"Rosneft” компани Монголын компаниудад зургадугаар сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн саналаа ирүүлжээ.
Тодруулбал АИ 92-ыг тонн тутамд нь 1036 ам.доллар, А 80-ыг 1003 ам.доллар, дизель түлшийг 959 ам.доллараар үнэлээд байгаа юм байна. Үүнийг тавдугаар сарын үнэтэй харьцуулахад АИ 92 болон А 80 шатахууны үнэ гурван ам.доллараар буурсан бол дизель түлшний үнэ дөрвөн ам.доллараар хямдарсан аж.
"Rosneft” компани энэ сараас эхлэн Монголд нийлүүлэх шатахууны хэмжээгээ нэмэхээс гадна Сингапурын хөрөнгийн биржийн ханшаар нийлүүлэхээр болсон. Энэ нь өмнөхтэй харьцуулахад хямд үнэ гэж Газрын тосны газраас мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаад шатахуун импортлогч компаниуд "Rosneft”-ийн тавьсан үнийн саналыг харгалзан үзэж хэдий хэмжээний шатахуун импортлох талаар удахгүй мэдэгдэх юм байна.