Манай баг 13-ны өглөө эрт мөнгөн цагаан цасанд хучигдсан нүд алдам Мэнэнгийн талаар давхиулан Шинэ Барга Зүүн хошуун дахь Халх голын дэнж дээр байрлах Өвдөг боомтод хүрлээ.
Өвдөг боомт нь 1991 онд нээгдсэн бол өнөөдөр болоход жилд дунджаар 80 гаруй мянган зочид орж, гарах болжээ. Мөн 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 600 гаруй мянган тонн импорт, экспортын барааг шалган нэвтрүүлдэг байна.
Ачаа тээврийн машинуудаас гадна хамгийн их анхаарлыг татсан нь "Хятад-Монголын анхны гүүр” гэх бичээстэй Халх гол дээгүүр баригдсан гүүр юм. Энэ гүүрийг 2005 онд байгуулжээ. Урт нь 164.9, өргөн нь 5.5 метр бүхий дан шугаман гүүр.
Хятад, Монголын хил дагуу анхлан баригдсан энэхүү гүүрээр импортлох бараа нь газрын тос, өвс тэжээл, мал аж ахуйн бүтээгдэхүүн байсан бол экспортлох бараа нь голчлон тоног төхөөрөмж, барилгын материал, механик болон цахилгаан бараа, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, үр тариа, хүнсний тос зэрэг бүтээгдэхүүн байв. 2023 оны 01-р сарын 01-нээс 08-р сарын 16-ныг хүртэлх хугацаанд 22 мянган хүн орж, гарсан ба 21 мянган тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, импорт, экспортын нийт бараа бүтээгдэхүүний хэмжээ 377 мянга 600 тоннд хүрчээ.
Хятад, Монголын хил дагуу анх баригдсан энэхүү гүүр нь хоёр орны арилжаа худалдааны гүүр болох төдийгүй иргэд хороондын харилцааны гүүр болж байгаа юм.