Тавдугаар сарын байдлаар 58 хувийн агууламжтай төмрийн бүхэллэг хүдэр тонн нь 100.8 ам.доллар, нунтаг хүдэр 93.8 ам.долларын ханштай байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төмрийн хүдрийн экспорт болон ханш нь өмнөх оноос буурчээ.
Түүнчлэн экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний ханш БНХАУ-ын зах зээл дээр харьцангуй тогтвортой байна. Энэ сарын үнийн мэдээллээс харвал боловсруулаагүй нүүрс чанараасаа хамаарч тонн нь 24.9-59.7 ам.доллар байгаа бол баяжуулсан эрчим хүчний нүүрс тонн нь 31.5 ам.доллар, коксжих нүүрс 72.3 ам.доллар байхаар тооцжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт өмнөх оноос 350 гаруй мянган тонноор өссөн хэмээн дурджээ.
Мөн тавдугаар сарын байдлаар зэсийн ханшийг 6670.2 ам.доллар байхаар үнийн мэдээлэлд тооцсон байна. Түүнчлэн Ашигт малтмалын газраас бусад үйлдвэрлэлийн металлуудын үнийг Лондонгийн Металлын биржийн дөрөвдүгээр сарын үнийн дунджаар тогтоох зарчмаар тооцжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн дөрвөн сарын байдлаар Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар буюу 219.9 сая ам.доллараар өссөн байна. Экспортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 142.1 сая ам.доллараар өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.
Б.Заяа
Монцамэ