Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй нь бололтой гэсэн айдас уул уурхайн салбарынхныг бүрхэж байв. УИХ-аас баталсан "Эдийн засгийн эрчмийг нэмэгдүүлэх 100 хоног”- ийн төлөвлөгөөнд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахыг багтаасан нь тэдний айдсыг үргээж, итгэлийг төрүүлэв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ төслийг өчигдөр хэлэлцэхээр товлоод байлаа.
Уг хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулгыг бэлтгэх Ажлын хэсгийнхэн хуралдааг үй гэсэн шалтгаанаар хэлэлц үүлгийг хойшлуулав. Юутай ч УИХ хаврын чуулганаараа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нь ийнхүү хөдөлбөргүй боллоо. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хурдан батлахыг уул уурхайн салбарынхан шаардсаар, хүлээсээр байна. Нэмэлт, өөрчлөлтийн "амин сүнс” нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон эзэмших эрх үүргийг зохицуулах юм. Үүнийг баталснаар дөрвөн жилийн өмнөөс царцаасан ашигт малтмалын лиценз олгож эхэлнэ. Ингэснээр хайгуулын ажил өрнөх учиртай.
Ашигт малтмалын хайгуулын ажлын 70 хувь зогссон гэсэн барим тавим төсөөллийг салбарынхан дуулгаж байна. Уул уурхайн салбарынхны шаардлагаас гадна лиценз царцаалт хязгаартаа тулсныг эдийн засгийн хүндрэл сануулж буй. Лиценз олголтыг зогсоосноор гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн. Үр дагавар нь ам.долларын ханш тэнгэрт хадаж, эдийн засгийг хямрал рүү түлхэж буй сөрөг үзүүлэлтээр илэрч байна. Ерөөсөө Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Монголын хууль, эрх зүйн орчноос шалтгаалсан хөрөнгө оруулалтын тодорхой бус байдал бүрэн арилна гэж шинжээчид үздэг юм. Монгол Улс дан хөдөө аж ахуйн орон байсан цаг дууссан. Хөдөө аж ахуйн салбар уул уурхайд байраа тавьж өгөөд удаж байна. Монголын эдийн засаг өсөх, хөгжих нь уул уурхайн салбарын унах, босохтой холбоотой. Түшиж өндийх ганц салбараа удаан хугацаагаар царцаах нь гавьяа авчрахгүй нь ойлгомжтой. Царцаалт үүнээс цааш үргэлжилбэл уул уурхайн шинэ орд нээх боломж холдсоор байх нь гарцаагүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ч дорвитой өсөхгүй нь мэдээж. Эдүгээ лицензийн царцаалт хязгаартаа тулсан. Үүнийг мэдэрч, гэсгээх гэж байгаа нь зүйн хэрэг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 оны дөрөвдүгээр сард хайгуулын лиценз олгохыг бүрмөсөн зогсоож байв. Лицензийг дамлан худалдаж ашиг олдог бүлэглэл бий болж, авлигын сүлжээ үүсгэснийг царцаах аргаар таслан зогсоосон нь энэ. Тухайн үед улс төр, бизнесийн хүрээнд энэ нь үзэгдэл болсон нь нууц биш. Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан 2010 онд "Ашигт малтмалын газрын дарга нарыг 300 мянган ам.доллараар авлигадаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч байна. Түүнийгээ канадуудад гурван сая ам.доллараар зарж, Зайсанд хаус, том жийп худалдан авч унаад, маргааш нь авгайгаа бас сольчихдог болсон” гэж хошгинож байв. Түүний хошигнол ор үндэсгүй байгааг үйг хэсэг хугацааны хойно монголчууд ойлгосон. Тухайн үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг хайгуулын 106 тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэргээр ял шийтгүүлсэн билээ. Ерөнхийлөгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох процессийг зөв голдиролд нь оруулахыг зорьсон. Ашигт малтмалын газрыг мэргэжлийн тагнуулч удирдаж байгаа нь тэр л зорилгын төлөө гэлтэй. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд "лицензийн наймаа”- г таслан зогсоохоор "Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш бусдад бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно” гэж заажээ.
Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба үүнийг хөрөнгө оруулалтад тээг болох явуургүй заалт гэж үзэж буйгаа илэрхийллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид лицензийг нь нэр дээрээ шилжүүлж байж, манай иргэд, аж ахуйн нэгжтэй хамтарсан хайгуул хийдэг практик байдаг аж. Тэрбээр ийм заалтаар "лицензийн наймаа”-г зогсоож чадахгүй гэв.
Шинэ аж ахуйн нэгж байгуулж, тусгай зөвшөөрөл аваад лицензтэй компаниа дамжуулан худалдах "цоорхой”-г энэ заалт бий болгох аж. Үүнийг оронд лиценз эзэмшигч тусгай зөвшөөрлөө бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд татвар төлж байх заалт оруулах нь зүйтэй гэж Д.Дамба байр сууриа дуулгав. Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад "цоорхой”-г бөглөнө гэж найдъя. Ерөнхийлөгчийг лиценз олголтыг зогсоох үед Ашигт малтмалын газраас олгосон ашигт малтмалын хайгуулын 3657 тусгай зөвшөөрөл хүчинтэй байв. Харин өнгөрсөн сарын байдлаар хайгуулын 1526 тусгай зөвшөөрөл хүчинтэй үлджээ. Уул уурхайн салбар "бүүм” болж асан 2006 онд Ашигт малтмалын газар 5357 лиценз олгож, дээд амжилт тогтоосон удаатай. Одоогоор хүчингүй болсон, цуцлагдсан, маргаантай гэсэн 300 гаруй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхийг эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд нь хүсэж буй гэнэ. Эдгээрийг шийдвэрлэснээр 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэх аж. Энэ мэтээр уул уурхайн хайгуулын ажлыг сэргээх нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, уул уурхайн нөөц нээх сайн талтай. Юуны түрүүнд уруудаж буй эдийн засгийг өөд татахад үлэмж нөлөө үзүүлэх юм.
Ашигт
малтмалын тухайн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар уул уурхайн
салбар хийгээд ерөнхий эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэхийг Уул
уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганаас лавлалаа. Тэрбээр "Ашигт малтмалын
тухайн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн чухал зүйл бол төрөөс
тогтоогдсон талбайд хайгуулын ажлыг үргэлжлүүлэх юм. Өөрөөр хэлбэл,
ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ гэсэн үг.
Ингэснээр хайгуулын салбарт хүлээгдэж байгаа олон тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт орж ирэх ёстой” гэснээс өөрийг эс өгүүлэв. Харин
хайгуулын ажлыг сэргээснээр жилд 1-1.5 тэрбум ам.долларын жижиг, дунд
хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлнэ
гэж Монголбанк тооцжээ. Тус банк манай улсад жилд таван тэрбум
ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирвэл эдийн засгийн өсөлт 10
хувиас буурахгүй гэж тооцоолсон байдаг. Тэгэхээр ашигт малтмалын
хайгуулыг сэргээснээр манай улсад шаардлагатай шууд хөрөнгө оруулалтын
20 хувийг авчрах юм байна. Улс төрийн хүрээнийхэн хайгуулын тусгай
зөвшөөрөл олгож эхлэнгүүт уул уурхай идэвхжинэ гэж ярьж буй. Харин уул
уурхайн салбарынхан ингэж доройтсон салбар мөддөө сэргэхгүй гэх гутранги
үг унагаж байна. Хайгуулын ажлыг сэргээх "тоглоомын дүрэм”-ийг батлах
нь зайлшгүй. Харин дүрэм баталсны дараа тоглолт хэрхэн үргэлжлэхийг
өнөөдөр тааварлашгүй.
Т.ЭНХБАТ