрүүн Оюутолгой Рио Тинтогийн олон салбарын нэг гэсэн. Тэдгээр дунд нь ямар байр суурь эзэлдэг салбар нь юм бол?
-Рио Тинто ихэнх орлогоо төмрөөс олдог. Зэс бол дараагийн том салбар нь. Одоогоор Рио Тинто АНУ, Чили, Индонез зэрэг улсуудад зэсийн томоохон төслүүдтэй. Удахгүй Африкийн зарим оронд том төсөл эхлүүлэх юм билээ. Харин Оюутолгой маань Рио Тинтогийн зэсийн группын хувьд томд тооцогдох төсөл мөн. Гэхдээ зэсийн групп нь өөрөө Рио Тинто дотроо зөвхөн нэг л хэсэг нь.                       

-Оюутолгой Монголын ирээдүй гэж зарим нь тодорхойлох юм. Зарим нь эсрэгээр нь "Монголын дайсан” гэж ярьж байна. Олон нийт сөрөг үзэл бодолд илүүтэй автдаг.
-Оюутолгой дээр анхнаасаа өндөр хүлээлт үүсгэсэн нь алдаа байсан гэж би боддог. 34 хувийг эзэмшихдээ олж болох орлогоо барьцаалсан нь бас л буруу. Анхнаасаа хувь эзэмшилгүй өндөр роялти аваад явсан бол эдийн засгийн хувьд илүү ашигтай байх байсан гэж би хувьдаа үздэг. Манайхан социалист нийгмээсээ тэр бүр салж чадаагүйгээс тэр үү. Төр л хувь эзэмшиж байвал сайн гэж ойлгодог. Энэ сайн байж болно. Гэхдээ Эрдэнэтийг хар л даа. Эрдэнэт улсад маш их татвар, төлбөр төлдөг. Тэр дотор нь ноогдол ашиг маш бага. Бид эдийн засгийн хувьд ногдол ашиг авахын тулд хувь эзэмшсэн гэж үзье л дээ. Гэтэл ямар ч компани аль болох бага ноогдол ашиг тараахыг боддог. Энэ бол бизнесийн хууль. Бизнес өөрөө хатуу ширүүн ертөнц. Монголын зарим том компаниудыг харахад жижиг хувь эзэмшигчдээ ногдол ашиг тараадаггүй атлаа энд тэнд байшин бариад л улам томорч байна. Энэ бол дэлхийн аль ч хөрөнгө оруулагчийн баримталдаг арга тактик.            

-34 хувь багад тооогдохгүй шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ бидэнд хяналтын эрх мэдэл байхгүй. Гэрээгээр нөгөө талдаа өгчихсөн. Тэгвэл ядаж Мэдээлэлд ойрхон байх ёстой. Бид алдаг оног мэдээллээ авч байна. Гэтэл тэр мэдээллийг чулуу болгох чадавхи маань хэр билээ. Мэдээлэл боловсруулах хүч маань хэр билээ. Ирээдүйд бид томоохон ордуудад хувь эзэмшье гэвэл тэр чинээгээр хяналтаа өөрсдөө тогтоох ёстой. Эсвэл менежментийн болон шийдвэр гаргах мэдэлгүй, хяналтын сул тогтолцоотой одоогийнх шиг байвал зүгээр рояалти татвараа аваад явах нь хамаагүй ашигтай. Төр юуны учир хувь эзэмшдэг вэ гэсэн асуулт л хамгийн чухал даа.

Бид 1-1.4 тэрбумаар хөрөнгө оруулалт хэтэрсэн гэдэг бол хөрөнгө оруулагчын сонгосон аудиторууд 900 сая гэдэг. Нэгдсэн тоонд хүрээгүй, ойрхон байна. Шалтгаан дээр бас маргадаг.

-Одоо энэ алдааг залруулах боломжтой юу?
-Эхэлж бид юуг алдаа гэж үзэж байгаа дээрээ нэгдсэн ойлголттой болох ёстой. Зарим нь Хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилвөл бүх юм сайжирна гэдэг. Зарим нь одоогийн гэрээ тийм ч муу биш. Гол нь зардлаа бага, орлогоо өндөр байлган үр өгөөжөө өсгөөд анхны хөрөнгө оруулалтаа нөхчихвөл бид ногдол ашиг авч эхэлнэ гэдэг. Онолын хувьд шүү дээ. Гэхдээ аль ч тохиолдолд нэгдүгээрт зардлаа бага байлгах нь чухал. Мэдээж ажиллагсадын аюулгүй байдал бол эрхэмлэх хамгийн чухал зүйл. Ирээдүйд Монголчууд гүйцэтгэх удирдлагад орох нь чухал.

-Анхны хөрөнгө оруулалт төлөвлөснөөс давсан. Энэ тал дээр ойлголцолд хүрч чадсан юм уу?
-Зарчмын хувьд тийм. Гэхдээ тоон дээр бол үгүй. Анхны хөрөнгө оруулалтаар ил уурхай барин, дэд бүтцээ шийдэж, баяжуулах үйлдвэрээ барих ёстой байсан. Үүнд дөрвөн тэрбум ам.доллар ойролцоогоор шаардлагатай байсан. Бид 1-1.4 тэрбумаар хэтэрсэн гэдэг бол хөрөнгө оруулагчын сонгосон нэг аудиторууд болохоор 900 сая гэдэг. Нэгдсэн тоонд хүрээгүй, ойрхон байна. Шалтгаан дээр бас маргадаг. Нөгөө тал болохоор гэрээ байгуулах гэж 6 жил болсон, зам, усны зөвшөөрөл хаана байна вэ, НӨАТ буцаан төлнө гэсэн ч бид төлөхөөр болсон, инфляци чинь өндөр гэх мэт шалтгаан хэлдэг. Харин бидний зүгээс хэт үрэлгэн менежментээс боллоо гэдэг. Гэхдээ энэ аль ч бизнест байдаг маргаан. Ямар ч хоёр хүн хамтраад бизнес хийхэд ийм зүйл тохиолддог. Бизнесийн ёсноос гаж зүйл биш.             

-Та хуучнаар Уул уурхайн яаманд газрын даргаар ажилладгийн хувьд уламжлалт бус газрын тосыг хөгжүүлнэ гэсэн бодлогыг танилцуулахгүй юу? Нүүрс, зэс гэхээр бид бүгд мэднэ. Харин занарын тос, занарын хий, нүүрсний давхаргын метан гэхээр бидэнд шууд буухгүй байна.
-Манай уул уурхай дотроо төрөлжих шаардлагатай. Зөвхөн нүүрс, зэснээс хамааралтай байх нь их эрсдэлтэй байна. Манайд сүүлийн үед газрын тосны салбар эрчимтэй хөгжиж байна. Үүний адилаар төмөр, алт, газрын ховор элемент гэсэн шинэ салбарууд руу орох боломжтой. Уламжлалт газрын тос гэхээр түүхий тос, байгалийн хий ордог. Уламжлалт бус газрын тос гэдэгт нүүрсний давхаргын метан хий орно. Энэ нь байгалийн хийтэй ижил шинжтэй. Битум болон шатдаг занар мөн орно. Занарыг боловсруулбал бензин, тос, эрчим хүчний түүхий эд болно. Эстонид занараас эрчим хүч гаргаж авч байна. АНУ-д занараас түүхий тос гаргаж авдаг төдийгүй удахгүй дэлхийн хамгийн том нефтийн экспортлогч болох гэж байна.

-АНУ-д ашиглаж байгаа технологи их хэмжээний даралттай усыг газрын гүн рүү шахдаг нь байгаль хамгаалагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг?
- АНУ-д занар нь газрын гүнд, олон зуун метрийн гүнд, хад чулуутай газарт байдаг. Тэдний технологи их өөр. Харин манайд занар гүехэн хэсэгтээ байрласань илүү чанартай бас олборлох, боловсруулахад амар. Байгаль орчинд ээлтэй шинэ технологиор олборлох боломжтой гэж хардаг. Нэг зүйлийг хэлэхэд занарыг өнөө маргаашгүй л ашиглах гээд байгаа юм байхгүй. Дор хаяж 20-30 жилийн дараа ашиглаж болно. Илүү боловсронгуй технологиуд ч гарсан, гарсаар ч байна л даа. Австралид нүүрсний шинэ технологи нэвтэрлээ. Нүүрсийг газар доор нь шингэрүүлэн эсвэл хийжүүлж байна. Шууд л бэлэн бүтээгдэхүүн газар доороос гаргаж байна гэсэн үг. Мэдээ байгаль орчны талаасаа судалгаа хийж байгаа байх. Бид нүүрсээр  баян улс. 170 орчим тэрбум тонн нүүрс бий. Харин занарын нөөц үүнээс долоо дахин их. Дэлхийн түүхий тосны нөөц нэг өдөр дуусна.  Тэр үед занараас түүхий тосыг одоогийнхоос хэд дахин ихээр гаргах боломжтой.

Нөгөө талаас, манай улсын өрсөлдөх чадварыг хамгийн их хойш нь татдаг хоёр зүйл бий. Нэг нь эрчим хүч, нөгөө нь бензин. Хөдөө үйлдвэр барихад хамгийн том зовлон нь цахилгаанд холбогдох. Холбогдлоо гэхэд маш их зардалтай. Гэтэл өнөөх тог нь тасрахгүй гэх ямар ч баталгаагүй. Манай цахилгаан, тогны эрэлт хүчин чадлаасаа давчихсан. . Оюутолгой гэхэд Хятадаас тог импортолж байна.

Ойрхон хөдөө яваад ирэхэд л бензинд ямар зардал гардаг билээ. Бид маш өндөр үнэтэй бензин хэрэглэдэг. . Одоо бид жилд нэг тэрбум ам.долларыг гадагшаа бензинд өгдөг. Гэтэл нийт экспорт маань гурван тэрбум ам доллар байна. Гурван доллар олж ирснийхээ нэгийг нь бензинд өгөөд байна шүү дээ. Гэтэл бид түүхий тос, нүүрс, занар гээд өөрсдийн нөөцөө ашиглаж чадахгүй байна. Энийг өөрчилөх хэрэгтэй.  Бид дандаа ийм ядуу байхгүй. Манай эдийн засаг дандаа ийм жижиг байхгүй. Улс төрчид дандаа популизм хийхгүй. Тэр ирээдүй үед бид одоогийнхоос хэд дахин их эрчим хүч, бензин хэрэглэх болно.

Бид нүүрсээр  баян улс. 170 орчим тэрбум тонн нүүрс бий. Харин занарын нөөц үүнээс долоо дахин их.

-Дарханд Японы хөрөнгө оруулалтаар газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн ч таг чиг.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дотоодын газрын тосондоо түшиглэ гэсэн зөвлөмж өгсөн юм билээ. Оросоос аваад энд боловсруулах, бэлэн бензин авахын хооронд төдийлөн ялгаагүй гэж үзсэн. Мөн байршлын ихэнх газрын тос маань зүүн талд байгаа. Хоёрдугаарт боловсруулах үйлдвэр маань өөрөө асар их түүхий эд шаарддаг. Манай түүхий тосны олборлолт, үйлдвэрлэл маань одоо дөнгөж эхлэлийн шатанд байгаа учир үйлдвэрийн түүхий эдийн хэмжээ бага байна.                                 

-Популизм гэснээс та өөрөө төрийн албан хаагч хүн. Хэрэв бизнесмэн хүн ингэж хэлвэл би гайхахгүй. Гэтэл та өөрөө дандаа л улстөрчдийн дунд ажилладаг хүн.
-2008, 2012 оны сонгуулийн зарим амлалтууд эдийн засгийг туйлдуулж байна. Өндөр инфляци бий болголоо. Сонгууль дөхөхөөр хуулиа өөрчилдөг, хөрөнгө оруулагчдыг хөөдөг, хэт эх оронч болчихдог. Төсөв давах аргагүй амлалтыг намууд өгдөг. Түрүүлж өр, зээл авдаг. Эдийн засаг руу их мөнгө хийдэг. Уршгаар нь өндөр инфляци бий болж, тэрнийг нь дарахын тулд Төвбанк хүүгээ өсгөдөг. Арилжааны банкууд дагаад хүүгээ өсгөхөөр ажлын байр бий болгодог ААН-үүдэд санхүүгийн асар их дарамт ирдэг. Нөгөөтэйгүүр бид ардчилалд ороод 24 жил болж байгаа болохоор бидэнд үнэхээр туршлага дутаж байна. Азийн ихэнх орнууд улс төрийн шинэчлэлээ хийгээд, дараа нь эдийн засгийн шинэчлэлээ хийсэн бол бид зэрэг хийсэн. Энэ нь мөстэй хүйтэн ус руу шидүүлэхтэй л адил. Дэлхий даяар бизнес хийх хурд, амьдрах арга барил эрс шинэчлэгдэж байна. Энэ нь иргэдээс маш их тэвчээр шаарддаг. Хувь хүн дээр бодоод үзье л дээ. Таны амьдардаг байр, ажил, хамт олон, орчин гээд бүх юм нэг зэрэг гэнэт муугаар солигдлоо гэж бодьё. Эндээс асар их бухимдал үүснэ. Энэ бухимдал дээр зарим улстөрийн нам, хүчнүүд тоглолт хийдэг. Бүх газар л адилхан. Гол нь популистуудын амлалт болон хэлж байга үг, үйлдэл нь өнгөц харахад сонгогчдод хэрэгтэй юм шиг атлаа цаагуураа эдийн засгаа хорлож байна.        

-Та Д.Ганхуяг сайд, Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшигч Р.Жигжидтэй хоёр жил ажилласан. Ямар дүгнэлт өөх вэ?  
-Д.Ганхуяг сайдын хувьд маш их махруу, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч хүн. Багийн тоглолт сайтай улстөрч. Сайд байхдаа олон ажил амжуулсан. Би их юм сурсан. Уул уурхайн сайдад нэр дэвшсэн Р.Жигжид гуайг би мэдээж хүндэлж, дэмжинэ. Дипломатч хүн. Монголын уул уурхай зөвхөн Монголын үзэгдэл биш болчихлоо.  Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, эрчим хүч за тэгээд бусад төслүүд дээр дэлхийн том гүрнүүдтэй харилцахаас өөр аргагүй. Монгол Улс 10-хан жилийн дотор хөдөө аж ахуйн орноос  бүс нутагтаа уул уурхайн том тоглогчдын нэг боллоо. Энэ зөвхөн уул уурхайн биш, олон улсын харилцааны асуудал. Тэгэхээр дипломатч хүний туршлага маш их хэрэгтэй. Хоёрдугаарт Жигжид дарга сүүлийн хоёр жилд хамт олныхоо дунд хутгалдан, гал тогоог нь барьсан учраас юуг яаж үргэлжлүүлэх үү гэдгээ маш сайн мэднэ. Шинээр ажилтайгаа танилцах гэж цаг алдахгүйгээр, төрийн тасралтгүй ажиллах залгамж чанарыг аваад явна.      

-Та Арчилсан намын гишүүн үү?
-Гишүүн байсан. Төрийн албан хаагч хуулиараа намын гишүүнээс түдгэлзэх учиртай.

-АН-ын дотоод зөрчилдөөн дээд цэгтээ тулж, зүүнийх үү барууных уу гэдэг нь мэдэгдэхгүй боллоо. Өөрийн үнэт зүйлээ замын дунд гээсэн юм шиг харагддаг.
-АН-ыг өөрийн гэсэн үзэл баримтлалгүй гэж болохгүй. Ер нь барууны нам л даа. Бид юуны өмнө баруун, зүүн гэлтгүй ардичлалын гол суурь болсон дундаж давхаргыг бий болгох ёстой. 200-300 жил капитализм хөгжсөн оронд барууны баримтлах бодлого нэг өөр. Харин манайд дундаж  давхарга одоо л бий болж байна. Германд ажлын байрны 80 хувийг жижиг дунд үйлдвэрлүүд буюу дунд давхаргынхан бий болгож байна. Хэт баян, хэт ядуус багатай. Ихэнх нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Гэтэл манайд татварын орлогын 85 хувийг цөөхөн хэдэн компани л өгч байна. Нийт ажиллагсдын тал нь малчид.

Бид шилжилтийн үедээ байгаа учраас өрнөдийн орнуудад байдаг барууны бодлого манайд харагдахгүй байж магад. Мэдээж цөөн хэдэн үндэсний хөрөнгөтнүүдтэй байх нь ардчилалын зорилго биш. Хүн бүр хөрөнгөтөн болох боломжтой бол тэр ардчилал мөн. Энэ ч учраас дэд бүтэц рүү чигэлсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж, бас иргэдийнхээ хөрнөг оруулалт хийх эрхзүйн орчныг шинэчилж байна. Мэдээж нийгмийн сул дорой хэсгийг төр ардчилсан, барууны, зүүний, социалист гэлтгүй заавал авч явах ёстой шүү дээ. Энэ ажлаа хийхээр л АН зүүнийх юм шиг харагддаг байх.        

-Таны карьерийг харахад огцом өсөлт ажиглагддаг. Одоо 36 настай, төрийн залуу албан хаагч. Германд сургууль төгсөж ирээд арилжааны банкинд хэсэг ажилласны дараа шууд л Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болсон. Тэндээсээ яамны газрын дарга, Оюутолгойн  ТУЗ-ийн гэж өссөн байна.
-Нас бол тоо. Манай түүхийг харвал залуу хүмүүст ачаа үүрүүлдэг уламжлал бий. Соц үед Ю.Цэдэнбал гуайгаас эхлээд, шинэ нийгэмд манай ардчиллын алтан хараацайнууд байна. Сүүлийн үеийн түүхээс харвал энэ содон үзэгдэл биш. Мөн Монголын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насныхан байна. Би цөөнх 30 хувьд нь орчихсон л явна.

Би Германд 8 жил сурахдаа барууны зах зээл болон тэнд хүмүүс яаж ажиллаж, сэтгэдгийг онолын төдийгүй практик талаас нь сураад ирсэн. Би Казахстанд хоёр ч удаа очсон. Тэгэхэд газар, хэлтсийн дарга нар нь дандаа залуус. Надаас ч залуухан. Тэнд бодлогоор багаас нь бэлддэг юм байна лээ. Газрын тосны орлогоо хэзээ ч бэлэн мөнгө болгож тараагаагүй. Эдийн засгийнх нь 40 хувьтай тэнцэх сан байгуулаад хуримтлуулсан байна.

Манайд бол Тогтвортой байдлын  сангийн хөрөнгө ДНБ-ий 5 хувь байх ёстой ч үнэндээ хоёр хувьтай тэнцэж байна. Гэтэл Казакууд дэлхийн хамгийн шилдэг профессоруудыг эх орондоо урьж ажиллуулахын зэрэгцээ, залуусаа гадагш нь гаргаж байна. Бээжингийн олон улсын худалдаатай холбоотой зарим ангийн оюутнуудын тал нь Казахууд байна гэж нэг танил маань сонирхуулж байсан. Германд ч Казах оюутнууд олноороо сурдаг. Эх орондоо ирэхээр нь байр, өндөр албан тушаал амлаж байна.

Би Германд сурч байхдаа нийгмийн их идэвхтэй  оюутан байлаа. "Залуу эдийн засагч” клубыг байгуулалцсан "Цахим өртөө” ний идэвхитэй байв. Одоогийн Ерөнхийлөгч маань Харвардын оюутан байсан төдийгүй залуустай мэйлээр  харилцдаг, маргадаг, мэтгэлцдэг байсан юм. Тэр үеэс хойш бид эчнээ танил болж, Монголд ирэхээрээ уулздаг байсан юм.

Сургуулиа төгсч ирээд би Хас банкинд эдийн засаг, зах зээлийн судалгаа хийх болсон. Энэ үед Ерөнхийлөгч намайг зөвлөхөөрөө ажиллуулсанд би их баярладаг. Суралцах чадвартай залуу хүн, барууны шинэ онолуудыг мэддэг гэсэн шалтгаанаар надад зөвлөхөөр ажиллах боломж олгосон байх гэж би боддог. Ерөнхийлөгчийн багт байхдаа 2-3 хуулийн төсөл дээр ажилласан. Мөн Зөгийн Үүр, Өрсөлдөх чадварын төв гээд олон чухал төсөл дээр ажиллаж асар их туршлага хуримтлуулсан.

-Төгсгөлд нь асуухад танд авлига өгөх гэж оролдож байсан уу?
-Үгүй ээ, тийм тохиолдол гарч байгаагүй.

- Тэгвэл ямар нэг аргаар нөлөөлөх гэж оролдож байв уу?
-Нөлөөлөх гэдгийг юу гэж ойлгох вэ? Надтай мэдээллээ хуваалцах, маргах мэтгэх гээд  аливаа шийдвэрт сайн талаас нь л нөлөөлөх гэж л оролдох нь байнга л байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

gogo.mn

Ч.Отгочулуу: Рио Тинто дэлхийн аварга компани, том компани том л байдаг юм байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани