Тус нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд 26,8 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд эхний есөн сарын байдлаар төлөвлөгөөг 1,7 хувиар давуулан биелүүлжээ. Тус төслийн хүрээнд 30 гаруй барилга байгууламж баригдах юм. Энэ онд Шинэ нисэх буудлын үндсэн барилга байгууламжийн нэг болох жилд гурван сая зорчигчид үйлчлэх Зорчигч үйлчилгээний терминал, 22 мянган онгоц хөөрч буух зурвас, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, Цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламжууд, Дулааны зуухны барилга болон 1490 м урт инженерийн шугам сүлжээний хонгил барих ажлыг хийж байна.
Уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд энэ оны эхний 9 сарын байдлаар барилгын суурь, далангийн байгууламжийн таван сая гаруй шоометр газар шорооны ажил гүйцэтгэсэн нь нийт ажлын 90 орчим хувийг хийжээ. Зөвхөн хөөрч буух зурвасны 162 мянган кв.м талбайг цементээр бэхжүүлэх дэвсгэр үеийг бүрэн хийж, зурвасын төмөр бетон хучилтын 65,9 мянган шоо метрийг цутган, үндсэн барилга байгууламжуудын хийц хэсгүүдэд 31.0 мянган шоо метр төмөр бетон цутгах ажлын 70 хувь, Зорчигч үйлчилгээний барилгын төмөр хийцийн ажлын 39,3 хувийг гүйцэтгэжээ.
Ч.Ариунболд