Ялангуяа урд хөрш рүү түүхийгээр нь экспортод гаргасан бүхнийгээ эргүүлээд өндөр үнэ төлж худалдаж авдаг гэвэл хошин шог шиг л сонстох. Гэтэл үнэндээ байдал ийм л байна. Монгол Улсаас хил давуулж байгаа бүхэн "байгалийн гаралтай”, "экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэсэн тодотголтой.
Тиймээс ч хил давууллаа л бол гадны хууль бус наймаачид алгаа тосоод байж байдаг аж. Ялангуяа сүүлийн жилүүдэд байгалийн төрцөөрөө чулууг хууль бусаар хил давуулах наймаа цэцэглэл, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ, бүлэглэлүүд аль хэдийнэ бий болжээ. Алт ухаж, амьдралаа залгуулдаг, хөдөөгийн буйдхан сумдад нинжа нар л байдаг тухай ойлголт өнгөрч хууль бус хориотой бизнесийн өөр нэгэн сүлжээг хэдийнэ "цэцэглүүлж” амжсан байна.
Тодруулбал, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сайншанд зэрэг төв суурин газруудад хууль бус чулууны наймаа эрхэлдэг бүлэглэл бий болсон тухай албаны эх сурвалж мэдээлсэн юм. Одоогоос 14 жилийн өмнөөс буюу 2000 оноос говийн аймгуудаас хувиараа ашигт малтмал олборлогчид гоёлын болон үнэт чулууг хууль бусаар их хэмжээгээр экспортолж эхэлсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр жилдээ 6-9 тонн үнэт чулуу хууль бусаар гарч хил давдаг аж. Ихэвчлэн үзмэн мана, чүнчигноров, каварцит, ногоон цахиурын төрлийн чулуунуудыг олборлож монголчууд говийн аймгуудаас олборлож, урд хөрш рүү гаргаж байна.
Хятадууд Монголоос хэт хямд үнээр сорчилж авсан чулуугаа засч, янзлаад бусад оронд өндөр үнээр экспортолж, их хэмжээний ашиг олдог аж. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг сумаас олдсон нэг метр гаруй урттай чүнчигноров Хонконгийн чулууны биржид нэг сая ам.доллараар зарагдсан мэдээ бий. Гэтэл манай нинжанууд иймэрхүү хэмжээтэй чүнчигноровыг 200 мянган төгрөгөөр л хятадуудад зарж орхидог аж.
Түүнчлэн өнгөрсөн онд 220 кг оюу хууль бусаар хил гаргах гэж байгаад боомт дээр баригджээ. Оюу нь хагас үнэт чулуунд тооцогддог юм байна. Ер нь говийн аймгуудаас олборлосон байгалийн төрцөөрөө чулуу Монголд кг 45-85 мянгад хүрдэг гэнэ. Харин БНХАУ-ын зах зээл дээр 120-540 мянган төгрөгийн үнэд хүрдэг юм байна. Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутгаас 4-5 жилийн өмнөөс хаш чулууг олборлож эхэлсэн юм.
Хашийг Хөвсгөл аймаг болон ОХУ-ын нутгаас олборлодог байна. Өнгөрсөн онд 20 кг хаш чулууг хууль бусаар хил давуулахыг завдсан зөрчил илэрчээ. Нэг кг хаш чулуу урд хөршид 80-120 мянган ам.долларт хүрдэг юм байна. Үүнээс гадна Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас хас чулуу илэрснээр хууль бус наймаачдын цуваа тийш чиглэжээ. Хас нь алмазын дараа үнэт чулуу гэгддэг бөгөөд сүүлийн жилүүдэд их хэмжээгээр олборлож, урд хөршийн зах зээлд нийлүүлсээр байна.
Мөн өнгөрөгч хоёрдугаар сарын 13-нд байгалийн солир чулууг хууль бусаар гаргах гэж байгаад баригджээ. Солир нь БНСУ-д нэг сая ам.долларт хүрдэг юм байна. Түүнчлэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги- Мандалын боомтоор БНХАУ-ын 13 иргэн 16 нэр төрлийн 84 хайрцаг үнэт чулуу гаргах гэж байгаад хураалгажээ.
Хэдийгээр хилчид боомт дээр энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсоож, өдий төдийгөөр нь чулууг хурааж аван, улсын орлого болгодог ч манай улсад энэ талаар баримтлах хатуу бодлого үгүйлэгдэж байна. Хамгийн харамсалтай нь Монгол Улс дээр нэр дурьдсан чулуунуудыг барилгын материалд тооцдог нь эргээд хуулийн хүрээнд хариуцлага тооцох үндэслэл болдоггүй аж. Иргэд ч үүнийг асуудал болгож хэлэлцээд байдаггүй.
Бараг өдөр тутамдаа хууль бусаар чулуу хил давуулахыг завдсан мэдээ хэвлэлийн хуудаснаа "залардаг” ч тэгтлээ асуудал болгоод араас нь хөөцөлдөөд явсан нь үгүй. Алт, мөнгө л үнэтэйд тооцогддог мэт ойлголтоо таягдан хаяад байгалийн үнэт чулууныхаа араас сэтгэлээ чилээхгүй бол хэдхэн жилийн дараа Монгол орон ямар ч үнэт чулуугүй болох нь.
Чулууны бизнес эрхлэгчдэд хариуцлага тооцдог болъё
Монголд үнэт чулууны чиглэлээр геологийн судалгааг хуучин нийгмийн үед оросуудтай хамтарч хийсэн тул үнэт чулууны дээжүүд ОХУ руу зөөгджээ. Тиймээс ч нөөцийн талаарх мэдээлэл тодорхой биш байдаг аж. Үүнээс гадна түүхийн байгалийн чулууг хууль бусаар хил давуулахыг завдсан тохиолдолд ногдуулах шийтгэл, хуулийн хүрээнд хариуцлага тооцох асуудал хэзээд орхигдсоор иржээ.
Энэ бүхэн Монголд чулууны хориотой бизнес амь бөхтэй оршин тогтнох үндэс нь болж байна. Ялангуяа үнэт чулууны хэрэгт эрүү үүсгэх эрх зүйн орчин байхгүй, хураасан чулуугаа хаана хадгалах, хэрхэн улсын орлого болгох, үнэлгээг яаж тогтоох вэ гээд олон асуудлыг зохицуулах хууль эрх зүйн баримт бичиг байхгүй байгаад асуудлын гол нь байгаа юм. Тиймээс ч нэг нь хураасан, нэг нь хохирсон нэртэй өнгөрч байна.
Бид байгаа бүхнээ гадагш нь тавиад туучих биш дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Арьс, ширээ түүхийгээр нь экспортлочихоод арьсан гутлыг гаднаас өндөр үнээр импортлох учиргүй. Ноос, ноолуураа тэр чигээр нь хямд үнээр тушаачихдаг байх ёсгүй. Чоно, зээрээ жийп хөлөглөсөн хятадуудад хядуулаад дуусгах ёсгүй. Энэ бүхэн монголчууд бидний өмч. Эх орны минь ширхэг чулуу ч монгол хүн надад, чамд үнэ, цэнэтэй байх ёстой.
Үнэт эрдэнийн чулуугаа түүгээд хэдэн халтар төгрөгөөр сольчихдог биш ядаж, засч хэлбэржүүлдэг техник технологитой, бие даан экспортолдог, дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг нэг ч гэсэн үйлдвэртэй болохсон. Цаашлаад дагаж мөрдөх стандарт боловсруулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн баримт бичиг, дүрэм журам гаргахад холбогдох хүмүүс нь хошуугаа биш хуруугаа хөдөлгөх хэрэгтэй байна.
Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэлцдэг. Гэтэл шуудай, шуудайгаар нь урд хөрш рүү урсгаж байгаа хууль бус наймаачид хэдхэн халтар төгрөгөөс болж эх орноо эмтэлж байна. Мод байсан бол эргээд ургана гэхсэн. Харамсалтай нь чулуугаа түүгээд дуусгачихвал эрдэнийн зургаан үсгээр эх орныхоо нэрийг бичих хөг өнгөрнө шүү дээ, монголчууд минь.
Х.Өнөр