Алдсан ч, оносон ч эдүгээ монголын эдийн засгийг нуруундаа үүрэлцэж яваа энэ мега төслийн тухай иймэрхүү дүгнэлт газар авч, нийгэм ОТ төсөлд сөргөөр хандах нь давамгайлсаар байна. Гэхдээ эерэг сөргийн ялгаа 2015 оныг 2019 онтой харьцуулбал тогтмол буурсныг Q-score гэдэг судалгаа харуулж байна. Яг ямар асуудлаар монголын төр засаг ба хөрөнгө оруулагч нарын хооронд зөрөлдөөн гараад байгааг иргэд бодитоор харж тунгаан бодох шаардлага тулгарлаа.
Монголын иргэд ОТ-ын талаар ойлголтоо цэгцэлж, тодорхой байр суурин дээр нэгдэхгүй бол сонгуулийн синдромын нөлөөгөөр энэ төсөл зогсож, хөрөнгө оруулагчид монголоос гарч явах магадлал өндөр боллоо. Төсөөтэй нөхцөл байдалд, Рио Тинто нэг жилийн өмнө дэлхийд нөөцөөрөө хоёрт жагсдаг, 40 хувийг нь эзэмшиж байсан Индонезийн Грасбергийн зэсийн орд газраас гарсан билээ.
Төслийн бодит байдал
Монгол улс ба гадаадын хөрөнгө оруулагчид 32 сая тонн зэсийн олборлох нөөцөөрөө дэлхийд гуравт орж буй Оюу толгойн орд газрыг ашиглах гэрээг зураад яг 10 жил болж байна. Орд газрыг монголын Засгийн газар 34, АНУ, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс компани 66 хувийг нь эзэмшиж байна. Туркойз Хилл Ресурсын 51 хувь нь дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Рио Тинтод очсоноор ОТ ордыг олборлох боломж ийнхүү бүрдэв. ОТ-н нөөцийн 20 хувь нь ил, 80 хувь нь газрын гүнд 700-1300 метрийн дор оршдог.
Ил уурхайг нь олборлон 2013 оноос зэсийн баяжмал экспортолж эхэлсэн, далд уурхайгаа 2016 оноос ашиглалтад бэлдэж, 2021-2022 оноос олборлолт эхлүүлэх ажээ. Эдүгээ ОТ төсөлд нийт 12 орчим тэрбум долларын санхүүжилт, 3 нь хувьцааны буюу өөрийн хөрөнгөөр, 6 нь гадаадын 15 том банкны зээлээр, 4 нь төслийн санхүүжилтээс бүрдээд байна гэж дээрх УИХ-ын Ажлын хэсгийн тайланд оржээ.
ОТ компани 2014 онд 1.8; 2015 онд 1.6; 2017 онд 0.94; 2018 онд 1.2 тэрбум доллар буюу нийт 5.6 тэрбум долларын борлуулалтыг олборлолт эхэлснээс хойш хийгээд байна. Энэ нь 18 тэрбум доллар одоогоор энэ компанид орсон гэсэн үг.
Тэгвэл монголын ДНБ-ээс том энэ мөнгөний хагас нь буюу 9.1 тэрбум доллар нь монголын эдийн засагт шингэжээ. ОТ компанийн мэдээлснээр үүний 6 хувь нь үндсэн болон гэрээт ажилчдын цалинд, 19 хувь нь төрийн байгууллагуудад татвар, хураамж, төлбөр хэлбэрээр, 75 хувь нь монголын 800 гаруй ханган нийлүүлэгч компаниудаас авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт явжээ. Нөгөө хагас нь тоног төхөөрөмж зэрэг үндсэн болон эргэлтийн хөрөнгө худалдан авах, менежмент болон захиргааны, бусад зардалд явжээ.
ОТ компани хөрөнгө оруулалтаа 2029 он хүртэл нөхөж чадахгүй, нөхсөнөөс хойш 10 жилийн турш монголын Засгийн газар зээлж бүрдүүлсэн өөрийн хөрөнгийн (1.07 тэрбум доллар) төлбөрөө хүүтэй нь (2019 оны байдлаар 541 сая доллар) төлж барагдуулаад 2040 оноос л ногдол ашиг авна гэж Эрдэнэс ОТ компани мэдээлжээ.
Эдүгээ далд уурхайн бэлтгэл ажил ид явагдаж, 16 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 93 хувь нь монголчууд ажээ. Гэхдээ 2023 оноос олборлолт эхлээд ажил жигдрэхээр Оюу толгойн уурхайд нийт 6000 орчим хүн л тогтмол ажиллана. Өнөөдөр ханган нийлүүлэгчдийн ажиллагсдыг оруулвал монголын 45 мянган хүн энэ төсөлд хамрагдаж байна. Өмнөговь аймгийн өнгө төрх шинэчлэгдэж, нийт 400 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэж, Ханбогд сум гэхэд л орчин үеийн хот болох сууриа тавиад байна. Монголын олон мянган залуус мэргэжлийн хувьд олон улсын түвшинд мэргэшин дадлагажаад байна.
ОТ-н экспортлож буй баяжмалыг цэвэр зэсээр тооцвол жилд 160.000 тонн бөгөөд далд уурхайн олборлолт эхэлсний дараа үйлдвэрлэл 3-4 дахин өснө. Тэгэхэд Монгол улсын төсвийн орлогын үлэмж хэсгийг ганц ОТ бүрдүүлэх гэнэ. Гэхдээ энэ төслийг тэр хүртэл нь явуулах эсэх нь яг одоо асуудал болоод байна. 2020 оны сонгууль ойртож төр засгийн эрх баригчдын “улс төрийн синдром” эхэлсэн учир энэ төслийн гэрээг засч сайжруулахаасаа илүү хүчингүй болгох, төслийг зогсоож “баатрын дүрээр” ялгарах сонирхол давамгайлж эхэллээ.
Мэдээж, монголын түүхэн дэх хамгийн том, ардчилсан монголын барууны ертөнцтэй хийсэн анхны төсөл, Оросын мэргэжилтний зөвлөгөөгүй байгуулсан анхны гэрээ учир алдаж оносон зүйл их байгаа. Гэрээг байгуулсан сайд дарга нарыг ашиг сонирхлын зөрчил гаргасан гээд хорьж, шалгаж байцааж байна. Уул уурхайгаас хамааралтай хөгжиж буй буурай улсуудын нийтлэг зовлон монголд тохиогоод байна.
Асуудлыг өндрөөс харвал
ОТ бол монголын эдийн засгийг хөтлөгч хамгийн том төсөл. Төслийг хэрэгжүүлэхийн тулд олон гэрээ байгуулж, шинэчилж ирлээ. Хөрөнгө оруулалтын, хувьцаа эзэмшлийн, гүний уурхайн, нэмэгдэл, дубайн гэрээ гэх мэт. Олон алдаа, дутагдал гарсан тухай УИХ-ын ажлын хэсгийн тайланд нэлээн нухацтай гаргаж тавьсныг тэмдэглэх хэрэгтэй.
Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ тохиролцоогүй байж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, үр дүнд нь төслийн зардал анх тохирсноосоо хоёр дахин өсчихсөн, хөрөнгө оруулагч нь тэр зардлынхаа 3 хувиар менежментийн төлбөр авдаг, зардлын нэр томьёоны тухай нэгдсэн ойлголт байхгүй учир татварын маргаан үргэлж гардаг зэрэг олон асуудал, сорилтууд тулгарсаар байна. 2009-2015 оны хооронд 3.2 их наяд төгрөгийн татварын зөрчил гарсан гэж тус Ажлын хэсгийн тайланд оржээ.
Гэхдээ энэ бүхнийг хоёр тал ширээний ард сууж ярилцах, ойлголцох, засч залруулах хугацаа нөхцлөө урьдчилан тохирч ажиллах, дүгнэх замаар явж л харилцан итгэлцэл бий болно. Зөвхөн харилцан итгэлцэл тогтсон цагт л хамтын ажиллагаа өндөр өгөөжтэй, харилцан ашигтай болдог.
Монголын тал эдүгээ том төслүүдэд хувьцаа эзэмшихийн оронд эхнээсээ татвар, төлбөрөө илүү аваад явах нь зөв гэж ярих боллоо. Энэ хувилбарыг одоо байгаа нөхцөлтэй харьцуулан судлах, 34 хувиа яаж үнэлэх, хэнд борлуулах, өрөндөө хэдийг нь суутгах, төслөөс авах татвар, төлбөрийн хувь хэмжээг яаж өөрчлөх зэргийг ярилцаж эхлэх хэрэгтэй байна.
Мөн энэ төсөлтэй холбоотой төр засгийн удирдагчид, улс төрчдийн шууд ба шууд бус ашиг сонирхлыг ил тод болгох талаар иргэний нийгэм идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх замаар төслийн өгөөж нь монголын айл өрх бүрт илүү мэдрэгдэх болно. Зөвхөн энэ замаар л байгалийн баялаг нь хараал биш, ерөөл болдог.
Ийм том төслийн менежмент хийж, тэр олон том банкнаас зээл авсны хувьд Рио Тинто бүх талын баталгаа даатгал хийлгэхээс өөр сонголтгүй юм. ОТ-н гэрээнд өөрчлөлт оруулах, эсвэл гэрээнийхээ хүрээнд дээрх асуудлуудыг тодруулж, тодорхойлох шаардлага байгаа нь үнэн. Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх талаар гэрээ хэлэлцээ хийхэд хөрөнгө оруулагч бэлэн гэж мэдэгдээд байгаа.
Тийм учраас ОТ төслийг дахиад л сонгуулийн шоу болгож биш, сонгуулийн дараа тогтон сууж, товлон ярилцах хэрэгтэй байна. Түүнээс биш зарим түшмэдийн саналаар гэрээгээ цуцлах аваас Монгол улсын хувьд “хөл рүүгээ буудсантай” адил юм. Энэ төслийг худалдан авахад бэлэн хөршүүд ч бий. Гуравдагч хөршүүд, тэдний зээл олгосон банкууд харин монголчууд гэрээгээр тохирсон ажлаа яаж хэрэгжүүлж буйг анхааралтай ажиглаж байгаа.
Барилгыг дуусахаар нь байшин гэдэг, харин дутуу бариад хаячихвал овоолго болдог. ОТ-гоо эхлээд байшин болгоё. Овоолго болгочихвол хариуцах эзэн ч алга болж, улс орон арбитрын шүүхийн зардлыг оруулаад баахан өртэй хоцорно.
Эх сурвалж: baabar.mn