Монгол Улсын гадаад валютын нөөц буурсан нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд "дарамт” бий болсныг баталж байна хэмээн олон улсын үнэлгээний "Fitch” агентлаг мэдээлснийг "Reuters” дамжууллаа. Өнгөрсөн оны эцэст 2.2 тэрбум ам.доллар байсан манай улсын гадаад валютын нөөц 27 хувиар багасаж өнгөрсөн тавдугаар сард 1.6 тэрбумд хүрсэн билээ. Энэ нь 1.8 сарын хугацаанд гадаад төлбөр тооцоо хийхэд л хүрэлцээтэй гэнэ. Дээрх хугацаа 3.2 сар байхыг "B” түвшин хэмээн үнэлдэг аж. Улмаар үүсэж магадгүй санхүүгийн эрсдэлээс сэргийлэхэд манай гадаад валютын нөөц хүрэлцэхгүй болохыг тэд мэдэгдэлдээ дурдсан байна.
Инфляц өсөж, эдийн засаг саарч, төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувьд хүрч болзошгүй гэж Дэлхийн банкнаас мэдээлснийг мөн эш татжээ. "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт эхэлснээр өдгөө 64 хувиар буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, валютын нөөц өсөх хүлээлт бий. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, хөр өнгө оруулагч талын маргаан ирэх он хүртэл үргэлжилж магадгүй хэмээн "Fitch” үзэж буй гэнэ.
Төгрөгийн
ханш сулрах нь гадаад валютаар санхүүжилтээ төлдөг гадаад болон
дотоодын зээлдэгчдэд дарамт болохыг мөн онцолжээ. Дэлхийн банк Монгол
Улсыг төсөв, мөнгөний бодлогоо чангатгах нь зүйтэйг саяхан гаргасан
тоймдоо мэдээлсэн билээ.
Ц.БОЛОРМАА
"Өнөөдөр" сонин