Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Жамсрандорж: Шар нунтаг аюул дагуулах хэмжээний цацраг ялгаруулдаггүй

jamsranjavМонгол Улсын Зөвлөх геологич, Геологи-эрдэс судлалын ухааны доктор Г.Жамсрандоржтой ярилцлаа. Цацраг идэвхт ашигт малтмалын гол төлөөлөгч болох ураныг олон нийт атомын цахилгаан станцад ашигладаг хортой бодис хэмээн ойлгодог.Тэгвэл байгаль дээр өргөн тархсан, энгийн нөхцөлд төдийлөн хор хөнөөл учруулдаггүй, олборлох технологийн хувьд хялбар уг эрдэсийн талаар Монгол Улсын зөвлөх геологич, Геологи-эрдэс судлалын ухааны доктор Г.Жамсрандоржоос асууж тодруулсан юм.Тэрээр геологийн салбарт 38 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн турш ураныг дагнан судалж байгаа аж. 

 

-Юуны өмнө та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу.Хаана ямар сургууль төгссөн бэ, геологич мэргэжлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би Завхан аймгийн уугуул.1975 онд Эрхүү хотын Политехникийн их сургуулийг геологич мэргэжлээр төгссөнөөс хойш 38 дахь жилдээ энэ салбартаа ажиллаж байна.Надтай хамт Монголоос гурван геологич, гурван өрмийн инженер сургууль төгссөн.Ажлынхаа гарааг Дархан-Уул аймгийн Дарханы геологийн экспедициэс эхэлсэн.Миний хувьд алтны хайгуулын чиглэлээр 20 гаруй жил ажилласан.Харин сүүлийн 10 гаруй жилийн турш ураны чиглэлээр дагнан ажиллаж байна.Мөн зэс, цагаан алт, молибдени зэрэг ашигт малтмалын эрэл хайгуулын ажил хийж байсан.

-Танаас уран гэх эрдэсийн талаар асууж тодруулах гэсэн юм.Ер нь уран гэж ямар бодис байдаг вэ, бид юунд ашиглах боломжтой вэ?

-Уран бол дэлхий дээр тархсан 108 элементийн нэг.Ус, хөрс, агаар гээд гурван мандалд нэлээд өргөн тархсан байдаг.Тухайлбал, хамгийн их тархсан гэгддэг хүчиллэг чулуу буюу боржингийн нэг шоо км-т 20 орчим тонн уран байнга агуулагддаг.Энэ бол тийм өндөр биш жирийн л агуулга гэхээр уран их элбэг тохиолддог эрдэс юм.Харин ийм хэмжээний боржин дотор ураны хэмжээний алт байхгүй.Бид уран бүхий бүх төрлийн чулуулаг дээр гишгэж, ажиллаж, амьдарч байдаг.Уран бол усанд маш амархан уусдаг.Зарим тохиолдолд нэг литр эрдэсжсэн усанд 400 мг хүртэл уран ууссан байх жишээтэй.Байгаль дээрх бүх усанд уран их, бага хэмжээгээр агуулагдаж тодорхой хэмжээгээр хуримтлал үүсгэдэг.Тэгэхээр уран бол Монголын нутаг дэвсгэрт төдийгүй дэлхий дээр маш их тархсан, жирийн л нэг элемент юм.Уран нь цацраг ялгаруулдаг учраас хүмүүс болгоомжилдог талтай.Уранаас ялгардаг цацраг нь маш их хэмжээгээр хуримтлагдвал аюултай гэхээс жирийн нөхцөлд сөрөг нөлөөгүй шүү дээ.Уран нь задралынхаа явцад их хэмжээний дулаан ялгаруулдаг учраас уг шинж чанарыг нь хүн төрөлхтөн энх тайвны зорилгоор атомын цахилгаан станцад өргөнөөр ашиглаж байна.Мөн цөмийн зэвсэгт ашигладаг ч ийм эрх бүхий 5-6хан улс байдаг.Ураныг цөмийн зэвсэгт ашиглахыг дэлгэрүүлэхгүйн тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу тухайн улс орнууд өндөр хариуцлага хүлээдэг.Түүнчлэн ураныг хүнд хайлшид хэрэглэж хуяг нэвтлэх тусгай сумны найрлагад оруулдаг ч тийм сум маш хүнд жинтэй байдаг.Тиймээс зузаан гадаргуутай хамгаалах хэрэгсэл бүхий танкны хуягийг нэвтлэхэд ашигладаг юм.Тийм сумыг Америкчууд Югославын дайны үед хэрэглэснийг та бүхэн санаж байгаа байх.Мөн цацрагаас хамгаалах зорилгоор онгоцны гадна бүрхүүлд ураныг хэрэглэдэг.Энэ нь онгоцон дотор сууж буй хүмүүст ямар ч хор нөлөөгүй.

-Тэгэхээр уран нь байгаль дээр элбэг тархсан эрдэс юм байна.Агаарт ямар хэлбэрээр оршдог вэ?

-Бидний оршин буй гурван мандалд уран зохих хэмжээгээрээ байдаг.Тэгэхээр энэ бол байх ёстой зүйл гэсэн үг.Цацрагийг эрүүл мэндийн салбарт ашиглаж, өвчин эмгэгийг анагаахад хэрэглэдгийг хүн бүр мэднэ шүү дээ.Цацраг нь хортойгоос гадна хорны эсрэг үйлчилгээтэй учраас ураныг дан хортой бодис хэмээх нь өрөөсгөл ойлголт.Улаанбаатар хотод 20 орчим микрорентген/цаг хэмжээний цацраг байнга байдаг нь жирийн л тун.Заавал 0 байх албагүй.

-Дэлхий дээр ураны хичнээн төрлийн орд байдаг вэ.Тэдгээрээс манай улсад ямар төрлүүд нь элбэг байдаг вэ?

-Дэлхий дээр ураны 10 гаруй төрлийн орд байдаг.Тэдгээрээс хамгийн их ач холбогдолтой, нөөц ихтэй ураны ордын төрөл бол үл нийцлэг зааг орчмын гэж баруунд нэрлэдэг ордууд юм.Канад, Казахстан, Австрали, Өмнөд Африк зэрэг барууны орнууд ураны нөөц ихтэй.Харин Монголд одоогоор тийм орд нээгдээгүй.Манайд нээгдсэн ураны ордууд нь голдуу ядуу агуулгатай, тунамал гарал үүслийнх байгаа юм.Энэ нь геологийн цаг хугацааны хувьд харьцангуй сүүлд үүссэн залуу тогтоцтой гэсэн үг.Одоо ч ураны ордууд үүсч л байгаа.Ураныг олборлох технологи нь харьцангуй хялбар учраас ядуу бага агуулгатай ордуудыг ашиглах боломж олгодог.Галт уулын буюу вулкан чулуулагтай холбоотой ордууд ч манайд бий.

-Ураны 10 гаруй төрлийн ордоос манайд хичнээн төрөл нь нээгдсэн бэ?

-Манайд одоогоор ураны ордын 3-4 төрөл нь л нээгдсэн.Тэдгээрээс заримынх нь нөөцийг тогтоосон.Манай орны хувьд тунамал маягийн ордууд нь хамгийн ач холбогдолтой.Энэ төрлийн ордууд говийн бүсэд төвлөрсөн байдаг.Дорнодод агуулга нь харьцангуй өндөр, арай илүү нийлмэл тогтоцтой, нөөц сайтай ураны орд байдаг ч далд аргаар олборлох нөхцөлтэй.Ийм нийлмэл ордуудад технологи болоод уулын ажил хийхэд бэрхшээлтэй тал бий.

-Монгол орны ураны ордын геологийн тогтоц ямар онцлогтой вэ.Эрлийн ямар шалгуур, шинж тэмдэгтэй байдаг юм бол?

-Монголд буй ураны ордууд харьцангуй хялбар тогтоцтой гэж үзэж болох ч хайгуул хийхэд хүндрэлтэй байдаг.Тунамал чулуулаг нь газар доорх усны үйл ажиллагааны үр дүнд үүссэн ядуу агуулгатай ч нөөцийн хувьд харьцангуй их байдгаараа онцлогтой.Газрын гадаргуугаас 10 метрээс доош гүнд голлон байрладаг.Монгол дахь ураны ордуудыг гамма спектрометрийн судалгааны үр дүнд цацрагийн шинж тэмдгээр нь илрүүлсэн.Мөн газрын гадаргад цацраг илрээгүй учраас гүний хайгуулаар тогтоосон ордууд ч бий.Ер нь цацраг чулуулгийн зузаан үеийг нэвтэлж чаддаггүй.Үүний жишээ нь Дорнодын ордын 440 м гүнд орших долдугаар биет юм.Энэ биет өндөр агуулгатай ч газрын гүнийг цацраг нэвтэлж чадаагүй учраас Оросын геологичид өрөмдлөгийн ажлын үр дүнд илрүүлэн тогтоосон.Зарим чулуулаг хэсэгхэн газраа ураны харьцангуй өндөр хуримтлалтай байдгаас орчиндоо цацрагийн гажил өгдөг.Тэгээд геологийн эрлийн ажил хийгээд үзэхээр ураны орд байхгүй, тэрүүхэндээ багахан агуулгатай байх тохиолдол бас бий.Энэ бол олборлох боломжгүй зүгээр л байгалийн өндөр цацраг юм.Ийм өндөр цацрагтай цэгүүд Монголд төдийгүй дэлхий дээр маш элбэг байдаг.

-Газрын гадаргуу дээр ялгарч буй ураны цацраг хор нөлөөтэй юу?

-Хүн өдөрт ямар хэмжээний цацрагийг биедээ хүлээн авах боломжтой вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тогтоосон байдаг.Тиймээс цацрагтай харьцан ажилладаг хүмүүс хичнээн хэмжээний цацрагийг авч байгааг хянахын тулд дозиметр гэдэг тусгай багажийг биедээ зүүж ажилладаг.Ингэснээр цацрагийн хэмжээг хянах боломжтой болно.Хэрэв уг багажийн үзүүлэлтээр тухайн ажилтан зохих хэмжээний цацрагийг биедээ авсан бол ажлаасаа хөндийрч тодорхой хугацаанд завсарлаж хордлогын тун авахаас сэргийлж болдог.Харин атомын цахилгаан станцын сүйрэл болсон бол цацрагийн цөмийн хэмжээнд цацрагийн хэмжээ маш ихээр нэмэгддэг учраас хүний цусны цагаан бөөм болон чөмгөнд шууд нөлөө үзүүлэх онцгой аюултай байдаг.Байгалийн хүдэртэй харьцаж байгаа үед тийм аюул бараг байдаггүй дээ.

-Цацрагтай газар зориулалтын багажгүй яваа нөхцөлд хүний биед ямар нэг байдлаар өөрчлөлт орж мэдрэгдэх үү?

-Цацрагийн хэмжээг хэмжих багажгүй тохиолдолд хүний биед мэдрэгдэхгүй ч удаан хугацаанд ажиллаж болохгүй.

-Тэгвэл цацраг хүний биед шууд мэдрэгддэггүй учир цацраг өндөр бүст амьдарч буйгаа мэдэх боломжгүй гэсэн үг үү?

-Монголд ураны цацрагтай цэгүүд олон бий.Монголчууд түүнийг нь мэдэлгүй олон зуун жилийн турш амьдарсаар ирсэн.Өнгөрсөн хугацаанд цацрагт хордож хүний амь нас эрсдлээ гэж лав дуулдаагүй биз дээ.Монгол ураны цацрагийн хэмжээгээр удаан хугацааны турш байвал аюул учруулах цэгүүд бий.Тиймээс тэдгээр цэгүүдийг төрийн бодлогоор зохицуулж хамгаалах шаардлагатай болов уу гэж мэргэжилтний хувьд боддог юм.Ер нь ураны цацраггүй, нойл цэг гэж огт байдаггүй.Улаанбаатар хотын аль ч цэг дээр багажаар хэмжихэд 18-25 микрорентген/цаг заадаг нь хүнд хоргүй гэсэн үг л дээ.Геологичид 50 микрорентген/цаг цацраг ялгаруулж буй цэгийн доор уран байж магадгүй гэж үзээд шалгадаг.Монголд 100 микрорентген/цаг цацраг ялгаруулдаг цэг маш олон байдаг ч цацрагийн хэмжээ 300 микрорентген/цагаас илүү болвол тэнд хүн байнга амьдарч болохгүй.Гэхдээ манайд 1000 микрорентген/цаг цацраг ялгаруулдаг цэг бол байхгүй.Харин Канадын Атабаска сав газрын ураны ордуудад 10-14 хувийн ураны агуулгатай байдаг.Тиймээс тус хүдрийн хажууд хэдэн мянган микрорентген/цаг цацраг ялгаруулдаг учраас тэнд хүн байнга ажиллах боломжгүй ч уурхай нь одоо ч ажиллаж байгаа.

-Та ураны өндөр цацраг ялгаруулдаг цэгүүдэд ажиллаж байв уу?

-Миний хувьд өндөр цацрагтай цэгүүд дээр ажиллаж байсан.Дорнодын ураны ордын долдугаар хүдрийн биет нь 0.2 хувийн буюу Монголын хамгийн өндөр агуулгатай орд.Энэ нь жирийн ураны ордуудаас 10 дахин өндөр гэсэн үг.Хэдийгээр багажаар харахад цацрагийн ялгаруулалт өндөр мэт байгаа ч сар тутмын дозиметрийн заалтаар би цацрагийн аюултай тун авч байгаагүй, тэнд ажиллахад ямар ч хортой нөлөө мэдрэгдээгүй.Тэгэхээр Монголын ураны ордууд дээр ажиллаж буй мэргэжилтнүүд болоод түүний ойр орчимд амьдарч буй малчдад цацраг хортой нөлөө үзүүлэхгүй учраас айх аюул байхгүй.

-Ураныг хэрхэн олборлож баяжуулдаг вэ?

-Ураныг баяжуулан олборлох технологи нь хялбар.Ураны хүдрийг алт, зэсийн хүдэр олборлодогтой адил тэсэлгээ хийж гаргаж ирээд бутлан боловсруулдаг уул уурхайн жишиг аргаар олборлодог учраас нэг их ялгаа байхгүй ч онцлог бас бий.Хамгийн сүүлийн шатанд боловсруулалт хийхдээ хүхрийн хүчлийн сул уусмалыг хэрэглэдэгт л онцлог нь оршино.Ураны эрдсүүд хүхрийн хүчилд уусч үүссэн уран бүхий уусмалын баяжмалын давирхайг ураныг нь суулгаж авна.Харин үлдсэн уусмалыг нь дахин ашигладаг учраас ямар нэг хаягдал гардаггүй.Давирхайнаас ураныг шар нунтаг хэлбэрээр ялган авдаг.Энэ технологийг дэлхийн улс орнууд ямар нэг нууцлалгүйгээр ашиглаж ирсэн.Ядуу агуулгатай ураны ордуудыг шууд газар доор уусган баяжуулах аргыг дэлхий даяар өргөн хэрэглэж байна.

-Байгаль дээр элбэг тохиолддог, түүний дээр олборлох технологи нь хялбар гэхээр нэг жижиг ураны ордыг олоод олборлож эхлэх хүртэл хэр хэмжээний хугацаа зарцуулдаг юм бол?

-Ураны ордын хайгуулын ажилд их хугацаа зарцуулж байгаа.Одоогоор Монголд хамгийн богино хугацаанд нээж хайгуул хийсэн ураны ордод 5-7 жилийг зарцуулсан байдаг.

-Манайхан уран гэхээр л аюултай зүйл гэж ойлгодог.Уран ямар үед хортой бодис болж хувирдаг вэ?

-Ураныг баяжуулж авсан шар нунтаг нь аюул дагуулах хэмжээний цацраг ялгаруулдаггүй.Харин металл уран гаргаж авах үед илүү их цацраг ялгарна.Үүнийг улс орон бүр хийдэг зүйл биш.Олон улсын байгууллагын хяналтан дор технологийн өндөр түвшинд тусгайлан хамгаалж хийдэг.Харин шар нунтгийг нь дэлхийн аль ч улс орон вагоноор тээвэрлэж байна.Манай улсын хувьд ураны бодлого шар нунтаг боловсруулах хүртэл хэмжээнд л байгаа.Одоогоор хоёр гурван ордод ураны шар нунтаг гаргаж авах технологийн туршилт хийж олборлох боломжтой гэдгийг баталсан.Тэгээд ч манайд уранаас металл боловсруулах шаардлага болоод нөхцөл боломж байхгүй.

-Манай оронд ураны үндсэн болон тунамал ордуудыг ашиглах талаар цаашид ямар ажил хийх ёстой вэ?

-Одоогоор манайд Монгол Улсын төрийн болон Канад, Хятадын компаниудийн эзэмшлийн ураны долоон ордод хайгуул хийж, олборлоход бэлэн болгосон байгаа.Гагцхүү төрөөс олборлох зөвшөөрлийг нь өгчихвөл ажил эхлэхэд бэлэн болсон гэсэн үг л дээ.Уран бол алт, зэс шиг өндөр ашигтай биш ч гэлээ үүнийг дагаад хяналтын болон бусад өндөр технологи нэвтэрнэ.Ер нь уран нь байгаль орчинд онцын хор хөнөөл учруулахгүй учраас олборлох нь зүйтэй гэж би хувьдаа боддог юм.Тэгээд ч бид гадаадын хөрөнгө оруулалтыг уриалан дуудчихаад одоо та нар хэрэггүй гэвэл олон улсын ёс журам, хүний жудагт хэр нийцэх бол доо.Үүнийг бас бодох л хэрэгтэй байх.

-Манай улсын хувьд ураныг олборлолоо гэхэд шар нунтаг хэлбэрээр нь л гадагшаа экспортлох юм байна.Харин дотооддоо баяжуулан боловсруулах хүчин чадал байхгүй гэсэн үг үү?

-Манай улс ураны боломжийн нөөцтэй.Тиймээс түүнийгээ олборлож олон улсын өндөр хяналтын дагуу шар нунтаг хэлбэрээр гадаад зах зээлд гаргана.Харин хаягдлыг нь манай улс буцааж авна гэсэн ойлголт огт байхгүй.Хүдэр боловсруулах явцад ядуу хүдрийг ил гарган баяжуулахад бага хэмжээний цацраг ялгардаг.Түүнээс хяналтын үндсэн дээр хамгаалах арга замууд байдаг.

-Манай улс дэлхийн ураны нөөцийн нэг хувийг эзэлдэг.Харин цаашид судалгаа хийснээр нөөцийг нь ахиулах боломжтой гэдэг юм билээ.Одоогоор ураны нөөцийг хэр хэмжээнд тогтоосон бэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр манай улс ураны 100.000 гаруй тонн нөөцтэй гээд л бичээд байх юм.Миний хувьд нөөц бүртгэдэг хүн биш ч гэлээ энэ чиглэлээр ажилладаг учраас хэдий хэмжээний орд байгаа вэ гэдгийг бол мэднэ.Дэлхийн ураны нөөцийн нэг хувийг манай улс эзэлж байна гэдэг бол тийм ч өндөр тоо биш.Дэлхийн улс орнуудаас ураны судалгааг Хятадууд их хийж байна.Мөн Казахстан ураны нөөц болоод олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт явна.АНУ, Канад, Австрали улс ураны нөөц ихтэй шүү.

-Уран олборлосноос болоод хүн амьтан хордож байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед их бичиж, ярьж байна.Ураныг олборлосноор хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн тухай та ярина уу?

-Говийн бүсэд буй ураны ордуудыг олборлохын тулд уулын ажил хийгдэхгүй.Зургаан цооног өрөмдөөд, дунд талын цооногт нь хүхрийн хүчлийн маш сул уусмалыг шахаж захын цооногуудаар соруулах замаар хийх юм.Эдгээр цооногуудын захаар өрөмдсөн цооногуудаар хүхрийн хүчил алдагдаж байна уу гэдгийг нягталж шалгана.Хүдрийг нь авсны дараа өрөмдсөн цооногоо саармагжуулах учраас байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүй гэж ойлгож болно.Ийм туршлага дэлхий дахинд түгээмэл хийгддэг.Ер нь ураныг дэлхий нийтээр олборлож болоод байхад ганцхан Монголд л хор хөнөөлтэй юм шиг зориудаар ойлгуулах гэсэн хүмүүс байна.Энэ бол ураны талаар мэдлэг хомс, өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах сонирхол, ашиг хонжоо хайсан хүмүүсийн явуулга гэж би хувьдаа боддог.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр атомын цахилгаан станц болон ураны уурхайд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэнд энгийн иргэдийнхээс илүү сайн байдаг гэсэн судалгаа гарсан.Энэ нь миний бодлоор цацраг бүхий орчинд ажилладаг хүмүүс байнга хамгаалах зориулалтын багаж зүүж тэдний эрүүл мэндийг тогтмол хянаж анхнаасаа ямар нэг суурь өвчингүй хүмүүсийг ажиллуулдагтай холбоотой болов уу.

-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын "Арева” группийн охин компани болох "Кожеговь” компани туршилтаар цөмийн нэг төрлийн бодис болох шар нунтаг олборлож байгаа. Тэд шар нунтаг олборлохын тулд хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаад тунгааж соруулах арга хэрэглэдэг.Энэ нь гүний усанд шингэх өндөр магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа тухай сайтууд дээр мэдээлсэн байна.Уг мэдээлэл хэр үнэний ортой вэ?

-"Кожеговь” ХХК туршилтын журмаар шар нунтаг олборлоод одоо зогсоосон.Энэ тухай Засгийн газраас томилсон Монгол Улсын урдаа барьдаг мэргэжилтнүүд дүгнэлтээ гаргасан шүү дээ.Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч телевизээр мэдээлсэн.Дэлхий даяар уурхайнууд ийм аргаар уран гаргаж авч байхад Монголд л хэрэглэж болохгүй гээд яриад байх юм.Казахстан улс нэг жилд 10 мянган тн уран үйлдвэрлэхдээ яг энэ аргыг ашигладаг.Саяхан би тэнд очоод ирлээ.Тэнд манайд яриад байгаа шиг ярьж, бичиж байгаа хүн алга.Өөрсдийнхөө үзэл бодлыг заавал үнэн байх ёстой гэж фашист, коммунистууд л бусдад тулгадаг гэдэг дээ.Манай зарим хөдөлгөөнийхөн бусдыг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа нь харагдах юм.Нэгэнт ингэж ярьж байгаа бол гадаадын шинжээчдийн дүгнэлтийг хүлээе л дээ.Байдал өөрчлөгдөхгүй шүү дээ.Гадаадынханы шинжлэх ухаан Монголын эрдэмтдийн шинжлэх ухаанаас өөр болж байна уу.Тэр селен, зэсээс болж мал үхэхгүй ээ.Хонгорын цианидаар хордсон түүхийг тэдэнд сануулмаар байна.Гадаадынхан ирээд цианидаас хордоогүй байна гэж хэлсэн биз дээ.

jamsranjav

Би энд зориуд нэг л юм хэлмээр байна.Тэр гадаадынханы хөрөнгө оруулалтыг үзэн ядагчид үнэндээ хэний захиалгаар ийм мэдээлэл цацаад байгаа юм бол доо.Барууны орныхоны хөрөнгө оруулалтыг үзэн ядагчид үнэндээ Хятадын хөрөнгө оруулалтыг дуудаад байгаа юм биш үү.Гадаад оронд Хятадууд хуулийг нь хүндэтгэхээсээ илүү ашиг хардаг.Тиймээс ямар ч хамаагүй аргаар хөрөнгөө оруулж байгаа түүх байна.Тэд барууны орныхоныг хичнээн их шүүмжилж, муулах тусам, Хятадын хөрөнгө оруулалтыг уриалан дуудаж байгаа байх гэж би хувьдаа бодож байна.Та бүхэн энэ асуудлыг тунгаан бодно биз ээ.

-Тус суманд учир шалтгаан нь тодорхойгүйгээр мал олон тоогоор үхэж байна.Хордсон гүний усыг уусан хүн, амьтан түлэгдэх аюултай гэж"Цөмийн аюулгүй Монгол Улс” үндэсний хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ хариуцлагатайгаар мэдэгджээ.Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Ямар ч мэдлэггүй хүний үг гэхээс өөр хэлэх юм алга.Би 10-аад жил ураны ордод ажиллаад усыг нь уугаад яагаа ч үгүй, эрүүл саруул ажлаа хийгээд явж л байна.Мал хаа сайгүй л үхэж байгаа шүү дээ.Бусад суманд үхээд байгаа малыг юунаас болсон гэх вэ.Какахстаны нутагт Семипалатинскийн цөмийн туршилтын полигон Монголд ойрхон шүү дээ.Баян-Өлгийд үхээд байгаа мал тэрнээс боллоо гээд орилохгүй байгаа биз дээ.Өмнөговь аймгийн хилээс урагш 70 км-т Баян-Овоогийн газрын ховор элементийн том уурхай маш олон жил ажиллаж байна.Түүнээс болоод Өмнөговийн мал үхээд байна гэж хэлсэн хүн байна уу.Заавал Монголд байгаа уурхайгаас боллоо гээд байгаа нь дарамтлах хүмүүс ойрхон байгаагийнх биш үү.

-"Кожеговь” компани нь Монгол Улсад ураны 28 лиценз эзэмшдэг.Ер нь гадны компаниудад лиценз олноор нь олгох нь хэр зөв бэ?

-Манай улсын хуулиар лицензийн тооны хязгаар зааж өгөөгүй байсан учраас буруугаа бид өөрсдөөсөө л хайх хэрэгтэй.Хайгуулын лицензээр байгаль сүйтгээд байх нь юу л бол гэж нэмж хэлмээр байна.Цаашид бодлогодоо энэ талаар тусгах биз ээ.

-Үйлдвэрлэлийн өртөг зардал бага, түлш хямд, урт хугацаагаар зогсолтгүй ажилладаг, мөн дэлхийн цаг уурын дулааралд нэрмээс болдог нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ ялгаруулдаггүй тул цөмийн эрчим хүчийг дэлхийн улс орнууд сонирхдог.Тиймээс дэлхийн 30 орчим улс орон 440 орчим реакторт цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг.Тэгэхээр манай оронд цөмийн эрчим хүч гаргаж авах нь эдийн засгийн хувьд аль зэрэг үр ашигтай байх вэ?

-Манай урд хөрш Хятад улс эрчим хүчний дутагдалд орж байгаа учраас атомын цахилгаан станцыг ихээхэн дэмжсэн бодлого явуулж байгаа.Тиймээс 20 гаруй атомын цахилгаан станц барьж байна.АНУ хамгийн олон атомын цахилгаан станцтай орон.Хүмүүсийг айдаст автуулсан Японы Фукушимагийн цахилгаан станц нь 50 гаруй жил ашигласан хуучин станц байсан.Гэсэн ч цунами болоогүй бол сүйрэхгүй байх байсан юм.Манай улсын хувьд нүүрсний арвин их нөөцтэй.Түүнийгээ боловсруулж хий, шингэн түлш гаргаж авч дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой ч утаа тортог их гарч агаарын бохирдол үүсч байна.Түүнчлэн тээвэрлэлтийн үед зам их талхлагддаг гээд тоочоод байвал сөрөг үр дагавар их.Хэрэв үүнээс ангижирья гэвэл атомын цахилгаан станц барьж болно л доо.

Асар уудам газар нутагтай манай улсын аймаг сумдад цахилгаан болоод дулааны асуудал байнга тулгардаг.Үүнийг шийдвэрлэх арга зам уг нь бий.Гэхдээ одоогоор нүүрсээ боловсруулах талаар дорвитой зүйл хийгээгүй байхад атомын цахилгаан станцын тухай бол бүр ч ярихгүй биз дээ.Уг нь манайд хүрээлсэн далай тэнгис байхгүй учраас далайн шуурга, цунами болж сүйд хийнэ гэж айх аюул байхгүй учраас атомын цахилгаан станц барихад тохиромжтой.Энэ асуудлыг ард түмнээрээ хэлэлцэж байж шийдвэрлэж ч болох юм.

-Манай улсад цацраг идэвхт ашигт малтмалын хяналтыг Цөмийн энергийн газарт хийдэг үү?

-Цацраг идэвхт бодисын хяналтыг Олон улсын цөмийн энергийн агентлагаас гаргасан аюулгүй байдлын дүрэм журмаар зохицуулдаг.Манай улсын хувьд Олон улсын цөмийн энергийн агентлагтай хамтран ажиллаж заавар зөвлөмжийг нь даган мөрддөг.Монгол Улс бие дааж хяналтын дүрэм журам гаргаж амжаагүй бололтой байна.

-Та "Ашигт малтмалын тухай хууль” -ийг боловсруулахад оролцсон уу.Олон нийтээр хэлэлцүүлэгдэж буй уг хуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

-Миний хувьд 1994 онд батлагдсан анхны "Ашигт малтмалын тухай хууль”-иас эхлэн хэлэлцүүлэгт нь оролцож өөрийн үзэл бодлоо илэрхийлж ирсэн.Үе үеийн хуулиуд тухайн цаг үе, нийгмийн шаардлагад нийцэн гарч ирдэг.1994 оны "Ашигт малтмалын тухай хууль” нь социализмийн үеийн уур амьсгалыг агуулсан, нэлээд хүнд суртал ихтэй болсныг үгүйсгэхгүй.Тэр үед бидний сэтгэхүй ч бас л тийм байсан шүү дээ.  Харин 1997 оны хууль гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудсан их либераль хууль болсон юм.Тухайн үед дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж байсан учраас манай улс эдийн засгийн гол салбар болсон уул уурхайгаа хөгжүүлж байж бусад салбараа тэтгэх шаардлагатай байсан.Тиймээс энэ хуулийн ачаар л тэтгэврээ өгч чадахгүй байсан улсын төсөв хөрөнгөтэй болсон шүү дээ.Гэтэл зарим нэг хүмүүс Монголын баялгийг гадаадынханд найр тавин өгсөн их муу хууль болсон гэж шүүмжилдэг л юм.Хэрэв 1997 оны хууль гараагүй байсан бол Монголын геологичид дэлхийн мэргэжилтнүүдтэй танилцаж, хамтран ажиллах үүд хаалгыг нээж өгч чадахгүй л байсан шүү дээ.Уг хуулийн ачаар Оюутолгой, Гацуурт, Зуун мод зэрэг олон ордууд нээгдлээ, манай улсын экспортын хэмжээ эрс нэмэгдэж, уул уурхайн салбарт дэм болсон биз дээ.Улмаар цаг үе өөрчлөгдөж ашигт малтмалын үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсч эхлэхэд лицензээ наймаалцаж хавтгайрах байдал үүссэн учраас 2006 онд нэлээд хязгаарлах чиглэлийн хуулиуд гарч эхэлсэн.Энэ нь тухайн цаг үетэйгээ бас л зохицсон байсан.Харин одоо хэлэлцэгдэж байгаа "Ашигт малтмалын тухай хууль”-ийн төсөл гадаадын хөрөнгө оруулалтыг хумиж, хориг тавих шат руугаа орсон.Энэ нь геологи, уул уурхайн ажлын үрээр гол мөрөн ширгэж, байгаль орчин сүйдэж байна гэсэн мэдээлэл олон нийтийг хавтгайруулан төөрөгдүүлсэнтэй холбоотой болов уу.Муу уурхай байгаа ч бүгд тийм биш шүү.2013 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласнаар геологи, уул уурхайн ажил үндсэндээ зогсонги байдалд орлоо.Монголын үндэсний 600 орчим компани ажилгүй гар хумхин сууж байна шүү дээ.Үүний цаана олон мянган өрх гэр амьдрах баталгаагүй болж байна.Цаашид нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу гэж найдаад л сууж байна даа.

-Тэгэхээр энэ хууль буруу тал руугаа хэлбийж байна гэсэн үг үү?

-Уг хуулийг буруу гэж хэлэхэд бас хэцүү юм.Манай улсын геологийн салбарын ерөнхий бодлого алдагдсан учраас төрөөс баримтлах бодлогоо гаргая гэж Ерөнхийлөгч хэлсэн.Үүнтэй холбоотой байж болох юм.Ер нь бид заавал гадаадын хөрөнгө оруулалтаар геологийн судалгааны ажлыг зохицуулах ёсгүй байх л даа.Манай улс хөрсөн доорх баялгийн нөөцөө мэдэхээс гадна геологийн тогтцын судалгааг байнга хийж байх ёстой.1:50.000 масштабын геологийн зураглал манай улсын нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд л хийгдсэн байна.Энэ бол тун муу үзүүлэлт.Үүнийг заавал гадаадын гэлтгүй улс өөрийнхөө хөрөнгөөр хийх ёстой.Үүн дээр бодлого хэрэгжиж эхэлж байна.Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж бодлогоо боловсруулан УИХ-д өргөн бариад байна.Тус бодлого геологичдийг ажлаар хангаж үндэсний компаниудийн засаглалыг хамгаалах талын олон асуудал хөндөж байгаа.Ер нь геологийн судалгааны ажил байгаль орчныг сүйтгэдэг гэдэг бол худал зүйл.Хөрсөн дээр цооног өрөмдөхөд ямар хөнөөл учрах вэ дээ.Хэт туйлшруулж олон нийтэд буруу сурталчилснаар манай салбарын нэр хүнд унасан.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар лиценз олгох асуудлыг зогсоогоод багагүй хугацаа өнгөрч байна.Харин үүний үрээр гадаадын болон Монголын компаниуд, геологичид ажилгүй сууж байна гэсэн яриатай та хэр санал нийлэх вэ?

-Ер нь сум орон нутагт ашигт малтмал олборлох үйлдвэртэй болохыг нутгийн иргэд дэмждэг.Харин малчид л геологийн ажил хийснээр малын бэлчээргүй болж, гол мөрнийг нь сүйтгэлээ гээд байдаг.Тэд дэлхий нийтийн хуурайшлаас усны түвшин доошилж байгааг ойлгодоггүй.Намайг сурагч байхад Завхан аймгаас эх авдаг Идэрийн голыг морьтой хүн гаталж гарч чаддаггүй байлаа.Харин одоо ус нь ширгэж жаахан хүүхэд туулаад гарч чадахаар болж.Гэтэл тэнд нэг ч геологийн байгууллага, уул уурхайн компани үйл ажиллагаа явуулаагүй шүү дээ.Дандаа муугаар хэлүүлж байдаг Өвөрхангайд ажиллаж байсан "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын ажлаас болоод Идэрийн гол ширгэжээ гэж дэгсдүүлж болохгүй.Тэгвэл манай улсын хилийн цаана Оросын нутагт олон том нүүрсний болоод төмрийн уурхай ажиллаж байгаа.Тэдний нөлөөгөөр Хөвсгөл нуур, Эгийн гол ширгээгүй л байгаа биз дээ.Аливаа юмыг бодитой ойлгуулах үүднээс сэтгүүлчид олон нийтэд зөв мэдээлэл өгдөг байх хэрэгтэй байна.

-Эрдэмтдээс боловсруулан УИХ-д өргөн барьсан бодлогоо тодруулна уу.Геологичдийг ажлаар хангах яг ямар заалтууд орсон бэ?

-Геологийн ерөнхий зураглалын ажлыг үргэлжлүүлж 2016 он гэхэд 1:50.000 зураглалыг нийт нутгийн 40 хувьд хийнэ.Одоогоор нэг жилд 10.000км2талбайд хийгдэж буй зураглалын ажлыг 2-3 дахин нэмэгдүүлэх юм.Тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэнэ.Хайгуулын лицензийг нэлээд багасгасан.Ер нь ямар нэг хайгуулын лиценз аваад л нэг жилийн дотор орд олохгүй.Доод тал нь 2-3 жил судалж байж нэг сэжүүр гаргаж авдаг.Тэгээд хайгуул хийх гэсээр байтал 6-7 жил нь өнгөрчихнө.2017 он гэхэд одоо олгогдоод буй хайгуулын 2100 лицензийн хугацаа дуусч бүгд хүчингүй болно.Тэгэхээр одооноос хайгуул хийж эхлэхгүй бол шинэ орд олох найдвар байхгүй болно.Улс төрчид, эдийн засагчид Эрдэнэт, Оюутолгой хоёроо л олборлоё, өөр олон ордын хэрэг байхгүй гэж ярих юм.Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын дунд сургууль засвар хийх гээд элсээ Украйнаас, шавраа Хятадаас авах болж байна уу.Ийм байж болохгүй биз дээ.Дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд аймаг бүр орон нутагтаа барилгын материалын түүхий эдийн жижиг уурхайтай байх хэрэгтэй байна.Орон нутагт жижиг уурхайнуудыг хөгжүүлэх талаар судлах шаардлагатай байна.

-Үндэсний компаниудаа чадавхжуулахын тулд төрөөс ямар бодлого баримталвал илүү үр өгөөжтэй гэж та боддог вэ.Гадны улс орнуудын хувьд геологи, уул уурхайн салбар нь хувийн хэвшилд байдаг шүү дээ?

-Монгол Улсад том уурхайнууд нь төрийн мэдэлд байна гэдэг нь улстөрчид ашиг сонирхлоороо түүнийг саалийн үнээ болгож байгаагийн л тод жишээ гэж би хувьдаа ойлгодог.1978 онд Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд орж улсын төсвийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан.Гэхдээ төрийн өмчийн тус үйлдвэрийн зардал маш өндөр гардаг.Эрдэнэтийн үйлдвэр Оюутолгойгоос хоёр дахин бага хүчин чадалтай хэрнээ хоёр дахин их зардал гаргадаг гэж нэг эдийн засагч хэлж байсан юм.Эрдэнэт болоод Тавантолгойд хэрэгтэй хэрэггүй шахааны бизнес ямар их явж байгааг та бүхэн мэдэж байгаа.Хэрэв тэдгээр уурхай хувийн хэвшлийнх байсан бол тийм их хэмжээний зардал лав гарахгүй байсан.Тиймээс том уурхайнуудаа хувьд шилжүүлэх нь зүйтэй.

Манай улс 2003 онд татварын багц хуулиндаа өөрчлөлт оруулсан.Учир нь улстөр дэх бизнесмэнүүд хувийн компанийнхаа 40 хувь байсан ашгийн татварыг 25-15 болгож энэ татварын багц хуулиар бууруулсан шүү дээ.Ингэснээр уул уурхайн компаниудийн ашгийг Монгол Улс авч чадахаа больж гадныхан аваад гараад байна, төрийн өмч оролцох хэрэгтэй гээд 34, 51 хувийн асуудлыг тавьсан юм.Уг нь татварынхаа хуулийг тогтвортой болгож, ашигт малтмалын ашгийн татварыг өндөр хувиар барьж байсан бол Монгол улс 51 хувийн ашгаа хүртэх л байсан.Ингэж байж бид эрүүл зөв уул уурхайг хөгжүүлэх боломжтой гэж миний хувьд боддог.

-Та Монгол Улсын геологи уул уурхайн салбар дахь боловсон хүчний чадамжийг дэлхийн улс оронтой харьцуулахад хэр хэмжээнд явна гэж дүгнэдэг вэ?

-Манай геологичид дэлхийн олон улс оронд ажиллаж байна.Геологи, хайгуулдаа дандаа барууны өндөр түвшний техник технологийг ашиглаж байна.Тиймээс манай геологичид, уул уурхайнхан дэлхий нийтийн жишгээр барууны түвшинд хүрч ажиллаж байна гэж хэлнэ.

-Энэ салбарт дутагдаж буй хамгийн тулгамдсан асуудал нь юу вэ?

-Геологийн салбарт хууль эрхзүйн орчин тогтворгүй байгаа нь гол тулгамдсан асуудал болоод байна.Төр орон нутгийн хоорондын уялдаа муу байдгаас геологичдийн ажлыг их уядаг.Орон нутгийн иргэд байгаль экологи гэхээсээ илүү хувийн ашиг сонирхлын үүднээс бидэнтэй харьцдаг.Уул уурхай хөгжсөн аймаг сумын иргэд бол харьцангуй зөв ойлголттой болсон ч геологийн ажлыг шинээр эхлүүлэх гэсэн нутагт хувийн эрх ашиг байнга гарч ирдэг.Үүнийг төрөөс зохицуулах шаардлагатай.Геологич бол тийм амар ажил биш шүү дээ.Байнга л хөдөөгүүр явна.Гэтэл биднийг дэмжсэн бодлого огт байдаггүй.Нэн ялангуяа шинэ орд нээж илрүүлсэн геологичдийг урамшуулдаггүй.Улс эх орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан орд газруудыг нээхэд хүчин зүтгэж яваа геологичид бид хэдэн халтар төгрөгний төлөө насаа барж явна даа.

-Манай улс ямар ашигт малтмалаа голлон олборловол эдийн засгийн хувьд үр ашигтай байх вэ?

-Манай улсын хувьд нүүрсний судалгааны ажил, гүний боловсруулалтанд анхаарч ажиллах хэрэгтэй.Дотооддоо нүүрсээ боловсруулан бензин шатахуун гаргаж авах, агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй түлш гаргах асуудалд онцгой бодлого боловсруулах шаардлагатай байна.Металл ашигт малтмалаас алтны судалгааг сайн хийх хэрэгтэй.Алт бол хаана ч үнэ цэнээ алдахгүй, тээврийн зардал шаардахгүй ашигтай металл.Мөн нэгэнт бий болсон ураны нөөц баялгийг ашиглах хэрэгтэй.Ураныг дагаад манайд өндөр технологи орж ирэх байх.Түүнчлэн барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байна.Хэдийгээр энэ чиглэлийн судалгаа хийгдэж байгаа ч маш муу хөгжиж байна.Бүх аймгуудад барилгын материалын жижиг үйлдвэрлэлтэй болох хэрэгтэй.Сүүлийн үед газрын ховор элемент рүү манайхан хошуурах болж.Уг нь машины түүхий эдэд хэрэглэдэг ирээдүйд ашигтай түүхий эд.Бусад ашигт малтмалын тухайд орон нутгийг хөгжүүлэх үүднээс судлах хэрэгтэй.Ялангуяа баруун Монголыг уул уурхайгаар л хөгжүүлэхгүй бол зөвхөн газар тариалан, мал аж ахуйг хараад нэмэргүй болов уу.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.

-Мэргэжил нэгт нөхдөдөө өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд хамтарч ажиллахыг уриалж байна.Энэ тал дээр идэвх зүтгэл гаргаж буй МҮГХ, МГХ-уудад саналаа хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаарай гэж хэлмээр байна.Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Д.ОЮУНЖАРГАЛ

Г.Жамсрандорж: Шар нунтаг аюул дагуулах хэмжээний цацраг ялгаруулдаггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 21:01
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

Өчигдөр, 18:11
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өчигдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өчигдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өчигдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өчигдөр, 11:37
Өчигдөр, 09:33
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани