Төв Азийн таван орны /Тажикистан, Туркменистан, Казахстан, Киргизстан, Узбекистан/ төр, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-д чуулж, бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэв. Өвөр Монгол нь Төв Азийн таван улсыг Ганьсү, Шинжянгаар дамжин хуурай газрын "эртний торгоны зам"-аар холбодог бөгөөд эдийн засаг, худалдааны солилцооны өнө эртний түүхтэй. Уг форумд Төв Азийн таван орон, Зүүн өмнөд Ази, Зүүн хойд Ази болон холбогдох улс орон, бүс нутгийн 200 гаруй төр, засгийн болон бизнесийн төлөөлөгчид оролцсоноос гадна АНУ, Австрали, Бруней, Сингапур, Монгол зэрэг улс орны бизнесийн төлөөлөл оролцож, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцжээ.
ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Жан Лэй:
-Төв Азийн таван орон давуу байрлалтай, баялаг нөөцтэй, ӨМӨЗО-той хамтран ажиллах үндсэн нөхцөл сайн, хөгжлийн хэтийн төлөв өргөн байна. Өөрсдийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглах, боломжуудыг ашиглах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, зөвшилцлийг бий болгоход талууд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Туркменистаны Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн Мадива Зарина:
-Өвөрмонголд анх ирэхдээ их хүлээлттэй байсан бөгөөд энэхүү семинарыг зохион байгуулсан нь Төв Азийн таван орон болон дэлхийн харилцаа, интеграцийн индэр болсон юм. Би өмнө нь тээврийн салбарыг илүү сонирхож байсан бол энэ удаад газрын тос, байгалийн хий зэрэг салбарт хамтран ажиллах боломж байж болох юм шиг байна.
Тажикистанаас Хятадад суугаа элчин сайд Зохир Саидзода:
-Энэ оны эхний хагаст Тажикстан, Хятадын худалдааны хэмжээ 704 сая ам.доллараас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1 хувиар өссөн байна. Хөрөнгө оруулалтын салбарт ч бай, бодит эдийн засгийн салбарт ч бай хоёр орны худалдааны хамтын ажиллагаа асар их боломжтой.
Монгол Улсын ГХЯ Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Г. Өлзийсайхан:
-Төв Ази нь газарзүйн хувьд Евразийн эх газрын төвд оршдог тул хуурай замын тээврийн гол зангилаа бөгөөд Европ руу чиглэсэн ашигтай тээврийн коридор болохын зэрэгцээ "Бүс ба Зам” санаачилгын чухал орон зай хэмээн тооцогддог. Олон улсын харилцаанд өрнөж буй улс төр, эдийн засгийн өргөн далайцтай өөрчлөлтүүд, үүнтэй уялдан, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд тулгарч буй эрсдэлүүд, цар тахлын нөлөөлөл зэргээс хамаарч олон улсын дамжин өнгөрөх тээврийн салбарт тус бүс нутгийн ач холбогдол улам бүр өсч байна. Энэ хүрээнд Монгол Улс ч мөн ялгаагүй CAREC-ийн хамтын ажиллагааны хүрээд Хятад-Төв Ази-Европын гол коридоруудад холбогдохыг эрмэлзэж байна.