- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ж.ХАТАНБААТАР: Допингийн эсрэг үйл ажиллагаа гэдэг олон талын оролцоотой цогц ажил
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, ардын эмч Ж.Хатанбаатартай ярилцлаа.
-Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хурлаар танай байгууллагатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Үүний дараахан Монгол Улс зуны олимпод цагаан тугийн дор орох боллоо гэж шуугисан. ВАДА-гаас ямар шаардлага тавьсан бэ?
-Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-/WADA/-ийн ”Конвенц, коде, Олон улсын стандартын “Хэрэгжилтийн алба”-аас МОНАДА-д ирүүлснээс үүдэлтэй шинжилгээтэй холбоотой зургаан шаардлага хүлээгдэж байгаа. Уламжлалт таван шаардлагаас гадна, цусанд допингийн шинжилгээ хийхийг шаардсан. МОНАДА-гийн 2023 оны допингийн хяналтын хөтөлбөр /ДХХ/-ийн Төлөвлөгөөт хяналтын ажил гэдэгт Олон улсын стандартын шинжилгээ болон судалгааны заалтын дагуу “Улсын шигшээ багийн тамирчид ДХХ-т хамгийн багадаа жилдээ нэг удаа бүрэн хамрагдаж байгаа, шинжилгээний санд бүртгэлтэй тамирчныг хамгийн багадаа жилдээ гурваас доошгүй хамруулах, тамирчны шинжилгээний дээжийг хамгийн боломжит заасан хугацаанд лабораторид хүргүүлэх, сургалтын программыг вэб сайтдаа бүрэн тусгах” гэсэн таван шаардлага, мөн цусны шинжилгээг шинээр авч эхлэсэн гээд нийт зургаан шаардлага болж байгаа юм.
-Нэгээс бусад нь жил бүр тавигддаг шаардлага гэлээ. Тэгвэл жил бүр хийдэг ажлаа яагаад хийж болохгүй байсан юм бэ гэдэг асуулт гарч ирж байна?
-Улс орнуудын үндэсний допингийн байгууллагуудад жил бүр арваад шаардлага байнга тавигдаж, байнга хянагдаж, баталгаажсанаар жилийн эцсээр бүрэн тооцогддог. Манай байгууллага өмнө нь байнга л төлөвлөгөөний дагуу явуулж ирсэн ажил. Харин өнгөрсөн оны эцсээр манай байгууллагад есөн шаардлага ирсэн. Оны эхнээс шинжилгээтэй холбоотойгоос бусад ДХХ-ийн төлөвлөгөө, Допингийн сургалт, Олон улсын шинжилгээ, мөрдөн шалгалтын стандартын дагуу эрсдлийн үнэлгээ зэрэг гурван шаардлагыг хэрэгжүүлж, хянуулан баталгаажсан, ДХХ-ийн шинжилгээтэй шууд хамааралтай зургаан шаардлага үлдсэн. Гэтэл манай БТСУХ 2021 оны тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг төлөхгүй байснаас үүдэн 2022 оны эхнээс Итгэмжлэгдсэн олон улсын лаборатори төлбөрөө төлөхийг шаардсан. Энэ бол зүй ёсны хэрэг. МОНАДА ч энэ талаар удаа дараалан хандаж байсан.
Хариу ирүүлдэггүй, нэг удаа Жаргалсайхан даргаас 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр “Танайх хэний заавраар шинжилгээ хийсэн, ...өр төлбөр үүссэн нь танай буруугаас үүссэн” гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Эндээс Олон улсын лабораторийн төлбөрийн асуудал ВАДА-гийн хэмжээнд яригдах болж, ВАДА-гийн Төв азийн бүсийн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаас “2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Монгол Улс улаан шугамыг давуулахгүйгээр, тамирчдын шинжилгээний төлбөрийг итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх хэрэгтэй” гэж сануулсан. Энэ дагуу БТСУХ-нд хандсан. Төлбөрийн асуудлыг бас л шийдвэрлээгүй. Эцэст нь ВАДА-гийн зүгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр МОНАДА-д шаардлага тавьж, “онц ноцтой зөрчил”-д бүртгэгдсэнийг мэдэгдсэн. МОНАДА нь төлөвлөгөөний дагуу ДХХийн шинжилгээг хийх гэхээр, Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори нь төлбөрийн асуудал шийдэгдтэл Монгол Улсаас улсын шигшээ багийн ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахаас татгалзсан хэвээрээ байсан. Энэхүү тавигдсан зургаан шаардлагын дөрвөөс нь шинжилгээ авч эхэлснээр дэс дараалан бүртгэлжүүлж, хянуулах шаардлагатай ажил юм. Зургаа дахь шаардлага буюу шинээр хийгдэх цусны шинжилгээ мөн л шинжилгээний эрх нээгдэх, бусад бэлтгэл хийгдэхээс нааш боломжгүй байсан.
-Энэ удаагийн хурлаас даалгавар биелүүлэх хугацааг сунгасан байна. Тэгэхээр төлөвлөсөн ажлаа үргэлжлүүлэх үү?
-Тийм ээ. Бүр тодруулбал, наймдугаар сарын 24-нөөс хэвийн явагдаж эхэлсэн. Энэ хугацаа учиртай. БТСУХ төлбөрөө төлдөггүй, Итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээ хүлээн авахгүй нөхцөл үүссэн учраас МОНАДА-д тулгараад байгаа бэрхшээл, асуудалтай танилцахаар WADA-гийн тусгай ажлын хэсэг 2023 оны наймдугаар сарын 15-16-нд хоёр өдөр ирж ажилласан. Эхний өдөр МОНАДА-гийн үйл ажиллагаатай холбоотой бүх зүйлийг шалган үзэж, МОНАДА-г 2007-2023 он хүртэл НҮБ-ын Конвенц, ДДЭКоде, Олон улсын стандарт, WADA-гийн зөвлөмж, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн ажилласныг баталгаажуулсан. МОНАДА нь 2023 онд хэрэгжүүлэх ДХХийн шинжилгээтэй холбоотой ажлуудыг төлөвлөгөөний дагуу явуулахад БТСУХ-ноос төлөгдөх ёстой Улсын шигшээ багийн тамирчдын 2021, 2022 оны шинжилгээний төлбөрөөс болж, Итгэмжлэгдсэн лаборатори нь ДХХ-ийн Шинжилгээ хүлээн авахаас татгалзсан учраас гацсан байгааг олж тогтоосон. WADA-гийн Ажлын хэсэг хоёр дахь өдрөө БТСУХ-той уулзалт хийхдээ тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийн асуудлыг хэлэлцсэн. Товчхондоо бол, WADA-гийн ажлыг хэсэг ирж ажилласны дараа БТСУХ-ноос 2023 оны наймдугаар сарын 24-ний өдөр 2021, 2022 оны Допингийн шинжилгээний төлбөр төлөгдсөнөөр МОНАДА төлөвлөгөөт ажлаа хийж эхлэх боломж нээгдсэн. Тиймээс наймдугаар сарын 24-нөөс, дээрх зургаан шаардлагыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. МОНАДА-гийн хийж байгаа ажил олон улсдаа бүртгэгдэн баталагаажиж, жилийн эцэст үр дүн нь Монгол Улсын НҮБын конвенцийн хэрэгжилтийн нэг хэсэг болдог.
-WADA-гийн ажлын хэсэг ирсний дараа төлбөрийг барагдуулсан гэхээр БТСУХ дансандаа мөнгөтэй байжээ гэж ойлгогдож байна?
-БТСУХ-ны төсөвт үндэсний шигшээ багийн допингийн шинжилгээний зардал тусгагддаг. Гэтэл БТСУХ нь Төсвийн хуулиа жил дараалан зөрчиж допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлээгүй байдаг. БТСУХ Төсвийн хуулиа зөрчиж байгааг төрийн аудит ч тогтоосон юм билээ. Үндэсний аудитын газраас 2022 оны гуравдугаар сарын 25-нд БТСУХ-нд “Зөрчил арилгах тухай” ирүүлсэн албан шаардлагад “2021 оны төсөвт батлагдсан Допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэлийг хангаж ажиллаагүй” гэдгийг тодорхой заасан байдаг.
Тодруулбал, 2021 оны төсөвт батлагдсан шигшээ багийнханд хийх допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг шилжүүлээгүй, Төсвийн хуулиа зөрчиж байсан гэдгийг аудитын шалгалтаар тогтоогдсон гэсэн үг.
-Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Конвенц, коде-д допингтой холбоотой байгууллагуудын эрх зүйн зохицуулалт ямар байдаг вэ?
-Допингийн эсрэг үйл ажиллагаа гэдэг нь өөрөө олон талын оролцоотой цогц систем. Тухайлбал, “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын Конвенц”-д нэгдэн орсон улс орны Засгийн газруудын хүлээх үүрэг хариуцлага тодорхой байна. Төр засгийн зүгээс Допингийн эсрэг байгууллагын хараат бус байдлыг хангана. Конвенцийн хэрэгжилтийг хангахад, холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллана гэдгийг заасан. Конвенц, Кодеийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарын үсэг зурсан талын хувьд МҮОХ, Паралимпийн холбоо, МОНАДА нь тус тусын үүрэг хариуцлагыг хүлээдэг. Харин БТСУХ нь Засгийн газрын байгууллагын хувьд, хэрэгжилтийг хангах чиглэлд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах үүрэг хүлээдэг. Дэлхийн допингийн эсрэг Коде-д зааснаар, эдгээр байгууллага нь бие биенийхээ үйл ажиллагаанд нөлөөлж, хөндлөнгөөс оролцох ёсгүй. Гэтэл манай БТСУХ нь сүүлийн жилүүдэд допингийн асуудлыг шийдвэрлэдэг, МОНАДА-г удирддаг юм шиг буруу ойлголт, ташаа мэдээллийг олон улсын байгууллагад болон шийдвэр гаргах түвшинд байнга өгсөөр ирсэн. БТСУХ нь Допингийн үндэсний байгууллагын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хааж боогдуулж байгаа нь өөрөө Конвенц, Кодийг ноцтой зөрчиж буй хэрэг.
-Монгол Улс НҮБ-ын конвенцод нэгдэн орж, допингийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй болсон байхад БТСУХ энэ тал дээр хангалтгүй ажиллажээ?
-БТСУХ-ны албан тушаалтнуудын зүгээс гаргаж байгаа зохисгүй үйлдлүүдийг бүгдийг дурьдана гэвэл нэг ярилцлагад багтахгүй байх аа. Жишээ дурдахад, WADA болоод Итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн мэдэгдэл шаардлагын дагуу тамирчдын төлбөрийн асуудлыг яаралтай шилжүүлэхийг хүссэн албан тоотын хариуг нь БТСУХноос 2022 оны зургадугаар сарын 30-ны 1/560 тоотоор хариуг ирүүлсэн бичиг нь энэ байна. Энд “Үндэсний шигшээ багийн 175 тамирчдыг 2021 онд ямар байгууллагын захиалга удирдамжийн дагуу допингийн шинжилгээнд хамруулсан талаарх мэдээллийг манайд ирүүлэх, мөн танай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас допингийн шинжилгээтэй холбоотой өр төлбөр үүссэн болохыг үүгээр мэдэгдэе” Даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсайхан” гэсэн байгаа. Конвенц, Коде-д заасан хүрээнд олон улсын стандарт шаардлагын дагуу хийгдэж байгаа допингийн хяналтын талаарх төрийн байгууллагын албан тушаалтны хандлага, ирүүлж байгаа энэхүү албан тоот нь олон улсын байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газрын конвенцийг хэрэгжүүлэх бодлогод эргэлзэхэд хүргэсэн.
БТСУХ нь өөрийн хариуцдаг улсын шигшээ багийн тамирчдыг зөрчилд оруулахгүй байх үүрэгтэй. Гэтэл нэр бүхий албан тушаалтан нь Допингийн зөрчилд холбогдож, Олон улсын байгууллагаас арга хэмжээ авагдсан тамирчны гомдлыг үндэслэн WADA-д тодорхойлолт гаргасан байдаг. Тодорхойлолтын агуулга нь МОНАДА-гийн дүрмийг Засгийн газар батлаагүй учир хүчин төгөлдөр бус гэсэн утгатай. Үүнийг үндэслэл болгосон тамирчны сонсгол 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд Лондон хотноо болсон. Сонсголыг хийж байгаа хуульчид нь нэгдэж орсон НҮБ-ын Конвенцийн дагуу Дэлхийн допингийн эсрэг Кодеийг, түүнд заасан Допингийн эсрэг үндэсний дүрэм /ДЭҮД/- ийг дагаж мөрдөх нь Монгол Улсын үүрэг байхад, ийм зүйл ярих нь хууль бус үйлдэл гэж үзэж няцаасан. Тодорхойлолт гаргаж өгсөн тамирчиндаа ч тус болоогүй, харин допингийн зөрчилд холбогдсон тамирчныг өмгөөлсөн баримт болж үлдсэн. БТСУХ-ны эдгээр үйлдэл Монгол Улсын төр засгийн бодлого нэгдэж орсон конвенцоо хэрэгжүүлэхэд чиглэж байгаа эсэхэд эргэлзээ дагуулсан баримтууд болсоор байгаа төдийгүй WADA -гийн зарим албаны хүмүүс Монгол Улсын Засгийн газрыг буруутгахад ашиглаж, эшлэж байна. Монгол Улсын Засгийн газар конвенц, кодийг хэрэгжүүлэхийн эсрэг байна гэж ойлгогдохоор мэдээллийг БТСУХ-ны албан тушаалтнууд Спортын сайд нарын уулзалтын үеэр 2021 онд ярьсныг WADAгийн Олон улсын Үндэсний байгууллагуудыг хариуцсан захирал ноён Том Мау хэлэхдээ “Засгийн газар, Үндэсний допингийн эсрэг байгууллага хоёрын хамтран ажиллах хүрээ хязгаартай бөгөөд мэдээллийг албан ёсоор дамжуулах нь хамтын ажиллагааны гол хэлбэр” гэдгийг тайлбарласан байдаг. Дээрх баримт, материалуудаас харахад WADA -гийн хувьд Засгийн газар бол Конвенц, Коде-ийг хэрэгжүүлэхэд гарын үсэг зурсан нэг тал. БТСУХ нь гарын үсэг зураагүй ч, Засгийн газрын нэгж байгууллага учраас БТСУХ-ны албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь “Танай улсын Засгийн газар WADA-гийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахгүй байна” гэж үзэх болсон.
-WADA -гийн есдүгээр сарын 22-ны хурал, түүнээс гаргасан шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-WADA -гийн ”Конвенц, коде, Олон улсын стандартын “Хэрэгжилтийн алба”-аас ирүүлсэн есөн шаардлагыг би өмнө тайлбарласан. Бид WADA-гийн Хэрэгжилтийн хяналтын хороонд “Амлалтын захидал” илгээж, нэгдүгээрт, 2023 оны допингийн хяналтын шинжилгээ төлөвлөгөөний дагуу явж чадаагүй талаар тодруулга хийсэн. Хоёрдугаарт, наймдугаар сарын 24-нөөс хойш шинээр ДХХ-ийн төлөвлөгөөг хийж, төлөвлөгөөний дагуу үндэсний шигшээ багийн допингийн хяналтын хөтөлбөр хэвийн явагдаж, эхний таван шаардлагыг хэрэгжүүлэн хянуулан ажиллаж байгаагаа тайлбарласан. Гуравдугаарт, зургаа дахь буюу цусны шинжилгээтэй холбоотой шаардлагыг хэрэгжүүлэхэд нэмэлт цаг хугацаа өгөхийг хүссэн. ДДЭА-ын 2023 оны есдүгээр сарын 22-нд болсон. Хэрэгжилтийн хяналтын хорооны хурлаас МОНАДА-д тавигдсан шаардлагыг биелүүлэх дөрвөн сарын нэмэлт хугацаа олгохоор шийдвэрлэснээ бидэнд мэдэгдсэн.
Монгол Улсад ДДЭА-ын зүгээс анхны сануулгыг “Монгол Улс улаан шугам давуулахгүйгээр, тамирчдынхаа төлбөрийг Олон улсын лабораторид төлөх хэрэгтэй” гэсэн нь 2022 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр бөгөөд цаашилбал Монгол Улсын олон улсын спортын тавцан дахь нэр хүнд, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах эрхээ алдах, улмаар тив, дэлхий, олимпийн наадамд төрийн далбаагаа мандуулах эрхийг алдах зэрэг асар том, олон эрсдэлтэй”-г сануулсаар байсан. Бид энэ тухай БТСУХ, холбогдох газруудад албан тоот хүргүүлсэн. Тиймээс энэ Хоригийн асуудал зөвхөн МОНАДА-гийн асуудал биш, Монгол Улсын асуудал. WADA нь Засгийн газрын бус, хараат бус байгууллага учраас аль ч улс орны Засгийн газартай шууд харилцаж, шийдвэрт нь нөлөөлөх боломжгүй. Харин өөрийн төлөөллийн байгууллагынхаа эрхийг түдгэлзүүлж, тухайн улс орны спортын үйл ажиллагааны эрхийг цуцалдаг. Нөхцөл байдлын бодит үнэн ийм л байгаа.
-Засгийн газраас гаргасан санхүүжилтийн асуудал нь олны анхаарлыг татлаа?
-Монгол Улсын Засгийн газар Конвенцийн 11 дүгээр заалтын хэрэгжилтийг хангаж, 2019 оны 391 дүгээр тогтоол гаргаснаар МОНАДА нь 2020 онд БСШУСЯ-тай гэрээг байгуулан ДХХ-ийг хэрэгжүүлсэн. Үр дүн нь тооцогдсон ДХХ-ийн тайлан, Хөндлөнгийн аудитаар шалгагдсан тайланг хүлээлгэн өгөх болоход харьяалах яамгүй болсон байсан тул Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу БТСУХнд тайланг хүргүүлэхэд хүлээн авсан боловч тооцохгүй хэмээн албан тоот өгсөн. Мөн хороон даргын хүсэлтээр Үндэсний Аудитын газар манайхыг зургаан сар гаруй шалгаж ямар нэгэн зөрчил илэрсэн тухай албан шаардлага тавиагүй. БТСУХ-нд манай байгууллага хичнээн хандсан ч байнга л эсэргүүцсээр өнөөдрийг хүрсэн. Тэгээд Засгийн газрын харьяа байгууллага олон түмэнд манай талаар “Төр засгийн байгууллагад мэдээлэл өгдөггүй” гэдэг худал мэдээллээр төөрөгдөл үүсгэн ажиллаж ирсэн. Харин МОНАДА-гийн Засгийн газраас гарган хэрэгжүүлсэн ДХХ-ийн санхүүжилт 2021 онд ямар нэгэн зөрчилгүйгээр холбогдох байгууллагууддаа хаагдсан. Харамсалтай нь, Засгийн газраас нэгдэн орсон гэрээ конвенцоор хүлээсэн үүргийнхээ хүрээнд тогтоол гаргаж олгосон төсөл хөтөлбөрийг санхүүжилтийг мушгин гуйвуулж, манай байгууллагын талаар буруу ташаа ойлголт өгөхөд ашиглаж байна.
-Ер нь танай байгууллагын санхүүжилт яаж явагддаг вэ?
-МОНАДА нь явуулж байгаа үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд сургалт, судалгаа, допингийн шинжилгээний зардлуудыг WADA болон Олон улсын Итгэмжлэгдсэн лабораторийн сургалт, хөтөлбөр, хамтын ажиллагааны чиглэлийн туслалцаа, тусламж, хандив болон МҮОХ-ны Конвенц, Коде, Олимпийн Харти-д заагдсан чиглэлийн дэмжлэг зэргээр явуулж ирсэн. Допингийн үндэсний байгууллага анх 2007 онд байгуулагдсан цагаасаа төрөөс нэг удаа л ДХХ-ийн санхүүжилт авсан байдаг. НҮБ-ын Конвенцийн 11 дүгээр зүйлд улс орнуудын Засгийн газар ДХХийн зардлыг гаргаж байхаар заасны дагуу 2019 онд анх удаа Засгийн газрын тогтоолоор ДХХ-ийн санхүүжилт хийгдэж, Олон улсын байгууллагын зүгээс хүртэл сайшаагдаж, манай хамт олон ч урам зоригтой, нэг жил ажилласан. Харамсалтай нь 2020 оноос хойш нэг ч удаа ДХХ-ийн зардал олгогдоогүй юм. Нэг удаагийн санхүүжилт төрөөс авсан 2020 оноос өмнө Олон улсын байгууллагаас жаахан ч гэсэн дэмжлэг байсан бол, 2020 оноос хойш Засгийн газар нь ДХХ-ийн зардлыг гаргаж байгаа гэдэг шалтгаанаар огт байхгүй болсон. Гэтэл жил бүр л ДХХ-ийн зардлыг улс гаргаж, МОНАДА нь буруу хэрэглэж, тамирчид шинжилгээний зардлаа төлүүлж чадахгүй хохирч байгаа тухай ташаа мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс зориуд мушгин тарааж байна. Огт олгогдоогүй зардлын зарцуулалтын тухай, юу ч гэж цуурхал тараалаа гээд бид юу ч тайлбарлах боломжгүй нь мэдээж.
-Спорт Олимпизмын сайдтай та ойрын үед уулзсан уу?
-Б.Бат-Эрдэнэ сайдтай уулзалгүй яах вэ. Хоёр ч удаа уулзаж, олон ч удаа албан бичиг өгсөн. Мөн допингийн талаарх одоогийн нөхцөл байдал дээр анхаарч өгөхийг хичээнгүйлэн хүссэн. Сайдын ажлын албаны дарга гэсэн байх аа. Тэмүүжин гэдэг хүнтэй уулзуулж өгсөн. Би бүхий л холбогдох материалуудыг тэр хүнд өгч, Олон улсын байгууллага Конвенц Коде-ийн хэрэгжилтийг байнга шалгаж, шаардлага тавьдаг учраас энэ асуудалд нухацтай хандахыг захисан. Гэвч харамсалтай нь, Бат-Эрдэнэ сайд, Допингийн төрийн бодлогын талаарх ойлголт нь БТСУХ-ны дунд шатны дарга нартай ойлголт адил байх шиг байна. УИХын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд цаг зав багатайг ойлгож байна. Гэхдээ туслах, зөвлөх, ажлын албаны дарга гээд улс төрийн албан тушаалтнууд нь асуудлыг нарийн сайн судлаад, сайдаа үнэн зөв мэдээллээр хангахгүй байгаа нь харамсалтай байна. Сайдыг ноён нуруутай эр хүн гэж боддог. Одоо ч ноён нуруунд нь итгэж л байна. Хамгийн гол нь сайдад үнэн зөв мэдээлэл нь очихгүй байх шиг байна.
-WADA нь конвенц, коде, Олон улсын стандартын хэрэгжилтнд хэр анхаарлаа хандуулж ажилладаг вэ?
-Хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө БТСУХ-ноос Улсын шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг Олон улсын лабораторид хоёр жил төлөөгүй төлбөрийн асуудал. Хоёр жил төлөлгүй, гурав дахь жил рүүгээ оруулсан нь үнэхээр олон улсын байгууллагын хувьд өмнө тохиолдож байгаагүй муу жишээ болсон. WADA-гийн Төв Азийн бүсийн байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Монгол Улс улаан шугамыг давуулахгүйгээр, тамирчдын шинжилгээний төлбөрийг итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх хэрэгтэй” гэж сануулсан ч, хүлээн авахгүй байсаар улаан шугамыг давуулсан. Түүнчлэн төрийн агентлагийн зүгээс Сэргээш хэрэглэхийн эсрэг НҮБ-ын Конвенц, WADA -гийн коде, Олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагааг буруутгах, ДДЭА-т Үндэсний байгууллагын талаар ташаа мэдээлэл илгээдэг БТСУХ-ны албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь манай улсын Засгийн газрыг Конвенцийн хэрэгжилт, допингийн эсрэг дэлхий нийтийн бодлогыг дэмжиж ажиллаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа. Түүнчлэн сүүлийн үед Монголын тамирчдаас гарах допингийн зөрчил нэмэгдэж байгаа зэрэг нь онцгойлон анхаарах үндэслэл болж байна.
-Засгийн газраас Ажлын хэсэг байгуулагдсан тухай зарлаж байсан, танай байгууллага хэрхэн хамтран ажиллаж байна?
-Засгийн газраас МОНАДА-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаад туйлын их талархаж байна. Хамгийн гол нь бодит үнэн зөв мэдээллийг хүргэх. Зөв мэдээлэлтэй байж зөв шийдвэр гарна. Худал ташаа мэдээллээс зөв сайн шийдвэр гарахгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад WADA-гийн Конвенц, кодийн Хэрэгжилтийн хяналтын хорооны хурлын мэдээллийг хүргүүлсэн. WADA -гийн зүгээс зөвхөн МОНАДА-гийн 2023 оны ДХХ-ийн төлөвлөгөөний дагуу яваагүй гэдэг ганц асуудлыг тавиад байгаа юм бас биш. Түүнээс гадна хоёр зүйл дээр анхаарч ажиллах зөвлөмж, удаа дараа өгөгдсөн байгаа. Эхнийх нь УИХ-аас Биеийн тамир спортын тухай хуульд 2017 онд шинээр хоёр заалт оруулсан байдаг. Үүнд, хуулийн 21.3- Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж мөрдүүлнэ, 21.4- д Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна гэсэн хоёр заалт юм. Биеийн тамир спортын тухай хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын олон улсын хууль, нэгдэж орсон Конвенц болон ДДЭК-ийг зөрчиж байгаа асуудлыг, Конвенц, Кодед нийцүүлэн ажиллах шаардлага.
Хоёрдугаарт, Допингийн үндэсний зөвлөл байгуулж, холбогдох асуудлыг шийдвэрлэж ажиллах тухай зөвлөмж юм. Эхнийх нь Биеийн тамир спортын тухай хуульд допингтой холбоотой хэсгийг Конвенц Коде-д нийцүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ нааштай хүлээн авч, шинэчилсэн хуулийн төсөл 2023 оны зургаадугаар сарын 28-нд УИХ-д өргөн баригдсан байгаа. Конвенцтой зөрчилдөөд байгаа хуулийг өөрчлөх шинээр өргөн баригдсан Биеийн тамир спортын тухай хуулийг хамгийн сайн мэдэж байгаа, атлаа одоогийн байгаа хуулийн 21.3, 21.4 дэх заалтыг үндэслэн тамирчин хариуцсан Засгийн газрын байгууллага нь өөрөө МОНАДА-ийн үүргийг гүйцэтгэхийн тулд МОНАДА-г элдвээр буруутган, үйл ажилагааг нь саатуулж, худал гүтгэж, бүр цаашлаад одоогийн байгаа МОНАДА-г татан буулгаж өөрсдөө шинээр байгуулахыг оролдсоныг ВАДА-гийн зүгээс анхааралтай ажиглаж, бас ямар дүн тавьж байгааг бид одоо харж байна. Удаах нь Үндэсний зөвлөл байгуулан ажиллах нь уг хуульд заагдсаны дагуу батлагдах тохиолдолд уг хуулийнхаа дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.
-Та саяхан WADA -гийн Төв азийн бүсийн удирдах зөвлөлийн хуралд оролцоод ирсэн гэсэн?
-WADA -гийн Төв азийн бүсийн байгууллагын удирдах зөвлөлийн хурал энэ есдүгээр сарын 13-15-нд Ташкент хотноо болж, төлөвлөгдсөн асуудлуудаа хэлэлцэн, цаашдын ажлын хэтийн төлвийг баталсан. Хурлын нээлтэд Узбекстаны Спортын сайд, ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож үг хэлсэн. Мөн Узбекстаны үндэсний допингийн эсрэг байгууллага Уз-НАДА-гийн үйл ажиллагаатай танилцсан. Үйл ажиллагаа нь сайхан жигдэрсэн газар. Өмнө нь бас манайх шиг асуудлууд тохиолдож байсан. Олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилт Засгийн газрын анхан дунд шатанд цалгардах явдал гарч байсан. Харин гадаад бодлого, гадаад харилцааны асуудлын хүрээнд Ерөнхийлөгчдөө хандаж, Засгийн газартаа зохих чиглэлийг өгүүлснээр олон улсын гэрээ конвенц коде-ын хэрэгжилтэд асуудал гарахаа больсон гэж танилцуулж байсан. Энэ бол нэг туршлага. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгчид Допингийн тухай өнөөгийн байдлыг танилцуулахаар уулзах цаг хүссэн байгаа.
-Допингийн төрлийн бодис илрүүлэхээр цусны шинжилгээ хийхээр болж байгаа нь цаашдаа допингийн хяналт улам бүр чангарах нь гэсэн үг үү?
-WADA -гаас ийм шаардлага тавьж, улс орнууд эхнээсээ хэрэгжүүлж байгаа. Одоогоор цөөхөн оронд хэрэгжиж байгаа боловч Монгол Улсыг энэ оноос хийж эхлэхийг шаардсан байгаа. Цусанд хийж байгаа шинжилгээ нь шээсэнд хийж байгаагаас 10-аад төрлийн стройдыг нарийн шинжлэн илрүүлэх боломжтой. Илүү олон төрлийн бодисыг илрүүлнэ гэсэн үг. Гэхдээ бас бүр айгаад байх ч асуудал биш. Сэргээшийн төрлийн бодис бидний идэж хэрэглэж байгаа олон юманд байгаа. Гол нь тамирчдад тухайн бодисыг заасан хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийг хязгаарлах нь шинжилгээ хийж байгаагийн үр дүн.
-Сүүлийн үед Монголын тамирчдаас допингийн зөрчил ихсэж байгаа нь WADA манай улсыг анхаарах нэг үндэслэл болж байгаа гэлээ. Энэ талаарх судалгаа, тоо баримтыг сонирхмоор байна?
-Монгол Улс Допингийн шинжилгээнд хамрагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд олон улсын уралдаан тэмцээнд орж байгаа манай улсын тамирчдын допингийн зөрчил 31 байдаг. Харин Үндэсний спортын тамирчидтай холбогдох 37 допингийн зөрчил бүртгэгдсэн байгаа. Зөрчлийг ингэж задалж ялгаж салгаж авч үзлээ ч гэсэн нийтдээ Монгол Улс сүүлийн жилүүдэд допингийн зөрчил эрс нэмэгдсэн орны тоонд багтана. Тиймээс олон улсын байгууллагаас манай улсын Допингийн хяналтын бодлогыг чангатгах хэд хэдэн шалтгааныг тогтоон ажиглаж байгаад энэ үзүүлэлт багтаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. “WADA-гийн хэмжээнд Монголын наадам болон үндэсний спортын тамирчдад гарч байгаа допингийн талаар ихээхэн анхаарал татаж байгаа талаар дурдаж, бид одоо ч монголын тамирчдад анхаарал хандуулж байна. Цаашид ч анхааралтай хандах болно” гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тиймээс Үндэсний спортын нэр хүндийг сэвтүүлэхгүй авч явах, соёлын өвийг, соёлын өв чигээр нь түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дорвитой ажил хийх нь илүү чухал байх.
-Дэлхийн хэмжээний мэргэжлийн тамирчдаас допинг илрэх нь харьцангуй цөөн?
-Олон улсын хэмжээнд төрөлжсөн спортын чиглэлийн тамирчин гэхэд зөвхөн өөрийн дагнасан төрлөөр байнгын бэлтгэл сургуулилалтыг тогтмол, жилийн дөрвөн улиралд төлөвлөгөөний дагуу хийж, улирал тутам допингийн хяналтын шинжилгээнд хамрагдаж байдаг. Өөрсдийн хэрэглэж байгаа хоол хүнс, эрүүл мэндийн болон бэртэл гэмтлийн шалтгаанаар хэрэглэж байгаа эм тариандаа, байнгын хяналт тавихаас гадна холбооных нь зүгээс уг тамирчинд байнгын нарийн мэргэжлийн эмчийн болон сэтгэлзүйчийн мэргэжлийн туслалцааг аль шаардлагатай үед үзүүлж байдаг. Мөн Дэлхийн допингийн эсрэг коде-ийн 2.1.1-д “Тамирчин бүр өөрийн биед хориглосон бодис ороогүй гэдгийг баталгаажуулах үүрэгтэй. Тамирчин нь өөрийн биед хийсэн шинжилгээгээр илэрсэн аливаа хориглосон бодис, түүний задралын бүтээгдэхүүн болон маркеруудын төлөө хариуцлага хүлээнэ” гээд олон заалтаар тамирчин өөрөө хариуцахаар байдаг. Олон улсын хэмжээний тамирчин нь тэмцээнээс тэмцээний хооронд байнгын бэлтгэл сургуулилт хийж, хэрэглэсэн бүхий л зүйлдээ анхаарал хяналт тавьж, улирал тутамд Допингийн шинжилгээнд хамрагдаж байдаг учраас допингийн төрлийн аливаа бодис хэрэглэх эрсдлээ байнга хянаж, анхаарч байдаг. Ийм нарийн хяналттай ажилладаг тамирчид ч хүртэл зарим тохиолдолд Допингийн зөрчилд өртдөг. Гэхдээ тэдний онцлог бол, хариуцлагаа бүрэн ухамсарлаж, ямар нэгэн асуудал үүсгэдэггүй.
-ЕР НЬ СУДАЛГААНААС ХАРАХАД ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНД ҮНДЭСНИЙ СПОРТЫН ТАМИРЧДААС ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ХУУЛЬЧЛАН АВДАГГҮЙ-
-Үндэсний бөхөд, үндэсний баяр наадмаар допингийн шинжилгээ авах хэрэг байгаа юм уу, ер нь хэрэггүй гэдэг байр суурийг олон нийт хүчтэй илэрхийлж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай байгууллага Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний спортын тамирчдаас допингийн шинжилгээ авч, хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ер нь Үндэсний спортын тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулах шаардлагагүй гэх хэд хэдэн нөхцөл шалтгаан бий.
-Тухайлбал, ямар шалтгаанууд?
-Олон улсын тэмцээн уралдаанд ордог тамирчны нэгэн адил хяналтыг Үндэсний спортын тамирчдад шууд тавьж байгаа нь хэтэрхий хатуудаад байна гэж би үздэг. Манай үндэсний спортын тамирчид тус тусын мэргэжлээр өөр өөрийн ажлыг хийж, хэрэглэж буй хоол ундандаа анхаарал тавих, хянах, зөвөлгөө авах зэрэг нөхцлөө бүрдүүлэн, байнгын бэлэн байдалд нарийн нягт анхаарал тавих боломж өргөн биш. Нөгөөтэйгүүр үндэсний бөхийн барилдаанд жин харгалздаггүй учраас бэртэл гэмтэл их авдаг. Бэртэл гэмтлийн эмчилгээнд хэмжээ доз нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн байх тохиолдолд допингийн зөрчилд ордог. Эрүүл мэндийн анхаарал татсан шалтгаантай ч, ёс бэлгэдлээ бодоод улсынхаа их баяр наадамд заавал зодоглоно гэх тохиолдол ч цөөнгүй харагддаг нь хүний эрхийнхээ талаас бас эргэн харах шалтгаан гэж боддог. Учир нь энэ чинь уламжлалт соёлын их наадам. Нөгөөтэйгүүр олон үндэстэн уламжлалт хоол хүнсээр биеийнхээ тэнхээг дэгжрүүлэн тэтгэдэг. Монголчууд гэхэд хурганы засаа болон мал амьтны ижил төрлийн хоол хүнс хэрэглэх, мөн гөрөөсний цус уух гээд олон янзын зүйлийг тодорхой хяналтгүй хэрэглэх тохиолдол байгаа. Тэгвэл тэдгээр зүйлийн биед үйлчлэх хугацаа, задралын бүтээгдэхүүн зэрэг нь бас ихээр хэрэглэсэн тохиолдолд цусны улаан эсийн тоог болон олон төрлийн стройд, эр бэлгийн гормон тестероны хэмжээг огцом нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Энэ чинь л допингийн бодис болон илэрдэг байх жишээтэй.
-Манай үндэсний бөхөөр дан ганц Монгол Улсын иргэд ч биш, монгол угсаат ахан дүүс, амьдардаг улс орны тамирчид ирж барилдаж байгаа. Эндээс харахад хүрээ нь өргөсөөд байна л даа?
-Өнгөц харвал тэгж ойлгож болно. Сүүлийн үед монгол угсаатан амьдардаг улс орноос Үндэсний бөхийн тэмцээн уралдаанд багагүй оролцох болсон нь сайн хэрэг. Гэвч тэдгээр монгол угсаат бөхчүүдээс допинг илэрлээ гэж үзэхэд тухайн улс орон нь “Манай нэг тамирчин Допингийн зөрчилд оржээ” гээд шууд хүлээн авах болов уу гээд үзвэл бас л бодох хэрэгтэй байгаа. Ер нь судалгаанаас харахад Дэлхийн олон улс оронд Үндэсний спортын тамирчдаас Допингийн шинжилгээг хуульчлан авдаггүй. Хамгийн ойрын жишээнээс харахад Сүмо бөх байна. Аваргаа тодруулаад үзэгч түмнээ баярлуулж, ялагчаа шагнан, баяр наадмаа сайхан өндөрлөж байгааг манай үзэгчид сайн мэднэ. Хэн нэгэн өөрөө барилдаггүй ч гэсэн бөх үзээд, сурын харваа хараад, хурдан морины уралдаан үзээд “Самсаа шархиран харж суухад бас л нэг жаргал” баяр бахархал төрүүлдэг мөч. Энэ бол цэвэр баяр цэнгэл, наадам зугаацлын оргил мөч. Бид сайхан наадчихаад, баяр цэнгэл дүүрэн наадмын арга хэмжээгээ өндөрлөж байх уу, аль эсвэл допингийн шинжилгээ өгчихөөд, хариуг нь хараад, бүгд нэг л хариу хүлээсээр маргасаар суух уу гэдгээ өөрсдөө дотооддоо шийдэх хэрэгтэй. Тиймээс Бөхийн холбоо тамирчдынхаа саналыг авч, Төр засгийн удирдлага, бодлого шийдвэр гаргагчдад зөв ойлголт өгч, нэг тийш нь шийдвэрлэх хэрэгтэй гэж бодогддог.
-МОНАДА-д тавьж байгаа хориг шаардлага бол Монгол Улсад тавьж байгаа шаардлага. Гэтэл МОНАДА өнөөг хүртэл яагаад гарч ирж ярихгүй байсан юм бэ?
-Допингийн эсрэг үйл ажиллагаа гэдэг олон талын оролцоотой цогц ажил. Оролцогч талуудын хийх ёстой ажил яг заагдсан дүрэм журмаараа явах ёстой. Товчхондоо бол мэдээллийг албан ёсоор дамжуулах нь хамтын ажиллагааны гол хэлбэр гэсэн зарчим үйлчилдэг. Бид Конвенц, Коде-оо мөрдөж, хэрэгжүүлж л ажиллаж ирсэн.
-Цаг үеийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.
-Нийгэм өнөөдөр мэдээллээр дутагдах биш илүүдэх болсон цаг үе юм уу даа. Энэ үед бодит байдлыг олон нийтэд хүргэж байгаад танай сонинд талархал илэрхийлье.
М.Даваа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||