Хятадад уурхайн осол их гарч, хүний амь эрсэдсэн хэрэг тасрахгүй байгаа тул Засгийн газраас осол гарах эрсдэл өндөртэй нүүрсний жижиг уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож, хаах арга хэмжээ авахаар болов.
Жилд 90 мянган тонноос доош хэмжээний нүүр олборлодог жижиг уурхайд осол гарах эрсдэл хамгийн өндөр байдаг тул холбогдох шалгалт судалгааг хийсний дараа аюулгүй байдлын шаардлага хангаагүй уурхайг хаах болсон юм. Хаасан уурхайг дахин ашиглуулахгүйн тулд ус, цахилгаан, тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийг хатуу хорьж, уурхайг байгаль орчинд хохирол багатай арга замаар бүрэн устгах юм.
Хятадын жижиг уурхайнууд хөрөнгө мөнгөний асуудлаас болж уурхайн аюулгүй байдлыг бүрэн хангадаггүйн улмаас 1000 гаруй уурхайчин амиа алдаад байна. Хэдийгээр уурхайн ослоор хүний амь үрэгдэх тохиолдол цөөрч байгаа ч АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад уг төрлийн хэрэг гаралт 10 дахин өндөр хэвээр байна.
Түүнчлэн тус улсын нүүрсний уурхайн 80 хувийг аюулгүй байдлыг бүрэн хангаагүй жижиг уурхайнууд эзэлдэг ба уурхайчдын 77 хувь нь дунд сургуулийн боловсролгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэггүй байдаг нь уурхайн осол тасралтгүй гарах гол нөхцөл болж байна.
А.Цацралт
монцамэ