Дэлхийд тэргүүлэх зэргийн их сургуульд хаана ч гологдохооргүй өндөр боловсрол эзэмшсэн гэж хэлэмгүй даруухан нэгэнтэй уулзаж ярилцлаа. "Оюу Толгой” компани гадны томоохон их, дээд сургуульд оюутан залуусаа сургах төр засгийн бодлогыг дэмжин ажиллаж 2010 оноос хойш долоон оюутныг бүрэн тэтгэлэгт хамруулжээ. Тэдгээрийн нэг нь Ц.Энхболд.
Тэрээр
Канадын British Columbia их сургуулийн уул уурхайн инженерийн ангийг
магистр зэрэгтэй дүүргээд ирсэн нэгэн. Тэтгэлэгт хамрагдаж гадаад
сурахаар гурван ч удаа ТОEFL-ийн шалгалт өгч алдаж онож байсан ч бууж
өгөлгүй хүссэн өндөрлөгтөө хүрсэн тэрээр эзэмшсэн мэргэжлийнхээ үр
шимийг эх орондоо зориулна хэмээн ирээд удаагүй байгаа аж.
БШУЯ,
"Оюу Толгой” компанийн Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу "Оюу
Толгой” компанийн 100 хувийн тэтгэлгээр дахин гурван оюутан дэлхийн нэр
хүндтэй их сургуульд сурах батламжаа гардах үеэр түүнтэй уулзаж ярилцсан
юм.
-Сүүлийн жилүүдэд манай оюутан залуус гадагшаа гарч
сурах сонирхол их болж. Тийм боломж бололцоо нь ч илүү өргөжсөн байна.
Гэвч мэргэжил сонгох тал дээр дийлэнх нь алддаг?
-Ер нь,
мэргэжил сонгохдоо юун түрүүн өөрөө өөрийгөө сайтар таньж мэдэх
хэрэгтэй. Юу хүсч байгаа, ямар ажил мэргэжлээр илүү амжилттай ажиллаж
чадах, ажлын талбарт гараад юу хиймээр байгаа тухайгаа гэр бүл, найз
нөхөд гэхээс илүү өөртэйгөө ярилцах хэрэгтэй. Бусдын зөвлөгөөг дагаж
дургүй ажил мэргэжлээ сонгочихоод гадаадад маш өндөр зардлаар суралцана
гэдэг цаг хугацаа, мөнгө хий дэмий үрж байгаагаас ялгаагүй. Тийм учраас
юу хийж яаж амьдармаар байгаагаа өөрөөсөө л асуух нь зөв. Чиний
амьдралаар өөр хүн амьдрахгүй учраас ганц удаагийн сонголт, боломжийг
өөрөө л шийдэх нь зөв.
Хүмүүс ярьдаг л даа, энэ мэргэжлээр төгслөө
гэхэд ажил олдохгүй гэх мэтээр. Угтаа, ямар ч мэргэжил эзэмшсэн бай
өөрийн тань мэргэшсэн, эзэмшсэн байдал л чухал. Мянга мянган хуульч
байсан ч та шилдэг нь бай л даа. Хүссэн хүсээгүй танд цалин амлах болно.
-Магадгүй өөрийгөө сонсохгүй байгаа нь манай боловсон хүчний үнэлгээ, цалин хөлс муу байгаатай холбоотой юм болов уу?
-Нэг
талаар тийм. Зуу зуун мянган ам.доллараар гадаадад боловсрол эзэмшээд
иртэл захын цэвэрлэгчийн цалин амалвал яах вэ. Тийм ч учраас одоо
гадагшаа гарч сурах гэж байгаа залуус мэргэжил сонгоход маш их цаг
зарцуулж эцэст нь хүсээгүй мэргэжлээ сонгодог. Энэ тухай яривал их олон
хүчин зүйлээс хамааралтай болж таарах байх. Юутай ч, оюутан залуустаа
зөвлөхөд сонголтоо өөрөө л хий.
-"Оюу Толгой” гэх томоохон компанийн тэтгэлгийг авахын тулд амаргүй даваа давсан байх. Хэчнээн оюутнаас шалгарсан бэ?
-Миний
хувьд "Оюу Толгой” компанийн тэтгэлгийг авсан эхний долоон оюутны нэг.
Тухайн үед жилд гурван хүүхэд явуулна гэж тэтгэлэг зарласан. Тавьсан
шаардлага гэвэл сургалтын амжилт, голч дүн, сурч байх хугацаандаа эрдэм
шинжилгээний хурал зөвлөгөөнд орж байсан байдал, бичиж хэвлүүлсэн
судалгааны ажил, гадаад хэлний мэдлэг гэх мэтээр тоочоод байвал маш олон
шалгуур байсан. Мянга мянган оюутан энэ тэтгэлгийн төлөө өрсөлдсөн.
-Таныг зөвхөн "Оюу Толгой” компаниас гадна өөр маш олон тэтгэлэгт хамрагдаж байсан гэж сонссон?
-Оюутнуудад
сургалтын төлбөр төлөх гэдэг их том асуудал байдаг. Миний хувьд энд их
сургуульд элсэхдээ л төлбөрөө эцэг эхээрээ биш өөрөө төлөх тухай бодож
эхэлсэн. Надад хоёр сонголт байсан л даа. Нэг бол хичээлийнхээ хажуугаар
ажил хийх эсвэл сургуулийн захирлын нэрэмжит хуудсанд нэрээ бичүүлэх.
Мэдээж хичээлийн хажуугаар ажиллана гэдэг хүнд. Тийм ч учраас захирлын
нэрэмжит хуудсанд нэрээ бичүүлж төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахаар зориг
шулуудсан юм. Зургаан удаа нэрээ бичүүлж чадвал төлбөр 100 хувь
хөнгөлөгддөг. Энэ нь ч надаас өөрийгөө дайчлахыг шаардсан. Би сайн сурна
гэхээс илүүтэй төлбөрөө өөрөө төлнө дөө гэсэн бодлоор хичээлээ л
хийгээд байсан. Нэг л мэдэхэд төгсөх болж би ч төлбөрийн хөнгөлөлтөд 100
хувь хамрагдсан. Мөн сурлагын амжилт сайн байсан учир "Монгол 21” гэх
мэтчилэн сангуудаас тэтгэлэг авч эхэлсэн. Эрдэм шинжилгээний хуралд
идэвхтэй сайн оролцдог байлаа. Түүгээрээ жижиг гэлтгүй урамшуулал
тэтгэмж авсаар байсан. Ер нь л бага багаар ахиулсан даа. Анх эрдэм
шинжилгээний хурал, илтгэлд тусгай байр, гуравдугаар байр эзэлдэг байсан
бол яваандаа хоёр, нэг рүү орж ирсэн.
Оюутнуудад хандаж хэлэхэд
өөрийгөө дайчилж хичээх л хэрэгтэй. Монгол хүний оюуны чадамж асар өндөр
учир багахан хичээл зүтгэлээр хамгийн өндөр оргилд гарч чадна. Одоо
оюутнууд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг болж. Сурч боловсрох
нөхцөл бүрэн бүрдсэн байна. Дэлхий дахинд эрэлттэй байгаа бүхий л
мэргэжлээр сургаж байна, маш их тэтгэлэг, дэмжлэг тэднийг хүлээж байна.
Гэхдээ эд бол зөвхөн зарлагдсан боломжууд.
Миний хувьд алдсан юм
гэвэл яг л энд ярьж буй зарлагдсан боломжуудыг л шүүрч авдаг байсан.
Түүнээс биш тэтгэлэг хайдаггүй байсан. Гэтэл Канадад сурч байхдаа бусад
улс орны оюутнууд боломжийг хүлээдэггүй өөрсдөө хайдгийг олж мэдсэн.
Жишээлбэл, нэг хятад оюутнаас хэрхэн тэтгэлэг авсан тухай асуутал
сургуульд сурах гэтэл төлбөрөө олж чадахгүй болохоор томоохон компаниуд
руу захиа бичсэн гэж байгаа юм. "Би энэ сургуульд ийм мэргэжлээр сурах
хүсэлтэй ч тэтгэлэг олдохгүй байна. Хэрэв та бүхэн надад итгэл
хүлээлгэвэл би сайн сурч ирээд танай байгууллагад ажиллах хүсэлтэй
байна” гэхчлэн хандсан байгаа юм. Гэтэл нэлээд хэдэн компанид хандсанаас
хоёр, гурав нь хүсэлтийг нь хүлээн авсан байх жишээтэй.
Мөн
тэтгэлэг авч чаддаггүй юм гэхэд өөр арга ч байдаг. Хятад, Энэтхэгийн
хоёр оюутан ямар ч төлбөр мөнгөгүй хэр нь сурахыг хүссэн сургуульдаа
хичээлийн жил эхлэхэд хүрээд ирчихсэн байж. Яасан бэ гэхээр
сургуулийнхаа удирдлагатай яриад "Би сургалтын төлбөрөө төлөх боломжгүй
ээ. Тиймээс суралцах хугацаандаа сургуульдаа давхар ажиллах боломж байна
уу” гэсэн байна. Гэтэл багш нар нь сурлагын амжилт, голч дүнг нь харж
үзээд сургуульдаа ажлын байраар хангаж цалинжуулсан байх жишээтэй. Гэрээ
хийнэ, оюутан сурна, ажлаа ч хийнэ төлбөрөө ч төлнө. Ерөөсөө л энгийн.
Бид төчнөөн мянган доллар гээд зүрхээ үхүүлээд байдгаас маш их
зарлагдаагүй боломж байдаг. Тэдгээрийг л барьж авч ашиглах хэрэгтэй.
Товчхондоо боломжийг өөрөө бий болгох хэрэгтэй. Гэтэл манайхан аль нэг
байгууллага тэтгэлэг зарлах, хэн нэгэн ивээн тэтгэхийг л хүлээгээд
байдаг. Мөн заавал Монголоос биш гадаадаас ч тэтгэлэгт хөтөлбөр хайх
хэрэгтэй. Өөртөө итгэ, боломжийг бүтээ, зоригтой бай.
-Өөртэй
чинь адил гадаадад төрийн сангийн тэтгэлгээр суралцаж буй оюутнууд
төгсч ирээд, эх орондоо, төрийн албан хаагчаар ажиллах нөхцөл тавьдаг.
Гэхдээ энэ жилээс илүү уян хатан болгож заавал төрд биш Монгол Улсдаа
ажиллаж болно гэж байгаа юм. Гэвч манайд тухайн өндөр боловсролтой
мэргэжилтнийг үнэлж чадахуйц цалин олгодоггүй. Энэ талаар ямар бодолтой
явдаг вэ?
-Монгол Улс хөгжиж байгаа орон ч бидэнд өөрчилж
шинэчлэх маш их юм бий. Бид тогоон дотроо байгаад байхаар үүнийгээ
мэддэггүй. Харин гадагш гарахаар олон юмыг харьцуулан ойлгож хувь хүний
хувьд өөрийгөө өөрчилж шинэчилдэг. Нэг ёсондоо Монголыг бид өөр өнцгөөс
хармагцаа алдаа оноо, дутуу дулимагийг нь олж хардаг. Тийм өөрчлөлтөд
орсон хүмүүс эргэж ирээд цалингаас цалингийн хооронд амьдрахыг
хүсдэггүй. Би ч цөөнгүй хүнээс энэ тухай асууж байлаа. Олонх нь "Эх
орондоо очоод ажиллаж хөгжил цэцэглэлтэд нь хувь нэмрээ оруулъя гээд
ажилд орох гэхээр дарга нар нь "Байж бай, завгүй байна” гэхчлэн маш их
хүлээлгэдэг, цаг барьдаггүй, маргааш ир гээд явуулчихдаг” гэж байгаа юм.
Нөгөө хүн нь жилдээ хэдэн зуун мянгаар үнэлэгдэх өндөр боловсролтой
байтал ерөөсөө үнэлэхгүй. Аль нэг гадны томоохон их сургууль дүүргэсэн
хүний оронд нөгөө захирал, дарга нь төрөл садны хүнээ оруулах жишээтэй.
Урам нь хугарна биз.
Төр тэтгэлэг өгсөн бол хариу нэхэх нь зөв.
Гэхдээ эх орон гуйх албагүй. Энэ газар шороонд хүн болж уначихаад харийн
нутагт боловсрол эзэмшчихээд эх орноороо гуйлгана гэвэл тэр Монгол
Улсын иргэн биш. Хүссэн хүсээгүй оюун ухаан, боловсрол мэдлэгээ эх
орондоо зориулах ёстой. Харин тэр боломжийг нь төр, хувийн хэвшил,
нийгэм, олон нийт нөгөө хүнд сурталтай дарга олгох ёстой. Тэднийг
хүндлэх ёстой.
-Гадны тэргүүлэх зэргийн их сургууль дүүргэсэн хүний хувиар манай боловсролын системийн дутагдалтай талыг нэрлэвэл?
-Нарийн
зүйл ярихад хэцүү л дээ. Ерөнхийд нь авч үзвэл Монголын боловсролын
систем маш тогтворгүй, байнгын савлагаатай байна. Нэг засаг төр гарч
ирээд л яам тамгын газар, сайд дарга, харьяа агентлаг, мэргэжилтэн
боловсон хүчин тэр ч бүү хэл зүгээр шал арчаад гүйж байгаа үйлчлэгч нь
хүртэл солигддог. Энэ бол хамгийн том хэр нь олон удаа давтагдаж байгаа
алдаа. Боловсролоор тоглож болохгүй. Гадны боловсролын систем, бүтэц,
зохион байгуулалтыг хараад байхад худалч хүнд 100 гаруй жил яг л нэг хэв
загвар, арга барилаар хөгжиж ирсэн байгаа юм. Европ, Америкийн их, дээд
сургуулиуд дээр хэлсэн хугацаанд сургалтын арга барил нь огтоос
өөрчлөгдөөгүй байдаг. Зайлшгүй цаг үеэ дагаад шинэчлэх юмаа хийнэ.
Түүнээс нэг сайд, хурган дарга гарч ирээд орвонгоор нь самраад
хаячихдаггүй. Нэг үгээр аль ч нийгмийн үед боловсролын тогтолцоо
сэтэртэй мал шиг хэн дуртай нь гар хүрээд байдаггүй жигд хөгжилтэй байх
хэрэгтэй юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай боловсролын салбар энэ чигийг
барьж хөгжиж байгаад баяртай явдаг.
Эх сурвалж: www.assa.mn