Тэрээр байгаль орчны чиглэлээр монголд 7дахь жилдээ ирж ажиллаж байгаа бөгөөд энэ удаад "Дэлхий-Монгол-Ногоон Нэгдэл” ТББ-ын уриалгаар Дорноговь аймгийн Улаанбадрах, Сүхбаатар аймгийн Онгон суманд очиж ажиллажээ. Уг ажлын хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь "Кожеговь” компанийн уурхай болон уурхайн ойр орчимд гаргасан цооногуудыг үзэж судалсан аж. Түүнчлэн сумын төвд нутгийн удирдлага болон иргэдтэй уулзаж, цацраг идэвхит ашигт малтмал буюу ураныг уусган баяжуулж олборлох аргын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн байна.
Сүхбаатар аймгийн Онгон суманд "Кожеговь” компани ураны хайгуулын хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэй. Тиймээс 2011 оноос сумын төвөөс 15 км-т хоёр цооног гаргасан бөгөөд одоог хүртэл уг цооногоос газрын гүний ус гарсаар байгаа юм. Тус цооногоос гарч байгаа усны хэмжээ нь нэг өдөрт 4500 л байгааг тэрээр тогтоожээ. Тус цооногийг гаргасан буюу 2011 оноос хойш Онгон сумынхны ундаалдаг "Хавиргын” булгийн ус татарч шүлт ихтэй болсон байна. Ундны усны эх үүсвэр болсон тус булгийн татрах болсон шалтгаан нь дээрх цооногийг гаргаснаас үүдсэн байж болзошгүй хэмээн тайлбарлаж байна.
Мөн үүнээс гадна Сүхбаатар аймгийн Онгон сумын иргэдэд ураныг уусган баяжуулж олборлох аргын талаар мэдээлэл өгч, уул уурхайн үйл ажиллагаанд иргэдийн тавих хяналт, судалгаа шинжилгээ чухал болохыг захижээ.
М.Үүрийнтуяа
montsame