Уул уурхайн салбараас хараат манай улсын хувьд эрдэс баялгаа дэлхий зах зээл экспортлохгүйгээр мөнгө олох боломж хомсхон. Хэдийгээр солонгорсон эдийн засагтай болно хэмээн гоё зорилго дэвшүүлээд байгаа ч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан уул уурхайн салбар ойрын хэдэн жилдээ Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбар хэвээр байх нь гарцаагүй.
Газрын доороо асар их баялагаа ашиглаж, эргэлтэд оруулах нь эдийн засгийн шахалт шаардлага гэж хэлж болно. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар эрдэс баялгаа зарах бирж байгуулахаар шийдвэрлэсэн юм. МонголУлсынЗасгийнгазрын 2012-2016 он хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгийн экспортыг нэгдсэн "Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэх, уул уурхайн олборлох үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн үнээр тэргүүн ээлжид нийлүүлдэг байх талаар тусгагдсан билээ.
Түүнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортын нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулахаар заасан.
Эрдэс баялгийн биржийг байгуулах талаар Уул уурхайн яам нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Монголын Эрдэс баялгийн биржийн тогтолцоо ба түүний схем, эрх зүйн орчны байдлаар шийдвэрийн төсөл бэлтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган түлхүүр гардуулах нөхцлөөр олон улсад нээлттэй сонгон шалгаруулах ажлыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулан энэ оны есдүгээр сард танилцуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Ингэхдээ биржийг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж салбарын яам үзэж байгаагаа ч "Ил тод уул уурхай” хэвлэлийн баг хурлынхаа үеэр илэрхийлсэн.
Түүнчлэн Олон Улсын болон дотоодын биржээс Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, кластер бий болгох, үнэт цаас, түүхий эд боловсруулсан бүтээгдэхүүний арилжаа, борлуулалтыг олон улсын жишигт хүргэх, эрдэс баялгийн бирж дагасан валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор Уул уурхайн яам Монголын үнэт цаас эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаx талаар санамж бичиг байгуулсан билээ.
Ингэснээр Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулax бэлтгэл хангагдаж улмаар бирж байгуулагдснаар зөвхөн дотоодын эрдэс баялгийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж Төв Азийн эрдэс баялгийн худалдаанд голлох үүрэг гүйцэтгэхийг зорьж байгаа талаар салбарын яамныхан ярьж байна. Юутай ч эрдэс баялгийн бирж байгуулснаар экспортод гаргаж байгаа түүхий эдийн ханш нэмэгдэх хандлагатай гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин энэ бирж билэгдэл төдийхөн биш эрдэс баялгийн экспортод чухал үүрэг гүйцэтгээсэй гэсэн хүлээлт бий.