Одоогоос 13 жилийн өмнө Таван толгойгоос иргэн бүрд 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх түүхэн шийдвэрийг Сү.Батболд тэргүүтэй эвслийн Засгийн газар гаргаж байв. Тухайн үед Монголын хүн ам хоёр сая 739 мянга байлаа. Таван толгойн орд газрын 15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдсон юм билээ. Дараа нь 2012 оны парламент 536 ширхэг хувьцааг 1072 болгохоор шийдвэрлэсэн. Ингээд Таван толгойгоос хэд хэдэн удаа иргэдэд ногдол ашиг тараасан. Түүний нэг нь өнөөдрийнх (2024 оны нэгдүгээр сард). Ногдол ашгийг хоёрдугаар сарын 1-нээс эхэлж иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Иргэдэд дансанд орж байгаа ногдол ашгийн мөнгөн дүнг их, бага гэцгээж л байна. Гэхдээ яг энэ өдрүүдэд нийгмийн сүлжээ сайхан тогтуун, эерэг байна. Бусад үед талцаад л, баахан л хар бараан сенсаациуд ар араасаа хөвөрч өгнө. Ядармаар.
Ямартаа ч Таван толгойн орд газрын хууль ёсны эзэд өнөөдөр баялгийн сангийн хуваарилалтаа авч байна. Хүн хоцроов, Л.Оюун-Эрдэнэ ээ гэцгээж байна. Ийн монголчууд Таван толгойд бидний өмч хөрөнгө бий. Ногдол ашиг болгож авдаг шүү гэсэн итгэл үнэмшилтэй болж эхэллээ. Анхаардаг болж байна. Таван толгойг томилогдож очсон БЭТ мэдээд байдаг юм биш. "Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал, эрх мэдэл бүхий улстөрчид хулгай хийж ашиг олдог компани юм биш. Миний, чиний, хүүгийн өмч байгаа гэдгээ мэдэж эхэлж байна.
Тэгвэл Таван толгойтой адил Эрдэнэт үйлдвэрээс монголчууд хувьцаа эзэмшдэг, ногдол ашиг авцгаадаг болъё. Өмнө нь ОХУ-ын Ростех корпораци 49 хувийг эзэмшдэг байсан учраас Оросын нөлөөгөөр ногдол ашиг өгөх боломжгүй байсан гэж сүржин бодъё л доо. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болоод найман жил болж байна. Цар тахлын хүнд үед Эрдэнэтээр ус, цахилгааны төлбөрөө монголчууд төлүүлсэн. Гэхдээ галын дэм өгсөн тэрхүү үйлдвэрт юу болж байгааг анзаараагүй. Эрдэнэтийн ашиг орлого, алдагдал зарлага өнөөдөр иргэдэд хамаагүй. Учир нь хувьцаа эзэмшдэггүй болохоор тэр. Тиймээс Эрдэнэтээс иргэд хэдэн ширхэг хувьцаа авах боломж байна тэр хэмжээгээр иргэн бүр хувьцаа эзэмшигч болмоор байна. Учир нь Эрдэнэт Таван толгойтой адил төрийн өмчит компани. Тэгээд ч Эрдэнэтийг ард түмэнд хувааж өгнө гэж ярьдаг л байсан. Одоо тэр ажлаа бодит болгоё.
УИХ-д суудалтай намын дарга нар уржигдар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр УИХ-д өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэнэ. Сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо. "Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгалаа” гэж ярьж байна лээ. Зөв л дөө. Гэхдээ тэр том хуулийг хүлээгээд мөдгүй. Өнөө маргаашгүй сонгууль болно. Улс төр өөрчлөгдөнө. Дагаад нийгэм, эдийн засаг ч өөрчлөгдөнө. Тээг саад болдог попууд гарч ирнэ. Унагаана, лоббидно. Гацаана.
Тиймээс одоогийн парламент энэ хаврын чуулганаар Таван толгойн жишгээр Эрдэнэтээс иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх хууль, тогтоол батал. Иргэд ганцхан Таван толгойг баялгийн эх үүсвэр гэж хармааргүй байна.
Ер нь Эрдэнэтийг 49 хувийг Монголдоо авч ирсэн Ч.Сайханбилэг, Сахал Д.Эрдэнэбилэг нарт гавьяаг нь үнэлж олноос арай илүү хувьцаа өгнө биз. Ингэвэл хүмүүс гавьяа байгуулах, улсынхаа төлөө зүтгэх хүсэлтэй болно байх. Тэгэхгүй бол яг л өнөөдрийнх шиг, өчигдрийнх шиг хулгай хийхийг л бодно. Шударга шагнал үгүй бол хулгай нүүрлэдэг гэдгийг монголчууд бүгдээрээ л харлаа. Тиймээс тэдэнд арай ахиу хувийг өгч болох юм. Таван толгой нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцаа байна гэж албаныхан мэдэгдсэн. Үүн шиг Эрдэнэтээс тодорхой хувь эзэмшье. Ингэж байж "Баялагтаа эзэн Монгол” болъё.
Цаашлаад Оюу толгойн 36 хувиас иргэд хувьцаа эзэмшмээр байна. Ингэвэл попордог, уул уурхайг муу хэлдэг хүмүүст орон зай үлдэхгүй. Нийгэм тэдний үгийг итгэж хүлээж авахгүй. Өөрийнх нь ногдол ашиг авдаг үйлдвэр, уурхайг эсэргүүцэхээр хэнд таалагдах юм бэ.
Ард түмэн байгалийн баялгийн өгөөжөө шууд эзэмшиж, жил бүр авдаг байх нь зөв. Гол нь үүнийг сонгуулийн жилд бус, тогтсон
хугацаанд авдаг байя. Цагаан сарын өмнө Таван толгойн ногдол ашгийг, улсын их баяр наадмын үеэр Эрдэнэтээс, хичээлийн шинэ жилийн үеэр Оюу толгойгоос ногдол ашиг авдаг болъё.
Орд газар бүрээс ногдол ашиг авах ёстой. Энэ бол шунал биш. Байгалийн баялгаас хүртэж байгаа хэлбэр. Тэгээд ч Монгол Улс ОХУ-ын дараа орохуйц эрдэс баялгийн потенциалтай, ирээдүйн төлөвтэй орон гэдгийг Европын сэргээн босголт хөгжлийн банк 2018 оны судалгаандаа бичсэн байдаг. Тиймээс яваандаа хувьцаагаа өсгөдөг, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс хамаарч ногдол ашгийг өсгөдөг болъё. Ингэвэл эх орны баялгийг ард түмэндээ бодитоор жигд хүртээж байна гэсэн үг. Монголд хүн болж төрсний зол ингэж гарна. Үүгээр ч барахгүй 116-хан мянган төгрөг гэж өнөөдөр гологдож байгаа мөнгөний хэмжээ өснө. Ногдол ашиг тогтмол хүртэж ирэхээр иргэд ашигтай ажиллуулахыг шахдаг болно. Ямар хэмжээтэй бүтээгдэхүүн олборлоод ямар үнээр зараад хэдэн төгрөгийн орлого Монголд орж ирж байгааг анзаарч, анхаарч хардаг болно. Хулгай зэлгий хийх газаргүй болно. Геологийн хайгуул, судалгааны ажил өргөжнө, хөгжинө. Монголын уул уурхайн салбар тогтворжино. Үйлдвэрлэгч улс болно. Нүүрсээ угаана. Зэсээ баяжуулна.
Салбар хариуцсан сайд нарын, дараагийн Ерөнхий сайд нарын толгойн өвчин ч багасна. Энд нэг нүүрс угаах үйлдвэр барих гэдэг. Тэнд нь элдэв шалдав шалтаг олоод зогсоодог. Үйлдвэрлэгч болохын тулд эрчим хүчээр хангамаар байдаг. Уул уурхай олборлолтын ашиг тусыг мэдэхгүй, хүртэж үзээгүй харанхуй муйхраар асуудалд ханддаг, тэгж хандуулж төсөл хөтөлбөрийг зогсоодог хэсэг бүлэг хүмүүс арчигдана. Илүү ашиг авахын тулд орд уурхайн хажууд нь эрчим хүчний станц барь гэж иргэд шахна. Илүү их экспорт хийхийн тулд дэд бүтэц, тээвэр логистик, боомтын сэргэлтээ эрчимжүүл, хий гэнэ. Хориг саад тавьсан хэсэгт нь олон нийт өөрсдөө шахалт үзүүлнэ. Энэ мэтээр гацаа саад арилна.
Уул уурхайгаар л Монгол амиа зогоож, мөнгө олж байгаа гэдгийг бүгд ойлгоно. Саад тээгийг гаргаад мөнгө ороод эхлэхээр бусад салбар руу хөрөнгө оруулалт нээгдэнэ. Тиймээс ногдол ашгийг бага гэж голмооргүй байна. 116-хан мянган төгрөгийн ногдол ашгийн ард маш том хөгжил байна. Тогтмол өгөөд эхэлбэл нийгмийн хандлага дээр хэлсэнчлэн аяндаа өөрчлөгдөнө. Эдийн засаг аяндаа тэлнэ.
Яах вэ, өнөөдөр ашиг тусыг нь мэдэхгүй нэг хэсэг, улстөржиж оноо авах гэсэн мөн нэг хэсэг, 116 мянган төгрөгтэй, төгрөггүй болно гэж зүтгэх өөр нэг хэсэг үгүйсгэж л байна. Ногдол ашгийг тогтмол өг өө. Тэгж дээрх хэсэг бүлэг хүмүүсийг аяндаа арчина. Ашигтай ажиллана. Хулгай зэлгий ч байхгүй болно. Авлигын индекс ч сайжирна. Үүнийг дагаад нийгэмд шударга ёс тогтоно.
Р.Хишигжаргал