Koйкa Олон улсын байгууллагын 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн ёслолын ажиллагаанд хотын Ерөнхий менежер Б.Бадрал, байгаль орчны чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагууд "Koйкa"-гийн төлөөлөгчид оролцсон. Энэхүү үйлдвэр нь 1500-2000 тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд барилгын хогийг 5 мм хүртэл буталж, шигшин угааж, хатаан 0.7мм хүртэл тээрэмдэж үндсэн түүхий эдээ гарган авах юм байна. Бэлэн болсон түүхий эдийг цэвэрлэсэн үнс болон бусад зүйлтэй хольж өндөр даралтаар эцсийн бүтээгдэхүүнээ гаргах гэнэ. Ингэхдээ шатаах зуух ашиглахгүй бөгөөд тохижилтод ашиглах боржуур, замын хавтан, блок болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм байна. Үйлдвэр нь жин хэмжих өрөө, ажилчдын өрөө, дахин боловсруулах хайрга чулуу бэлдэх үйлдвэр, дахин боловсруулах боломжтой хайрга чулууны газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг булах газар, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, агуулах, машины зогсоол, буудал, цайны газар амралтын өрөөтэй байх аж. Тус үйлдвэр ирэх жилийн тавдугаар сард ашиглалтад орж, өвлийн улиралд 61084 тонн, зун 127428 тонн барилгын хог хаягдлыг боловсруулах юм байна. Энэхүү барилгын хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргасанаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ хэмээн албаныхан хэллээ.
montsame.mn