Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Viking Mines” компани Бэрх-Уул ордоос олборлох нүүрсээ төрийн өмчит Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад нийлүүлэх санамж бичиг байгуулсан тухай proactiveinvestors.com цахим хуудас мэдээлэв. Тус станц нь "Эрдэнэт” үйлдвэрийн эрчим хүчний гол нийлүүлэгч гэдгийг мөн дурджээ.
"Viking Mines” (өмнө нь "Viking Ashanti” нэртэй байсан)-ийн захирал Петер МакМикан "Бэрх-Уул ордын үнс, хүхэр багатай, өндөр илчлэгтэй нүүрсийг дотоодын эцсийн хэрэглэгчдэд нийлүүлэх хэлэлцээ үргэлжилж байгаа” хэмээн ярьсан байна. Эрдэнэтийн ДЦС нь 36 мВт хүчин чадалтай бөгөөд жилд 250.000 орчим тонн нүүрс хэрэглэдэг аж. Улаанбаатараас хойд зүгт 400 км-ийн зайд, 4550 га талбайг хамран орших тус ордыг 38.3 сая тонн "хар алт”-ны нөөцтэй гэж тогтоож байжээ. Бэрх-Уулын олборлолтыг 12-18 сарын дараа эхлүүлэх боломжтой гэнэ.
Дашрамд
дурдахад, тус компани өмнө нь Бэрх-Уул ордоос Дарханы дулааны цахилгаан
станцад нүүрс нийлүүлэх санамж бичиг байгуулж байсан юм.
Ц.БОЛОР
"Өнөөдөр" сонин