Косово улсад болсон моно жүжгийн фестивальд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж чадсан жүжигчинд Монгол улсын Засгийн газрын 120-р тогтоолоор 65 сая төгрөгийн шагнал олгов гэсэн мэдээ уншлаа. Уг мэдээ Олимпийн наадмын алтан медальтныг 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 сая төгрөгийн тэтгэмжийг нэр бүхий 47 хүнд сар бүр насан эцэстэл нь олгож байхаар тогтоож байсныг нь мөн санагдуулав. Яагаад ийм урамшууллыг эрдэмтэддээ өгдөггүй юм бол? Тамирчид дэлхийн спортод, жүжигчид дэлхийн урлагт, эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаанд хүч үздэг. 

 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Эх үүсвэр: Дэлхийн Банк

 
 

Монгол улс статистик нь нэгтгэгдэн гарсан хамгийн сүүлчийн жил болох 2011 онд дэлхийн шинжлэх ухаанд 24.8 өгүүллээр хувь нэмэр барив. Нэг сая хүнд ногдох үзүүлэлтээр энэ нь 8.8 өгүүлэл гэсэн үг. Дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж байна гэдэг бол өөрсдийн шинжлэх ухааны салбараар дэлхийтэй хөл нийлүүлэн явж чадаж байгаагийн, багшилж байгаа бол тийм түвшний мэдлэгийг бусдад түгээж байгаагийн баталгаа. Мэдлэгт суурилсан эдийн засаг бүтээхээр зорьж буй Сингапурт энэ үзүүлэлт 876,4, Солонгост 514.1 байв. Бутархай тооны учир нь энэхүү тоог физик, биологи, хими, математик, клиник анагаах ухаан, био-анагаах ухаан, инженер ба технологи болон дэлхий болон сансар судлалын салбаруудаар дэлхийн зиндаанд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлсэн өгүүллүүдийг стандартчилсантай холбоотой байх. Эдгээр сэтгүүлүүдийн жагсаалтыг нь эндээс харж болно  scientific.thomsonreuters.com/imgblast/JCRFullCovlist-2013.pdf

 

Тэдгээр 24.8 өгүүллийг хэн бичсэн юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө, учир нь Дэлхийн Банкны энэхүү статистикт улсынх нь нэр л байхаас хувь хүний нэр байдаггүй. Спорт, урлагт зүтгэж байгаа дээрх хүмүүсийн нөр их хөдөлмөрийг би мэдээж үгүйсгэхийг хүссэнгүй. Гэхдээ бидэнд мэдлэг хэрэгтэй, тэр нь бусад үндэстнүүдэд байгаагаас давсан байх ёстой. Монгол ардын ухаанаар Биеийн бяраар нэгийг дийлнэ, Оюуны бяраар мянгыг дийлнэ гэдэг. Эдийн засгийн шинжлэх ухаанаас хамгийн чухал сургамж нь юу вэ гэвэл аливаа үйл ажиллагааг урамшуулах тусам нэмэгддэг гэсэн дүрэм. Агшин зуур адерналиныг маань хөдөлгөдөг тамирчид, урлагийнхнаас маань дутуугүй ард түмнээ дэлхийд өрсөлдөх мэдлэгээр тэтгэдэг нь үнэлэгддэг болсон цагт л Монгол хөгжинө. 

 

Адерналин хөдөлгөсөн ДАШТ тэмцээний үеэр ч тоостой ажлын өрөөндөө судалгааны ажлаа нухан суугаа, Монголын нэрийг дэлхийн шинжлэх ухааны газрын зургаас арчуулчихгүй байгаа нэр нь үл мэдэгдэх жинхэнэ эрдэмтэн танд мэхийн ёсолъё!

 
 

------------------------------------------------------------------------------------------------------------

 

Энэ бичвэрийн дараа мэргэжил нэгт нэг нөхөр маань дараах сэтгэгдэл үлдээв:

 

Сар бүр 500 мянга? 

 

Уг нь огт дэмждэггүй биш, бага сага юм өгдөг байх. Гол нь тэрнийг нь авах санаатай гарууд олон; сая хүнд ноогдох PhD-гийн тоогоор манайх бол дээгүүр орно. Элдэв тэтгэлэг энэ тэр нь голдуу технологид чиглэсэн юмруу (судалгаа гэдэг үгийг зориудаар хасав), жишээ нь нүүрснээс шингэн түлш гаргана гэх мэт, очдог байх (Үүнийг судалж үзэх хэрэгтэй). За тэгээд академи, ... эрдэмтэдийн холбоо гээд элдэв зохион байгуулалт, лобби бүхий газрууд бий. Тэдний оролцоо гэж байна. 

 

Миний хариулт:

 
 

Статус куо үнэхээр хэцүү шүү. 2013 оны статистикийн эмхэтгэл ёсоор Монгол улсад 48 академич, 143 шинжлэх ухааны доктор, 486 боловсролын доктор, 176 професссорын, 116 дэд профессорын цолтон бий. Төрийн шагналтан, гавъяатуудынх нь тоог би мэдэхгүй юм. 

 

Тамирчдад үзүүлэсэн урамшууллын механизм миний бодлоор буруу. Энэ шийдвэрийн дараа ихэнх нь тэтгэвэртээ гарсан байх, ямар ч рационал хүн нэгэнт орлогын ийм тогтмол орлоготой болчихоор өөр ажил эрхлэх, рекламанд тоглож эхлэх нь хөлсөө дуслуулан махаа идсэнээс илүү ашигтай байна биз дээ . Магадгүй хэт олон дэлхийн хэмжээтэй тамирчидтай болсон болохоор идэвхитэйгүүдийнх нь тоог цөөлье гэж бодсон юм болов уу? Хүн амын тоонд ногдох олимпийн медалын тоогоор Монгол дэлхийн улсуудаас топ-7 -д байсан www.medalspercapita.com/#medals-per-capita:2012 Экономиксийг нь сайн ойлгоогүй. 

 

Сар бүр 500 мянга гэснийг чинь ойлгосонгүй. Дээрх академич, профессор, доктор болгонд сарын 500 мянгыг цалин дээр нь нэмж өгвөл 8,8 өгүүллийн тоог нэмэгдүүлэх болов уу гэж үү? Миний бодлоор тэгвэл загас барих гэж модонд авирав гэх нь болох байх даа. 

Б.Эрдэнэбат

МУИС-ын Эдийн засгийн сургуулийн багш

http://www.mongolianeconomy.mn/