- Монгол Улсын хөгжилд хаягласан томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан.Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн эдийн засгийн өгөөжийн талаар яриагаа эхлэх үү?
- Эдийн засгийн өсөлтийг түргэтгэх зорилгоор Хөгжлийн банк бодлогоо тодорхойлж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед бүрэн боломжид хүрч ажиллахын тулд санхүүгийн эх үүсвэрийг бий болгож олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал юм.Тэр утгаараа энэ үйл явцыг түргэтгэх нь манай банкны гол үүрэг. Уг бодлогын хүрээнд бид төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Тухайлбал Тавантолгойн цахилгаан станц гэхэд 2015 оны 10 дугаар сар гэхэд санхүүжилтээ бүрэн эргэн төлөх боломжтой гэдгээ илэрхийлээд байна. Уг төслийг дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэвэл нэлээн хугацаа орох юм. Тиймээс Чингис бондын зарцуулалт эдийн засагт бодит өгөөжөө өгнө. Ингэснээр төслүүдийн эдийн засгийн үр ашиг тодорхой үечлэлээр гараад явна. Одоогоор бондын санхүүжилт эдийн засагт шингэх болоогүй байна. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна.
- Чингис бондын эргэн төлөлтөд төрийн тэргүүнээс эхлэн олон хүн санаа чилээж байгаа. Энэ мөнгийг замд зарцуулж байгааг иргэд буруушааж байна. Бондын эргэн төлөлтийн талаар та юу хэлэх вэ?
- Бондын хөрөнгийг заавал эргэн төлөх ёстой. Тиймээс болгоомжлол байх
нь дамжиггүй. Чингис бондыг эдийн засгийн үр өгөөжтэй төсөлд зарцуулна.
Түүнээс биш бондын мөнгийг нийгмийн халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд
зарцуулахгүй хэмээн УИХ-ын 52 дугаар тогтоолд тусгасан. Энэ утгаараа
эдийн засгийн үр ашигтай төслүүдэд бондын мөнгийг зарцуулж байгаа. Манай
улсад томоохон хэмжээний төслүүдийг хийхийн тулд зайлшгүй хийх
шаардлагатай суурь дэд бүтцүүд дутуу байгаа. Үүнийг санхүүжүүлээд явж
байна. Түүнчлэн манай банк өөрийн санхүүжилтээр эргэн төлөлтийг
хангана. Чингис бондоос 1,1 их наяд төгрөгийг дэд бүтцийн төслүүдэд
зарцуулсан. Үлдсэн хөрөнгийг төслийн орлогоос өөрийн эргэн төлөлтөө
нөхөх боломжтой төслүүдэд оруулсан.
Дэд бүтцийн салбарын хувьд урт хугацаанд эргэн төлөлтөө нөхдөг. Суурь дэд бүтэц буюу зам мөнгөн орлого бий болгохгүй ч үүнд тулгуурлан шинэ үйлдвэр, эдийн засгийн нөхцлүүд бүрддэг. Тухайлбал бид зам барихгүйгээр аймгуудыг үйлдвэржүүлж чадахгүй шүү дээ. Дэд бүтцэд зарцуулсан нэг тэрбум ам.долларыг 2022 он гэхэд эргэн төлөх ёстой. Тиймээс энэ мөнгийг улсын төсвөөс 2022 он гэхэд эргэн төлнө. Монгол улс 1.1 их наяд төгрөгийг төлж чадах уу гэдэгт хүмүүс эргэлзэж байгаа. Энэ талаар гаргасан судалгаагаар төлөх боломжтой гэсэн төсөөлөл гарсан. Тухайлбал энэ онд улсын нэгдсэн төсвийн зөвхөн хөрөнгө оруулалтын зардал гэхэд хоёр их наяд төгрөг байна. Хоёр их наяд төгрөг 2022 онд эдийн засгаа дагаад өснө. Маш нарийн тооцоо хийгээд үзэхэд дөрөв гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсөвт тусгавал бондын мөнгийг эргэн төлөх бүрэн боломжтой юм.
- Мега төслүүдийн эргэн төлөлтийн хуваарийн талаар дэлгэрүүлбэл?
- Бондын эргэн төлөлтийг 2017, 2018, 2022 онд хийнэ. Тодруулбал 2017
оны гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн
төлөлтийг хийнэ. Ойролцоогоор 520 тэрбум төгрөг улсын төсвөөс гарна.
Үлдсэн хэсэг нь санхүүжилт хийсэн төслүүдээс эргэн төлнө. Тухайлбал
ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Эрдэнэс тавантолгойд хийсэн хөрөнгө
оруулалтууд юм. Харин 2018 онд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 500
сая ам.долларын эргэн төлөлтийг хийх ёстой. 500 сая ам.долларыг эргэн
төлөхөд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Үүнийг эргэн төлөлтөө
өөрийн орлогоос хийх төслүүдэд зарцуулсан. Жишээлбэл "Байшин үйлдвэрлэх
комбинат 1”-ийг нэрлэж болно. Энэ нь цэвэр өөрийн борлуулалттай
арилжааны төсөл учраас авсан санхүүжилтээ хугацаандаа төлнө. Тиймээс
Чингис бондын эхний эргэн төлөлт улсын төсвөөс гарахгүй гэдгийг хүмүүс
ойлгох ёстой.
- Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолоор Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд улсын өрийг ДНБ-ийн 70 хувьд хүргэхээр тусгасан. Ингэснээр дахин бонд гаргах асуудлыг хөндөх болж байна. Энэ тухайд?
- Хөгжлийн банкнаас шинэ эх үүсвэр бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Өрийн удирдлагын асуудал манай банктай шууд хамааралтай биш юм. Манай
банк Засгийн газрын баталгаа дэмжлэггүйгээр Германы Коммерз банкнаас 13
сая еврогийн санхүүжилт татсан. Үүн шиг санхүүжилтүүдийг цаашид татаад
явна. Ингэснээр Монгол Улсын өр нэмэгдэж байгаа хэрэг биш, цэвэр
Хөгжлийн банкны өөрийн эрсдэл дээр авч буй санхүүжилт юм. Тиймээс манай
гаднаас авч буй санхүүжилт өрийн удирдлагатай холбоогүй.
- Хөгжлийн банк Чингис бондоос санхүүжсэн шилдэг таван төслийг шалгаруулсан. Ямар шалгуураар шилдгүүдийг тодруулсан бэ?
- Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондыг 2012 оны гуравдугаар сард босгосон. Харин Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012 оны 12 дугаар сард гаргасан. Энэ мөнгө жил гаруйн хугацаанд эргэлтэнд орж байна. Гэтэл богино хугацаанд таван төсөл маань хэрэгжээд дуусч байна. Тиймээм анхдагч сайн хэрэгжсэн төслүүдээ шилдгээр шалгаруулсан.
Б.Заяа