"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон компаниуд мод тарихаар амлаж, гэрээ байгуулсан юм. Тэдгээрээс 11 компанийн Богдхан ууланд хийсэн ойжуулалт, хавар тарьсан модны ургалтыг Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хамтран шалгажээ. Үлгэр жишээ болохуйц сайн ажиллаж буй компаниуд байхад, маш хангалтгүй компаниуд ч байна. Тухайлбал:
"Эрдэнэс-Алт ресурс” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниуд Богдхан уулын Чандмань амны 4.8 га талбайд 3-5 настай шинэс модны нийт 2000 ширхэг суулгац тарьжээ. Эдгээр суулгацын дөнгөж 5 хувь нь ургаж, 95 хувь нь үхсэн байна. Хавар 3 настай тарьц суулгасан боловч түүнийх нь гарал үүсэл тодорхойгүй байгаа аж. Тэд суулгацаа арчлаагүй, услалгүй орхижээ. Тиймээс хатсан суулгацыг цэвэрлэж, одоо суулгац нөхөн тарихыг шаардлагатай юм байна. Энэ талаар тус компанид арга зүйн зөвлөгөө өгчээ.
‘’Болдтөмөр ерөө гол’’ ХХК Зайсангийн амны 20 га газарт нарс, шинэс, монос, өрөлийн 2975 суулгац тарьсны 65 хувь нь ургаж, 45 хувь нь үхсэн байна. Тус компанийн Баянгол уурхайн Байгаль орчны хэлтсийн 14 ажилтан, уурхайн 20 ажилчинтай хамт энд мод тарьсан ажээ. Тус компанид мод нөхөн тарих аргазүйн зөвлөгөө өгч, гэрээнд заасны дагуу шилмүүст мод тарих үүрэг өглөө.
"МоЭнКо” ХХК Залаатын Баруунбогины амны 20 га талбайд 50.000 ширхэг мод тарьжээ. Эндхийн ой хөнөөлт шавжид нэрвэгдэж, байгалийн аясаараа нөхөн сэргэхээргүй болж, доройтсон ажээ. Тиймээс тус компаниар нөхөн сэргээлгэх гэрээ байгуулсан юм байна. "МоЭнКо” компани энэ ажлаа "Агро форест” ХХК-иар гүйцэтгүүлэн, ойжуулж буй талбайгаа 2400 м урт торон хашаагаар хамгаалж, усалгааны систем байгуулжээ. "Агро форест” ХХК энэ суулгацуудыг 3 жил арчилж, ургуулаад Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх юм.
"МАК” компани Залаатын амны 17.6 га талбайд шинэс болон навчит мод тарьжээ. Тус компани энэ ажлаа "Ногоон харш” ХХК-иар гүйцэтгүүлж, энэ оны 8 дугаар сарын 8-ны байдлаар нийт 9 га талбайд MNS 6140:2010 стандарт хангасан 17754 ш шинэс, 4246 ш навчит модны суулгац суулгажээ. 1 га талбайд 2500 ш тарьц, суулгац байхаар тооцон, ойжуулж байгаа аж. Залаатын аманд шинэс зонхилон ургадаг. Тиймээс энд тарих тарьц, суулгацын 70 хувийг шинэс модоор бүрдүүлж, 30.800 ш шинэс тарихаар төлөвлөжээ. Үлдсэн 30 хувийг нь навчит модоор бүрдүүлж, 13.200 ш суулгац суулгах юм. Ойжуулалтын ажлыг зуны туршид таслахгүйн тулд тус компани бортоготой суулгац ашиглаж байна.
"Степголд” ХХК Залаатын амны 15 га газарт 25.000 ш мод тарина. Энэ ажлаа тэд "Ногоон харш” ХХК-д даалгаж, шинэс болон навчит модны бортоготой тарьц, суулгацаар уг талбайгаа ойжуулж байна. Модны нүх ухагч механизм ашиглан, энэ оны 5 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 1 хүртэл нийт 15.000 ш нүх ухаж бэлтгэжээ. Ингээд МNS 6140:2010 стандарт хангасан шинэс модны 2000 ш суулгац, навчит модны 1500 ш суулгац тарьжээ.
Ойжуулах талбайгаа кадастрын зургийн дагуу хашиж, хаяг самбар байрлуулан, усалгааны систем суурилуулан, тарьц суулгацаа мод үржүүлгийн талбайд бэлтгэсэн байна. Тус компани ойжуулсан талбайдаа дуслын усалгааны систем, 50 шоо м ус нөөцлөх сав суурилуулах, Туул голоос усны савандаа ус татах өндөр хүчин чадалтай насос байрлуулахаар холбогдох газрын зөвшөөрлийг хүлээж байгаа аж.