"Rio Tinto” компани 51 хувийг нь эзэмшдэг "Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш өнгөрсөн өдрүүдэд огцом өслөө. Өчигдөр нэгж хувьцааных нь үнэлгээ 3.67 хувиар өсөж, нэгж нь 4.24 канад долларт хүрсэн нь сүүлийн нэг сар орчмын дээд түвшин юм. Арилжаа нь ч идэвхжиж, энэ өдөр TRQ симбол бүхий 11.7 сая ширхэг хувьцааг Торонтогийн хөрөнгийн биржээр дамжуулан борлуулжээ.
Өнгөрсөн даваа гаригаас хойш уг хувьцааны үнэлгээ нийт 9.55 хувиар огцом дээшлээд буй. "Turquoise Hill Resources”-ын хувьцааны ханш огцом өссөнийг эдийн засагчид өөр өөрийнх өөрөө тайлбарлаж байна. "Rio Tinto” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш өнгөрсөн мягмар гаригт Лондонд "Bloomberg” телевизэд өгсөн товч ярилцлага нь ханшийн өөрчлөлтөд илүүтэй нөлөөлсөн байх магадлалтай аж.
Учир нь тэрбээр "Оюутолгой”
төслийн асуудлаар Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээний явцын
талаар лавласан сэтгүүлч Кэролайн Хайдын асуултад "Далд уурхайн бүтээн
байгуулалтад санхүүжилт олгох амлалтаа олон улсын банкууд ирэх есдүгээр
сар хүртэл сунгасан. Энэ хугацаанд Монголын Засгийн газартай асуудлаа
шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн өөдрөгөөр хариулсан юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН
"Өнөөдөр"