Агаарын бохирдолтой тэмцэх тухай олон улсын нэршлийг урвуулан, ач холбогдлыг нь саармагжуулж, түүнд зориулж төвлөрүүлсэн сангаа хүртэл утаатай тэмцэх сан гэж нэрлэн, нийслэлчүүдийн тархинд "утaа л аюултай” гэсэн юмыг суулгаж амжсан юм. Ингэснээр "утаагүй зуух”, "утаагүй яндан” гэдэг бизнессийг тултал цэцэглүүлсэн. 2000 оноос хойш утаатай тэмцэх санд тэрбум ам.доллар төвлөрүүлсэн боловч ямар ч үр дүн гарсангүй. Агаарын найрлагад байх хорт хийн хэмжээ зохих түвшингээсээ аль хэдийн даваад гамшгийн хэмжээнд хүрчээ. 2019 оны 4 дүгээр сарын 26-нд "Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол түгшүүрийн хэмжээнд хүрлээ. Утааг бууруулах чиглэлээр 2000 оноос хойш тэрбум ам.доллар зарцуулсан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй" гэсэн мэдээг Синьхуа агентлаг дэлхийгээр нэг цацаж орхив. УИХ-ын зарим гишүүд машид бухимдаж, "Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэдгийг ер нь яаж гаргаад байгаа юм”, "Улаан цэнхэр зураас л гэнэ, тэр юу юм” хэмээн үглэцгээв.
АГААРЫН БОХИРДЛЫГ УЛС БҮРИЙН ГОЛ ГОЛ ХОТУУДЫН ТУСГАЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ӨДӨРТ ХЭДЭН УДАА ГАРГАДАГ
Дэлхийн улсуудын агаарын бохирдлыг гол гол хотуудаар нь өдөрт хэдэн удаа тодорхойлж мэдээлдэг НҮБ-ын институт (Air Quality Index)-ын мэдээллийг олж хардаггүй УИХ-ын гишүүн байна гээд бодохоор дэндүү гайхмаар. Mэдээ олоод үзчих сэтгэлгүй хүмүүс, агаарын бохирдлын хэмжээг яаж гаргадгийг мэдэхгүй байх нь ойлгомжтой. Маш товч мэдэгдэхүүн өгье. Агаарын бохирдлыг гаргахдаа найрлагад байх хэдэн хийг онцгой анхаардаг юм билээ. Үүнд, азотын диоксид (NO2), хүхрийн хүчил (SO2), угаарын хий (CO) болон бусад нэн хортой хийнүүд багтаж орно. Эдгээрийн найрлагаас хамаарч хорт чанарыг үнэлдэг индекс олон улсад мөрдөгддөг.
УИХ-ын гишүүдийн ундууцаж байх тэр үед Улаанбаатарын индекс 600-д хүрч, тас хар зураасаар тэмдэглэгдэж байсан. Монгол Улс, ялгадас шатаадаг Ливан, боксит үйлдвэрлэдэг Гвиней, Мозамбик зэрэг орнуудтай зэрэгцэн хар жагсаалтад орж байжээ. Одоо ч тэр жалсаалтаас гараагүй байна. Өнөөдөр, яг энэ нийтлэл бичиж суухдаа AQ нүүр рүү нэвтрэн УБ-ын агаарын бохирдлын түвшинг сонирхож үзлээ, 114-тэй л байна. Энэ нь зүрх судасны өвчтэй хүн зүрхний шигдээс болох түвшин юм, налгар намраар шүү дээ. Агаарын бохирдолтой тэмцэх НҮБ-ын гишүүн орнуудын конгресс боллоо. Тусгай эксперт Дэвид Бойд илтгэлдээ "Агаарын бохирдолд нэн түрүүнд эх, хүүхдүүд нэрвэгдэж байна. Тархинд цус харвах, уушгины хорт хавдар, зүрхний шигдээсийн гол шалтгаан нь агаарын бохирдолтой холбоотой. Гэр, гадаа, ажил, байгаль, ер нь л агаарын бохирдол хүрээгүй, хүрч чадахгүй орчин гэж алга. Агаарын бохирдлоос болж дэлхий жил бүр долоон сая хүнээ алдаж байна” гэж мэдэгдлээ.
ДЭМБ-аас Улаанбаатарын агаарын бохирдлыг тусгайлан судалж, НҮБ-д илтгэл хүргэн, манай Засгийн газарт онцгой зөвлөмж ирүүлсэн байдаг юм. Энэ мөрөөр У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллаж байгаа юм билээ. Энэ эрчээрээ урагш тасралтгүй давшин явах л ёстой, өөр гарц харагдахгүй байна.
УТАА ГЭГЧТЭЙ ТЭМЦЭХ ЯРИА НЬ УГААСАА УТГАГҮЙ
Ийм ухагдахуун дэлхий дээр хаана ч байхгүй юм билээ. Утаа бол дайсан биш, тухайлбал, экологийн түлшний шаталтаас гарсан утаа хүний бие эрхтэнд ямар ч хор нөлөөгүйг агаарын бохирдолтой тэмцэх даяарын байгууллагууд олж тогтоогоод удаж байна. Монголчууд үүнийг эртнээс мэдэрсээр ирсэн үндэстэн. Аргалын утаа хортой байсан сан бол энэ гариг дээр нэг ширхэг ч монгол хүн үлдэхгүй байлаа. Монголчууд тамирдаад уначихсан малаа хүртэл хадны хүж өвс уугиулан утаж байгаад босгоод ирдэг уламжлалтай ард түмэн.
Утаатай тэмцэх, утаагүй зуух, угааргүй нүүрс...үргэлжилсэн энэ утгагүй яриагаа зогсоогоосой гэж их хүлээлээ. Зогссонгүй, бүр санхүүжүүлэх тал руугаа явчихлаа. Тэвчээр барагдахдаа, шүүмжлээд нэмэр болохгүйг мэдэх хойно, ДЭМБ-ын тусгай зөвлөмж (Indoor air pollution)-г ядаж битгий зөрчөөсэй гэсэндээ үүнийг анхааруулж байна.
Тэр зөвлөмж бол бизнес хийх гэсэн манай хэдэн инженер, судлаачдын суртал, улс төрийн хоол хүнс биш, Азийн хэд хэдэн орон, түүний дотор Монголд хийсэн гүнзгийрүүлсэн судалгаанд суурилсан, дэлхийн нэртэй (зарим нь нобелийн шагналтай) эрдэмтдийн тархиар бүтээгдсэн баримт бичиг. Шууд аваад хэрэглэх гарын авлага, бодлого боловсруулах суурь мэдээлэл, гишүүн улс орнуудын заавал мөрдөх эрхийн хэм хэмжээ юм шүү дээ. Тэр зөвлөмжийг түгээмлээр хэрэгжүүлэх, нарийвчилсан судалгаа явуулах, хяналт тавих үүрэг бүхий "Aгаарын бохирдолдаяарын холбоо" НҮБ-ын дэргэд ажиллаж байдгийг дашрамд мэдээлье.
УТААТАЙ ТЭМЦЭХ БИШ УГААРТАЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ
Утаа гэгч гамшиг л гэнэ, утаатай тэмцэхгүй бол улаанбаатарчууд, улс орноороо сүйрлээ л болцгоолоо. Гэтэл урьд нь баланцгаа хийж байсныг, баланцаг хийсэн нүгэлтэй хүмүүсийн тухайд хэн ч үл ярина. УИХ-ын гишүүд гудамжаар тэнэж, утаа гэгчээ хэмжлээ, айлаар хэсэж тавьтаргүйтэн лайв хийж, хүүхэд шуухад айлган сүржигнэцгээлээ, улс орон даяар хоосон яриа өрнүүллээ, нэмэртэй юм огт болсонгүй. Хамаг учир нь утаандаа ч биш, утааны хордуулах бодис угаарын хийнд л байгаагийн шалтгааныг ч олсонгүй мэнэрээд үлдэцгээлээ.
Дэлхий даяар нэгэнт тогтсон ойлголт нь утаа биш агаарын бохирдол (air pollution). Дэлхийн бүх улс орнуудад нийтлэг мөрдөгддөг ухагдахуун нь энэ. Нүүрсний утаан дотор нүдэнд үзэгдэж харагдах утаа майнаас гадна түүнээс хэдэн мянга дахин илүү хортой нүдэнд үл үзэгдэх бодис, химийн хортой нэгдлүүд агуулагдаж байдгийг ДЭМБ-аас тогтоосон.
Өчүүхэн жижиг Монгол Улс наад захын тусламж зөвлөгөө авах гэтэл ойлголтын зөрүү гарах учраас дэлхийн байгууллагатай зөрчилдөөд нэмэргүй л дээ. Цаашлаад, ДЭМБ-ын түгээмэл зөвлөмжийг зөрчсөн, утгыг нь гуйвуулсан гэдгээр орж ирэх торгуулийг манай төсөв даахгүй ээ. Хятад болон Европын жишгээс гэнэт санаа аваад, агаар бохирдуулсны төлбөр нэхвэл ДЭМБ л лавтайяа бидний талд зогсохгүй, "айл хэсэгчид” үүнийг нэг дэнслээд үзээрэй.
АГААРЫН БОХИРДЛЫН ИНДЕКСИЙГ ДОЛООН ТҮВШИНГЭЭР ГАРГАДАГ
0-50 бол эрүүл (ногоон)
51-100 бол байж болох эрүүл (шар)
101-150 бол мэдрэмтгий хүнд эрүүл бус (бор)
151-200 байвал нийтлэг эрүүл бус (улаан)
201-300 болохоор хортой (нил ягаан)
301-500 гэхээр нэн хортой (саарал)
500-аас дээш гарвал гамшиг гэж үзэж хараар тэмдэглэдэг байна.
ДЭМБ утааны асуудлаар 2014 онд тусгайлан хуралдаж, "агаарын бохирдол” (аir pollution) гэж нэрлэж байхаар тогтсон юм билээ. Хурлаар агаарын бохирдол ихтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнуудад хийсэн судалгаануудаас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцсэн юм байна. Тэнд, зуухны тухайд ч тусгайлан асуудал болгон хэлэлцсэн байдаг. Зууханд нүүрс түлснээс гарах утааны хор нь уушги, дотор эрхтнийг цагийн дотор 400 ширхэг янжуур татсантай тэнцэх хэмжээнд хордуулдаг гэсэн дүгнэлтийг Калифорны Их сургуулийн профессор Кирк Смитт илтгэж олныг алмайруулсан байдаг юм. Агаарын бохирдлоос дэлхий дээр жилдээ долоон сая хүн, түүний тал нь угаараас үүдсэн хорт хавдраар үхэж байна гэдэг статистик бас л хирд хиймээр сонсогдож байна. Энэтхэг улс 700 сая яндантай, (манайх нийслэлдээ 240 мянган яндантай), үүнийг орон сууцжуулах aргаар шийдэх техникийн боломж байхгүй гэдгийг Делийн Их сургуулийн профессор Калпана Балакришан илтгэсэн, маш тодорхой технологи шаадлагатай байгааг санал болгосон байдаг юм. Манайх одоо байгаа хүчин чадлаараа 240 мянган янданг орон сууцжуулна гэвэл 20 жилийн хугацаа шаардлагатай.
Хурлаас, дэлхийн хөгжиж байгаа орнуудын төвшинд зориулсан тусгай зөвлөмж (Indoor air pollution) гарсан, тэр нь эрх зүйн хэв хэмжээний статустай юм байна. Хөгжиж байгаа орнууд заавал хэрэгжүүлэх ёстой, эс бөгөөс торгууль орж ирэх үндэслэлтэй. ДЭМБ-ын хурлыг хүндэтгэн НҮБ-аас, SE4All, "Экологийн түлш" даяарчилсан холбоо гэсэн хоёр төсөл хэрэгжүүлэхээр болжээ. НҮБ, ДЭМБ-ын хүчин чармайлтын үр дүнд хоёр том дүгнэлтэд санал нэгдэцгээсэн байна.
1. Зуух ямар байх нь хамаагүй, гагцхүү шаталтаас гарсан хорыг тархаахгүй тусгай шүүлтүүрээр авч үлдэх ёстой.
Шүүлтүүрийн тухай хэн нэгэн ярих л ёстой гэж би маш их хүлээсээн, хэн ч энэ талаар ганхийсэнгүй дээ. Улаанбаатарт байгаа 240 мянган янданг бүгдийг нь шүүлтүүртэй болгох ёстой. Шүүлтүүрийн үйлдвэр яаралтай барьчихвал гаднаас оруулснаас хямд төсөр байх болно. Яндангаа стандартын болгоод, айл өрхүүд зуухныхаа хүхээгийг яндандаа тааруулах ёстой болно. Тэгэхээр зуух бол чухал биш, гоёмсог зуухтай байх нь төрийн биш хувь хүн, айл өрхийн асуудал, харин шүүлтүүртэй яндантай байх нь л бодлогын асуудал болж таарлаа.
Барууны орнуудад, жишээ нь Австрид жижиг, том оврын зуухны яндангийн шүүрийг тодорхой хугацаанд тусгай хүмүүс сольдог юм билээ. Багтай, иргэний хамгаалалтын хувцастай сүртэй юм болно, хичнээн их хортой байдаг нь эндээс ойлгомжтой. Гэрийн зуух, их бага оврын уурын зуухнууд, ДЦС-ын яндан...бүгдийг хуу шүүлтүүржүүлэх ёстой. Авто машины янданд хүртэл шүүлтүүр тавьж, мэргэжлийн хяналтыг чангатгах хэрэгтэй болно.
2. Түлш ямар байх нь хамаагүй биш, гагцхүү экологийн түлш хэрэглэх.
Шууд мэдээж хэрэгжихгүй, гэхдээ хэрэгжих боломжтой, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол энэ. Манайд бол боломжтой, бас уламжлал бий. Аргал, хотны хөрзөн оруулсан био-экологийн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Нүүрсний энд дөхөж очих элчтэй био түлшний стандарт технологи бий ч үнэтэй тусна, түгээмлээр хэрэгжих боломжгүй сөрөг талтай. Тэгэхээр шахмал түлшинд нүүрс заавал орж таарч байна. Нүүрсний гүйцэд шаталт дээр ойлголтын зөрүү бий. Хүрэн нүүрсийг технологийн зуух ашиглан гүйцэд шатаах нь угаараас нь хэд дахин давсан хортой үнсэн тоосонцор ялгаруулдаг болохыг ДЭМБ-ын судлагааны хэсгээс тогтоочихсон. Тэгэхээр утаагүй зуухны гайхамшгийг орхих хэрэгтэй болж байна. Ер нь бол, үнсээ тусгай зориулалтын хүүдийд хийж зайлуулах шаардлагыг манай ЭМЯ яаралтай хэрэгжүүлэх ёстой, агаарт үй олноор нь хөнөөх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой. Харин өөрөө гүйцэд шатдаг нүүрсийг шахмал түлшинд оруулж ашиглах гарц байгаа юм. Энэ чилэлээр сайд Ц.Даваасүрэнгийн "аажимдаа коксжсон нүүрсний хэрэглээнд алхам алхмаар шилжих бодлого барина” гэсэн санаа зөв өө.
Агаарт үй олноор нь хөнөөх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой
Монголоороо байна гэж элийрээд, элийрэлдээ солиороод асуудалд алийн болгон дандаа хэрэглээ рүү далжийсан ахуйн сэтгэлгээгээр хандах ёстой юм бэ. Европын соёл бол буутай соёл гэж үздэг УИХ-ын гишүүн байна, элийрэл биш үү. Бүгдээрээ орон сууцаараа эмнэлэг хийчихээд бөмбөгөр цагаан гэрт гарч амьдарцгаая гэж тулгадаг, болохгүй гэсэн бүхнийг тархины тураалтай гэж доромжилдог УИХын гишүүн байна, солиорол биш үү. Утаагүй (угааргүй?) зуух байгаа гэж итгүүлэхийг оролддог УИХ-ын гишүүн байна, балайрал биш гэж үү. Дэлхийтэй зөрчилдөөд бид хаачих юм бэ. Дэлхий даяарын алеяансуудын зөвлөгөөг сонсч, дэлхийтэйгээ, ялангуяа Европын соёлтой нэгэн голдиролд багтаж амьдрах ёстой шүү, механизм нь гэвэл технологийн дэвшил, өөр гарц байхгүй.
УТААНД АГУУЛАГДДАГ ХОРТ БОДИС
ДЭМБ-ын хуралдаан дээр маш их сонирхол татсан зүйл бол утааны хорны илрэх шинжийн тухай асуудал байсан юм билээ. Учир нь аль ч улсын оршин суугчид нүдэнд харагдсан утаа гэдгээр нь тэмцээд нүдэнд харагдахгүй нэн хортой бодисыг анхаарлын гадна орхих хандлагатай холбоотой юм. Манайхан, УИХ-ын гишүүд яг энэ байлаар хандаж, дэвшлээс хоцрогдож, ард түмний тархийг угааж байна. Шинэ зуух, муух болсноо нүүрс түлж үзүүлчихээд утаа үнэртэж байна уу, "Үгүй”. Утаа нүдэнд харагдаж байна уу, "Үгүй”. Шийдлээ, цэг! Ингэж л хандаж байна.
Манай хэд хэзээ шинжлэх ухаанч болох вэ гэдгийг хүлээх хэрэггүй, учир нь асуудлын хуримтлал, даамжрал энэ хэдийн сэтгэлгээний өөрчлөлтийг хүлээхгүй. Хурлын гол бичиг баримтын дагалдах хавсралт материалуудаас иш болгоод хамгийн хортой гэсэн хэдэн бодисын тухай мэдээллийг энд хавчууллаа. Голдуу нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй бодис байдаг юм байна.
1. УГААРЫН ХИЙ (СО).
Өнгөгүй, үнэргүй, аймшгийн хортой, нягтралтай тунгаар бол үхлийн аюултай! Түүхий нүүрс, нүүрсний дутуу шаталтаар үүссэн угаарын хий амьсгалын замаар дамжин цусанд нэвчиж хемоглобинтой урвалд орон, цусанд хүчил төрөгч орох сувгийг бөглөнө. Аажмаар хордуулна, цусаар удам дамжина.
2. УГААРЫН ХИЙ (СО2).
Үхлийн аюултай. Уушгины багтраа үүсгэнэ, цусанд нэвчинэ.
3. УГААРЫН ХИЙ (SO2).
Маш хортой, уушины архаг өрөвсөл үүсгэнэ, хорт хавдрын голомт, эд эсийг сэрээнэ. Утаагүй технологийн зуух гэх манайхны яриад байгаа зуухыг соёл иргэншилтэй орнуудад хуулиар хязгаарласан, заримд нь бүр хориглочихсон юм байна. Түүхий нүүрс гэж яриад байгаа хүрэн нүүрсийг технологийн өндөр даралтаар гүйцэд шатаасны дараа хэд хэдэн төрлийн үй олноор хөнөөх химийн хорт бодис үнс болон үлддэг, тэр нь агаарт дэгддэг юм байна.
1. ҮНСЭН ДЭХ АЗОТЫН НЭГДЛҮҮД (NO, NO2).
Дэгдсэн тоосонцор нь үнэргүй, нүдэнд харагдахгүй. Үхлийн аюултай, жирэмсэн эхчүүдийн үр зулбуулна.
2. Цианы хүчлийн тоосонцор.
Агаарт дэгдэмхий, өнгө, үнэргүй, үй олноор хөнөөх химийн хорт бодис. Химийн зэвсэгт найрлага болон орно. УБ-ын агаарт илэрсэн юм билээ, УИХ-ын хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн байдаг, ард түмнээс нуусан.
3. Хар тугалганы дэгдэмхий хий (Pb).
Асар хортой, хорт хавдар үүсгэнэ, үр зулбуулна. Манайд бас л илэрсэн, УИХ ард түмнээсээ нуусан. Хар тугалганы хорноос үүдэлтэй эмчилгээгүй өвчний жагсаалтыг ДЭМБ-аас эрхлэн гаргасан. Зах зухаас нь жишээлэн дурдлаа, ер нь наснаасаа урьтаж үхэгсэдийн 72 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж ДЭМБ тогтоочихсон юм.
АГААРЫН БОХИДЛООС ГАРАХ ҮНДСЭН АРГА
1. Бүх янданг (айл өрх, том жижиг уурын зуух, ДЦС-ууд, авто тээврийн хэрэгсэл) шүүлтүүржүүлэх (филтьр). Хамгийн сайн шүүлтүүрийг оруулж ирэх, өөрсдөө шүүлтүүрийн үйлдвэртэй болох.
2. Био-экологийн түлшинд шилжих. Аргал, коксжсон нүүрсний нөөц, боломжоо ашиглан био түлш үйлдвэрлэх, энэ брэнд технологиор дэлхийн зах зээлд гарах. Энэтхэг, Хятад гээд хангалттай том зах зээл байна.
3. Хотын хэт төвлөрлийг саармагжуулан хотын шинэ мастeр төлөвлөгөө гаргаж хуульчлах. Хотын хүндийн төв (эпицэнтр)-ийг хөдөлгөх, хотыг тараан байрлуулах. Энэ чиглэлээр УИX-ын хэдэн залуу гишүүдийн хөөцөлдөж яваа ажлыг тултал дэмжих. Мэдээж эхний хоёр заалтыг гуравдугаар заалтын бүрэлдэхүүн болгон хэрэгжүүлэх шаардлагатай.
Засгийн газраас 114 ажил төлөвлөж хэрэгжүүлнэ гэж үлгэр ярьснаас энэ гурвыг л бодитой ажил болгоод хэрэгжүүлчихвэл нэг талаас агаарын бохирдлоос салахад том алхам хийгдэнэ, нөгөө талаас ДЭМБ-ын тусгай зөвлөмжийг хэрэгжүүлсэн орны тоонд багтаад орчих юм биш үү. Орон сууцжуулах план бол утаа, угаартай ч, үгүй ч хийх л ёстой ажил шүү дээ. Бүтээн байгуулалт өөрийн замаар явах ёстой. Цахилгаан халаагуур ч гэсэн өөрсдийнхөө замаар явах ёстой ажил. Ер нь шинээр ДЦС барихгүйгээр агаарын бохирдлоос салах нөхцөл бүрэлдэхгүй. Дээрх гурван санаа ч биелэхгүй. Угаас суурь бүтэцгүйгээр юу ч бүтэхгүй, ээлжит мянгуужин болоод л, нөгөө л утаа тойрсон утгагүй юмаа ярьсаар л суух болно. Суурь бүтэц бол суурь нөхцөл юм.
И.Цэрэнхүү
Засгийн газрын мэдээ