"Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банканд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнийг барагдуулахын тулд тус компанийн эзэмшлийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох, төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг төлөх боломжтой юм байна.
Гэхдээ энэ нь ЭТТ ХК-ийн нийт хувьцааны 14.5%-ийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай ХАМААРАЛГҮЙ юм байна. Харин төрийн эзэмшлийн 81.5 хувийн хувьцаанд хамаарах, хуримтлагдсан ногдол ашгийг толгой компани болох "Эрдэнэс Монгол”-ын зээлийг барагдуулах талаар судалж эхэлжээ. Энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мандуул өнөөдөр Төрийн ордонд болсон, түр хорооны хурлын үеэр мэдэгдэв.
"Эрдэнэс Монгол” компани дээрх зээлийг Таван толгойн ордоос Гашуунсухайт хүртэлх чиглэлийн авто замыг худалдан авахад ашиглажээ.
Тодруулбал, 2015 оны 449 дүгээр тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр Хөгжлийн банкнаас олгосон 170 тэрбум төгрөгийн үлдэгдэл хөрөнгийг 2019, 2020 оны улсын төсөвт тусгаж, эргэж төлнө гэсэн заалт байна. Уг заалт хэрэгжээгүйгээс Хөгжлийн банканд чанаргүй зээл болон үлдсэн. Үүнийг барагдуулахад "Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хариултдаа онцлов.
Үүнээс гадна Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 Мвт хүчин чадалтай ДЦС байгуулах Эрчим хүчний яамны төсөлд Хөгжлийн банкнаас зээл олгосон бий. ДЦС-ын төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор энэ зээл төлөгдөөгүй байна. Засгийн газраас зээлийн үлдэгдлийг Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд төслийн барилга угсралтын ажлын зардалд оруулан төлж барагдуулах шийдвэр гаргажээ. Эгийн голын УЦС ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байгаа гэлээ.
Хөгжлийн банк энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулахаар төлөвлөжээ. Ингэснээр чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолсон байна.