Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining” нь манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр "Эх говийн чулуу” компанийн 50 хувийг "Xanadu Mines”-аас худалдан авах болсон тухай "Bloomberg” мэдээлжээ.
Ингэснээр "Aspire Mining” компани "Xanadu Mines”-т 10 сая ширхэг хувьцаагаа шилжүүлэх юм байна. "Эх говийн чулуу” нь Монголын хойд хэсэгт, Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс ердөө 10 км зайд орших Нүүрстэй ордын 60 хувийг эзэмшдэг, цаашдаа 90 хувьд хүргэх боломжтой гэдгийг Австралийн хөрөнгийн биржийн цахим хуудаст тэмдэглэжээ.
Нүүрстэй ордын JORC ангиллаар тогтоосон "хар алт”-ны нөөц 30 сая тоннд хүрэх үед "Aspire Mining” нь "Xanadu Mines” компанид дахин таван сая ширхэг үнэт цаасаа шилжүүлэх талаар зөвшилцсөн байна. "Xanadu Mines”-ийн 7.7 хувийг эзэмшдэг "Noble Group” нь "Aspire Mining” компанитай хамтран энэхүү төслийг хэрэгж үүлэх гэнэ.
"Aspire Mining”-ийн хувьд "Овооттолгой” төслийн үр ашгийг дээшлүүлж, дээрх хоёр ордын олборлолтыг хамтатган хийх нь ач холбогдолтой аж. Хэрэв "Xanadu Mines” компани Нүүрстэй ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авбал "Aspire Mining” дахин 200.000 ам.долларыг нэмж төлөхөөр тохиролцжээ. "Эх говийн чулуу” компанийн үлдэх 50 хувийг "Noble Group” эзэмшиж буй юм.
Дашрамд дурдахад, "Aspire Mining” компанийн 18.8 хувийг "SouthGobi Resources”, 15 хувийг нь "Noble Group” эзэмшдэг байна.
Ц.БОЛОРМАА
"Өнөөдөр"