Архангай аймагт гарсан ой хээрийн гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1000 га талбай шатжээ.
Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-нд буюу энэ мягмар гарагийн 21:15 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Өчигдөр буюу 04.29-ний өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 16:50 цагт очсон. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчид “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 16:35 цагт хөөрч, мөн өдрийн 18:47 цагт түймрийн /зүүн талд/ голомтод газарджээ.
Мөн тус аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар” гэдэг газарт гарсан гал түймэрт 20 га талбай, Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт гарсан гал түймэрт урьдчилсан байдлаар 7 га талбай тус тус шатжээ.
Эх сурвалж: ОБЕГ